Tuesday, February 26, 2013

Лидер

Стив Жобс 1997 онд дампуурч явсан компанийг авч 2011 он гэхэд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй болгосон.

Хүн бүр түүнийг суут ухаантан гэж боддог байв. Харин тэр ердөө л жирийн хүн байв. Түүнд харин агуу том вижн, амбиц, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэл байлаа.

Тэр муу менежер байлаа. Гэхдээ тэр агуу лидер байв. Агаарт хөвж буй хариуцлагыг олж харан, түүнийг сэтгэл зүрхээрээ хүлээн авсан хүн бол лидер мөн. Тэрнээс биш ямар нэгэн 6 зуршилтай, эсвэл 7 гажигтай алиалагч бишээ.

Харамсалтай нь вижн, амбиц, хүсэл тэмүүлэл, хариуцлагыг өөр дээрээ авдаг энэ софт чанарууд цус дамждаггүй байх юм. Чингис хаан бас ийм л агуу удирдагч байсан боловч түүнийг харж байгаагүй үр ач нарт нь ийм лидер чанар төрөөгүй билээ.

Ер нь аристократ нийгэм нуран унасан фундаментал шалтгаан нь энэ. Хариуцлагыг зүрх сэтгэлдээ хүлээн авч чаддаг хүмүүс дандаа бэрхшээл амссан хүмүүс байдаг. Торгон өлгийд төрж, тоймгүй баялаг дунд өссөн хүүхдүүдэд ийм чанар төрнө гэдэг нь өдрийн од адил.

Тийм учир демокраси гарч ирсэн. Лидер угаасаа хаа нэгтэй, бараг л 7 буудалд төрөх магадлал нь хамаагүй илүү тул, түүнийг олж тодруулах ёстой.

Демокраси маш олон сул талтай тул түүн дээр суурилж Меритокраси хөгжиж явна. Стив Жобс хэрэв өөрийн дэд захирлуудын санаа бодлыг байнга тусгаж явсан бол Алим Корпораци ийм том болохгүй байв. Чингис Хаан жанжнуудаасаа байнга асууж, юм хийхдээ ард олнынхоо санаа  бодлыг тусгах гэж хуралдаад суудаг байсан бол Их Монгол улс байгуулагдахгүй байв.

Дагах ёсон гэж Меритокраси буй. Дагуулах ёсон гэж Демокраси буй. Дагах, дагуулах ёсон хослон нийгэм хөгжих учиртай.

Дагаж чадахгүй далдганавал ард түмэн хохирно. Дагуулж чадахгүй сүгсэлзвэл ард түмэн зутрана.

Sunday, February 17, 2013

Эдийн засгийн ба ухамсарын хувьсгал


ТВ үзэж суув аа. Нэгэн эрхэм ярих юм. "Бид 1998 онд тооцохдоо 2012 он гэхэд Монголын нийт машины тоо 200 мянга л болно гэж тооцсон, гэтэл одоо түүнээс хамаагүй даваад явсан байна. Ийм учраас энэ замын түгжрэл чинь өндөр төвшинд байна шүү дээ." гэж УИХ дээр айлдав аа.

Энэ эрхэм болон ер нь олон бусад эрхэмүүд - Монгол улс үргэлж л үгээгүй ядуу байх юм байна даа гэж 90-ээд онд тооцжээ. Хөгжүүлэх, хөтлөх, манлайлах ёстой эрхэмүүд ингэж тооцсон байхад бид өнөөдөр яагаад ийм хөгийн дэлхийд дандаа доороосоо байранд ордог вэ гэж гайхах учиргүй юм шиг.

Хэрэв улсын чинь лидерүүд, сангийн яамтайгаа нийлээд 10 жилийн дараа ч Монгол ядуу байх юм байна гээд тооцчихвол улс ер нь хөгжих үү, нөхдөө?

Монголд Ухамсарын хувьсгал хийх цаг болсон гэж би үздэг. Ухамсарын доройтолд орчихсон байгаа ийм бэлхэн жишээ байхад Ухамсарын хувьсгал хийж байж л үүнээс гарна.

Монголчууд бид өөдлөх айлын өнгө үүднээсээ гэж ярьж ирсэн, түүх, соёл, үндэс угсаагаараа бахархах юмтай ард түмэн. Ганц хоёр зуу татчихаараа Чингисийн үр сад гэж цээжээ дэлддэг, ярих түүхтэй, түүх нь тодорхой ийм л ард түмэн.

Гэтэл ганц Олон улсын нисэх буудлаас нь Нийслэл хотруу явах зам нь Хятадын хамгийн мухарын тосгоны замын хаана ч хүрэхгүй...
Би өөрөө хүн тосч яваад Монголчууд бид амралтаараа хөдөө офф-роад явах дуртай гэж хэлээд "Уучлаарай, бид нар одоо офф-роад явж байгаа юм биш үү" гэж хэлүүлж амруугаа алгадуулж байлаа.

Монгол хүмүүс бардам зантай, бахархах зүйлтэй гэж хэлэхэд гадны хүн миний өмнөөс тэнэг хүн харж байгаа аятай харахад нь ойлгохгүй бухимдах үе ч надад байлаа.


Бид ирээдүйгээ барьж байгуулах нь битгий хэл, өнөөдрөө, бүүр түүхээ ч ойлгох ухаангүй болтлоо доройтсон гэж үү. Үгүй гэж би итгэнэм. Бид ийм замтай, тийм утаатай, тэгээд дэлхийд дандаа сүүлчийн 100-н хэдэд ордог статистиктай байж эзэн Чингис, бидний өвөг дээдэс тэр хүмүүсийн нэрийг нь дурсах ч эрхгүй.

Бидний удирдагчид, 10 жилийн дараа гэхэд Монголын 2.7-хон сая ард түмэн - айл бүр хоёр машинтай, тэгээд тэр нь дандаа бенз, бүгдээрээ хаустай, эрүүл мэнд, боловсролоороо дэлхийд дээгүүрт байна гэж төсөөлж чадахгүй, харж чадахгүй ухамсар нь сохорчихсон тэнд 20 жил сууж байгаа бол - энэ бол ухамсарын доройтол мөн.

Үнэтэй машинаас илүү татвар авах хууль батлаад, тансаг хэрэглээнээс татвар авах тухай донгосч байгаа бол - энэ бол Монголчууд үүрд ийм ядуу чигээрээ үлдэх бөгөөд, тэд нарыг сайн сайхан зүйлс эдлүүлж хэрэглүүлэхгүй байлгах гэсэн ухамсарын доройтолтой санаа мөн.

Адам Смитийн далд гарын онолыг буруу зөрүү ойлгож - Хэн нэгэн далд гар Монгол улсыг хөгжүүлэх бөгөөд харин өөрөө бол бөө, ламд сайн мөргөж албан тушаалдаа үлдэхийн сацуу ахиухан хувьдаа хусах маягаар өндөр сэнтийд суудаг бол тэр чинь ухамсарын доройтол мөн.

Хятад бол коммунист орон. Монгол бол харин ардчилсан орон. Машиныг дугаараар хязгаарлаж байна аа гэдэг нь төр засаг үндсэндээ замын бөглөрөлийг шийдэж чадалгүй бууж өгөн, хариуцлагыг ард түмэнд тохоож буй хэрэг мөн. Тийм учраас дугаараар хязгаарлах явдал нь ердөө түр зуур л үргэлжлэх ёстой.

Гэтэл хамгийн хачирхалтай нь, ардчилсан Монгол оронд - нэгэн ийм явдал байна. Машиныхаа дугаарыг солиулахын тулд өөр бас яг ижил дугаартай машинтай байх ёстой гэнэ шүү. Хэрэв таны машин энэ "түр" журмаас болж (class action хийхэд Хотын захиргаа унана л даа) Даваа гаригт явдаггүй, харин та зөвхөн Даваа гаригт заавал явах хэрэгтэй, нэг машинтай дундаж иргэн - тэгээд тэр машинаа банкны зээлээр авсан бол яахав.

Ийм ухамсарын доройтолтой дундаж албан тушаалтнууд - ардчилсан оронд амьдараад байгаа юм уу, хөдөө амьдраад байгаа юм уу гэдгээ ойлгохоо больтол төөрөлдчихсөн этгээдүүд өндөр сэнтийд суусантайгаа нийлээд энэ ард түмнийг чадаж байгаа юм.

Монгол улсад ухамсарын хувьсгал хэрэгтэй байна. Түүнтэй зэрэгцүүлээд эдийн засгийн хувьсгал хийлгүй болохгүй нь. Энэ эдийн засаг нь утгаа алдлаа.

Wednesday, February 13, 2013

Зээлийн зэрэглэл

Өнөөдөр эдийн засаг, санхүүгийн нэгэн энгийн мөртлөө чухал асуудлыг бичнэ.

Олон улсын санхүүгийн захад Зээлийн Зэрэглэл (Credit Rating) гэж юм байх.

Moody's, Fitch, Standard and Poors гэсэн үндсэн 3 компанийг Америкийн засгийн газар дефакто хүлээн зөвшөөрснөөс хойш эдгээр гурван байгууллага олон улсын санхүүгийн зах дээр зээлийн зэрэглэл тогтоож ноёрхож буй.

Санхүүгийн зах дээр хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүн бий. Тэдгээр бүтээгдэхүүнийг гаргагч байгууллагууд мөн хэдэн зуун мянгаар тоологдоно. Гэтэл энэ олон бүтээгдэхүүн аль нь найдвартай, аль нь эрсдэлтэй вэ гэдгийг нэг бүр ялгаж салгаж судлана гэдэг бол хөрөнгө оруулагч нарын хувьд хүсээд байх ажил биш нь ойлгомжтой.

Тухайн байгууллага/улс орон, эсвэл гаргаж буй бонд, өрийн бичигт нь зэрэглэл тогтоодог.

ААА, АА, А, ВВВ, ВВ, В, ССС, СС, С ба D гэсэн ерөнхий дараалалтай. ААА бол хамгийн сайн буюу ийм зэрэглэлтэй бондыг худалдаж авахад нэг жилийн дотор энэ бондыг гаргагч нь дампуурах магадлал бараг 0-тэй тэнцүү. Харин D үнэлгээ авагч нь үндсэндээ дампуурсан бөгөөд авсан зээлээ эргүүлж төлөхгүй гэж ойлгож болно.

ВВВ бол хөрөнгө оруулах зэрэглэл (investment grade) юм. Энэ зэрэглэл болон түүнээс дээшээ зэрэглэл бүхий хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мөнгөө хийхэд тохиромжтой гэж олон улсын зах үздэг байна.

Манай улсын хувьд 3 агентлагийн хоёр нь В, нэг нь ВВ гэсэн зэрэглэл өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулах зэрэглэл биш, харин эрсдэлтэй зэрэглэл гэсэн үг.




Зураг дээр Америкийн засгийн газрын бонд буюу ААА зэрэглэлтэй бондтой харьцуулахад манай орных шиг ВВ зэрэглэлтэй бондын хүү нь хэдэн пунктээр илүү байгааг 1986 оноос 2009 он хүртэл харуулсан байна.

Хэрэв чи ААА биш харин ВВ зэрэглэлтэй нөхөр бол олон улсын санхүүгийн захаас мөнгө босгохын тулд даруй 332 пункт буюу 3.32% хүү жилд нэмж төлөх ёстой гэсэн үг.

Хэрэв ААА-тай нөхөр 5% дээр мөнгө босгодог бол чи ВВ-тэй нөхөр багаар бодоход 8.32% дээр л мөнгө босгоно гэсэн үг. 

Манайх олон улсын захаас Засгийн газар 2 тэрбум доллар, Худалдаа Хөгжлийн Банк 300 сая доллар, за тэгээд бас бус босгосон мөнгө нь нийлээд хэдэн тэрбум доллар дөхнө. Үүний хүүгийн зөрүү буюу 3.32% маань жилд 100 орчим сая доллар болох нь байна. Овоо их мөнгө шүү.

Саяхан даа, манай нэг танил олон улсын Мөнгөний захын сангийн менежер (Money market fund) "хэрэв танайх хөрөнгө оруулах зэрэглэл буюу ВВВ болчихвол олон улсын зах дээр Мөнгөний захын сангуудад эргэлдэж байгаа хэдэн триллион доллараас орж ирэх боломжтой доо. Мөнгөний захын сангууд зөвхөн ВВВ зэрэглэл буюу түүнээс дээш үед л орж ирдэг гэдгийг чи мэдэх хойно." гэж хэлсэн юм. Үүний үр дүнд олон улсын санхүүгийн захаас их хэмжээний мөнгө орж ирнэ, зээлийн хүү нэг оронтой тоонд шилжинэ. Засаг гүйж очиж нэг оронтой тоонд зээл өгөх, хувийн секторын өмнүүр далдаганах хэрэг байхгүй.

Зээлийн зэрэглэл ойлгогдож эхэлж байгаа байх. Эдийн засгийн үр дагавар нь асар их эерэг болох нь ойлгомжтой байна.

Манайхаас ХХБ, Голомт, Хаан, Хас нарын 4 банк зээлийн зэрэглэл тогтоолгосон. Тэр зэрэглэл дээрээ үндэслэж олон улсын захаас мөнгө босгох оролдлого хийдэг. Гэтэл банк ямар ч сайн байгаад улсынхаа зэрэглэлээс хэтэрч гардаггүй номтой. Логик нь ойлгогдож буй байх. Тэгэхээр энэ 4 банк бүгдээрээ В зэрэглэлтэй буюу - эрсдэлтэй зэрэглэлтэй гэсэн үг. Хүүгийн зардал өснө, эргээд зээлийн хүү өндөр л байгаад байна.

За тэгээд зээлийн зэрэглэл тогтоодог нөхдүүдтэй мэр сэр ярилцаж асуув аа. Тэгсэн өөдөөс "танай улсын мэдээлэл нь олддоггүй, яам, агентлаг болгон нь өөдөөс өөр юм ярьдаг, тийм учраас бид зэрэглэл тогтооход бэрхшээлтэй байдаг" гэж байгаа юм.

Улс маань vision гэж юм байхгүй, зүгээр л ганц муу оюу толгой гээд орд дээр яаж ахиу хэдэн төгрөг хусах вэ гээд даруй 10-аад жил яриад, хааяа халамцахаараа "Чингис хааны үр сад" гэж хашгирчихаад сууж байхад яам тамгын хурган дарга нар бүгд өөр өөр юм ярьж ангайлгах нь энүүхэнд байлгүй.

Нэг талаас бидний байгаа байр суурийг бэлхэнээ илчилээд өгч байна. Нөгөө талаас бид зээлийн зэрэглэлээ дээшлүүлж, хүүгийн зардлаа бууруулж - асар их хөрөнгө оруулалт татах боломжыг хормойгоороо сул асгаад байгааг харуулж байгаа юм даа.

Зүй нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар маань Гадаадын компани бүртгэх газар маягаар ажиллахаа болиод харин Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжих газар гэж нэрээ өөрчлөөд ажиллавал зохино.

Дэлхийн бүх л улс орон "Манай гайхамшигт улсад ирж хөрөнгө оруулаарай, тогтвортой орчин, найрсаг ард түмэн таныг хүлээж байна" гэдэг - манайх л харин булаана, дээрэмдэнэ гэдэг болоо юу даа. Уг нь 2013 он болчихоод байгаа юмсан.

Тэр зээлийн зэрэглэл тогтоогч байгууллагуудын аналистууд Монголд жил бүр ирж байгаа. Ирэхэд нь урьдчилж сайхан бэлдээд - "цагаан халадаа өмсөөрэй, цагаан бүтээлгээ дэвсээрэй" гэдэггүй юмаа гэхэд ядаж үг хэл, ам хөлөө нийлүүлчихээд аятайхан шиг байж байгаад зэрэглэлээ дахиад нэг шат буюу ВВВ болгох - асар их мөнгөний үүд хаалгыг нээх боломж байж л байна.

Оюу толгой бол байдаг л олон толгойн нэг л. Оюунтай толгой бол харин их хол байна шүү. Мөнгө бол харин зүгээр хажуугаар горхи шиг урсаж байна. Ухамсар төрвөл утгаад аваад байж дээ.