Ихэнх блог дээр бичигдсэн зүйлс цаг хугацааны хүрдэнд хуучирч, хоцрогддог билээ. Харин энэ блог мэдээллийг биш, мэдлэгийг агуулахад чиглэсэн тул ихэнх бичлэг нь хоцрогдохгүй. Тийм учраас блогт анх удаа зорчигч залхууралгүй эхнээс нь уншихыг зөвлөж байна.
Блог даяар гарч байгаа ойлголтууд ерөнхийдөө дараах утга агуулгатай...
Эрхэмсэг оршихуй: Цаг хугацаанаас үл хамааран орших, өнгөрсөн, одоо, ирээдүйд үнэн байх түгээмэл үнэн.
Түгээмэл үнэн: тухайн хүнээс үл хамааран байх ертөнцийн мөн чанар.
Мөн чанар:
Оршин буй утга учир - бодит байдал. Хүн гэж амьтаны утга учир.
Шинж чанар:
Ихэвчлэн хуурамч бөгөөд мөн чанарын зөвхөн тухайн хүнд хүртэгдэж байгаа чанарууд. Хүн хоёр хөлтэй, хоёр гартай нь түүний шинж чанар болохоос мөн чанарын тухай огт мэдээлэл өгөхгүй байна.
Төсөөлөл ба бодит байдал :
Хүмүүсийн төсөөлөл дандаа тэдний туршлага, мэдлэг дээр үндэслэдэг. Гэтэл ихэнх хүмүүсийн туршлага мэдлэг хангалттай бус учраас аливаа асуудлыг ердөө шинж чанар дээр үндэслэн дүгнэдэг.
Бясалгал :
Аливаа зүйлийн мөн чанарыг танин мэдэх оролдлого.
Фундаментал сэтгэлгээ :
Бясалгалын нэг арга хэрэгсэл бөгөөд шинж чанараас зайлсхийн, хамгийн энгийн түгээмэл үнэнг хайх замаар мөн чанарыг танин мэдэх сэтгэлгээний арга.
Би хэн бэ? синдром:
Тухайн хүн өөрийнхөө учир шалтгаан, зорилго чиглэлийг олж чадахгүй төөрөлдөх, амьдралд сэтгэл хангалуун бус байх синдром.
Ойлгох ба ухамсарлах:
Аливаа асуудлыг мэдээлэл авах замаар ойлгох нь мөн чанарыг таньж мэдэхэд ямар нэг ач холбогдолгүй. Харин бясалгах замаар өөрийн оюун ухаанд цоо шинээр мэдлэг - өөрөө бий болгож - ухамсарлах нь ойлгохоос зарчмын ялгаатай.
Хүн:
Хүний амьдралын мөн чанарыг энд би бичих биш харин хүн өөрөө бясалгах замаар ухамсарлавал зохилтой.
Бурхан :
Тэр байх эсэхээс үл хамааран Хүн төрлөхтөн өөрөө хувь заяаныхаа эзэн тул Бурхан байгаа эсэх тухай маргах нь огтоос ач холбогдолгүй.
Агуу шүүх:
Хүн өөрөө өөрийнхөө агуу шүүх нь. Тухайн хүнийг, хүн төрлөхтөнийг өөрсдөөс нь илүү аймшигтай шудрага, хэрцгийгээр шүүх шүүх хаана ч байхгүй.