Sunday, December 6, 2015

Leadership - Манлайлал


Take, take and take

Саяхан Вартоны профессор Адам Грант Give and Take нэртэй ном гаргасан юм байна. Би хараахан уншиж амжаагүй байна. Гэхдээ номын гол санаа нь хүмүүс үндсэндээ Өгөгч, Авагч гэсэн хоёр армид хуваагддаг. Өгөгч арми дандаа найз нөхөд, гэр бүл, хамт олон, хүмүүст өгч байдаг. Авагч нар бол анхнаасаа авах албатай юм шиг төрчихсөн хүмүүс юм байх.

Харамсалтай нь Өгөгч нар Авагч нараа бодвол маш цөөхөн. Бас Өгөгч нар өгсөөр байгаад санаанд багтамгүй өндөр амжилтанд хүрдэг гэнэ.

Би үүнийг өмнө нь Хэрэглэгч сэтгэхүйтэй ба Бүтээгч сэтгэхүйтэй гэж ангилж бодож байсан юм. Би хүн ажилд авахдаа Хэрэглэгч/Авагч эсвэл Бүтээгч/Өгөгч үү гэдгийг нь олж харахыг хичээдэг. Аль болох Өгөгч хүмүүсийг олж авахыг хичээдэг.

Гэхдээ би бодохдоо, Авагч хүмүүсийг өөрчилж болно. Эд нар бол ердөө төөрсөн хүмүүс. Хүн гэж амьтан угтаа Өгөгч/Бүтээгч юм гэж үздэг. Энэ бол миний философи юм.

Миний блогийн өмнөх бичлэгүүдийг уншвал миний дээрх философи илт болох юм. Ямар ч гэсэн надтай төстэй байдлаар нэг хүн бодож, ном бичжээ. Унших юмсан гэж бодож байна.


Leadership

Монгол улс яг энэ хурдац, маягаараа цаашаа явбал 50, 100, 150 жилийн дараа хаана хүрэх вэ гэдгийг нухацтай бодож үзсэн үү?

Надад бол маш хар дүр зураг харагддаг. Тийм учраас үүнийг өөрчлөх ёстой гэж боддог.

Тийм ч учраас би гадаадад төгссөн докторууд, математик суурьтай залуучууддаа өндөр шаардлага тавьдаг. Шаарддаг, шахдаг, шүүмжилдэг. Зөв ойлгодог нь хэд юм бол. Би өөр хэнээсээ хөгжил дэвшил нэхэх юм?

Тооноос чанарт шилжих хууль гэж бий. Хятад улс 1.3 тэрбум хүнтэй. Адам Грантын санаа гаргаснаар нийт хүмүүсийн 99 нь Авагч, 1 нь Өгөгч байдаг юм бол. Хятад улсад 13 сая Бүтээгч /Өгөгч байна.

Манай улсын 3 сая хүнд бас 99/1 гэсэн харьцаа үйлчилбэл манайд 30 мянган л Бүтээгч байна.

13 сая Бүтээгчийн эсрэг 0.03 сая Бүтээгч гээд бодоод үз.

Тийм учраас Монгол улсын хөгжлийн онол ёсоор Бүтээгч/Хэрэглэгчийн буюу Авагч/Өгөгчийн харьцааг ядаж 50/50 болгох ёстой юм. Ингэж чадвал бид 1 сая гаруй бүтээгчтэй болж глобал өрсөлдөөнд орж чадна. Масс экономи үүсч чадах юм.

Манай экспортын 97 хувь нь зүгээр л байгал эхийн бидэнд бэлдэж өгсөн нүүрс, зэс, алт. 3 хувь нь ноос, ноолуур. Бодоод үз. Хүний тархины бүтээл алга. Манайд бүтээгч нар маш цөөхөн байгаагийн статистик нотлогоо.

УИХ-н гишүүн хүн ТВ-р "...улс орон хөгжиж байна, хар л даа, өндөр шилэн байшингууд, гудамжаар дүүрэн машинууд, дэлгүүрийн лангуу дүүрэн бараа..." гэж хэлэхийг сонсоод миний дотор арзасхийдэг. Улс орны минь хойтохыг уншиж байх шиг л санагддаг. Бидний бүтээсэн юм биш шүү дээ. Ийм тархи угаалтанд л битгий ороорой. Бодитой юм бодитоороо сайхан.

Би дээр хэлсэндээ, Авагч нар буюу Хэрэглэгч нар бол Төөрөлдсөн Бүтээгч нар юмаа гэж.

Хүүхэд бүрийг багаас нь бүтээгч, өгөгч болгож торниулдаг, бэлтгэдэг тийм боловсролын системтэй болохгүй бол маш хар дүр зураг харагдаж байна. Тийм боловсролын систем одоо хэр нь дэлхийд алга.

Оксфорд болон еврейн боловсролын систем магадгүй 100 хүүхэд тутмын 30-г нь Өгөгч/Бүтээгч болгож чаддаг гэж үзвэл. Манай боловсролын систем хаана байна? Математикийн олимпиадад түрүүлсэн, баруунд доктор хамгаалсан, гүүглд ажилласан гэдэг чинь юу ч бишээ гэж миний хэлж байгаа нь угтаа ийм учиртай.

Тэгвэл Монголд 100 хүүхэд тутмын 50-г нь Өгөгч/Бүтээгч болгож бэлтгэж чаддаг Боловсролын цоо шинэ технологи бий болгоцгооё л доо. Жалгандаа сэтгэхээ болиод.

Авагч/Хэрэглэгч хүнээс Өгөгч/Бүтээгч хүн яагаад илүү талаар би ярих хэрэггүй байх гэж найдаж байна. Эдийн засгийн хүч чадлыг хэмждэг нэг хэмжүүр бий. Бүтээмж.

Өгөгч хүний бүтээмж Авагч хүний бүтээмжээс хэдэн мянга дахин илүү байдаг гээд бодоод үз.

Тоочидоо, докторуудаа, гадаад дотоодод төгсөгчидөө та Бидэнд маш их хариуцлага тулгарч байна. Олж харж чадаж байна уу. Хариуцлага гэснээс би одоо хариуцлагын тухай бага сага яримаар байна.


Leader

Лидер хүний шинж чанарыг бид хангалттай ярьлаа. Мөн чанарыг нь харин ярихгүй юм. Форбс сэтгүүл хүртэл лидер хүний 10 шинж чанар гээд л толгой эргүүлэх юм. Харвардад ч мөн адил.

Шинж чанар чинь Мөн чанараас ургаж гардаг, байнга хувьсан өөрчлөгдөж байдаг зүйлс юм шүү дээ. Мөн чанар бол мөнхөд хадгалагдана.

Сэтгүүлч хүн ч юм уу, эсвэл өөрөө лидер байж үзээгүй профессор хүнд шинж чанар л ажиглагдана шүү дээ. "Амжилттай хүмүүсийг ажиглаад байхад цаг барьдаг юм байна." ч гэдэг юм уу. Тэгвэл ямар хүн цаг барьдаг юм бэ?

Лидер хүний мөн чанар нь угтаа дагагч нарынхаа толгой дээр хөвж буй хариуцлагыг олж харан, шүүрч авч, нуруун дээрээ тавьдаг явдал юм л даа.

Лидер хүн гэдэг бол Хариуцлагыг олж харан, үүрч чаддаг тийм л хүн. Тэгээд Өгөгч. Бүтээгч.

Хүмүүст хэрэгтэй байгаа зүйлийг нь олж хараад Өгч, Бүтээх нь байна шүү дээ.

Монголчууд бүгдээрээ Лидер болох хэрэгтэй байна. Глобал лидерүүдийг бэлтгэдэг (50% амжилттайгаар) боловсролын систем л үүнийг хийж чадна. Ийм системийг бий болгох төсөөлөл надад байна. Бага сага судлагаа хэрэгтэй.


Tuesday, December 1, 2015

Ухаангүй ухаантан


Supposed to be smart, but not so smart. 

Би хотоос хөдөөд очлоо. Хөдөөнийхөн ч шавж, хотоос ирсэн ухаантан, гэгээнтэн аятай л аяглаж хамаг байдгаа дэлгэнэ. "Хотод юу болж байна, яах гэж байна" гэж шалгаана.

Үнэндээ хотод юу болж байгаа, хот цаашид яах гэж байгаа, ноолуурын үнэ өсөх үү яахав, би огт мэдэхгүй. Гэхдээ би хотоос ирсэн учраас хөдөөнийхний хувьд Ухаантан. I am supposed to be smart. Ерөөсөө би ухаангүй, ухаантай нь огт хамаагүй болж ирэв.

Би ч байр сууриа алдахгүй, шинэ хонь, шинэ өрөмнөөсөө салахгүйн тулд амандаа орсноо бурна. Нэг мэдэхэд надад мэдэхгүй чадахгүй зүйл ч гэж үгүй болж. Ер нь бодоод байсан би супер ухаантан байж.

Зөв буруу, үнэн худал, хот яах гэж байгаа, хотод амьдрал яг яаж өрнөдөг зэрэг хотод байхдаа огт ойлгодоггүй байсан зүйлсээ бүрэн ойлгож хөдөөнийхөнд тайлбарлана. Ухаантан царайлж дүрэмдэнэ, мэдэмхийрнэ.

Математикчид

Би математикчидийг биширдэг. Би зарим математикчдийн боддог шиг тэдэнд дургүй ч биш. Харин би нэг ойлголтыг залруулах гэж л их хичээдэг.

Манай эцэг эхчүүд хүүхдээ тооны олимпиадад оруулаад, тоочин болгочихвол тэгээд болох юм гэж боддог. Маш том эндүүрэл. За тэгээд хүүхэд нь гай болж дүүргээс медал авчихвал тэгээд л хөөргөөд л Ухаантан болчихлоо л гэж тунхаглана. Ингээд нэг хүүхдийн хувь заяаг алаад хаячихаж байгаа юм. (80 хувийн магадлалтайгаар)

Тоо сайн боддог болчихоор хүн ухаантай, эсвэл амьдралд амжилт гаргах нь ойлгомжтой болдог байсан бол мөн сайхнаа. Харамсалтай нь үгүй.

Хүүхдийг болоогүй байхад нь хөөргөөд, supposed to be smart болгочихоор, ирээдүйг нь баллачихаж байгаа нь тэр. Амьдрал тоогоор хэмжигдэхгүй шүү дээ. Нийгэмд тоогоор тайлбарлаж чадахгүй, магадгүй боломж ч үгүй олон хэмжигдэхүүн бий.

Хүүхдээ, дүүгээ битгий баллаарай.

Гадаад явж галуу шувууны мах идэгсэд

Би гадаадад төгссөн, доктор хамгаалсан, олон жил амьдарсан хүмүүсийг бишрэн хүндэтгэдэг. Тэдний ихэнх нь мундаг хүмүүс байдаг. Харин зарим нь асуудалтай.

Гадаадад төгссөн, supposed to be smart буюу ухаангүй ухаантанг ажиллуулах гэж оролдсоноос зүгээр дотоодын бүтээгдэхүүнээ авсан нь дээр.

Америкт 7 жил амьдраад Монгол улсаа хөгжүүлэхээр ирсэн хичнээн ч ухаангүй ухаантантай уулзав даа. Бүүр тоть шиг "Монгол улсаа хөгжүүлэхээр эргэж ирлээ." гэж дургүй хүрмээр давтахыг нь яана. Юу ч чадахгүй байж. Америкт бүүр 20 жил амьдарчихаад тэр улсынхаа тухай ямар ч ойлголтгүй байвал би гайхахгүй.

Харин ирээд яг би дээр хөдөө очдог шиг л аяглана. Ухаангүй мөртлөө ухаантай дүр эсгэнэ.

"Аяа би мэдэхгүйгээ мэдлээ!" гэж 3000 жилийн өмнө, философийн эцэг уулга алдсан байдаг. Мэдэхгүйгээ мэдэхгүй хүн хаана ч гай болно. Бүүр тэгээд хамраа сөхсөн бол дуусаа.

Докторын диплом яг үүнтэй адил. Эдийн засгаар доктор хамгааллаа гэдэг нь эдийн засаг мэддэг боллоо гэсэн үг огтхон ч биш. Түүний маш олон салаа мөчрийн нэгээр нь докторын ажил хийгээ л биз дээ. Ер нь амьдралдаа нэг хүн ажиллуулж, нэг бүтээгдэхүүн бүтээж, улсад компаниараа татвар төлж, нэг харилцагчид загнуулж үзээгүй эдийн засагч гэж юу байдаг юм.

Зүй нь докторын диплом авсан хүн өөрийнхөө мэдэхгүй, тэнэгээ гайхаж суух учиртай юм. Юун мэддэг царайлах. Ухаантай царайлах.

Сүүлийн үед Харвардад, Стэнфордод төгссөн энэ, тэр гэж ирээд бас ярьж бахархах болж. Сайхан л даа. Жил бүр хэдэн мянган хүн ч Харвард төгсдөг юм. Тэрнээс нь хэд нь архичин болж, хэд нь амьдралдаа бүтэлгүйтэж, хэд нь үнэхээр улс орондоо бахархуулахаар зүйл хийдэг юм бол доо. Бодох л асуудал. Ер нь хийсэн бүтээсэнээр нь хүнээр бахархдаг болохоос, бид чинь юу л болоод байна даа. Оюуны хоосрол гэдэг энэ үү.

Google-д монгол хүн ажилладаг гэнэ. Мэдээж шүү дээ. 50 мянган хүнтэй компанид, арай ч дээ Монголоос нэг хүн ажиллах байлгүй дээ. Бид чинь тийм дүүрчихсэн тэнэг мангар ард түмэн биш шүү дээ. Гүүглэд хар шар бүх л хүн ажилладаг байлгүй дээ.

Бахархаад бичээд байхаар үйл явдал юм болов уу. Шинэ систем зохиосон, шинэ бүтээгдэхүүн гаргасан, шинэ нээлт хийснийг нь ярьж болохгүй юм байх даа.

Сүүлийн үед хараад байхнээ гадаадад амьдардаг мундаг эрдэмтэн Монголчууд бас гараад иржээ. Ерөөсөө л тэндээсээ комментлоод байх нь тэр. Энд ирээд бодит байдлыг нь нэг харчихаасай. Бас амьдарч байгаа гадаадын улс орныхоо нийгэм, соёл, эдийн засгийг бүрэн ухаад ойлгочихоосой. Хотоос хөдөөд ирсэн хотын хүү шиг л сонсогдох юм. Бичсэн, ярьсан юмнууд нь. Ичээсэй.

Эдийн засгийн шинэчлэлийн талаар миний бодит амьдралаас ургуулж, өөрийн биеэр туулж үзэж байж хэлж ярьдаг олон зүйлсийг хотоос ирсэн хотын талаар юу ч мэдэхгүй докторууд гутааж, унтрааж, үгүй хийдэг. Хэцүү ч юм даа. Ухаангүй ухаантанууд.

Одоо ч би тооны олимпиадын хагархай медалтнууд, гадаадад сураад юу ч сураагүй хэрнээ юм сурсан гэж өөртөө итгүүлэгчид, докторын хугархай зэрэгтнүүдийн дургүйг хүргэчихлээ дээ. Ихэнх нь ойлгохгүй эгдүүцэх биз. Нэг хоёр нь харин ойлгоод улс орондоо үнэхээр хэрэгтэй зүйл хийгээсэй билээ.