Tuesday, September 25, 2012

Ford Rover?!

Range Rover 2004 оны загвараа 2013 онд өөрчилж саяхан нээлтээ хийлээ.

200 гаруй сая төгрөгний үнэтэй энэ хөлөг нь тансаг жийп ангилалынхаа "хаан" нь бөгөөд албан ёсоор бол Энэтхэг машин юм (Энэтхэгийн ТАТА групп худалдаж авсан). Уг нь уул хаданд явах чадвартай - жийп гэх боловч, Монголын хөдөөд бол хөгөө чирсэн, сайнгүй түүхтэй машин. Хэтэрхий их компьютержсэнтэй нь холбож тайлбарладаг. Нээрэн дотроос нь гонжтой гарч ирч болох цорын ганц жийп бол Рэйнж гээд байгаа. (LX570, QX56, Escalade нар бас энэ эрхийн төлөө өрсөлдөх байх)

Хамгийн инээдтэй нь 2013 оны загварыг нь хармагц шууд 2011 оны Форд Эксплорер нүдэнд харагдаад байгаа юм. Эксплорер бол болхидуу хийцтэй, дундаж үнэтэй жийп бөгөөд үнэ ханшаар 50 орчим сая төгрөг болно.

Доор Форд болон Рэйнж нарын арын болон их гэрлүүд хэрхэн хоорондоо ихрийн өрөөснүүд мэт адилхан байгааг харуулав. Бодвол 2011 онд гарсан Фордтой адил 2013 оны Рэйнжийг "Форд Ровер" гээд нэрлэчихвэл буруудахгүй байх. (форд ба рэйнжийг харьцуулж дээр дор нь харуулав)









battle with HIV

Хүний бие 10 тэрбум өөрийн эс 100 тэрбум "гадны" бактери болон вирусээс бүрддэг гэдэг.

Бичил дайснууд нь (мөн нөхөд) вирус, бактери, мөөгөнцөр, паразит хорхой, пройн (дөнгөж нээгдсэн, гэхдээ нөгөө хэдээ бодвол амьд биет биш) нар болно.

Эд бүгд өөр хоорондоо адилгүй тул огт өөр төрлийн эмчилгээ шаарддаг. Шинжлэх ухаан одоогийн байдлаар паразит ба бактерийг боломжийн төвшинд эмчилж буй. Харин вирусын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй, пройн бол ямар ч эмчилгээгүй байдалтай байна.


Вирус, тэр дундаа ХДХВ вирусээр одоогийн байдлаар 30 гаруй сая хүн өвчилсөн бөгөөд дийлэнх нь нас барна. Вирусүүд ер нь таарсан эсрүүгээ л дайрдаг, ингээд дархлалын системийг сэрээж "алуулцгаадаг". Харин ХДХВ вирус нь хүний дархлалын системээс зугатах чадвараараа их онцлог. Дархлалын систем ХДХВ-тэй тэмцэх аргаа барж, туйлдаж, яваандаа суларч эхлэх бөгөөд бүүр сүүлдээ бүрэн устдаг. Үүнийг нь ДОХ гэнэ. Энэ үед нэг ханиад хүрээд л түүнээс болж нас бардаг.  






Тун саяхан сэтгүүл дээрээс сонирхолтой нээлт уншив. Дээрх кинон дээр тодорхой гарч байгаагаар бол ХДХВ нь биед нэвтэрсэнийхээ дараа эсэнд дөхөж очоод (вирус бол хамгийн жижиг амьд биет эсээс хэдэн арав дахин жижиг) улмаар түүнд нэвтэрч эсийн үндсэн програмчлал болох ДНХ-г өөрчилж эсийн үндсэн үйлдвэрлэлийн машинийг ашиглан өөрийгөө клонддог.

Өөрөөр хэлбэл компьютерийн вирустэй тун төстэйгээр компьютерт нэвтрээд үйлдлийн системийн програмд орч, үйлдлийн системд өөрийнхөө зохих өөрчлөлтийг хийж, компьютерийг хүссэнээрээ удирдаж байна гэсэн үг.

Дунджаар хэдэн арван мянган хүн дотор нэг хүн ХДХВ-тэй маш хүчтэй эсэргүүцэн тулалддаг. ДОХ бололгүй маш удаан явж чадна гэсэн үг. Миний ярих гээд байгаа нээлтийг хийсэн эрдэмтэн ийм хүмүүсийг сонгож аваад, энгийн хүмүүстэй харьцуулан 15 жил судласан байна.

Ингээд үнэн хэрэгтээ ХДХВ хүний биед нэвтэрмэгцээ зүгээр л тааралдсан эсрүүгээ биш харин бүүр хүний дархлалын системийн тэргүүний шугам болсон "Т туслагч" эсүүдрүү онцгойлон дайрдаг болохыг мэдсэн байна.

Т-туслагч эс нь Т-алуурчин эсүүдэд мэдээлэл дамжуулагч тагнуулын отряд буюу толгойн сэргийлэх анги юм. Т-алуурчин эсүүд нь харин вирус болон бактери, бусад биетүүдийг устгах ажлын голыг нугалдаг (өөр дархлааны мөн олон хамгаалагч эсүүд бий).

Тэгэхээр ХДХВ вирус нь фронтын шугамын мэдээг дамжуулж үндсэн армийг чиглүүлэх функцтэй хэсгийг устгаснаар хүний дархлалын систем генералаа алдсан армитай адил бужигнаж орхидог байна. Ингээд яваандаа тэнцвэргүй тулаан эхэлж эхний хэдэн тулаанд хүний дархлалын систем ялах маягтай харагдах боловч хүний өөрийнх нь эсийн машиныг ашиглан өдөрт хэдэн тэрбумаар үйлдвэрлэгдэн гарах ХДХВ вируст улмаар ялагддаг.

Үүнийг нээснээр халдвар авсан эхний 24 цагийн дотор зохих эм бэлдмэлийг ууж, ХДХВ вирусыг Т-туслагч эсрүү дайрах нөхцлийг хүндрүүлж, улмаар Т-туслагч эс Т-алуурчин эсүүдэд өөрийн мэдээллээ дамжуулах боломжийг нь олгох боломжтой болж байгаа юм. Нэгэнт хангалттай олон Т-туслагч эсийг устгахаас нь өмнө Т-алуурчид ажилдаа орж амжвал ХДХВ вирустэй хийх тулаан нь хүний талд эргэнэ.

Гэхдээ хэзээ ч ХДХВ вирусыг бүрэн устгаж чадахгүй гэдгийг санах хэрэгтэй, харин түүний тоо толгойг бүрэн хяналтандаа оруулах л боломжтой юм. (учир нь маш хурдан, хүний биеийн системд энд тэндгүй үржиж байгаа гэдгийг санах хэрэгтэй)

ХДХВ бол бидний одоо мэдэж байгаа хамгийн аюултай вирус. Цаашид тэр өөрөө ч бидэнтэй зэрэгцээд хөгжих болно. Мөн илүү учир битүүлэг вирусүүд гарч ирэх бүрэн магадлалтай. Био нано роботууд буюу зөвхөн тухайн хорт хавдарын эс, вирус, бактери, мөөгөнцөрийг устгах даалгавартай, хүний биед ормогц өөрсдөө үржиж, тодорхой хугацааны дараа автоматаар өөрийгөө устгахаар програмчлагдсан (ДНК бол үйлдлийн системийн хэл нь - http://mn.wikipedia.org/wiki/%D0%94%D0%9D%D0%A5) байх тэр цаг тун удахгүй болов уу гэж бодогдох юм.

Т эсүүдийн комбинац яаж ажилладагийг залхууралгүй үзье гэвэл...


Tuesday, September 18, 2012

Higgs Boson


Бид эхлээд молекул, дараа нь атомыг нээсэн.

Атом нь цөм ба сөрөг цэнэгтэй электроноос бүрдэнэ. Цөм нь цэнэггүй НЕЙТРОН, эерэг цэнэгтэй ПРОТОНООС тус тус бүрдэнэ.






Ертөнцөд (universe) 4 төрлийн хүч (force) бий. Эдгээр нь:


- Цахилгаан соронзон орны (electromagnetic)
- Таталцалын (gravity)
- Цөмийн сул (weak nuclear)
- Цөмийн хүчтэй (strong nuclear) хүчнүүд болой.


Ертөнцийн бүх үйл хөдлөл эдгээр 4 хүчний "тусламжтай" явагддаг. Тухайлбал цахилгаан соронзон орны (electro magnetic) хүч нь бодисын үндсэн нэгж болох атомын цөм ба электроныг хооронд нь холбож байх жишээтэй.

Харин Атомын цөм дэх протон, нейтрон нарыг хооронд нь Цөмийн хүчтэй хүч тогтоодог. (Протон эерэг цэнэгтэй, Нейтрон цэнэггүй тул цахилгаан соронзон орны хүч эдгээрийг хооронд нь тогтоохгүй гэдгийг тогтоож шинэ хүчийг хайж эхэлсэн ба энэ шинэ хүч нь Цөмийн хүчтэй хүч)

Гэхдээ протон ба электрон нь юмс үзэгдлийг тайлбарлахад огтхон ч хангалтгүй. Эрдэмтэд цаашаа нэг алхам ахиж Стандарт Моделийг бий болгосон.

Стандарт Модел үндсэндээ овоо олон квант физикийн юмс үзэгдлийг тайлбарлах боловч бас л дутуу. Гол нь Стандарт модел таталцалын хүчийг мөн Хар матери, Хар энергийг тайлбарлаж чаддаггүй. (Ертөнцийн 96 хувийг Хар матери ба Хар энерги эзэлж байхад шүү дээ). Эйнштэйний Харьцангуй онол нь Таталцалын хүчний хувьд ердөө л ажиглалт ба зүй тогтол төдий (яг эдийн засгийн бүх онолууд шиг) бөгөөд үндсэнд нь, бүхэлд нь тайлбарлаж чаддаггүй.



Стандарт модел буюу дээрх зураг ёсоор орчлон ертөнц ба түүний хуулиуд дээрх 16 төрлийн хэсэг дээр үндэслэх ба эдгээр нь үндсэндээ атомын доторх бүтэц юм.

Quarks ба Lepton нь бодит матери буюу бодислог нэгжүүд юм. Эдгээр нь Электрон ба Протоны бүрдэл хэсгүүд билээ.

Bosons (Gauge Bosons) бол хүч дамжуулагч (force carrier - excuse my physics in Mongolia) нэгжүүд (би элемент гэхгүй өөрөөр хэлбэл биет гэж нэрлэхээс татгалзаж байгааг анхаарна уу) бөгөөд бидний сайн мэдэх нь PHOTON байна. Стандарт моделийн хүснэгтээс харахад ФОТОН бол массгүй нэгж болох нь харагдана. Гэрэл бол жишээ нь Фотоны долгион билээ.

Boson-уудын дамжуулах байгалийн 4 үндсэн хүч бий. Эдгээр нь:
- Цахилгаан соронзон орны
- Таталцалын
- Сул цөмийн (weak nuclear)
- Хүчтэй цөмийн (strong nuclear) хүчнүүд болой.

Гэхдээ Стандарт Моделд одоохондоо таталцалын хүчийг тайлбарлах нэгж үгүй. Үүнийг Gaviton гэсэн дахиад нэг Босон байгаа болов уу гэж таамагладаг. Хар энергитэй шууд холбогдох магадлал өндөр.

Эдгээр хүч дамжуулагч нэгжүүдэд ороогүй бас нэг нэгж бол Higgs Boson буюу өнөөдрийн ярианы гол баатар юм. Энэ Босон нь онолын таамаглал ёсоор бодисуудад массыг нь олгож байдаг. Өөрөөр хэлбэл Ньютоны толгой дээр унасан алим нь таталцалын хүчний тусламжтай ойчсон бол түүний толгой дээрх булдруу нь алимны жингээс болж байгаа юм.  Масс гэж ер нь юу юм бэ гэдгийг одоо болтол тайлбарлаж чадаагүй байсан бол харин одоо тайлбарлах боломжтой болж байх шиг байна.

Гэхдээ бид дээрх Стандарт Модел дээр нийтдээ 16 тооны нэгж хэсэг харж байна. Эдний ихэнх нь маш богино амьдралтай, өөрөөр хэлбэл тогтворгүй - өөр нэгжид шилждэг учраас тэр. Бас зарим нь харилцан үйлчлэлд "оролцдоггүй" учраас тэр. Жишээлбэл эдгээрээс хамгийн жижиг, хамгийн хөнгөн нэгж болох НЕТРИНО (дээр ЛЕПТОН хэсэг ногоон) бидний биеийн сентиметр квадрат тутмыг секундэд 65 тэрбумуулаа нэвтлэн гарч байдаг. Ингэхдээ овоо хэд нь бидний биен доторх эгэл хэсгүүдтэй шууд мөргөлдөж байгаа, тухайлбал ПРОТОН. Ингээд бяцхан "дэлбэрэлт" болж байдаг гэсэн үг.

Төсөөлөөд үз дээ, таны биеийг бүхэлд нь секундэд хамгийн багаар хэдэн триллион НЕТРИНО нэвтлэн гарч байдаг. Эд харилцан үйлчлэлцэл маш багатай учраас ертөнцөд маш хол явж чадна - хэрэв Ертөнцөд хязгаар гэж байгаа бол эднээс асуух нь зүйтэй.

Гэвч жинг (хүндийн жин) нээгдээд байсан нэгж хэсгүүд тайлбарлаж чадахгүй байсан учраас эрдэмтэд Higgs Boson буюу бүх байгаль дэлхий, бодист жинг нь өгдөг энергийн нэгжийг олон жилийн турш таамагласан. Харин дөнгөж саяхан нээлээ. Одоо батлах ажилдаа орж байна.

Хэрэв Хиггс Босоныг бид хангалттай сайн ойлгож, бодис хэрхэн масстай болдогийг олж тогтоовол - бид магадгүй Хиггс Босоныг бас манипуляци хийх боломжтой болж мэднэ.

Ямар ч жингүй сансарын хөлөг байна гээд төсөөлөөд үзэхэд үүний ач холбогдол нь ойлгогдох байх. Гэрлийн хурдаар зорчих боломжтой болно. Өөр ч бас олон зүйлсийг хийж болох байх.



Monday, September 17, 2012

Aika Tsubota

http://www.arvindguptatoys.com/arvindgupta/aikasubota.pdf

 12 настай 6-р ангийн Япон охины гэрийн даалгавар буюу 2 сарын дотор хийсэн "Secrets of The Earth" зурган ном.

 Гэтэл манай 20, 30-тангууд, их сургуулиа төгссөн, зарим эрдмийн зэрэг цолтой атманууд яаж ажил их байна, энээ тэрээ гэж, гараас нь юу ч гардаггүй хоолны савнууд - хүн амьтан муулаад сууцгааж байдаг билээ? Тэдний амьдралдаа хийхгүй юмыг энэ жаахан охин хийж.

 Эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг нэвт шингээж, дэлхийн бохирдолтой холбоотой асуудлыг 1-р ангийн хүүхдэд ч ойлгогдохоор зорьж энэ номоо хийсэн гэж байгаа. Тэрээр номын төгсгөлийн үгсээ ийнхүү бичжээ...

 "Би энэ номоо бичиж байхдаа ихэвчилэн Африк ба Зүүн өмнөд Азийн орнуудад амьдарч буй хүмүүсийг бодож байлаа. Эдгээр орны залуучууд, бүүр надаас залуу нь хүртэл ар гэрээ тэтгэхийн тулд сургуулиа орхидог. Энэ бол маш харамсалтай юм, учир нь боловсрол багатай хүмүүс амьдралд хол явж чаддаггүй. Дээрээс нь сургууль бол үнэхээр сонирхолтой. Сургуульд явсанаар чи маш олон сонирхолтой зүйлсийг сурах болно..."

 "...Үүнийг өөрчлөх цорын ганц арга зам нь бүх дайн дажинг дуусгаж, хүмүүсийн амьдралын стандартыг сайжруулах явдал юм..."

 "...Би бол азтай цөөхөн хүмүүсийн нэг юм. Би өдөрт 3 удаа хооллож, хүссэнээрээ сургуульдаа явж, тухтай байранд амьдарч байна. Хэрэв болдог бол би өөрийнхөө амьдралыг ядуу ба баян орнуудын ялгааг арилгах ажилд зориулмаар байна..."

 "...Байгал орчны хувьд, хэрэв хүмүүс би ганцаараа юу ч хийж чадахгүй гэж бодохоо болихгүй бол. Хүмүүс юу ч хийхгүй бол, бүх хүмүүс ийм байвал дэлхий маань сүйрэх болно..."

 "...Хэрэв хүн бүр хүчээ нэгтгэвэл бид хамтдаа энэ дэлхийг гайхамшигтай газар болгож чадна..."

Нас барахаасаа (тархины цус харвалт) ердөө 2-3-хан цагийн өмнө тэр охин номоо дуусгаж эдгээр үгсийг бичжээ. Түүний сүүлчийн үгс одоо дэлхийн олон оронд ном болон хэвлэгджээ.

 Ямар гүн гүнзгий, ямар глобал сэтгээ вэ.

Айка! чи хэдийгээр 12-хон насалсан ч гэсэн, амьдарсан шиг амьдарчээ. Хэрэв тэр бидний дунд байсан бол одоо 33 настай залуу бүсгүй байх байжээ.

Маш олон хүн чам шиг ингэж хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгож чадалгүй амьдралыг том хар жийп, том шавар байшин, нэр хүнд, буруу амбиц, атаа жөтөө, өчүүхэн амин хувиа хичээх үзэл, албан тушаалын төлөө үрдэг билээ.

Wednesday, September 12, 2012

Great, Perfect, Best

Хүн төгс байхын төлөө тэмүүлдэг байх. Зарим нь ч үгүй байх. Аль ч тохиолдолд төгс байх боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Хүмүүс багаасаа л хамгийн мундаг нь буюу бест байхыг хүсдэг. Хамгийн хурдан гүйдэг, хамгийн онц сурдаг, хамгийн хөөрхөн гээд л. Энэ ч бас хэсэг хугацааны дараа утгаа алддаг. Боломж ч үгүй болж хувирдаг. Хүн хэрэв бест ба төгс байх боломжгүй юм бол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хүн Грэйт буюу Агуу бол харин байж болж байна. Бест ба Төгс нар нь шинж чанарын ойлголт тул ийм хуурамч, барьцгүй байгаа юм. Харин Агуу бол мөн чанарын асуудал тул хүн болгон Агуу байх боломжтой. Эхлээд энэ ялгааг ойлгох, дараа нь амьдралыг агуу өнгөрүүлэх.

Tuesday, September 4, 2012

Менежментийн үндэс

Ер нь улс орны хөгжил дэвшил гэдэг бол менежментийн л асуудал. Хотын зохион байгуулалт, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг бүх асуултад менежмент хариулт өгч чадна. Тэгвэл менежмент гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ялангуяа над шиг санах ой муутай хүнд (ихэнх хүмүүс ижил гэж найднам) менежментийн 7 функц, тэр нь цаашаа 10, 10 салаалаад, дээрээс нь баахан математикийн тэгшитгэл ороод ирвэл менежмент нь өөрөө суралцахад боломжгүй зүйл мэт болж хувирна. Хүн бол робот биш нь тодорхой учраас менежмент бол математик биш хийгээд томъёолол биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Математик ба ангилал нь ердөө л хэрэгсэлүүд бөгөөд бид хадаас хадахдаа алх авч ашигладагтай адил. Гэхдээ бид бас томоохон чулуу олоод хадчихаж болох ч бас талтай гэдгийг сануулах нь илүүц бизээ. За ингээд нуршихаа зогсоож - эдийн засаг, цаашлаад байгууллагын менежментийг би нэг л асуудлаар төлөөлүүлж хялбаршуулснаа энд бичье. Монголын томоохон хүнсний дэлгүүрт яваад ороход сонирхолтой дүр зураг ажиглагддаг. Дэлгүүр нь хоосон, харин касс нь бөөн очер. Саяхан хөгжлийн банк 500 сая доллараа хааш нь хийхээ мэдэхгүй, бэлэн болсон нэг ч ТЭЗҮ алга байнаа гэсэн мэдээ гарсан. Гэтэл нөгөө талд нь төрийн ажиллагсадын тоог нэмэх үү, яахав гээд гайхсан маягтай сууж байгаа (мэдээж төр ТЭЗҮ боловсруулах ёстой байсан). Бас нөгөө үзүүрт нь Оюу Толгой хятадаас цахилгаан аваад хэдэн зуун тэрбум төгрөг төлөөд сууж байх жишээтэй. Гэтэл бас нөгөө ширээн дээр дүүрэн хүрэн нүүрсний төсөл (хятад авахгүй учир цахилгаан станц бариад, цахилгааныг нь зарахаас өөр аргагүй) хэвтэж байх иймэрхүү л маягтай. За монголын захын нэг компанийн захирал дээр очоод асуувал, ажиллагсад цагаа барьдаггүй, өгсөн үүрэг даалгаварыг цагт нь хийдэггүй, мартаж санадаг, ажлын цагаар ажлын компьютер дээр фэйсбүүкдээд сууж байдаг тухай ярина даа. Энэ бүх асуудлыг нэгтгэвэл тэр нь "БҮТЭЭМЖ - Productivity" гэсэн асуудалд тулж очино. Монголын үе үеийн төрийн яам тамгын газрын, хэдэн зуун мянган ажилтан ажиллагсад яг өнөөдрийг хүртэл юу хийж байсан юм, ТЭЗҮ-нүүдээ боловсруулахгүй. Тэр дээгүүрээ нам, намаараа улс төрөө хийгээд солигдож л байна биз. Жишээ нь аль нэг яамны эрчим хүчний бодлого хариуцсан албан тушаалтанд тэр яг ямар хамаатай вэ. МАН гарвал шал өөр цахилгаан станц бариад, АН гарвал цахилгаан станц барихгүй жишээтэй байх уу. Ер нь сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс хийх ажлаа олж ядаад, бүүр аргаа бараад тийшээ барааддаг биш үү. Гэтэл баруунд хүнсний захад яваад орвол дэлгүүр нь дүүрэн харин касс нь хоосон байх жишээтэй. Кассчиний ажлыг Монголд л дээд боловсролтой хүн хийдэг байх, харин баруунд зүгээр л арван жилийн хүүхдүүд хийж байгаа харагддаг. Монгол улсад юу болохгүй байна вэ, яагаад хөгжихгүй байна, манай компани яагаад өрсөлдөөнд ялагдаад байна, яахав гээд л асуултууд Монголын агаарт их явж байдаг. Тэгээд хэдэн гадны зөвлөхүүд авчрахаар нөгөөдүүл нь 80 хуудас юм бичээд өгчихнө. Тэрнийг нь хэн ч уншихгүй. Гэхдээ энэ бүх асуултын хариу нь ердөө л бүтээмжийн тухай л асуудал юм. Яагаад Монголд үйлдвэрлэсэн зүйлс хийц хэлбэр болхи мөртлөө гаднаас авчирсан ижил бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байдаг вэ. Нөгөө л бүтээмжийн асуудал. Хятадын сайд нэг цагт 3 төсөл уншаад шийдвэр гаргаад шидэж байхад манай сайд нэг цагт нэг лонх архи ууж, нэг шахаа хийгээд сууж байвал манайх хэзээ ч хөгжихгүй. Үргэлж адагт байна. Хэрэв Хятадын компанийн нэг хүн нэг цагт зуун хадаас хийж байхад манай нэг хүн фэйсбүүкдээд сууж байвал манай компаниуд хэзээ ч олон улсын зах зээлд хөл алхахгүй. Эцсийн эцэст манайхан шалтгаан биш, шалтаг гэдэг том мангас бодож олоод тэрэндээ бүх юмаа чихчихээд л сууж байдаг. Менежментийг БҮТЭЭМЖ дээр төвлөрүүлээд удирдаад явахад болохгүй бүтэхгүй зүйл байхгүй болно.