Wednesday, February 29, 2012

Монгол бахархал

Саяхан нисэхийн зүгээс ирж явлаа. Гэтэл гадны зочин төлөөлөгчид явж зам боолоо. Тэдгээрийн ардхантай хотын төвийг чиглэн явлаа.

Олон улсын нисэх буудлаас хотын төв хүрэх зам нь барууны стандартаар бол ердөө нэг урсгалын өргөнтэй шахуу, тэгээд тэрүүгээр нь тохой шүргэх зайнд хоёр машин 80 км цагийн хурдтай (crash test 60 дээр хийгддэг) зөрж өнгөрдөг, автобус нь зам дээрээ зогсч зорчигчоо авдаг, явган хүний гарц нь замтайгаа нэг төвшинд огтлолцдог, туслах зам, уулзвар нь өргөтгөгдөөгүй, хашлагагүй замтай улс дэлхийд хэд бий бол. 150 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 уначихаад урд суудал дээрээ ангир үрээ зогсоогоор нь урд самбарыг түшүүлчихсэн явуулж байдаг ийм дүүрчихсэн хүмүүс өөр хаана байдаг юм бол.

Монгол хүнийг доош нь хийсэн харцыг цаг тутам мэдэрч, тэр харц болгонтой олон жил тулалджээ. Гадны хүнд Монгол хүний төлөөлөл болж Монгол хүн бол тэднээс огт дутахгүй гэдгийг байнга бүх талаар харуулахыг эрмэлзэн явж ирлээ.

Гэтэл ийм сүйрчихсэн замаар яваад Төрийн ордонд маань очиж буй гадны том дипломатад Монгол хүнийг хүндэтгэх сэтгэл төрөх үү? Монгол улсыг маань өрөвдөж дооглох биш үү.

Энэ зам дээр, тэр зам дээр гэр бүлээрээ 5, 10, 15-аараа үхэжээ л гэдэг. Аан л гэдэг. Уул нь эгнээг нь тусгаарлаад хашлага л барьчихвал болох юм шүү дээ. Арай дэндэж байгаа юм биш үү.

Бид хичнээн удаан ядуу, тэнэгээ гайхуулж явах ёстой вэ. Ингэж гуйлгачин байх нь Монгол бахархал мөн үү. Эсвэл энэ нь нөгөө Монгол омогшил нь юм болов уу. Гуйлгачин царайлж, гуйлга гуйхыгаа Монгол омогшил гээд байгаа юм уу.

Монгол хүн дэлхийд дээд төвшинд байж чадна гэдгийг харуулахын тулд Харвардын профессортой хүртэл ном хаялцаад дийлж болно.

Гэхдээ одоо энэ сонин биш байна. Гадны зочин Монголын ард түмнийг доош нь хийж, "тэнэг нүүдэлчин" гэсэн харцаар харахаас өөр аргагүй болгох нөхцөл байдлыг бид өөрсдөө бүрдүүлж болохгүй. Бид гадны хүнтэй Монгол нэрээр уулзаад хулхидаж болохгүй, хулгай хийж болохгүй.

Өнөөдөр Орос хүнийг дэлхийн бизнесийн талбарын аль ч өнцөгт жигшиж байна. Дэндүү увайгүй загнаж, дэндүү их луйвардлаа. Хэдхэн муу бизнесмэн, орос хүний оронцогуудаас болж Оросын ард түмний нэр хүнд унаж байна. Үүнийг бид өөрсөд дээрээ давтах хэрэггүй.

Монгол хүмүүс дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чадна. Чадахын тулд харин 100 литр хөлс урсгах хэрэгтэй. Хөдлөхгүй бол хөлс гарахгүй. Энэ яваа насандаа Lexus 570 авах гэж (тэгээд урд суудал дээр нь хүүхдээ зогсоож дэлхийн хамгийн наад захын хүний мэддэг хамгийн аймшигтай эрсдэлд оруулах гэж) амьдрах юм уу. Эсвэл 100 жилийн дараа Монгол хүмүүс хүн төрлөхтөнийг өнгөлөх хөрсийг бэлдэх "чийгийн улаан" болох гэж амьдрах уу. Бид энэ яваа насандаа түүнийг харахгүй нь лавтай.

Гэхдээ хэзээ ч харахгүй мөрөөдлийнхөө төлөө бид өнөөдөр амьдрахгүй бол ирээдүйд Монгол хүн гэж байх эс байх тухай асуудал яригдана. Бидний мөрөөдлийг бидний үр хүүхэд харахад л хангалттай байх тийм аймшигтай өндөр төвшний ухамсартай байж бид чадах уу?

Thursday, February 23, 2012

Society and the Man

Хүмүүс олон мянган жил бэдэрч, хүний хөгжлийн зөв гаргалгааг тогтоосон. Энэ нь синержи болно.

Лидершил цус дамждаггүй. Үүнийг одоогоос хэдэн мянган жилийн өмнө ойлгосон. Лидерүүд хаа нэгтээ "төрдөг". Тэднийг олж тодруулах гэж тун хэцүү ажил бий. Грекийн ардчилал, Социализм, Буддизмийн хойд дүр тодруулах ажиллагаа гэх мэтчилэн туршиж үзээгүй хувилбар үгүй биз.

Тэрэн дундуур явуургүй, хорон санаат, чадвар муут лидерэнцэрүүд буюу хуурамч лидерүүд гарч ирэн Ардчилалын тогтолцоог далимдуулах нь их. Өнөөгийн дэлхий бол ийм дэлхий юм.

Ардчилал нь социализмийн үеийнхтэй адил нэг нь нийтийн төлөө, нийт нэгийн төлөө гэсэн эдийн засгийн зарчмаар эсвэл чөлөөт зах зээлийн тогтолцоо буюу цэвэр ашиг сонирхолын тулаан хэлбэрийн гэсэн үндсэн хоёр төрлийн эдийн засгийн тогтолцоотой байж болох юм.

Социалист маягийн эдийн засгийн тогтолцоо одоогийн хүн төрлөхтөний ухамсарт багтахгүй. Онолын хувьд боломжтой юм шиг санагддаг. Буддын үлгэр жишээ философич хүртэл бүх ард түмэн гэгээрсэн тийм нөхцөлд биелж болмоор юм шиг харагддаг. Гэхдээ ард түмэн бүхэлдээ тийм болох нөхцөл лав л одоо байхгүй юм.

Чөлөөт зах зээлт эдийн засгийн тогтолцоо байгалийн шалгарлийн хуулийг гайхалтай сайхан хуулсан учир маш боломжтой. Маш амжилттай ч явагдаж байгаа. Хэдийгээр одоог хүртэл эрдэмтэд нийгмийн нарийн төвөгтэй мөн чанар, түүний эдийн засгийн харилцааг ухаж ойлгож чадаагүй ч, одоохондоо энэ тогтолцоо тун боломжийн мэт харагдаж байгаа.

Чухамдаа энэ чөлөөт зах зээлийн тогтолцоо л бидэнд ipad, internet-г авчирсан юм шүү дээ.

Ардчилсан, чөлөөт эдийн засаг, зах зээлийн тогтолцооны үнэт зүйлс, баримтлах зарчмууд гэж бий. Тэдгээрийг харамсалтай нь хүмүүс тэр болгон ойшоодоггүй нь харамсалтай.

Хуурамч лидерүүд гарч ирэх бололцоо туйлын нээлттэй байх байдал нь ардчилалын гажиг юм. Черчил яагаад Ардчилал бол төгс биш гэхдээ одоохондоо хамгийн боломжтой нь биш гэж хэлсэнийг үүнийг болов уу гэж бодож байна. Хуурамч лидерүүд ямар балаг тарьдагийг хүн төрлөхтөн хэдэн мянган жил үзээд ханахгүй л байгаа. Магадгүй хүн төрөлхийн мартамхай, уучламтгай амьтан байх. Ардчилалын энэ "цоорхойг" эмчлэх ганцхан арга бий нь ард түмний философийн боловсрол билээ. Бидэнд логарифм хувиргаж чаддаг биш ардчилалын үнэт зүйлсийг ухамсарладаг иргэд л хэрэгтэй шүү дээ, эцсийн дүндээ.

Нийгэмд ардчилалын үнэт зүйлсийг барьж, хүн төрлөхтөний хөгжил дэвшлийг хангадаг өөр хоорондоо нарийн харилцаа холбооны протокол бүхий 3 төрлийн институц одоогоор ажиллаж байна.

Эдгээр нь:
Төр, корпораци, мэргэжлийн холбоо (ТББ) тус тус болно.

Төр нь үнэт зүйлс, зарчмууд хадгалагдаж байгаа эсэхийг хянаж, алдаа гарсан үед засварлах, зарчмууд (шудрага ёс, тэгш эрх, г.м.) хадгалагдах нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай тохиолдолд дэд бүтцийг бий болгож өгөх зэрэг "зохицуулах" үүрэгтэй оролцоно.
Гэтэл төр нь өөрөө сонгогддог. Энэ нь ард түмний боловсрол багатай газар буддийн лам нар айлуудаар хэсч хойд дүр тодруулж байгаагаас нэг их дээрдэхгүй процедураар явагдана. Хуурамч лидерүүд гарч ирсэнээр төр үүргээ гүйцэтгэдэггүй. Дээрээ толгойгоо олохгүй бол доороо хөлөө олохгүй гээч нь болно. Гагцхүү ард түмэн л хохирч үлддэг.

Корпораци нь хөгжил дэвшил, олон ургаль үзэл, баялагийн тэгш хуваарилалт, нөөцийн оновчтой шийдэл, нийгмийн хөгжлийн гарц зэрэг олон талт үйл хариуцлагыг хэрэгжүүлж нийгэмд "хөгжүүлэх" үүрэгтэй оролцоно.

Мэргэжлийн холбоо нь Төр, Корпораци нарын үүргийг илүү нарийвчилсан төвшинд гаргаж ирэн, тэдгээрийн ёс суртахуун, мэргэжлийн хэм хэмжээ, харилцааны хэмжүүр, хэрэгсэлийг бий болгох "зохицуулах, хөгжүүлэх" давхар үүрэгтэйгээр нийгэмд ажилладаг байх юм.

Аливаа хүн, хүн болж төлөвшсөн хүн, хувь хүнийхээ хувьд хэд хэдэн институцэд харъяалагдах юм.

Дурдвал - гэр бүл, найз, нөхөд, мэргэжил нэгтнүүд - эдгээр болно. Эдгээр нь цөм бүрдэж байж хүн өөрийн байр суурийг нийгэмд бүрэн эзэлнэ.

Гэр бүл
Найз
Нөхөр
Мэргэжил нэгтнүүд

Эдгээр нь бүгд хооронд нь сольж болохгүй, өөрсдийн онцлог үүргийг тухайн хүний амьдралд гүйцэтгэнэ. Эдгээрийн аль нэг нь хүнд байхгүй тохиолдолд хүн дутуу болно.

Харамсалтай нь ихэнх хүмүүсийн амьдралд сүүлчийн хоёр нь байдаггүй. 2 ба 3-р ойлголтуудыг хольж солин хэрэглэж, андуурч эндүүрсэнээс болж маш олон үл ойлголцол хүний амьдралд гарна.

Саяхан Young Leaders Program нэртэй залуучуудын клуб байдгийг мэдэж авав. Уг клубын суурь мөн чанарыг мэдээгүй боловч маш сайхан эрч хүчтэй залуус хоорондоо нэгдэн нэтворкинг мэтийг үүсгэж байгаа нь их сайхан санагдаж билээ. Тухайлбал нь энэ нь мэргэжил нэгтнүүдийн эхлэл хэлбэр байж болох юм. Цаашид улам хөгжиж жинхэнэ мэргэжил нэгтнүүд болох боломжтой.

Уулзалтанд нь зочноор уригдаж бид ярилцаад төгсгөлд нь өөрийн зүгээс "дуудлагыг" албан ёсоор өгсөн. "Та бүгд өндөр боловсролтой, мундаг залуус байна. Хоорондоо эв нэгдэлтэй байж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой. Маш олон бэрхшээл сорилт таарах боловч хамтдаа байвал давж чадна. Өнөөдөр Монголын 2.8 сая ард түмэн ядуу, зүдүү амьдарч байна. Та бүгд энэ улсын элитүүд нь билээ. Элитүүд ард түмний төлөө хариуцлага хүлээдэг. Хариуцлагыг сэтгэл зүрхэндээ хүлээн авсан хүн бол жинхэнэ лидер мөн. Өнөөдөр би та нарт дуудлагыг албан ёсоор өглөө. Хүлээн авах болтугай" гэж би яриагаа төгсгөсөн.

Жишээлбэл - улс орон, нийгмийн хөгжилд мэргэжил нэгтнүүд, мэргэжлийн холбоо ямар үүрэгтэй нь энэ үгнээс харагдах байх.

Хүмүүс гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээдэг. Хүмүүс магадгүй найзынхаа өмнө бас үүрэг хүлээж болно. Гэхдээ хүмүүс өөрийнхөө өмнө хүлээсэн үүргээ дандаа мартдаг. Хүмүүс нийгмийн өмнө хүлээх ёстой үүргээ хүлээж авдаггүй.

Хүмүүс өөрсдийгөө мартаж орхидог учраас амьдрал нь дандаа хоосон болж, баланс нь алдагдаж, утга учиргүй болдог. Энэ бүгдээс үзэхэд ойрын ирээдүйд психологичид ховсдох тухай ярих биш харин философийн номлолоор хүмүүсийг эдгээх тухай ярьж эхлэх юм шиг санагдах юм.

Агуу лидер байхын тулд Харвард төгсөх албагүй. Агуу лидер Дорнодод мал хариулаад явж байж ч болно. Агуу лидер байлгүй Агуу иргэн байхад ч сайхан л юм.

Tuesday, February 14, 2012

Ойлгохуй VS Ухамсарлахуй

Хэлбэрээс үүдэх шинж чанарыг ойлгож, шалтаг тоочин амьдрах уу.

Агуулгад суурилсан мөн чанарыг ухамсарлан, ертөнцийн шалтгаан нь болж орших уу.

Хэлбэр хийгээд Агуулга, Шинж чанар хийгээд Мөн чанар, Ойлгохуй хийгээд Ухамсарлахуй, Шалтаг хийгээд Шалтгааны аль төвшинд буйгаас та хэрхэн хүн болон төлөвшиж байгаа нь харагдах юм.

Магадгүй гэгээрэлд хязгаар үгүй биз. Гэхдээ энд гэгээрлийн ядаж 2 шат нь харагдаж буй байх.

Классик стил, имижийг бүрдүүлснээрээ хүн эрхэмсэг оршдог юм биш. Энэ бол харалган ойлгохуй. Хөгийн шинж чанар.

Эрхэмсэг оршихуй өнгөрсөн, одоо, ирээдүйд туйлын, хэлбэрэлтгүй, цор үнэн боловч өөрөө тогтмол зүйлийг биш харин тасралтгүй хөдөлж байдаг үйл хэргийг л тодорхойлж байдаг.

2 философич Яагаад хүн алдаа гаргадаг юм бэ? Алдаа гаргах нь гарцаагүй юм уу гэж судлаж үзсэн байна. Би өмнө Хүн алдаа гаргах нь гарцаагүй, учир нь... гээд тодорхойлсон санагдаад байна. Яг сайн санахгүй байгаа ч, ямартай ч Алдаа гаргасан нь өөрөө алдаа биш юм аа, харин алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь алдаа юм аа гэж хэлсэнээ бол санаж байна.

Тэгэхээр Алдаа бол бидний ойлгохуйд буудаг тэр сүүлчийн зогсоол биш, харин ч хүн төрлөхтөний оршин байхуй буюу хөгжлийн үндсэн компонент байж таарах юм. Хүн төрлөхтөний өнцгөөс Алдаа нь бид шийдвэр гаргаж урагш хөдөлж байгаагийн тусгал болохоос биш тусдаа субъектив шинж чанарыг агуулахгүй харагдаж байна.

Friday, February 10, 2012

dialogue

Сонсож сурах хэцүү, Уншиж ойлгох түүнээс хэцүү, Бодож сурах их хэцүү, Бясалгаж сурах бүүр ч хэцүү, Бодлоо хүнд ярина гэдэг маш хэцүү, Харин бичиж ойлгуулна гэдэг бол боломжгүй хэцүү.

Бодож өөрийнхөө тархины бүтээлийг гаргах нь байтугай сонсож ч сураагүй хүн Яриад эхлэвэл юу болох нь ойлгомжтой. Тийм маш олон хүмүүс дуу дуугаа авалцаад яриад эхэлвэл бүүр хачин юм болдог.

Энэ бол өндөр барилгатай адил юм. Сонсох чадвар бол түүний суурь нь юм. Суурь үгүй бол барилга хэрхэн орших билээ.

Бясалгаж чаддаг хүн л итгэл үнэмшилтэй байж чадна. Итгэл үнэмшилгүй хүний амьдрал бол өдөр бүрийн там. Итгэл үнэмшилгүй Харвардын доктор, итгэл үнэмшилтэй малчин хоёрыг харьцуулах ямар ч арга байхгүй.

Хүн хүн болж төлөвшсөн эсэх тухай асуултыг зөвхөн энэхүү итгэл үнэмшил бүрэлдэн тогтсон уу үгүй юу гэсэн хариултаар тодорхойлоход хангалттай. Тэрнээс биш Америкийн ерөнхийлөгч хийх эсвэл Харвардыг төгсчихөөрөө хүн хүн болчихдоггүй юм.

Итгэл үнэмшил бүрэлдэн тогтох насандаа тийм зүйл бий болохгүй бол хүн яван явсаар хүн сүг эсвэл хүн араатан болон хувирна.

Итгэл үнэмшил зөв сэдэлттэй байх нь мэдээж гарцаагүй нөхцөл юм. Олон хүн хайртай хүнийхээ өмнөөс үхэж чадахгүй байж магадгүй. Гэхдээ итгэл үнэмшилтэй хүн түүнийгээ хамгаалж үхэж чаддаг. Итгэл үнэмшил зөвхөн үйл хэрэгтээ итгэх итгэл, үнэмших үнэмшилээр л дамжин гарч ирэх болохос биш бурхан орших эс орших тухай асуудал биш юм.

Аль болох олон иргэн итгэл үнэмшилтэй болон төлөвших боломжийг бүрдүүлэх нь нийгмийн байгуулалтын зорилго бөгөөд төрийн үүрэг. Үүнийг гүйцэлдүүлэх маш олон талт ажлын нэг нь боловсролын систем юм. Тийм учраас суурь боловсрол үнэгүй байх нь гарцаагүй үзэгдэл.

Суурь боловсролыг гүйцэлдүүлэх том арга хэрэгсэл нь шашин хийгээд уламжлал, дэг жаяг юм. Би шашин гэж философийн системийг ярьж байгаа болохоос биш мөнгө авч маань уншдаг мухар сүсгийг яриагүй байна.

Монголчууд нүүдэлчин уламжлал, дэг жаягтай байж ирэв. Гэтэл бидний амьдрал суурьшмал хэлбэрт сүүлчийн 50 жилд хурдацтайгаар шилжиж одоо хүн амын дийлэнх нь суурьшлаа. Өмнөх уламжлал, дэг жаягийг шинэчлэхээс өөр аргагүй болов.

Үүнийг хэн хариуцах вэ. Уул нь бол шашин хийж ирсэн практик байна. Гэтэл орчин үед энэ нь явцгүй болоод байна.

Шинжлэх ухаан, нийгмийн хөгжил, ухамсрын дээшлэлт, мэдээллийн технологи харилцааны хурдац үүнийг явцгүй болгож орхив.

Гэтэл үүнийг хэн барьж авч хийх ёстой вэ. Жишээлбэл яг энэ үед Америкт энэ нь маш том асуудал болоод байна. Дэлхий даяараа л асуудал болж байна. Асуудлыг таньж мэдсэнээр асуудал хэлбэрждэг юм биш. Асуудал байж л байдаг, гүнзгийрдэг. Хүн төрлөхтөн үүнийг ухаарна. Дийлнэ, хөгжинө.

Зүгээр л өнөөдөр Монголчууд бид нарт үүнийг дэлхийд анхлан хийх зай гарч ирлээ. Боломжийг харин бид бий болгож чадах уу. Тархины тураал гээд тэр Япон хүний бичсэн Монголруу миний бодлоор их хөндлөн орчуулсан зүйлээс харвал бидэнд ямар том сорилт тулгарч байгаа нь харагдаж байна.

Өнөөдөр Америк, Европ, Ази бүхэлдээ явцуурав. Шашин өмнө гүйцэтгэж байсан үүргээ гүйцэтгэж чадахгүй болов. Социализмийн үзэл санаанд авууштай зүйл их боловч практикт бүтэлгүйтэв. Хүн төрлөхтөнд шинэ философийн сургууль хэрэгтэй болж байна.

Өнөөдөр хамгийн мундаг технологитой нь дэлхийд өнгөлөхгүй. Харин түгээмэл философи, цор үнэнг хамгийн түрүүлж аль болох олон иргэндээ төлөвшүүлсэн тэр улс нь дэлхийд өнгөлнө. Гэхдээ ахисан төвшинд үндэс угсааг ярьдаггүй.

Бид философийн цоо шинэ сургууль, ард түмэнд түгээх арга хэлбэрийг бий болгож чадах уу.

Эдийн засагч гэж хэн бэ?

Эдийн засагч гэж эдийн засгийн чиглэлээр их сургууль төгссөн хүн биш. Эдийн засагч гэж эдийн засгийн доктор ч биш.

Манайд эдийн засагч гэж эдийн засгийн шоучинг ойлгоод байх шиг. Эдийн засаг мэдээд ч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг, худлаа хэлбэрдсэн хүнийг эдийн засагч гэж хэлээд ч байх шиг. Эсвэл их сургуульд эдийн засаг заадаг хүнийг эдийн засагч гэж нэрлээд байх шиг.

Эдийн засагч гэж эдийн засгийн тодорхой итгэл үнэмшилтэй хүнийг л хэлэх юм. Итгэл үнэмшил үйл хэрэгтэй л холбогдон үүсдэг болохоос тухайлбал бурхан бий эсэхэд итгэх эсэх нь итгэл үнэмшилийн тухай асуудал биш юм. Өөрөөр хэлбэл итгэл үнэмшил нь чиглэлийг илэрхийлдэг гэсэн санаа юм.