Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд нийтдээ 400 гаруй хүнд лекц уншив. Лекц уншихын зорилго нь хүмүүст тодорхой хэмжээний мэдлэг өгөх, мөн тэдэнд цаашид мэдлэгт тэмүүлэх урам зориг өгөхөд оршдог.
Хэдийгээр мэдээлэлээс урган гарсан мэдлэг (хүнээр заалгасан, номноос уншсан, сонссон) ухамсарласан мэдлэгийн хажууд инээдтэй бяцхан боловч ухамсарласан мэдлэгийг бий болгоход бас тодорхой үүрэгтэй.
Энгийн жишээ. Хэрэв банкны захирал хүн дундаж иргэн дээр очоод "англи хэл сурахын тулд өдөр бүр 1 цаг хичээллэх ёстой" гэж хэлвэл нөгөө дундаж мөрөө хавчаад л өнгөрнө. Үг нь жинтэй сонсогдохгүй байна. Хүлээн авах хүчин чадал нь хүрэхгүй байгаа юм шиг харагдаж байна. Харин банкны ангид сурдаг оюутанд очоод хэлвэл нэлээд хурцаар хүлээж авна. Яагаад гэвэл оюутан, аль нэг хүн банкны захирал болтол явахад ямархуу туршлагыг хуримтлуулсан байхыг гадарлаад байна. Түүний үгийг дагахад бэлэн байна.
Өвөө чинь хүнтэй гэрлэхээсээ өмнө дор хаяж 1 жил үерхэж үзээрэй гэж хэлээд байхад, хэн нэгэн түүнийг нь тоолгүй сэтгэлийн хөөрлөөр танилцад долоо хоноогүй хүнтэйгээ гэрлэх тохиолдол зөндөө л байдаг. Уул нь мань өвөө 70 жил наслахдаа бие биенийгээ сайн таньж мэдэлгүй яаран гэрлээд хурдан сарнисан гэр бүлийн талаар 500 гаруй жишээ баримт мэдэх юм. Тэгэхээр өвгөний мэдлэг, туршлагыг үнэлж чадахгүй буруу шийдвэр гаргаж байгаа өрөвдөлтэй ач нь зүйрлэвээс - хэн нэгэн, мэдлэгийн хүрээ нь маш явцуу тул эсрэг хүний мэдлэгийг огтоос үнэлж чадахгүй, ингээд нөгөө талаасаа мэдлэг огт хүлээж авч чаддагүй өөрийгөө устгах механизм болон хувирч байгааг харна.
Хүн төрлөхтөн илүү туршлагатай нэгнийхээ ухамсарласан мэдлэгийг share хийж чаддаггүй байсан бол бид нар хаана байх байсан юм бол оо? Агуйдаа сууж байх байсан бус уу.
Өндөр настай хүнийг хүндлэх ёсон үүнээс үүдсэн билээ. Фундаментал төвшинд авч үзвэл - Өндөр настай учраас нь биш, тэр хүний ухамсарласан мэдлэг нь залуу хүнийхээ (ерөнхийдөө) хамаагүй их байдаг учраас л залуу хүн өндөр настны үгийг дагах ёсон тэр юм.
Аав 60 хүртлээ маш их зүйл ойлгоод үхээд өгдөг. Хүү нь нөгөө ойлгосон зүйлийг нь яг 60 хүрэхдээ аавтайгаа ижил төвшинд ойлгоод үхээд байдаг байсан бол бид нар агуйдаа сууж байх байсан юм. Түрүүлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр яагаад урт байдаг юм бэ? Яагаад гэвэл 60-тай аав 30-тай хүүдээ өөрийн мэдсэн бүх зүйлийг шилжүүлж өгдөг учраас тэр. 30-тай хүү түүнийг бясалгасаар 40 хүрэхдээ ухамсарласан мэдлэг болгон хувиргадаг учраас тэр. Хүний нийгмийн мэдлэг хуримтлагдах процесс иймэрхүү маягаар явагдах юм.
Монгол улс яагаад хөгжихгүй байна гэнээ?
Монголчуудын дээр дурьдсан - ухамсарласан мэдлэгтэй хүний мэдлэгийг хүлээн авах чадвар хомс байгаа учраас тэр. Яагаад? (нэг л зүйлийг тохиролцоё, ойлгоё - Монгол хүн бол хүн шиг л хүн - хүнээс илүү ухаантай эсвэл дутуу мунхаг хүн биш)
Яагаад гэвэл мэдлэгийг ийнхүү шилжүүлж авдаг чадварыг боловсролын системд, гэр бүлийн хүмүүжилд суулгаагүй учраас тэр.
Мэдлэгтэй хүнийг таньж чаддаг ухамсарыг Монголчуудад багаас нь суулгадаггүй учраас тэр.
Аливаа зүйлийг асуухдаа, аливаа зүйлийг ярихдаа аргументтай ярьж чаддаггүй учраас тэр. Аливаа зүйл дээр мэтгэлцэхдээ ямар ч аргумент тавьж чаддаггүй учраас тэр. Мэдлэгийг хүлээж авахдаа шүүмжлэлтэй хандаж чаддаггүй учраас тэр. Өөрийнхөө мэдлэгт байнга шүүмжлэлтэй хандаж чаддагүй учраас бас тэр юм.
Бага байхад минь үеийн зарим найзууд "манай аав тэгсэн, манай ах ингэж хэлсэн" гээд л тэрнийгээ хамгаалаад улаан галзуу хэрэлддэг байж билээ. Би тэр үед нь "аав нь худлаа хэлсэн бол, ах нь буруу ярьсан бол яах юм" гэж ундууцан боддог байсан юм. Харамсалтай нь одоо манайхаар мэдлэгт яг иймэрхүү арга барилаар ханддаг томчууд дүүрч байна. Олон оюутнууд их сургууль төгсөхдөө ийм л арга барилтай төгсч байна.
Хүмүүст багахан ч гэсэн эерэг зүйл өгөхөөр лекц уншихад мэдлэгийг яг дээр дурьдсан шалтгаанаар хүлээж авч чадахгүй байвал амьдрал улам сонирхолтой болох юм. Хэрэв Харвардад лекц уншсан бол ямар амархан байх байсан бол оо. Хамгийн гайхамшигтай нь хэрэв иймэрхүү хүмүүст мэдлэгийг бүрэн шилжүүлж чадах төвшинд хүртэл гарч лекцийг унших юм бол Харвардын 100 багш нийлсэнээс ч илүү агуу илтгэгч болох юм даа. Тийм л учраас гайхамшиг Харвардад биш, Хонг Конгод биш харин зөвхөн Монголд л бүтээгдэх боломжтой харагдах юм.
Хэрэв хэн нэгэн залуу 800 жилийн өмнө дэлхийн нэг номерийн гүрэн байсан Монгол, өнөөдөр дэлхийд 120 гараад хойгуур жагсаж байхад халшраад зугатааж байвал тэр хүн Монгол хүн мөн юм уу. Дэлхийн номер нэг гүрэнд амьдрах, дэлхийн 120-т байдаг улсыг номер нэг болгохоор зүтгэж амьдралаа зарцуулах хоёрын хооронд алд дэлэмийн л ялгаа бий.
No comments:
Post a Comment