Monday, June 23, 2014

Сур, дахиад сур

Миний танил нэг залуу, одоо 27 настай. Миний мэдэхээр бараг ажил хийж үзээгүй, тасралтгүй сурсан. Дахиад энэ намар магистрт явна гэнэ. Миний бодлоор энэ хүн яг сурдаг насан дээрээ "сурж" өөрийгөө маш том алж байгаа. Ямар хэлээд үг авах биш.

Хамт олон дунд орж, хүнтэй харьцаж, хүнд удирдуулж, хүн удирдаж, ажил хийж, орой шөнө сууж, ажлын ард гарч, анги танхимд биш шөнө орой ажлын гадуур мэдлэг олж авч сурдаг насан дээрээ "сурж" өөрийгөө алж байгаа.

Үүнийг сонссон нэг танил Япон өвөө, толгой сэгсэрч "Монголд байгаа Япончууд нэг зүйлийг ойлгохгүй гайхацгаадаг. Монголчууд хөдөлмөр хийж сурах ёстой шижигнэсэн залуу насаа тэр чигт нь сургуульд өнгөрөөдөг, үнэхээр ойлгогдохгүй." гэж хэлэв.

6 настайгаас эхлээд бүх л бүтэн 15 жил сурж сурчихаад төгсөөд ажил дээр гармагц л дахиад сурах тухай бодож эхэлдэг хүмүүс бол бид юм.

Энэ 2 шалтгаантай. 1) Монголын дунд, дээд боловсролын систем ямархуу хөгийн, чанар муутай байгаагийн шууд нотлогоо. Хүн дотроо далд ухамсартаа тэрийг мэдээд байна. Юу ч сураагүйгээ мэдээд байгаа учир дахиад сурах гээд тэмүүлээд байна.
2) Манайхны ойлгоц бодит байдлаас хол хол зөрдөгийн нэг жишээ. Нөгөө талаас амьдарч (сурж биш) мөнгө хийж, амьдрал ахуйгаа өөд нь татаж, аав ээжийнхээ ачийг хариулах учиртай нөхдүүд зүгээр л амьдралаас зугатааж байна гэсэн үг. Цаг нөхцөөж байна гэж хэлж ч болно.

Сур, сур бас дахин сур

Махны үнэ яагаад өндөр байна?

Өчигдөр Авсрали улс Хятадын махны хэрэгцээг хангах гээд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийлээ. Байгалиасаа хонь, үхэр байгаагүй Авсрали шүү дээ.

Манайх хамгийн сайн чаддаг гэж "бодоцгоодог" Мал Аж Ахуйн салбартаа яажшуухан хоцрогдсон бэ гэдэг нь гадаадаас Үнээ, Морь авчирч байгаагаар нь батлагддаг.

Яг 10 мянган жилийн өмнө байсантайгаа адил, гэрээ бариад, малаа хариулаад явахаар малын сүү, мах, ноос, ноолуур, арьс ширний гарц нь олон улсад өрсөлдөж чадахаа байсан хэрэг. 50 сая малтай боловч махны үнэ нь малгүй газрынхтай жишиж очихоор энэ салбарыг үндсэнд нь өөрчлөх хэрэгтэй болсныг харуулна. Нэгдэлжүүлэх гэж, хамтралжуулах гэж, үржил селекц хийх гэж, фермжүүлэх гэж 1990 он хүртэл үзэж байсан эрдэмтэдээ нүд анихаас нь өмнө арвин их туршлагыг нь баримтжуулж авахгүй бол 1960 онд гаргасан алдаагаа удахгүй давтаж эхлэх байх.

Хувийн юм л бол хамгийн сайн хөгждөг юм байна гээд, нэг Харвардын профессор юугаа ч мэдэхгүй тархи угааж, энд байсан хэд нь бас юуг нь ч ойлголгүй тархиа угаалгаснаар малыг хувьд шилжүүлж, Мал аж ахуйн хүрээлэн, Хөдөө Аж ахуйн сургуулиа гаргуунд нь хаяж, ферм, нэгдэлийн хөрөнгийг нь сайн дурынхан тонон дээрэмдээд, 1990 онд энэ улсын МАА-н салбар дууссан. 1990 онд МАА-н салбарт 60 жил хийж явсан ололтоосоо шууд гулсаад 1923 ондоо очсон.

Ямар сайндаа л 2010 онд малын эмч нарыг шинээр бэлтгэх нь зөв тухай ойлгоцгоож байхав дээ.

Хувьд очсон, хувийн өмч болох ямаанд мөнгө тарааж, харин хувийн машинтай хүнд нь бензиний мөнгө өгдөггүй, ийм л улс, бид. Уг нь тэр ямаанд өгсөн 30 тэрбум төгрөгөөр Ямааны Эрдэм Шинжилгээний хүрээлэн өлхөн барих, эсвэл Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах стратегийн судлагааг дэлхийн хамгийн том байгууллагуудаар хийлгэх (бид чадахгүй л дээ) хангалттай мөнгө байв.

Аливаа Феодализм, Социализм, Ардчилсан нийгмийн зорилго нь ижил байдаг юм. Тэр нь хүн төрлөхтөний сайн сайхны төлөө чиглэгддэг юм. Тийм учраас систем нь нэг байдаг билээ. Гагцхүү арга хэрэгсэл нь өөр байдаг учиртай. Гэтэл Социалист нийгмээс Ардчилсан нийгэмд шилжих гээд, ердөө арга хэрэгслээ солиод болох байтал, системээ бүхэлд нь нурааж хаясан учраас бид өнөөдөр хөгжлийг өндөр шилэн байшин төдийхнөөр ойлгож суугаа нь шившиг.

Одооноос эхлээд "Цонхоороо хар л даа, 1990 онд ямар байлаа, бид одоо хөгжөөд байна шүү дээ" гэж сайд дарга нар телевизээр хээв нэг ярьдагаа больцгоох хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхийн ямар ч улс оронд хөгжлийг шилэн барилгаар хэмждэггүй билээ. Хятад эсвэл Солонгосын хөрөнгө оруулалтаар нэг шилэн тауэр бариа л биз. 1990 онд эрүүл мэнд, боловсрол, эрдэм шинжилгээний төвшинд дэлхийн хаана байсан, өнөөдөр хаана байгааг эрдэмтэд л хэлэхээс биш хувьсгалчид хэлэхгүй шүү дээ.  

Улс орныг чинь философичид, эрдэмтэд авч явдаг болохоос биш хулигаанууд авч явсан түүх дэлхийд байхгүй. "Багадаа атаман явлаа ш дээ" гээд ямар ч жишимгүй төрийн дээд эрх мэдэлтнүүд телевизээр нь бурж байдаг улс дэлхийн хаана байна? Залуу үедээ ямар үлгэр дуурайл үзүүлж байгаа юм? Онц сурах, сурлагадаа шамдах огт хэрэггүй, зодоон хийгээд архи уугаад явбал над шиг эрх мэдэлтэй, баян тарган болно гэж хэлж байгаа ухаантай юм уу.

Хэзээнээс эхлээд булчин, тархинаас илүү болчихсон юм, Монголд?

Monday, June 2, 2014

Цаг хугацаа гэж үгүй, зөвхөн Өөрчлөлт л бий


Физикт цаг хугацаа гэж байдаг эсэх талаар маргалддаг. Цаг хугацааг нэг хэмжүүр гэж үздэг уламжлалт хандлага байдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Гэхдээ цаг хугацаа бол бидний төсөөлдөг шиг өрнөл биш харин зөвхөн ӨӨРЧЛӨЛТийн хэмжүүр юм гэж үзэх физикч нар олноор гарч ирэх болсон.

Бодит амьдрал дээр "цаг нь болоогүй", "эрт байна", "цаг нь ирэхээр" гэх мэт яриа түгээмэл сонсогдоно.

Анх 2005 оноос бизнесийн янз бүрийн санаа оноог зах зээлийн хөгжил дэвшилтэй холбон сэдэж байхдаа "удахгүй цаг нь ирнэ, удахгүй зах зээл ингэж хөгжинө, тийм төвшинд хүрнэ" хэмээн таамагладаг байв.

Уул уурхайн баялагаа гаргаж, эдийн засаг өсч, удахгүй хөрөнгийн зах хөгжинө - дилер мэргэжил эзэмшсэнийхээ хэргийг гаргана гэж хардаг байв.

Өнөөдөр 10 жил шахуу өнгөрлөө, хөрөнгийн захад бодитой хөгжил гарсан юм алга. 10 жил гэж бодоход үнэхээр хүний амьдралын том мөчлөг өнгөрсөн нь харагдана. 10 жилийн өмнө гаднаас ирсэн зөвлөх шиг "Хөрөнгийн захын хөгжил хэрэгтэй" гэж лоозогнож л мэддэг байсан бол өнөөдөр яагаад хөрөнгийн зах хөгжих хэрэгтэй вэ гэдгийг ухамсарлаж байна.

Бас яагаад хөгжихгүй байгаа вэ гэдгийг ухамсарлаж байна.

Зөв цаг гэж байдаггүй, цаг нь ирнэ гэж байдаггүй юм байна л даа. Өөрөөр хэлбэл цаг хугацаа гэж байдаггүй юм байна. Харин зөвхөн өөрчлөлт л гэж байдаг юм байна.

Өөрчлөлтийг хэн ч хийгээгүй учраас өнөөдөр хөрөнгийн зах бахь байдгаараа л байгаа. Энэ зах зээл дээр цаг хугацаа өрнөсөнгүй. Хөрөнгийн зах гэж юу болох талаар төсөөлөл ч үгүй уншигч нар олон байгаа байх. Товчхон л хэлье.

Хөрөнгийн зах хөгжихгүй бол, Монгол улс яг одоогийн байдлаараа хадгалагдана. Ухаантай улс төрч (Чингис хаан II) гарч ирээд хөгжүүлнэ гэж бүгд далд ухамсартаа хүлээж байгаа нь нууц биш ээ. Бодитой хүлээлт биш юм. Боломжгүй хүлээлт юм. Утопи, парадокс хүлээлт юм.

Одоогийн байдал гэж юу вэ? Баян айлд төрсөн хүүхэд баян амьдарч, ядуу айлд төрсөн хүүхэд ядуу дуусах ийм л байдал юм. Бид үр хүүхэддээ ийм ирээдүйг үлдээх гэж байгаа. Үүнийг хэн ч харж чадахгүй байгаа нь үнэн. Нотолгоо нь, ямар ч улс төрч хөрөнгийн захын хөгжилд анхаарлаа хандуулахгүй байгаа бодит фактаар илрэнэ.

За тэгвэл, цаг хугацаа гэж байдаггүй юм байна, тэгвэл ӨӨРЧЛӨЛТ гэж юу вэ.

Логикоор өөрчлөлт хийдэг, өөрчлөлтийг авчирдаг, өөрчлөлтийг бий болгодог байж таарах гээд байна. Тэрнээс биш цаг хугацаа шиг өөрөө урсаж байдаггүй байх нь.

Хөрөнгийн зах эдийн засгийн өсөлттэй хамт хөгжиж, брокерийн бизнес цэцэглэж, баялагийн хуваарилалт зөв явагдаж эхлэх юм байна гэж 2005 онд бодож байсан маань таг худлаа болов.

Яг энэ байдлаараа өөрчлөлтийг хийхгүй, авчрахгүй, эхлүүлэхгүй бол 2025 онд яг хэвээрээ байна гэдгийг баттай мэдэв.

Чамайг Харвардын доктор, УИХ-н гишүүн, Тэрбумтан баянаас ялгах ГРАНД ЯЛГАРАЛ бол чи ӨӨРЧЛӨЛТИЙН ЭЗЭН байж чадах эсэх болой.

Хөрөнгийн зах бол фундаментал өөрчлөлт мөн. Гэтэл зам барих, оксфорд системийг боловсролд суулгах, хэдэн хүлэмж барих, долларын ханшийг хазаарлах зэрэг нь юусан билээ дээ. Хөрөнгийн захыг хөгжүүлэхэд - зам баригдаж, боловсрол сайжирч, зээлийн хүү буурч ... гэх мэтчилэн одоо бидний хийх гээд майлж буй өөрчлөлтүүд дагавар төдийгээр л хийгдэнэ.

Гэтэл ухамсарын хувьсгалаас илүү фундаментал ямар өөрчлөлт байх билээ? ӨӨРЧЛӨЛТийн эсрэг таг зогсож буй ухамсар дорой, үхээнц, негатив зан чанарыг өөрчлөхөөс илүү фундаментал өөрчлөлт гэж байх уу. ӨӨРЧЛӨЛТийн эзэн болох сэдлийг, зоригийг, хариуцлагыг суулгадаг өөрчлөлтөөс илүү ГРАНД өөрчлөлт гэж байх уу.

За яг ийм өөрчлөлтийг Монгол улсад хийж чадсан хүн Дэлхийн түүхэнд нэрээ мөнхлүүлж, зууны их сэтгэгч, нийгмийн лидерээр тодорч Махатма Ганди тэргүүтэнтэй зэрэгцэх болно.