Tuesday, May 5, 2009

Араатанлаг бизнес, корпорацын авилгал

Араатанлаг бизнес
Бизнес өөрөө баялагийг бий болгох, хэрэглэгчидэд сайн сайхан зүйлс бий болгоход чиглэгддэг суурь учир шалтгаантай. Ийм шалтгаангүй бизнесийг араатанлаг бизнес гэж нэрлэе.
Араатанлаг бизнес бол хэрэглэгчгүй бизнес. Нэг удаагийн худалдан авагч нарыгаа "цавчаад", нийгэмд хортой зүйлийг бий болгоод, байгал дэлхийг сүйрүүлэх үйлдэлийг араатанлаг бизнес гээд байна. Энэ бизнесийн удирдагч бол яав ч entrepreneur байж таарахгүй. Лидер бол бүүр яагаад ч биш, рэйнж ровер унаад гуччи хөлдөө жийсэн гээд элит бол бүүр ч байж таарахгүй. Энэ бол зүгээр л нэг луйварчин юм.
Луйварчид бол хэзээ ч шинийг санаачилагчид байдаггүй. Яагаад гэвэл бизнесийн шинэ санаа зөвхөн хүмүүст сайн сайхан зүйл бий болгож өгөх гэж л гардаг юм. Мэдээж нэг удаа цавчиж байгаа юм чинь эд нар чононоос долоон дор. Чоно хэзээ ч зээрийн сүрэгтэй тааралдаад бүгдийг нь нэг дор нульдагүй биз дээ. Аль сул доройг нь хусаад бусдыг нь өсөж үржих болтугай гээд орхидог. Хэрэв бид нар өдөр болгон цагаан сар хийдэг байсан бол мэдээж энд байхгүй байсан биз. Тэгэхээр нэг удаа кайф аваад байгаа нь л кайф болохоос биш өдөр болгон байвал кайф биш болно.
Тэгэхээр араатанлаг бизнесийг явуулдаг нөхдүүдийг араатан гэж нэрлэж болно. Яг аймшигийн кинон дээр гардаг шиг. Устгахаар програмчилагдсан. Чоно хүртэл байгалийн хариуцлагаа ухамсарлаж байхад аймшигийн кинон дээр бол аялалд явж байгаа залуусыг бүгдийг нь хусдаг ш дээ санаж байгаа бол. Тэгэхээр манай араатнууд бол нийгмийн хариуцлагагүй араатнууд. Хамгийн аймшигтай зүйл нь аймшигийн кинон дээр араатнууд ихэвчилэн ярьдаггүй, учир шалтгаангүй хядаад байдаг бол араатанлаг бизнесийн араатнуудын амнаас корпорацийн хариуцлага, шудрага бизнес, чанартай бүтээгдэхүүн, хангалуун харилцагч гэх мэт өөрсдийх нь учрыг нь ойлгодоггүй боловч цээжлээд авсан үгнүүд байнга унаж байдаг. Бас кинон доторх араатан кинондоо ихэвчилэн үхээд дуусдаг бол өнөө манай араатан танай гэрт дотор, ах дүү садан чинь ч болж төрсөн байж мэднэ.

Корпорацийн авилгал
"Шахаа" бизнес урьд нь ихэвчилэн төрийн байгууллагыг хамардаг байсан бол одоо бүүр хавтгайраад корпорациудад халдаж эхлэв. Корпорациудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэхийн тулд хувь амлаж эхэллээ. Энэ бол аймшиг, энэ бол зөв бизнес хийх гэж байгаа хүний хар дарсан зүүд. Харамсалтай нь манайд аль хэдийн нийтийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болов. Одоо бид чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ бий болгохын оронд корпорацийн санхүү, худалдан авалтын албаны дарга, заримдаа бүүр ГЗ-тэй нь архидаад хувь амлах ажлыг хэрхэн хамгийн үр ашигтай хийх тухай бодох болж байна. Ийм нөхцөлд зөв бизнес оршин тогтноход маш бэрхшээлтэй. Гэхдээ бэрхшээл байхгүйсэн бол гүйцэтгэх захирал гэж хүний хэрэг юусан билээ. Үүнийг сөрж шинэ стандартыг тогтоож бий болгох хэрэгтэй.