Saturday, June 4, 2016

Split - философи ба бизнес

2016 оны 6-р сарын 3-ны өдрөөс эхлэн би энэ блогоо хоёр хувааж байна.

ganzo.mn блог дээрээ бизнес, стратеги, менежмент, эдийн засаг, санхүүгийн нийтлэлүүдээ 10 хоног тутам шинэчилж байршуулж явах юм. Мөн энд карьерийн зөвлөгөөнүүд ч оруулах болно. Одоогийн байдлаар ganzo.mn блог дээр үнэгүй татаж авах 2 ном, мөн тогтмол хүлээж авах 2 анализ оруулсан байгаа. Та бүгд зочилж үзээрэй.

Ингэж блогоо хоёр хувааснаар эсрэг тэсрэг чиглэлийн нийтлэлүүд нэг хуудсанд чихцэлдэхийг болиулж, мөн уншигч нар өөрийн сонирхсон чиглэлээр дагнан унших боломжыг бүрдүүлж байна.

ganzorigulziibayar.blogspot.com дээрээ философи, психологийн сэдвүүдээ дагнан байршуулах юм.

Энэ блогоо өнөөдрөөс Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль гэж нэрлэж байна. Монголчууд бид өндөр хөгжилд хүрч, аз жаргалтай амьдрахад хамгийн чухал зүйл нь ИТГЭЛ ҮНЭМШИЛ. Гэтэл өнөөдөр бид юунд итгэх вэ? 2000, 2500 жилийн өмнө үүссэн шашнууд өнөөдөр үеэ өнгөрөөжээ. Бидэнд Шинжлэх ухаанч, Философич Итгэл Үнэмшлийг бий болгох шаардлага тулгарч байна.

Шашнууд үнэт зүйлийг номлодог. Гэтэл үнэт зүйлийг тайлбарласан нь, нотлосон нь сүүлийн 200 жилд, шинжлэх ухаанд цохигдлоо. Үүнийг тэмцэлдээн, ухралт гэж харах биш харин хөгжил дэвшил гэж харвал зохино. Шашнууд хүн төрлөхтөний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэлээ. Одоо технологижсон, сансарт ниссэн хүмүүст Философийн шинэ Итгэл үнэмшил хэрэгтэй болов.

Хүн төрлөхтөний үнэт зүйлс нийтлэг юм. Үүнийг аль нэг шашин эсвэл философийн урсгал зохиочихсонгүй. Хүмүүс хоорондоо дохио зангаагаар харилцдаг байх үеэс тогтож, хэвшсэн тийм гүн гүнзгий үнэт зүйлсийн тухай би ярьж байна. Бурхан байсан ч, үгүй ч бид хоорондын харилцаандаа хэрэглэх, бие биенээ хэмлээд идчихгүй байх тэр ёс зүйн хэм хэмжээсүүдийн тухай ярьж байна.

Яг л хүн төрлөхтөн Коммунист, Чөлөөт эдийн засгийн хоёр өөр хэлбэрийг туршиж үзээд Чөлөөт эдийн засаг илүү давуутай болохыг нотлосонтой ижил. Энэ нь Коммунизм нуран унаж, коммунист улс орнууд шившигт хутгалдсан хэрэг огт биш. Харин ч коммунизмийг өөрсөд дээрээ туршиж, болохгүй гэдгийг нь нотлосон хүмүүстээ хүн төрлөхтөн баяр хүргэх учиртай. Энэ бол хүн төрлөхтөний хамтын ялалт, ололт байсан юм.

Хүн төрлөхтөн бие, биенээ үгүйсгэх, нотлогдоогүй зүйлийг нөгөө талдаа хүчээр тулгах бус, харин ч нийтийн сайн сайхны тулд хөгжлийн төрөл бүрийн гарцыг туршиж үзсээр ирэв. Бурхан байгаа юу, үгүй юу гэдгийг догматаж, цамнаж дайрах биш харин байгаа гэдэгт итгэдэг нь ч, итгэдэггүй нь ч тэр хоёулаа батлах, нотлох, эрүүл саруул ухаанаар хандахыг л ХӨГЖИЛ ДЭВШИЛ гэнэ.

Дэлхий ертөнцийн төв гэж "итгээд" 50 нас хүртлээ явчихсан учраас бантсандаа Галлилейг шатаана гэж сүрдүүлэх биш, харин түүний шинэ нээлтийг эрүүл саруул нүдээр харж чадаж байгаа тэр хүн л хүн юм. Үүнтэй л адил бид ч гэсэн буддын шашны нэг ч философийг нь судлаж үзээгүй байж, хэнэг ч үгүй "би буддын шашинтай" гэж яриад явж байдаг.

Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль өөр шашны, философийн аливаа нэг сургуультай үзэлцэхгүй. Үгүйсгэхгүй. Харин үнэнийг, цор ганц үнэнийг л хайхад чиглэгдэнэ. Энэ явцдаа шинжлэх ухаанч, философич, жишиг Итгэл Үнэмшлийг бий болгохыг зорих болно.

Философич гэдэг бол философичдийн түүхийг судлаж зэрэг хамгаалсан хүн биш юм. Философич гэдэг бол "Би хэн бэ?", "Үнэн гэж юу вэ?", "Зөв бурууг яаж ялгах вэ?", "Бодит байдал хаана байна?" гэсэн асуултуудыг өөртөө тавьж, хариултыг нь эрүүл саруул ухаанаар хайж буй тэр л хүн юм.

Энэ асуултуудын хариултыг хайх аргачлалыг, энэ асуултуудын хариултыг олох зүтгэлийг л бид Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль гэж нэрлэж буй билээ.

Өнөөдөр Монголын томоохон их сургуулийн дэргэд Күнзийн Төв гэж байгуулагдсан байна. Күнз бол алдарт философич билээ. Үүнтэй ижил дэлхий даяараа Грекийн, Англо саксоны, Жүүдийн философи, мөн Хиндийн философи (Буддизм орно)йн сургуулиудыг дагаж байна.

Тэгвэл яагаад Монголчууд анх удаа өөрсдийн гэсэн философийн сургууль, урсгалтай болж болохгүй гэж?

Өмнө гарч өнгөрсөн, дээр дурьдсан сургуулиудаас илүү давуу, илүү эрүүл, илүү үнэн сургуулийг бий болгоё гэж бодвол - таныг нэгдэхийг урьж байна.

Чадах, чадахгүй нь бидний зорилго огт биш. Харин чадахын төлөө явах нь бидний зорилго билээ.