Өнөөдөр нэг сэтгүүлч надаас ярилцлага авахдаа хэлэв "Та дандаа Монголбанкны эсрэг байдаг биз дээ, ер нь эдийн засагчид дандаа Монголбанкны эсрэг байдаг ш дээ?"
Би тэгэхээр нь "Үгүй би хэзээ ч Монголбанкны эсрэг байгаагүй, Монголбанк бид хоёр эдийн засгийн зарим асуудал дээр санал бодол зөрөлддөг. Би өөрийн мэргэжлийн дүгнэлтэндээ үнэнч байдаг, тэрнийгээ л илэрхийлдэг" гэлээ.
Яг үнэндээ Монголбанкыгаа ойлгож хайрлах учиртай юм л даа. Би төв банкийг үргэлж бие даасан үйл ажиллагаа явуулж, мэргэжлийн чиг баримжаатай байх ёстой л гэж үздэг.
Монголбанк төрийн байгууллагууд дундаа боловсон хүчин, мэргэжлийн чиг баримжаа зэргээрээ яалт ч үгүй толгой цохино. Инфляци өсөх бүрт "дуудагдаж" хамаг муугаараа цоллуулна. Түүнийг газар дор ортол нь муулаад, шүүмжлээд байж болно л доо. Гэхдээ тэгвэл үнэхээр хариуцлагагүй хэрэг болох байх.
Макро эдийн засгийн удирдлага гэдэг бол тоглоом биш. Энэ бол жинхэнэ professional-уудын (монгол хэлнээ ийм үг байхгүй - юу болохыг нь миний дээр үеийн бичлэгээс харж болно) ажилладаг талбар. Гэхдээ энэ байгууллагад тодорхой хэмжээний нөхцөл байдлыг бүрдүүлж өгсөний эцэст эд нар макро эдийн засгийг тодорхой хэмжээнд залах боломжтой болно. Ер нь энэ дэлхий дээр макро эдийн засгийг удирддаг тийм айхтар мундаг байгууллага байдаггүй. Зүгээр л боломжийнхоо хэрээр эдийн засгийг алив хямралаас урьдчилан сэргийлэх, хямралд орсон нөхцөлд хурдан сэргээх бодлогын арга хэмжээ авах асуудал.
Нөхцөл байдал гэдэг нь - жишээлбэл Засгийн газар нь 4 жилээр сонгогддог юм бол ядаж сонгогдохоосоо өмнө төлөвлөгөөгөө дэвшүүлж тавиад тэрийгээ баталдаг байх хэрэгтэй. Нам гэж байдаг юм бол өөрийн гэсэн чиг баримжаатай байх ёстой. Тэрнээс биш сонгуульд ялдаг мафи байж болохгүй. Яах гээд байгаа юм. Баялагийн хуваарилалтыг яаж хийх гээд байгаа юм гэдэг хувилбар дээрээ нам үүсдэг. УИХ-д орж ирсэн ухаантай юм бол мундаг философич мэдээж байж чадахгүй, за ядаж улс төрч биш юм бол гэхэд professional байх ёстой. УИХ-д хүн сонгож байгаа ухаантай юм бол ядаж 5 жилийн дараах ирээдүйгээ хардаг байх ёстой.
Ийм нөхцөл байдал бүрдэхгүй тохиолдолд Төв банк ажлаа хэвийн хийнэ гэдэг нь бараг л байж болошгүй зүйл.
Арай гэж нэг бодлогын хүүгээ өсгөөд мөнгөний нийлүүлэлтээ хянаад инфляцаа барих гээд байж байтал гэнэт л УИХ-д суугаа малчид нь гараа өргөөд хэдэн зуун тэрбум төгрөг хэнтэй ч ярилгүй, хэнийг ч сонсолгүй зах зээлд тараагаад хаячихдаг.
Төв банкийг Монгол шиг газар Засгийн газрын мэдэлд өгч хэрхэвч болохгүй.
No comments:
Post a Comment