Monday, May 5, 2008

Соёлын шок

Сэтгүүлч Алтай шиг дэлхийг тойроогүй ч Токио, Хонг Конг, Сингапур, Нью Йорк, Вашингтон, Лондон, Франкфурт, Берлин, Бруссел, Амстердам, Москва, Люксембург, Бээжин, Шанхай гээд дэлхийн томоохон хотуудаар өнгөрсөн хугацаанд орж амжжээ. Өмнө нь нэг удаа Аэро Монголиягийн онгоц саатсаны улмаас Хөххотоос Эрээн хүртэл таксидах хэрэг гарсныг эс тооцвол Хятадын хөдөө нутгаар тэнэж байсангүй. Харин саяхан Хятадын Хөнан мужийн Луоянг хотод ажлын шугамаар очоодхов. Очоод харин жинхэнэ утгаараа соёлын шоконд оров. Өмнө нь өөрийгөө жоохон сумтай гэж бодож байсан нь талаар болов. Урьд нь ямар ч гоё газар очиж, сайхан юм үзсэн сэтгэл хөдөлдөггүй байлаа. Энэ удаад харин баахан гутрав. Хятадын эгэл хөдөөний хот гэхэд Луоянг үнэхээр сайхан хот юм. Хоног төөрүүлж байсан нутгийн Lee Royal буудал өмнө нь миний бууж байсан Grand Hyatt, Shangri-La, Kempinski, Millennium, Park hotel зэрэг олон улсын нэр хүндтэй буудлуудаас юугаараа ч дутахгүй байлаа. Хотын төв гудамж нь өндөр өндөр, гоёмсог загвартай байшингуудаар дүүрэн юм. Нэг сая хүнтэй хот буюу тэндэхийн ойлголтоор тосгон нь хөндийг бүрхэж, орон сууцны хотхонуудын дунд хиймэл нуур, орчны ландшафтын гоёмсог загвар тэргүүтэн цөм бүрэн ажээ. Улаанбаатараа бодохоос ичиж байлаа.

Хятад нутгийн зочломтгой чанар гайхалтай юм. Өмнө нь огт зүс үзээгүй хатагтай Лиу бол Луоянг хотын банкны дэд ерөнхийлөгч юм. Мань хүн хөөрхий биднийг хэд хоногийн турш ёстой нүд бүлтийтэл дайлж цайлж билээ. Бид уг хотын дарга нартай хоолонд ороод ёстой нохой гурав харагдтал уув. Хятад нутгийн заншлаар хүндэт зочинтойгоо гурван хундага тулгаж уух ёстой. Ингэхдээ найрын ширээн дунд биш тухайн зочин бүртэй ганцаарчилж ууна. Тэгэхээр бидний ширээнд нийт 8 хүн байсан гэхээр би гэдэг хүн 21 хундага архи тогтоох хэрэг гарсан гэсэн үг. Мэдээж тэдний хундага нь 25 грамм л даа гэхдээ Хятадуудын дунд Монголчууд бид уудгаараа алдартай юм байна. Хэдэн зуун жилийн турш тогтсон ойлголт гэнэ. Бас Монголчууд хоол хүнсгүй болохоороо Луоянг нутагруу довтолж хүнсээ залгуулдаг байсан юм байх...