Wednesday, October 26, 2011

Бизнесийн мөн чанар

Компани бол нэг буюу түүнээс дээш тооны гишүүдтэй, ашгийн төлөө байгууллага мөн.

Гэсэн тодорхойлолт орчин үед бий.

Эндээс харахад ганц ойлгомжгүй хувьсагч нь "ашиг" юм. Ашиг гэж үг нь бидний ухамсарт ямар ойлголтыг төрүүлж байна вэ. Хувь хүн өөртөө ашиг олох асуудлыг яриад байна уу. Мөнгөн ашгийг яриад байна уу. Эсвэл өөр ашгийг бас илэрхийлж байна уу.

Мөнгөн ашиг олохын тулд бид бүтээл гаргадаг. Түүнийгээ харилцагч нарт борлуулснаар борлуулалтын орлого, бүтээгдэхүүнийг хийхэд гаргасан зардал хоёрын зөрүүгээр ашиг бий болгоно.

Би өмнө нь хэлсэн 50 долларын төлөө зурсан зураг 50 долларын л үнэ хүрнэ. Харин хүмүүний төлөө зурсан зураг хэмжээлшгүй "үнэ" хүрнэ гэж.

Тэгэхээр өрсөлдөөн, урт хугацааны оршин тогтнолын өнцгөөс авч үзвэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь ирээдүйд гарцаагүй сүйрлийг дуудаж байна. Өөрөөр хэлбэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь өөрөө компани гарцаагүй мөхлийн төлөө ажилладаг гэдэг гаргалгааг гаргах юм.

Бизнес бол урлаг гэж би томъёолж байсан бол одоо дахиад нэг шат ахиулж байна.

Бизнес бол урлаг биш, харин урлагийн нөхцөлдөх нэгэн хэлбэр нь бизнес юм. Хүмүүнд зориулж хийсэн хүмүүний бүтээл нь урлагийн бүтээл юм бол - бизнес нь хүмүүнд зориулан хүмүүс хамтран бүтээл хийх үйл явц юмаа.

Би өмнө нь хүн гагцаар бүтээл хийх нь олон хүмүүс хамтран бүтээл хийхээс хамаагүй амархан гэсэн санаа цухалзуулдаг байсан. Уран зургийг ганц зураач зурах, 10 зураач хамтран нэг уран зураг зурах жишээгээр төсөөлбөл болно. Гэхдээ уран зургийг ганц урлаач хийчих юм. Харин бизнесийн гаргадаг бүтээлийг ганц сод ухаантан хийж чадахгүй юм.

Корпораци бол урлаачдын урлан. Бизнесээр дамжуулан бүтээлээ гаргаж хүмүүст хүргэнэ. Корпорацийн гаргасан бүтээл "уламжлалт" урлагийн бүтээлээс хүмүүн төрлөхтөнд асар илүү эерэг нөлөөг үзүүлж чадна, чадсаар ирсэн, чадаж байна, цаашид ч чадна. Бид корпорациуд байсан болохоор өнөөдөр агуйд биш харин оффист IPAD бариад сууж байгаа болохоос биш хэдэн мянган уран зураг зурсан учраас энд ирээгүй юм.

Conventional wisdom ёсоор бол мэдээж корпораци бол ашгийн төлөө аймшигт мангас. Яг л уран зураач гэж өөрийгөө худлаа цоллон зургийн халтархай гаргаж, эд мэдэхгүй хүнд зарж мөнгө олдог үзэгдэл түм түмээрээ байдаг шиг корпораци нэрийг газар дор ортол нь гутаагчид хэдэн түмээрээ буй. Миний бодлоор дэлхийд буй нийт корпорациудын 99 хувь нь зүгээр л оромддог.

Харин үлдсэн 1 хувь бүх дэлхийг нуруун дээрээ үүрч явдаг. Хэн компьютер зохиов, хэн салхин сэнс гаргав, хэн шинэ эмчилгээний арга гаргаж байна, хэн хиймэл зүрх хийв, хэн хэдэн зуун давхар шилэн байшин барив, хэн ард түмнийг боловсруулж байна - корпорациуд л хийсээр ирлээ.

Төр бол 99 хувийг хяналтандаа байлгаж, ард түмнийг шунахай этгээдүүдээс хамгаалж 1 хувьд нь нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа амар тайван хийх боломжоор хангах үүрэгтэй. Төр энэ үүргээ гүйцэтгэхгүй бол 99 хувь нь эхлээд 1 хувиа барьж идчихээд, дараа нь улсыг залгина. Үүний тулд хүн төрлөхтөн төрийг бодож олсон бололтой юм.

Энэ 1 хувийгаа элитүүд гэж нэрлээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн агуу уран бүтээлч болоход авъяас, мөнгө, гарал үүсэл, байршил 1 хувийн үүрэг ч гүйцэтгэхгүй. Зөвхөн хүмүүн төрлөхтөн, хамаг амьтны тусын тулд бүтээл бүтээх дийлдэшгүй хүсэл зориг байхад л болно.

Tuesday, October 25, 2011

Timeless existense

Сүүлийн үед "хугацаа" бол 4-р хэмжээс биш харин ердөө л "өөрчлөлтийн дараалал" гэж хэлэх "босогч эрдэмтэд" гарч ирэх болсон.

Ертөнц хугацаагаар хэмжигдэхгүй.

Хүн бидний өчүүхэн амьдралын хувьд бол хугацаа зайлшгүй хэмжүүр мэт.

Харин ертөнцийн хувьд бол хугацаа хэмжүүр байх боломжгүй юм гэсэн бодол зурсхийх болов. Ертөнцийг бүхэлд нь авч үзэхэд хэд хэдэн асуултууд гарч ирдэг.

Хэзээ үүссэн, хийгээд хэзээ дуусах - мөн
Хил хязгаар нь хаана байгаа, түүнээс цааш юу байгаа гэх үндсэн асуудлууд юм.

Хил хязгаарын хувьд өмнө нь "усаар бүрхэгдсэн дэлхийд сэлж буй загасны" жишээгээр. тайлбарласан. Төсөөлөхөд төвөгтэй боловч ухаж үзвэл ойлгомжтой. Тухайлбал Эйнштэйний харьцангуй онолын дагуу орон зай өөрөө "татах хүчний" улмаас муруйдаг (curved space).


Татах хүч гэдэг нь яг үнэндээ өөрөө тусдаа хүч юм уу эсвэл ямар нэгэн өөр "том" зүйлийн илрэл юм уу гэдгийг бид одоо болтол сайн ойлгоогүй. Магадгүй татах хүч хар энергитэй хэрхэн холбогдож байгааг бид бүрэн тайлсан хойно ертөнцийн орон зай тэр чигтээ муруйж, түүнд тулах хана, хязгаар хэрэггүй болж таарах байх. Хэрэв макро муруй оршин байвал, - Мэдээж бид муруйн дотор байгаа өчүүхэн эгэл биес, өөрсдөө муруйн нэг хэсэг тул муруйлтыг өнөөдрийн хөгжлийн ийм доод төвшинд харж, хэмжиж мэдэх нь боломжгүй зүйл. Энэ тохиолдолд ертөнцөд хана, хязгаар байгаа эсэх тухай асуудал амархан шийдэгдэж, парадокс үүсэх хэрэггүй болно.

Харин хугацааны хувьд гэвэл одоогийн ажиглалтаар ертөнц анх их тэлэлтээр (big bang) нэг өчүүхэн цэгээс секундын дотор бараг өнөөгийн хэмжээндээ хүртэл томорсон гэж байгаа. Тэглээ гээд асуудал шийдэгдэхгүй. Тэр цэг хэр удаан оршин байсан, цэг байхаас өмнө юу байсан, цэг юунаас үүссэн гэх мэт цаг хугацаатай холбоотой хэдэн арван асуулт гарч ирнэ. Энэ тал дээр зарим эрдэмтэд зүгээр л тэр тухай бодохоо болисон нь дээр ухааны юм ярьдаг.

Харин ертөнцөд цаг хугацаа үгүй гэсэн үзэл баримтлалыг энд ашиглавал асуудал их амархан шийдэгдэнэ. Ертөнц хязгааргүй үүрд оршсон, ертөнц хязгааргүй үүрд оршино. Ертөнцөд тохиолдож буй аливаа өөрчлөлтүүдийн дэс дарааллыг цаг хугацаа гэнэ. Гээд томъёолчих юм бол их л хялбар харагдаж байна.

Фэйнманы гаргалгаа ёсоор ертөнц байж болох бүхий л түүхийн цогц. Сүүлийн үеийн судлагаануудыг үүнийг батлах чиглэлд буй. Сайтар бодож үзвэл аливаа систем - тэр нь компани ч бай, улс орон ч бай, хувь хүн ч бай - амжилттай байх үндэс нь байж болох бүх түүхийг туулах явдал мэтээр төсөөлөгдөх юм. Хэрэв Фэйнман зөв бол ертөнцөд төгсгөл гэж үгүй, эхлэл гэж үгүй. Ертөнц бол өөрчлөлт.

Үүний үр дүнд нэг тун утга учир багатай, төвөгтэй гаргалгаа гарна.

Ертөнцөд хууль гэж үгүй.

Ертөнц өөрөө бүхий л байж болох түүхийн цогц учраас түүнд хууль байх боломжгүй, харин тэр байж болох бүх л төрлийн хуулийг нэгэн зэрэг, заримдаа дарааллуулан туршиж ирдэг. Бид бол байж болох бүхий л хуулийн цогц үр дүн нь. Үргэлжлэл нь, ирээдүй нь. Эхлэл ба төгсгөл, хязгаар ба хэмжээ үгүй тул хууль үгүй. Ертөнцийн хууль нь хуульгүй байх явдал. Тэгэхээр ертөнц цаашид байж болох бүхий л хувилбаруудыг туршсаар үргэлжилнэ.

Ертөнцийн мөн чанар юу вэ.

Saturday, October 22, 2011

Strategy

Улс орны өрсөлдөх чадвар гэх мэт асуудлыг их ярьдаг болж. Бичдэг, хэлэлцдэг болж. Яг үнэндээ бодитой асуудал хөндөж чадахгүй байна.

Улс төрчид, засаг барьж байгаа хүмүүс сонин, телевизээр ярьж байнаа. "Эдийн засгийг уул уурхайд дан ганц суурилсан биш өөр олон секторт тулгуурласан эдийн засаг болгох талаар бодлого гарган ажиллаж байна, жишээ нь боловсруулах үйлдвэр, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр..." гээд л нөгөө юмаа улиглах нь үнэхээр enough болж байна.

Хийж байгаа, хийх гэж байгаа юмаа ойлгохгүй байгаа хүн л нэг иймэрхүү юм бурна даа. Эрх биш хэдэн ном ноороглох аядаж, гадна дотно явж хүн амьтны ярьсан зүйлсийг халтар бултар ойлгохчоон болсон юм чинь нэг хэдэн хоосон өгүүлбэр нийлүүлээд хэлэх байлгүй дээ.

Өөрийнхөө очсон албан тушаал, ард түмний сонголтыг нуруун дээрээ үүрээд, Монголын 2.8 сая ард түмний хувь заяаны өмнө ямар хариуцлага хүлээснээ ухамсарлаж чадахгүй байгаа, чадах үе нь өнгөрсөн энэ generation өнөөдөр Монголын ард түмний ирээдүйг баллаж байна.

Өнөөдөр дөнгөж ертөнцөд мэндэлж буй Монголын иргэнийг 20 жилийн дараа ямар ирээдүй хүлээж байна вэ. Тэр ирээдүйг хэн өнөөдөр бэлдэх ёстой юм бэ?

Ардчилал гэж юу юм бэ, чөлөөт зах зээл гэж юу юм бэ.

Хүүхэд бүр нийгмийн тэгш эрхт гишүүн. Тэд аюулгүй, эрүүл орчинд бойжиж, дэлхийд тэргүүлэх боловсролыг олж авах ёстой. Би Улаанбаатарын утаа, 10 жилийн боловсролыг ярьж байна. Ингэж байж бид, энэ үеэ золиослон (золиослогдсон нь ойлгомжтой болсон) үр хүүхэддээ сайн сайхан нийгмийг бэлтгэж өгнө. Тэднийг өөрсөд шигээ муу биш харин дэлхийд өрсөлдөх сайн лидерүүд болгоно.

Хүүхэд бүрт тэгш боломж олгогддог байх ёстой. Монгол үндэстний ирээдүй, хувь заяа, Монгол улс 50 жил, 100, 500 жилийн дараа хаана байх вэ гэдэг нь бидний өнөөдрийн үйл ажиллагаа, алхам, шийдвэр, ухамсараас шууд хамаарна.

Уул уурхайн баялаг дуусахад тэр боловсруулах болоод хөнгөн үйлдвэрүүд чинь нэг шөнийн дотор хэрэггүй сэг болон хувирна. Уул уурхайгаас холдох нь байтугай харин ч улам илүү их хамааралтай болж байгаагаа ухамсарлаж ч чадахгүй ингэж хариуцлагагүй, судлагаагүй, бодлогогүй ярьж болно гэж үү дээ.

Бид дэлхийн хамгийн том жижиг дунд үйлдвэрийн зах зээлийн хажууд оршдог. Энэ зах зээл жижиг дунд үйлдвэр дээр тулгуурлаж хөгжихөөс өөр зам үгүй. Энэ зах зээл сүүлийн 10,000 жилийн турш жижиг дунд үйлдвэр дээр суурилан хөгжиж ирлээ. Бид өнөөдөр энэ зах зээлтэй өрсөлдөх тухай асуудал ярихад эртэднэ.

Импортыг орлуулах үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах шаардлага өнөөдөр алга. Олон улсын чөлөөт худалдаа, глобалчилал, харьцангуй давуу талын онол хаачиваа. Эсвэл тэд энэ талаар огт мэдэхгүй, "хар ухаанаараа" ярьдаг юм болов уу зайлуул.

Бид дэлхийн ард түмнүүдийн хямд, сайн чанартай хийж буй зүйлийг нь худалдаж авах хэрэгтэй. Хариуд нь харин зөвхөн бид л хийж чаддаг тийм бүтээгдэхүүнийг барих ёстой юм. Өнөөдөр бидэнд нүүрс байна. Харин маргааш нүүрс үгүй болоход бидэнд юу байх ёстой вэ.

Хэдэн эсгий бойтог үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэр, нүүрс угаадаг боловсруулах үйлдвэр байх уу.

Бид 1.Биотехнологийн ахисан төвшний үйлдвэрлэл 2.Нанотехнологийн ахисан төвшний материал үйлдвэрлэгч болох ажлыг өнөөдрөөс эхлэх ёстой. Яг Энэтхэг 1985 онд, Орос 1990 онд мэдээллийн технологийн салбарт стратегиа чиглүүлж өнөөдөр амжилт гаргаж байгаатай адил.

Биотехнологи, нанотехнологийн хууль эрх зүйн чөлөөт орчин, боловсролын тогтолцоо, хөрөнгө оруулалтын механизм, судлагааны чиглэлийг маш түргэн гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл эдгээр нь дэлхийд шинэ салбарууд. Бидэнд одоохондоо боломж байна.

Социализмийн үед нүүдэлчин ардыг иргэншүүлэх гэж маш их зүтгэсэн. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд олон улсын төвшинд хүртэл ажиллаж сайн үүлдрийн мал бий болгох (биотехнологи- их сүү, сайн мах, чанартай ноос) тал дээр маш их дэвшилт гарган ажиллаж байлаа. Баг бүрт малын эмч нар эдгээр хүрээлэнгүүдийн төлөөлөл болж малын гарцыг хянаж, нэгдсэн систем болон ажиллаж байв. Гэтэл 1990 он гармагц малыг иргэдэд тараан өгснөөр ганцхан шөнийн дотор бид 1921 ондоо буцаад оччихсон юм. Бидний өвөө, эмээ нарын хийсэн хайран хөдөлмөр зөвхөн энэ талбар дээр биш, өөр аймшигтай олон талбарт ийнхүү үнэгүйдэж хийссэн.

20 жилийн турш бид энийгээ засах тал дээр ямар ч алхам хийсэнгүй. Өнөөдөр Монголтой адилхан социалист байгаад шилжсэн улс орнууд, худлаа хэлсэн хүнд бүгдээрээ Монголоос илүү хөгжилтэй явж байна. Бид 1921 оноос 1990 он хүртэл хэр ахив. 1990 оноос хойш хэр унав гэдгээ харах цаг болсон.

Өнөөдөр их дээд сургуулийн багш оюутнууддаа цээж бичлэг хийлгэж байна. Бидэнд компьютер дээр хурдан бичдэг, хүний ярьсныг ойлгодог, харилцан ярилцдаг, асуулт, шүүмж хэлж чаддаг дээд боловсролтонгууд хэрэгтэй болохоос биш товчилсон хэлээр гараараа цээж бичдэг тийм хүн огт хэрэггүй.

Лекц бол багш өөрийн мэдлэг туршлагыг оюутнуудад уран илтгэлийн аргаар дамжуулах, оюутан сонсож ойлгон, шаардлагатай бол тэмдэглэл хийх, асуулт хариулт - харилцан ярианы хэлбэрээр мэдлэг шилжих гайхамшигтай сургалтын арга. Гэтэл их дээд сургуулиас бодсон сансанаа хүнд хэлэх нь байтугай боссынхоо юу ярьж байгааг ойлгох чадваргүй хүмүүс ихээр гарч ирж байна.

Хувийн ч бай, улсын ч бай дарга болгон хэлж байгаа. "Чадвартай боловсон хүчин алгаа - цалинг нь хангалттай өгье гээд ч алга" гэж. Монгол хүн өнөөдөр олон улсад гарч өрсөлдөхөд бэлэн биш байхад бид яагаад зүгээр суугаад байна вэ. Монгол хүн байтугай монгол мал ч өнөөдөр өрсөлдөх чадваргүй болсон. Нэг малын сүү, мах, ноос ноолуурын гарцаар, чанараар бүх үзүүлэлтээр бид сүүл барьж явж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бүтээмжийн хувьд бид адагт байна. Ийм байж өрсөлдөх асуудал ярихгүй.

Тэгчихээд телевизороор УИХ-д 20 жил суусан эрхэм "Уламжлалт мал аж ахуйгаа хадгалах нь зөв" гэхчилэн ороо бусга юм ярьж болохгүй.

Энэ залуу үед ч халдварлаж буй. Нийгмийн прототип нь хийрхэлтэй, ухаантай биш байж ухаантай харагдах гэж худал дүр эсгэсэн, нэг шуудай хог түүх мэтхэнээр улс орондоо оруулах хувь нэмрээ үнэлдэг, 50-хан грамм архины пян даахгүй цэс нь цухуйдаг залуучууд болж ирж байгаа.

Ийм байхад бид өрсөлдөх чадварын талаар худлаа цэцэрхэх хэрэггүй...

Tuesday, October 11, 2011

Change what?

We will change!!! гэж хэн ч хэллээ дээ. Юугаа, яаж өөрчлөх гээд байгаа нь анхнаасаа л ойлгомжгүй байсан.

Be the change, you want to see in the world! гэж гайхамшигтай үгийг Ганди (андуураагүй байгаа) хэлсэн. Ямар утга төгс, учир дүүрэн үг вэ. Би жаахан өөрчлөөд Be the change, Be responsible for it... гэсэн.

Гэнэт арай өөр бодол төрөв.

Юуг, яаж өөрчлөх гээд байгаа билээ. Мэдээж бид маш их өөрчлөлтийг хийнэ. Гэхдээ фундаментал төвшинд авч үзвэл шинж чанарын төвшинд л өөрчлөлт хийж байж.

Одоо дэлхий даяараа цаашид глобалчилагдсан, супер интегралчилагдсан олон улсын эдийн засгийг хэрхэх тухай толгойгоо гашилгаж байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох еврозон бол хүн төрлөхтөний гайхамшиг. 4000 жилийн өмнө бид пирамид бүтээсэн бол 1990 оноос бид 25 орон яаж нэг эдийн засгийн бодлоготой явж болох вэ гэдгийг туршиж байгаа. Энэ ололтоосоо бид ухарч болохгүй.

Ирээдүйд дэлхий нэг л мөнгөн тэмдэгттэй, нэгдсэн эдийн засаг болохоос өөр гарц үгүй. Тэр дэлхийд хүн гэж амьтаны тухай л ярих болохоос хар, шар, хятад, орос гэсэн асуудал огтоос сонин биш болно.

Америкийн эдийн засаг сууриасаа өмхөрсөн мод шиг болсон байхад гадна талыг нь яаж ч гоёор будаад нэмэргүй. Хятад гэдэг шинэ Америк гарч ирэх төлөв нь тодорхой болсон. Олон хүмүүс Хятадын тогтвортой байдалд эргэлздэг ч би тэдэнд "тэгвэл сарын өмнө Лондонгийн төв гудамжинд юу болов?, хэдэн жилийн өмнө Францад нэг шөнө 500 машин шатааж байсан ш дээ" гэж хэлнэ. Миний бодлоор Хятад тогтвортой байх нь дэлхийд ашигтай, ямартай ч одоохондоо хамгийн тогтвортой том гүрэн.

Ухамсарын тал дээр Европ маш их дэвшилт хийчихээд хаана нь алдаа гаргасан нь ойлгомжгүй байна. Ер нь бол нэг сагсанд том жижиг олон янзын өндөг хийснээс болов.

Үндсэн асуудалдаа орцгооё.

Бид өөрчилнө, өөрчилнө гэж их ярьцгаадаг болж. Би харин өөр зүйл хэлмээр байгаа.

Зүгээр л хийж байсан зүйлээ үргэлжлүүлцгээе.

Сүүлийн 100,000 жилийн турш хийсэн зүйлээ үргэлжлүүлэхэд л амжилттай урагшилна. 20-р зууны Эдийн засгийн онол бишээ - бидэнд шинж чанар хэрэггүй - бид харин цоо шинэ мөн чанарт суурилсан Эдийн засгийн залуур зүйн ухааныг гаргаж ирэх хэрэгтэй.

Бид хамгийн анх нохойг сургаж хүний анд болгосон тэр агуу философич, гал гаргахыг бусаддаа заасан тэр философич, пирамидыг барьсан барилгын инженер, амьдралынхаа 40 жилийг бусдын ухамсарыг дээшлүүлэхэд зориулсан философич Будда нарын хийж ирсэн зүйлийг л үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Бид хүмүүст илүү амьдрах орчин нөхцлийг бий болгож, мөн чанараа ухамсарлахад нь туслахын тулд хийх ёстой, бидний өвөг дээдэс үеийн үед хийж ирсэн тэр л зүйлийг хийх ёстой.

Бид тоо биш, мөнгө биш, материал биш харин сэтгэлгээний хувьсгал хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол 7 тэрбум хүн энэ дэлхийд ахдаж байна. Бид хүн төрлөхтөний ухамсарыг үргэлжлүүлэн дээшлүүлэх ёстой.

Зөвхөн ингэж байж л энэ хямралуудаас гарна.

Tuesday, October 4, 2011

Самуурал

Би буруу сонсов уу, эсвэл үнэхээр тэгэв үү.

Өчигдөр орой телевизийн мэдээ үзэж байтал нэгэн эмнэлгийн мэс заслын эмч, хижээл эрэгтэй эмнэлгийн ариун цэвэр ба эмнэлэг дотор авах халдварын асуудал ярьж байна - "ер нь бол эмнэлэг дотор нян байдаг, эмнэлгийн гаднаас орж ирж байгаа нянгуудтай энэ эмнэлэг доторх нян тэмцэлдсэнээр бие биенээ устгадаг - тийм учраас эргэлт сайн оруулж ирж байх хэрэгтэй (эргэлтээр орж ирж байгаа хүмүүс гаднаас улам их нян авчирна)"...

Энэ чинь одоо юу вэ...

Жил бүр эмнэлэгт ямарваа нэг өвчнөөр очсон хүмүүсийн 20-30 хувь нь эмнэлгээсээ халдвар авдаг. Тэдгээрээс бас нэлээн томоохон хувь нь эмнэлгээс авсан халдвараасаа болж нас бардаг. Алив нэг зүсэлт, хагалгаа (та нар санаж байгаа бол шүдний эмнэлэг хүртэл) хийснийхээ дараа учир зүггүй антибиотекоор бөмбөгддөг нь ийм учиртай.

Хэрэв мэс засалч эмч нь ийм 15-р зууны үеийн юм ярьж байгаа бол бидний хийх ажил нэлээд их болох нь дээ.