Monday, October 8, 2018

ANTI-LEADER: FOLLOWERSHIP


Анх 21 настай ажилд ороод би ЛИДЕРЭЭ хайж байлаа. Үлгэр жишээ авчихаар, намайг дагуулчих, туршлагатай хүнийг хайж байв.

Дараа нь дилерийн мэргэжлээ боломжийн эзэмших үедээ мөн л лидерээ хайсаар л байв. 25 настай банкны дэд захирал болчихоод лидерээ үргэлжлүүлэн хайсаар л байлаа.

Намайг чиглүүлчих лидерийн багт нь орж, сайн багийн гишүүн байхаар зорьж байв. Би сайн ДАГАЛДАГЧ/FOLLOWER байхаар өөрийгөө бэлтгэж байв.

Улс орныг ухаантай хүмүүс удирддаг гэж боддог байлаа. Монголбанкны ерөнхийлөгч бол хүршгүй холын зүйл байв. Хэзээ ч банкны гүйцэтгэх захирал болно гэж бодоогүй. Банкны гүйцэтгэх захирал гэдэг чинь, бурхан минь, тэнгэрийн амьтан тэрүүгээр үүлэн дээр хөвж яваа харагддаг байлаа шүү дээ.

Харамсалтай нь тэр лидертэйгээ би хэзээ ч учраагүй юм. Ингээд өөрөө сэтгэл дотроо дүрсэлж, амь цөлөн дагана даа гэж ургуулан бодсоор ирсэн дүрээ өөртөө шингээж, лидер болохоор шийдсэн юм.

Гэтэл дагагч байдаггүй ээ. Дагагч болно гэхээр лидер нь байхгүй, Лидер болно гэхээр дагагч нь байхгүй. Амар эд биш бололтой.

Орчин үеийн, дэлхийн боловсролын систем хүүхэд бүрийг лидер бол гэж хүмүүжүүлж байна. Харвард тэргүүтэнд баахан л лидерийн хичээл байна. Гэтэл дагагчийн хичээл байдаггүй ээ.

Ер нь 100 хүн тутамд 1 л лидер байна биз дээ. Тэгээд тэр ганцхан хүнд зориулсан боловсролын систем байгаа юм уу хаашаа юм. Нөгөө 99 нь яахав. Лидерээ олоод харчих ухамсар дутуу, лидер нь өмнө нь гарч ирчихээд байхад эргүү ухна шиг мөргөөд байдаг бол яахав.

Яаж дагах вэ гэдэг чинь яаж удирдах вэ гэдгээс дутахгүй нарийн ухаан бололтой шүү.

Нууц Товчоог 15 удаа уншлаа. Хэрэв тэр өдөр Боорчи Тэмүүжинг дагаагүй бол Монголын эзэнт гүрэн байгуулагдахгүй байв. Хэрэв Сүбээдэй Тэмүүжинг дагаагүй бол тэрээр дэлхийн хамгийн алдартай цэргийн жанжин биш зүгээр л цаа буга маллагчаараа үлдэх байв. Сүбээдэйн хөшөө Хятад, Европт босч байсныг сануулах юун.

Нууц Товчоог Тэмүүжингийн түүх гэж бүгд андуурдаг. Гэтэл Нууц товчоо тэр чигтээ хэрхэн ВИЖНтэй лидерээ хүлээн зөвшөөрч дагасан түүх байдаг билээ. Мэдээж тэр дундуур Жамуха, Алтан, Хучар, Хөхүчү бөө, Тоорил хан гээд хүмүүс-лидерүүд гарч ирж, Тэмүүжинд амаргүй л байсан.

Гэхдээ Тэмүүжинд дагагч нар байсан учраас л тэрээр Монголын тал нутгийг нэгтгэж, өмнө нь бас дараа нь өөр ямар ч удирдагчийн хүрч чадаагүй амжилтыг үзүүлсэн билээ. Үр дүнд нь Монгол гэдэг нэр ертөнцөд цуурайтсан түүхтэй.

Стив Жобсыг Аппл компанийн ажилтнууд дагаж, фантаазыг нь бодит байдал болгохын тулд яг л монголын жанжид шиг сэтгэл цөлөн зүтгэснээр өнөөдөр 20хон жилийн дотор 1 их наяд долларын үнэлгээтэй компани болжээ. Хэрэв манайхан шиг "энэ ч дээ, за бие амар, албан тушаалдаа тогтож үлдэхээ л бодъё" гээд сууж байсан бол Аппл яг манайхан шиг л байх байсан болов уу.

Дагагчгүй лидер, Лидергүй дагагч гэдэг бол...

Мундаг лидер гэж харагддаг залуучууд байдаг. Тэд мэдээж бүгдийн л адил улс орноо хөгжүүлнэ, болохгүй байна бүтэхгүй байна, бачимдаж байна гэж ярина. Би хэд хэдэн ийм залууст "Чи үнэхээр Тэмүүжин мөн бол би Мухулай чинь болъё. Юу гэмээр байна?" гэж асуусан. Харамсалтай нь хариулт авч чадаагүй л байна одоо болтол. Дагуулж чадахгүй бол том ам гарч юу хийнэ.

Хэрэв үнэхээр Тэмүүжин мөн юм бол Мухулайгаа олох шиг сайхан зүйл байхгүй биз ээ гэж төсөөлөх юм.

Хүний нийгэм тэр чигээрээ багийн ажиллагаа. Багт лидер, дагалдагч гэсэн хоёрхон дүр л байдаг.

Яг л банкны захирал болохын тулд эхлээд заавал теллер болох ёстой шиг. Лидер болохын тулд дагалдагчаас л эхлэх ёстой. Нууц товчоон дээр түүнийг дурайтал бичсэн бий.

Уншигч та лидерээ хайж буй дагалдагч уу, дагалдагчаа хайж буй лидер үү. Эсвэл дөнгөж сая би юу уншчихав аа гэж гайхаж байгаа нэгэн үү. Таны энэ сэтгэгдэл таныг хэн бэ, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгийг маш тодорхой харуулах юм даа.

Монгол хүн гэж хэн бэ. Нүүдэлчин юм уу, хэн юм. Орчин үе юм уу, өнгөрсөн үе юм уу гэх маргаан, бодролууд их л явж байгаа харагддаг. Би харин хэлмээр байна. Монгол хүмүүсийн ухамсараас лидер хэмээх ойлголт алга болоод олон зуун жил болжээ.

Лидер хүн гэж хэн байдаг билээ, ямар дүр төрхтэй байх билээ гэдэг нь бидний ой санамжаас арилаад 800 жил өнгөрчээ. Одоо хараад ч танихааргүй болсон байна.

Энэ ямар хэнхэгтэй амьтан бэ, солиотой юм уу, онгироо цус вэ, би гэх өвчнөөр өвдсөн хөөрхий байна гэх мэтээр л онош тавих болов уу даа --- хэрэв жинхэнэ лидер өмнө нь гарч ирээд юм ярьж эхэлвэл.

Sunday, June 3, 2018

Тархины тураал 2: Бид яагаад хөгжихгүй байна вэ





ТАРХИНЫ ТУРААЛ II

Саяхан сантехникч дуудаж холигчоо солиулав. Гэтэл улаан тэмдэглэгээ нь хүйтэн ус, цэнхэр нь халуун ус байхаар тааруулжээ. Тэгээд бодлоо, нээрэн бид байнга л хаа нэгтээ улаан-цэнхэрийг нь солиж тааруулсан холигчтой таарч будилдаг. Гараа түлчих гээд л. Эсвэл цэл хүйтэн ус. Монголд л ийм байдаг байх гэмээр. Энэ бол сэтгэл дутсаны шинж. Улааныг нь халуун, цэнхэрийг нь хүйтэн усанд тааруулахад нэмэлт зардал, ажил гарахгүй шүү дээ. Бусдыг гэх буюу ӨГӨХ сэтгэл л дутлаа.

10 гаруй жил гүйцэтгэх захирлын ажил хийжээ. Олон ч хүн ажилд авч дээ. Харин ажилд авах ярилцлаганд "Би танай компанид ийм хувь нэмэр оруулъя" гэж ярихтай тун ховор таарлаа. Оронд нь "Надад хэдэн төгрөгний цалин өгөх вэ", "Надад ямар албан тушаал өгөх вэ", "Би удахгүй гадаадад сургуульд явна, танайд түр л ажиллая" гэх мэтээр зөвхөн АВАХ, АВАХ бас дахин АВАХ тухай л сонслоо. Бас л амьдрал эхлээд ӨГӨХ, харин хариуд нь АВАХ зүй тогтолтой гэдгийг ойлгоогүй дээд боловсролтой хүмүүс. "Би танайд ийм орлого, ийм ашиг, ийм зүйл хийж өгье, хариуд нь харин та нар ямар албан тушаал, ямар шагнал өгөх вэ" гэж асуувал л эрүүл сонсогдож байгаа биз.

Гадаадад магистр хийсэн л бол мундаг гэж бодож тийм хүмүүсийг хайж явсан үе бий. Гэтэл яг ажилд аваад бизнесийн хүндрэл, эрсдэл дундуур зүтгээд үзэхээр ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг юм болох нь олон. Мэдээж бүгд биш л дээ. Эхэндээ тэр гадаадад нь юм заадаггүй юм болов уу гэж гайхаж боддог байв. Одоо харин учрыг нь олсоон. Амьдрал АВАХ дээр биш харин ӨГӨХ дээр тогтдог юмаа гэдгийг баруунд цэцэрлэг, дунд сургуульд нь заадаг. Харин их сургууль нарийн мэргэшил л олгодог. Гэтэл Монголоос амьдрал бол АВАХ, АВАХ, АВАХ юмаа гэж ойлгосон залуучууд тэнд магистр хийгээд яах билээ. АВАХ, АВАХ, АВАХ философи дээрээс нь жаахан англи хэл, биеэ тоосон байдал, чадахгүй байж өөрийгөө их юманд бодсон сэтгэл нэмэгдээд ирэхээр юу болох вэ. Ойлгомжтой. (Бүгд биш шүү, олонх нь, дахин хэлье)

Олоон жилийн өмнө УИХ-н гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзах зар аваад, очиж сууя гэж бодлоо. Ихэнх нь өвөө эмээ нар. За тэгээд санал хүсэлт эхэллээ. Би тэр уулзалтаас маш их цочирдож гарсан. Олон жил надад тэр явдал сэтгэлийн шарх болон бодогдсоор байж билээ. Яагаад гэвэл тэр өвөө эмээ нараас нэг нь ч үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүй, сайн сайхны талаар хүсэлт тавиагүй юм. Зөвхөн БИ, БИ, БИ,,, НАДАД ЮУ ӨГӨХ ВЭ. Миний бодлоор аливаа хүн өөрийнхөө амьдралыг үр хүүхэддээ ӨГЧ дуусах учиртай. Энэ амьдралаас өчүүхэн бие хүнд аваад байх юм бага. УИХ-н гишүүн ч зайлуул ганц хоёр даалуу тоглох саравч маравчханы өртэй болоод л гарах шиг болсон.

Сүүлийн үед би ингэж бодох болсон. Ер нь Монгол хүн болвоос үр хүүхэд, ирээдүй хойчынхоо талаар огт санаа тавьдаггүй нэгэн болжээ гэж.

Монгол судлаач Майский хэмээгч "Монголчуудын оюун санааны хамгийн гол хэв шинж нь НАЗГАЙ байдал мөн" гэж бичсэн гэдэг.

Угтаа мань эр бидний тархины тураалыг л хэлж байгаа хэрэг.

Назгай гэдэг бол Ирээдүй байхгүй, ирээдүйгээ огт харахгүй л гэсэн үг. Ирээдүйдээ санаа тавьдаг, ирээдүйгээ хардаг, ирээдүйгээ сайн сайхнаар цогцлоох гэж зүтгэж буй хүн яав ч НАЗГАЙ харагдахгүй.

Ирээдүйн төлөө амьдрана гэдэг бол ӨГӨХийн ухаан. Өөрийн өнөөдрийн амьдралаа ирээдүйн төлөө цөлнө л гэсэн үг.

Монгол хүний тархины тураал бол өнөөдөр АВАХ философи мөн. Зөвхөн өнөөдрөөрөө, өнгөрснөөрөө амьдарч буй хүн л АВАХААР чичрэн дайрдаг. Харин ирээдүйн төлөө амьдарч буй хүн ӨГЧ чаддаг.

Хүмүүсийг хүүхэд байхаас нь ӨГӨГЧ болгон хүмүүжүүлж болно. ӨГӨГЧ хүн амьдралд амжилт гаргаж, аз жаргалтай амьдардагийг Буддизмаас эхлээд Христ, Харвардын эрдэмтэдээс эхлээд Колумб хүртэл бүгд нотлосон. Иймийн тулд илжирч муудан, солиоролд автсан боловсролын системээ бүхэлд нь реформ хийж, үр хүүхдүүдийг минь ӨГӨГЧ болгон хүмүүжүүлдэг болгохоос нааш Монгол улс хөгжихгүй.

Нууц Товчоонд Жамуха хэлдэг "Монгол хүний ЗА нь андгай бус уу" гэж. Өөрөөр хэлбэл Монгол хүн за л гэж хэлбэл тэр нь андгай тангарагтай ижил байжээ. Харин орчин үеийн Монгол хүнийг 800 жилийн өмнөх энэ монгол хүмүүстэй харьцуулбал инээдтэй сонсогдох байх.

Дээхнэ ажлын шугамаар дэлхийн гигант Стандарт Чартеред банкны Африк хариуцсан гүйцэтгэх захиралтай уулзаж танилцсан юм. Тэрээр Пакистан хүн байсан бөгөөд уулаар нутагладаг овогт харъяалагддаг аж. Тэр хүн манай овгийнхон "Монгол эр шиг сайн хүн" гэж хэлдэг гэж билээ. 800 жилийн өмнөх байлдан дагуулалт, түүнээс хойш нутгийнханд уусч дуусах хүртэл 150-200 жилд Монгол хүмүүс ийм л нэр алдар үлдээжээ. Гэтэл бид ямар байдалтай байна?

Цаг барих гэдэг бол Япон хүний таних тэмдэг. Яг таг байна гэдэг бол Герман хүний таних тэмдэг. Хөдөлмөрч байна гэдэг бол Хятад хүний таних тэмдэг. Япончуудын түүх, Германчуудын түүхийг харж байхад тэд сүүлд л ийм болсон мэт.

Хэвлэл мэдээлэл харж байхад Монгол хүний сайхан чанарын хайгуулд бид мордоод уджээ. 90-ээд он, 2000-аад онд гүндүүгүй Монгол хүн, Монгол хүний уужуу зан гэх мэтээр өөрсдийгөө тодотгохыг оролддог байсан бол одоо бүүр ОРК болоод явж байх шиг байна. Мөн саяхан твиттер харж байхад Монгол хүний identity - буюу таних тэмдэг юу вэ гэх мэтээр залуус их ярилцаж хайсаар байх шиг байна.

Би харин эсрэг бодолтой байна. Байхгүй сайхан чанарыг хайх нь утга учиргүй утопи зүйл. Түүний оронд Монгол хүн ямар болох вэ, ямар болж болох вэ, дэлхийд хэрхэн танигдах зорилт тавих вэ гэж ирээдүй цаг дээр яримаар байна. Одоо байхгүй, эсвэл байж байгаад алга болсон зүйлийг хайгаад яах вэ дээ.

Харин бий болгох, буй болгох асуудлыг ярилцмаар байна. Зорилго, хугацаа тавиад дайрмаар байна.


Жич: Тархины Тураал хэмээх хэллэгийг гаргаж ирсэн нэр нь үл мэдэгдэх хүмүүнд талархал илэрхийлье.

Friday, February 9, 2018

Харвард чамд юу заахгүй вэ?

Хэт өндөр зардлаас нь болж НАСА (NASA) -н сансарт нисэх хөтөлбөрүүдийг хаах гэж байсан цаг саяхан мэт санагдаж байна. 

Гэтэл өнгөрсөн жил Элон Маскийн SpaceX компанийн ачаар хүн төрлөхтөн нэг жилийн дотор түүхэнд байгаагүй олон пуужин сансарт хөөргөлөө.

Үнэнийг хэлэхэд хагас зууны турш НАСАд Харвард, Колумб, MIT-н шилдэг эрдэмтэд, математикийн олимпиадын аваргууд, хүн төрлөхтөний сор болсон хүмүүс ажилласаар ирсэн. Тэр үй олон гоц ухаантнуудын 50 жилийн турш хийж чадаагүй зүйлийг Өмнөд Африкаас цагаачилж ирсэн 30 гаран насны Элон Маск хэмээх залуу хийсэн юм.

Түүний пуужингууд НАСАгийн пуужингаас багаар бодоход 10 дахин хямд. 10 хувь биш шүү, харин "дахин". Тийм л учраас хүн төрлөхтөнд өнөөдөр сансар ойрхон болж эхэлж байна.

Яг энэ ажлаа хийхийн хажуугаар 100 жилийн турш ажилласан Бенц, Форд, Женерал Моторс, БМВ гээд дэлхийн хамгийн шилдэг автомашины инженерүүд ажилладаг, асар их хөрөнгө мөнгөтэй, хамгийн чадварлаг гүйцэтгэх захирлуудаар удирдуулсан корхпорациудыг өөрийн Тесла моторс стартапаар цохиж байна. Сансарт нисэх ажлынхаа хажуугаар л ердөө хийчихэж байна.

Яагаад ийм болов? Харвардад төгсөөд л, математикийн олимпиадад түрүүлээд л болчих байсан биш билүү?

Үгүй ажээ.

Оюун ухааны оргил, гэгээрэл, мэргэн ухаан гэдэг бол бидний нийтлэг төсөөллөөс тэс зүйл билээ. Хүүхдээ математикийн олипиадад медал авахад нь "ухаантай" гэж хөөргөж магтаж буй эцэг эх тархины аллага хийж буйгаас өөрцгүй. Математикийн олипиадын аварга болж, Харвард төгсч, 5 хэлээр ярьчихаар хүн ухаантай болчихдоггүй ажээ. Харин ч хүн ухаантай болоход шаардлагатай 78 шалгуурын ердөө 1г л хангасан төдий.

Зүйрлэвээс усанд сэлэлтийн тэмцээнд оролцох гэж буй хүүгээ, усны шилээ зүүмэгц нь "Өө чи түрүүлчихлээ, баяр хүргэе" гэж хэлж мунхруулж буйтай агаар нэг юм. Хүү усны шилээ зүүсэн л төдий. Сэлж ч эхлээгүй байна.

Тархины яргалал гэж би яагаад хэлэв. Тэр балчир хүү ухаантай хүн гэж яг хэн бэ гэдгийг мэдэхгүй. Аав ээждээ л итгэнэ. Аав ээж нь "чи ухаантай, мундаг, лаг болчихлоо" гэхээр нь итгэнэ шүү дээ. Хуурамч итгэл бол биткойны хөөснөөс ч аюултай. 

Хүн өөрийнхөө хэр их тэнэг, сул, дорой, чадваргүй байгааг хүлээн зөвшөөрсний эцэст л ухаантай, чадалтай, хүчтэй болох замнал эхлэдэг билээ.

Ухаантай, мундаг, лаг хүн гэж сэтгэлгээний зөв арга барилтай хүнийг хэлдэг юм. Тэрнээс их мэдлэгтэй, өндөр чадвартай хүн биш.

Дэлхий тэр чигээрээ солиорч байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хүн болгож бэлдэхээ мэдэхгүй байна. 800хан жилийн түүхтэй дэлхийн боловсролын систем бүхэлдээ хүчин мөхөсдлөө. Яаж ирээдүйн лидерүүдийг бэлтгэх вэ. Математик, 5 хэл бол ердөө мэдлэг, хэрэгсэл юм байна.

Өнөөдөр би сармагчинд аваачаад компьютер өгөхөд тэр түүгээр юу хийж чадах вэ. Юу ч чадахгүй. Математик бол яг л компьютертэй ижил.

Өнөөдрийн дэлхийг, хөгжил дэвшлийг Харвардын төгсөгчид, математикийн олимпиадын аваргууд биш харин Элон Маскууд бүтээж ирлээ. Тэгвэл энэ Элон Маск үзэгдэл гэж юу вэ?

Юу Элон Маскийг, Стив Жобсыг, Тэмүүжинг, Наполеоныг, Фордыг өөр болгож байна? Тийм болоход хэцүү юу?

Харин ч амархан. Бид бүх хүүхдүүдээ Элон Маск шиг болгож болно. Бид тархины яргалал хангалттай их хийж байна. Асар өндөр урлагийн мэдрэмжэй байхаар хүүхдийг тоондоо муу байна гээд гадуурхаж, 1-р ангид нь л муу сурлагатан гэж цоллоод хамаг өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. 10-р ангиа төгсөхдөө агуу урлагийн суут бүтээл хийх байсан хүүхэд маань өөрийнхөө тэнэг гэдэгтэй эвлэрдэг. Эсрэгээр ирээдүйд мундаг бизнесмэн болохоор байсан хүүхдээ ганц математикийн олимпиадад медал авсных нь төлөө хөөргөдөж хөөсрүүлж ухаантай гэж тархийг нь алж байна.

Монголын боловсролын системд өнөөдөр 400 гаруй мянган хүүхэд яг одоо сурч байна. Энэ дотор Элон Маскийн дайнд, тэр цар хүрээнд хүрэх дор хаяж 4,000 хүүхэд байгаа. Гэхдээ бид тэднийгээ алж байна. Асар том, солиорол, хийрхэлийн махны машинд хийгээд эргүүлж байна.

Оюун ухааны оргилд хүн бүр хүрч болно. Оюун ухааны оргилд сэтгэх арга барилаар хүрнэ. Сэтгэх арга барилыг зөв төлөвшүүлсэн хүн л оюун ухааны оргилд хүрнэ. Буруу сэтгэх хандлагатай хүнд ямар ч мэдлэг өгөөд тэр үр дүнд хүрэхгүй.

Зүйрлэвээс уулчин хүнд хаданд хальтрихгүй гутал хэрэгтэй байдаг. Үүнтэй адил математик бол хүн төрлөхтөнд олгогдсон зэмсэг юм. Гэтэл ууланд авирах хүсэл эрмэлзэлгүй хүнд хадны гутал ямар хэрэгтэй билээ дээ? Өөрийнхөө тэнэг гэдгийг мэдэж, агуу болох хүсэлгүй хүнд математик тэгвэл ямар ач тус үзүүлэх билээ?

Үүнийг л фундаментал сэтгэлгээний арга гээд байгаа юм шүү дээ. Бид фундаментал сэтгэлгээний аргаар хүн төрлөхтөний түүхэнд урд хожид сонсогдоогүй цоо шинэ боловсролын системийг гаргах учиртай. Улаанбаатарт Американ, Бритиш, Япон сургуулиуд байдагтай адил Лондон, Токиод Монгол сургууль байгуулагдах тэр цаг хугацааг бид бодитой болгох ёстой. Үгүй бол хүн гэж яваад яах билээ та нар.