Манай улсын эдийн засаг тэлэхийн хэрээр санхүүгийн зах өөрийн онцлог үүрэг оролцоотой байгууллага байгуулахыг шаардаж байна. Үүний нэг нь хөрөнгө оруулалтын сан юм.
“Санхүүгийн зах зээлийн холбоо”-ны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой хөрөнгө оруулалтын сангийн талаар ярилцлаа. Бидний ярианаас уншигчид хөрөнгө оруулалтын сан гэж юу болох талаар тодорхой ойлголт авна гэж итгэж байна
-Хөрөнгө оруулалтын сан гэж санхүүгийн зах зээлд ямар үүрэг оролцоотой байгууллага вэ?
-Санхүүгийн зах зээлд арилжааны банк, даатгал, брокерийн компани гэж оролцогч байдгийг мэднэ. Тэгвэл хөрөнгө оруулалтын сан эдгээртэй адил санхүүгийн зах зээлийн нэг чухал оролцогч байгаа юм. Хөрөнгө оруулалтын сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг өөр дээрээ төвлөрүүлээд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байгууллага.
Арилжааны банк гэх мэт санхүүгийн захын секторууд бүгд хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлээд нийгэмд үр ашигтай зүйлд хөрөнгө оруулахаар ажилладаг адил зарчимтай шүү дээ. Хөрөнгө оруулалтын сан хөрөнгийн зах руу хандаж ажилладаг онцлогтой. Хаалттай болон нээлттэй захын аль алин руу нь орж ажилладаг.
Хөрөнгө оруулалтын сан хаалттай, нээлттэй гэсэн хувилбартай. Хүссэн хүн болгоны мөнгийг татан төвлөрүүлдэггүй, цөөн тооны хөрөнгө оруулагчтай, хязгаарлагдмал хүрээнд ажилладаг санг хаалттай гэдэг. Нээлттэй сан нь хөрөнгийн биржээр дамжаад хүссэн хүн бүрийн мөнгийг төвлөрүүлдэг. Хөрөнгө оруулалтын санд хүмүүс мөнгө оруулна. Сангийн удирдлага болон баг тодорхой үр ашиг өгөх зүйлд хөрөнгө оруулж, хүмүүсийн мөнгийг аривжуулах үүрэг хүлээдэг. Хөрөнгө оруулалтын сан ийм зарчмаар ажилладаг юм.
-Хөрөнгө оруулалтын сан нь хөрөнгө оруулалтын хэлбэрээрээ төрөлждөг гэж сонссон?
-Би түрүүнд нээлттэй, хаалттай гэсэн хоёр хэлбэрийн хөрөнгө оруулалтын сан байдаг гэсэн. Дахиад хөрөнгө оруулалтын сан нь юунд хөрөнгө оруулж байгаагаараа төрөлждөг. Зөвхөн хөрөнгийн бирж дээрх нээлттэй хувьцаанд хөрөнгө оруулдаг сан байж болно. Эсвэл хөрөнгийн бирж дээр байдаггүй, хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөрөнгө оруулж болно. Хоёрхон хүн хөрөнгийг нь эзэмшдэг компанид хөрөнгө оруулж болох жишээтэй. Бас зөвхөн зээлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг, өрийн бичиг л худалдаж авдаг сан байж болно.
Макро хөрөнгө оруулалтын сан гэж байдаг. Тэр нь тухайн стратегийнх нь хүрээнд ашигтай гэж тодорхойлсон ямар ч хэрэгсэл рүү ордог, ямар ч оронд, ямар ч зах зээл дээр ажилладаг сан юм. Одоо манай Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байна. Эцсийн байдлаар боловсруулсныхаа дараа тодорхой байгууллагууд руу өргөн барина. Нэлээд хугацаа шаардах байх. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль ихэвчлэн нээлттэй санг зохицуулах үндсэн зорилготой байдаг. Яагаад гэвэл, хөрөнгө оруулагч нь хэн ч байж болдог, хөрөнгийн биржээр дамжиж явдаг учраас тэр.
Хаалттай сангийн хувьд харьцангуй зохицуулалт багатай. Хөрөнгө оруулагчдын хаалттай санд оруулах мөнгөний хэмжээ өндөр байдаг. Хаалттай сангийн цөөн тооны хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтын орчин, бусад санхүүгийн зах зээлийн талаар мэдлэгтэй байдаг.
-Монголд үндэсний хөрөнгө оруулалтын сан байна уу?
-Монголд үндэсний хөрөнгө оруулалтын сан албан ёсоор байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын сангууд Монголын нээлттэй, хаалттай хөрөнгийн зах болон бусад захууд дээр орж ирж, хөрөнгө оруулалт, арилжаа хийж байна. Гадаадын нэлээд олон тооны сан бий. Янз, янзын орноос ирж байна.
-Гадны хөрөнгө оруулалтын сангууд манай зах зээл дээр ямар ч зохицуулалтгүй ажиллаад байна гэсэн үг үү?
-Манайх нээлттэй эдийн засагтай. Гадаадаас хөрөнгө оруулалтын сан орж ирнэ үү, хувь хүн орж ирнэ үү, компани орж ирнэ үү, ямар хөрөнгө оруулалтаа хийх вэ энэ бүгд нээлттэй. Одоо гаргах гэж байгаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль зөвхөн Монголд байгуулагдах хөрөнгө оруулалтын санг зохицуулна. Америкт байгуулагдаад Монголд ирж хөрөнгө оруулж байгаа санг зохицуулж чадахгүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Америкт байгууллагдаад америкчуудын мөнгийг төвлөрүүлсэн макро сан Монголд хөрөнгө оруулаад явж байна. Энэ бол глобалчлалын ач. Яагаад Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан байгуулагдаад Монголчуудын мөнгийг цуглуулаад АНУ-д очиж хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж. Болно шүү дээ.
Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын сан бүрдэх ээлтэй хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын санг удирдах хүмүүст мэргэжлийн ур чадвар болоод ёс суртахууны өндөр шаардлага тавих ёстой. Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын сангийн тухай болоод үйл ажиллагааных нь талаар олон түмэнд зөв мэдээлэл хүргэх ёстой.
-Одоо шинэлэг юм шиг сонсогдоод байгаагаас, өмнө нь хэдэн хөрөнгө оруулалтын сан байгуулагдаад дампуурсан түүхтэй юм билээ?
-1990 оны сүүлчээр хэдэн хөрөнгө оруулалтын сан байгуулагдсан. Тухайн үед хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй, удирдах мэргэжилтнүүд, хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ гэдгийг ойлгох хүн байгаагүй. Ийм шалтгаанаар бүтэлгүйтсэн.
-Хөрөнгө оруулалтын сан хөрөнгө оруулалтын орчны мэдээлэл, мэдлэггүй хүмүүсийн мөнгийг төвлөрүүлж, ашигтай хөрөнгө оруулалт хийгээд, олсон ашгийг нь хуваарилах үндсэн ажил хийдэг гэсэн. Үүнийг тод тодруулж ярихгүй юу?
-Жишээ татъя. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай багш байлаа гэж бодъё. Тэр хүний үндсэн ажил нь багшлах. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны үнэ ханш судалдаг хүн биш. Хөрөнгө оруулалт хий хэд санхүүгийн зах зээлийн мэдлэгтэй, туршлагатай бүлэг хүн тасралтгүй мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж байж шийдвэр гаргадаг. Багш хүн ажлаа хийх явцдаа хөрөнгийн зах зээлийг судлаад юунд хөрөнгө оруулалт хийхээ шийднэ гэдэг их хэцүү. Мэргэжлийн бус хүмүүс буруу шийдвэр гаргаж хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө алддаг. Үүний тод жишээ хадгаламж зээлийн хоршоо. Хөрөнгө оруулалтын сантай уялдаа холбоогүй юм шиг сонсогдож байгаа боловч яг үнэндээ тэд санхүүгийн мэдлэггүй байж хуумгай шийдвэр гаргаж мөнгөө алдсан. Тэгэхээр санхүүгийн мэдлэг, мэдээлэл авч чаддаггүй хүн хөрөнгө оруулалт хийдэг туршлагатай байгууллагад мөнгөө аваачиж өгөх хэрэгтэй. Тэр байгууллагууд нь банк, хөрөнгө оруулалтын сан. Бас даатгалын компани.
Банкинд мөнгөө өгснөөр зөвхөн тогтмол дүнтэй хүүгийн орлого авна. Хөрөнгө оруулалтын санд мөнгөө өгвөл зээлийн хүүгээс өндөр ч орлого авч мэднэ, багыг ч авч мэднэ. Хувьцааны ханшаас шалтгаалж тогтмол орлого авч чадахгүй. Хүн ирээдүйн эрсдэлээс хамгаалах даатгал худалдаж авах ёстой.
Хөрөнгө оруулалтын сан нь мэргэжлийн баг зах зээлээ судлаад дүн шинжилгээ хийгээд хөрөнгө оруулж байгаа болохоор ямар ч эрсдэлгүй гэсэн үг биш. Сая Японд гэнэт газар хөдөлж гамшиг боллоо. Ливид бослого гарлаа. Иймэрхүү байгаль цаг уур, ерөнхий эдийн засгийн шинжтэй эрсдлээс болон хувьцааны ханш унаж, алдагдал хүлээж болно.
-Байгаль цаг уур таатай, ерөнхий эдийн засгийн хандлага сайн байхад хөрөнгө оруулалтын сан ашиггүй хөрөнгө оруулалт хийвэл удирдлагад нь хариуцлага тооцох систем бий болов уу?
-Мөнгөө оруулахын өмнө тухайн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичигтэй сайтар танилцах хэрэгтэй. Баримт бичгийг нь хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мөнгөө оруул. Гадаадад хүүхдүүдийг зугаалганд авч явахдаа эцэг эхээр нь гарын үсэг зуруулж зөвшөөрөл авдаг. Гарын үсгээ зурсан эцэг, эхчүүд манай хүүхдэд хаднаас унах, араатанд ноцуулах эрсдэл бий гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Үүнтэй адил манай хөрөнгө оруулалтын санд мөнгөө оруулснаар ийм ийм эрсдэл байж болзошгүй учраас та хүлээн зөвшөөрөх ёстой гээд гарын үсэг зуруулж мөнгийг нь авдаг. Нэгэнт эрсдлээ хүлээн зөвшөөрсөн юм чинь өөртөө л үүрнэ.
Сангийн удирдлагууд төвлөрүүлсэн мөнгийг анх тохирсон баримт бичгээс өөр зүйлд зарцуулах, хууль бус үйл ажиллагаа явуулбал хариуцлага тооцдог. Тэрнээс биш сангийн удирдлагууд мөнгийг нь өсгөж өгөх гээд чадлаараа ажиллаад явж байтал тэднээс үл хамаарах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үйл явдал болоод мөнгийг нь алдчихбал хариуцлага хүлээдэггүй. Харин хөрөнгө оруулалтын сангийн удирдлага хууль бус юм хийгээгүй тохиолдолд нэр хүндээрээ хариуцлага хүлээдэг. Мөнгийг нь нэг удаа алдахад хөрөнгө оруулагч ойлгож болно. Дахиад алдвал тэр сангаас мөнгөө татаж авна биз дээ.
Хөрөнгө оруулалтын сан мөнгөгүй хоцорно. Хоолноос салж байна гэсэн үг. Нэг талаас ийм хариуцлага байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс ийм хариуцлагыг хүлээлгэж сурах хэрэгтэй байгаа юм. Манайд нэг хэсэг бүлэг бизнесмэнийг ч юм уу, ард иргэдийг мэхлээд мөнгийг үрэн таран хийгээд алга болчихдог нөхдүүд мэр сэр байдаг. Тэр нөхөр дараа нь дахиад өөр газар оччихсон хүмүүсээс мөнгө аваад явж л байдаг. Ийм хүмүүст нэр хүндийн хариуцлагыг хүлээлгэж сурах хэрэгтэй.
-Манайд нэг шинэ институти гарч ирэнгүүт араас нь боловсон хүчний асуудал босдог. Хөрөнгө оруулалтын сан байгуулах боловсон хүчин манай хүрэлцээтэй юу?
-Ер нь бол хүрэлцээ бага. Олон улсын зах дээр хэн хөрөнгө оруулалтын сан байгуулж, удирддаг вэ гэдгийг хэлье. Баруунд хөрөнгө оруулалтын санг банк санхүүгийн салбарт олон жил дандаа үр ашигтай ажилласан, нэр хүнд бүхий хүн удирддаг. Би санхүүгийн мэргэжилтэй хүн гэж хэлсэнгүй шүү. Санхүүгийн мэргэжилтэй хүн, мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласан хүн хоёрын хооронд асар их зай бий.
No comments:
Post a Comment