Monday, March 27, 2017

Удам судрыг нь хараарай хүүхээ


"Удам судрыг нь хараарай хүүхээ" гэж Монголчууд ханиа сонгох гэж буй хүүхэддээ захина. Юу гэсэн үг юм бол? Бүх хүнд л мэддэг ч юм шиг, мэдээжийн ч юм шиг сонсогдоно - гэтэл яг үнэхээр мэддэг хүн байна уу?

Мэдэхийг хүсч байвал цааш унш.

1970 онд Нью Йорк хот гэмт хэргийн хот болон хувирч байв. Гэмт хэрэг гаралтын тоо өсч, хяналтаас алдарч эхэлж байв. Гэтэл гэнэтхэн гайхалтай зүйл болж 1990 он гарахад гэмт хэрэг огцом буурсан юм.

Мэдээж Харвардын тэргүүлэгч эрдэмтэд гэмт хэрэг буурсан шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж эхлэв. Цагдаагийн тоог нэмсэн, цагдаа нар гудамжаар морьтой эргүүл хийдэг болсон (ямар сайндаа л морьтой явахав дээ), эдийн засаг өссөн, хүн амын боловсрол нэмэгдсэн гэхчилэн бүгд л уралдан тайлбарлаж, цэцэрхцгээв (одоо ч яг л иймээрээ, угаасаа хүний натур юм).

Гэтэл үнэн хэрэгтээ ийм явдал болсон юм. 1969 онд эцэггүй хүүхэд тээж яваа, ганц бие, ядуу эмэгтэй Norman McCorvey өөрийгөө хүчиндүүлсэн гэж мэдүүлэх замаар аборт хийлгэхээр оролдсон боловч зөвшөөрөл авч чадаагүй юм. Учир нь тэр үед Америкт аборт хориотой байв. Norman McCorvey бууж өгсөнгүй, өөрийн эрхээ хамгаалахаар Америкийн дээд шүүх хүртэл тэмцжээ. Ингээд 1973 онд Америкийн дээд шүүхээс эмэгтэй хүний хүсээгүй хүүхдээ аборт хийлгэх эрхийг баталгаажуулж өгсөн билээ.

1990-ээд онд насанд хүрч, гэмт хэрэгтнүүдийн эгнээнд шилжих байсан, ядуу гэр бүлийн, эцэггүй, хүсээгүй хүүхдүүд ийнхүү алга болсон хэрэг. 1973 оны шийдвэрийн дараа аборт хийх газарт урт дараалал үүсээ биз.

Бид хулгайч, худалч, аймхай, хулчгар, амиа хичээсэн бүх муу муухай зан чанар удамшдаг юм шиг ойлгодог. Бараг ихэнх нь батлахаар хоосон гараа зангидан дайрах байх. Гэхдээ түр хүлээ. Танд ямар ч нотлогоо алга. Харин ч эсрэгээр. Нөгөө талд нь дүүрэн нотлох баримт байна.

Сэтгэл зүйч нар олон жилийн турш гэр бүлийн хүмүүжил хүний төлөвшилд ямар чухал нөлөөтэй болохыг судлаж нотлосон. Багадаа хүнд хэрцгий харилцаатай гэр бүлд өссөн хүүхэд том болоод ямар хүн болдогийг маш сайн тогтоосон. ХҮЛЭЭ! энд бид ген, удамшил яриад байна уу --- эсвэл орчин яриад байна уу??!!! Бод.

Хурдан сэтгэдэг; сэтгэлийн хөөрөл ихтэй; удаан нухацтай боддог; сэтгэл хөдлөл удаан; тооцоолон бодох чадвар сайтай; хүнтэй харилцах чадвар сайн; ургуулан бодох чадвар сайн боловч хүнтэй харилцах чадвар сул гэх мэт маш олон удамшдаг; генээр дамжиж орж ирдэг тархины хувилбарууд бий.

Сэтгэлийн хөөрөл ихтэй хүнээс сэтгэлийн хөөрөл ихтэй хүүхэд төрдөг нь үнэн. Харин хулгайч хүнээс хулгайч хүүхэд төрдөг юм уу?

Дээрх бүх зан чанарт ямар нэг буруу, муу зан чанар байна уу? Аливаа юмыг удаан, нухацтай боддог хүн хулгайч болдог юм уу? Эсвэл эсрэгээр сэтгэлийн хөөрөл ихтэй хүн л сайн уран илтгэгч болж чаддаг юм уу?

Бид андуураад байна. Бид маш олон зүйлийг мэддэг юм шиг, шууд дүгнэлт хийсэн байдаг. Түүний нэг классик жишээ нь "Хүүхээ удам судрыг нь хараарай" төөрөгдөл юм.

Хүн л хар, цагаан гэж ялгах програмчлалтай болохоос биш орчлон ертөнцөд хар болон цагаан нь нэгэн дор бие биенээ тэтгэн эвцэлдэн оршдог. Хүний тархи харин эсрэг тэсрэг гэж хараад байдаг болохоос биш үнэндээ энэ нь төгс зохицол байхыг бид бүх зүйлсийн жишээн дээр харж болно.

Хятадуудын яриад байдаг Иен - Ян - буюу манайхны хэлдэгээр Арга-Билиг гэдэг нь ийм л учиртай. Хар бол хар биш, цагаан бол цагаан биш. Гэхдээ саарал гэж байхгүй.

Үүнтэй адилаар сэтгэцийн өвчлөлтэй хүүхэд л төрчихөөгүй бол удаан боддог учраас муу (сайн эрсдлийн менежер), сэтгэлийн хөөрөлтэй бол муу (сайн урлагийн хүн), хурдан сэтгэдэг бол сайн (тооцоолон бодох машин) гэсэн ойлголт байхгүй. БҮГД САЙН. БҮГД ӨВӨРМӨЦ. Хэн нь ч тэрбумтан болж болно. Хэн нь ч хулгайч болж болно.

Хулгайч, худалч байдал бол орчны нөлөөлөл болохоос биш генийн удамшил биш юм.

Бүх хүүхдийг, аль ч хүүхдийг хүчтэй, чадалтай, өглөгч, өгөөмөр, хариуцлагатай болгож өсгөж болно.

Хариуцлага цус дамждаггүй. Хүмүүст өгөх хэрэгтэй гэдэг мэдрэмж ген дамжихгүй. Үүнтэй адил хулгайч ген дамжихгүй. Харин хулгайч айлд өсвөл хулгайч л болно шүү дээ. (Цөөхөн тохиолдолд нурман дотроос жинхэнэ очир алмаз гарах тохиолдолд байдаг - яагаад ч юм буруу зүйлийг дэргэдээс нь хараад гэнэт сэрж жигссэн, хожмоо дэлхийн лидер болсон хүмүүс байдгийг бас хэлэхгүй өнгөрч болохгүй. Гэхдээ ихэнхэд нь ийм хувь заяа ногдолгүй живдэг.)

Энэ ардын төөрөгдөл ихэнхдээ үнэн байгаад байдаг нь "удам судар сайтай" айл зөв хүмүүжил олгож чадаад байгаатай л холбоотой болохоос ген, удам дамжаад байгаа юм үгүй.

Номын айлд, номонд дуртай, төлөв даруу, мэдлэг, ухааны хойноос хөөцөлддөг хүүхэд төлөвшиж хүмүүждэг. Төрдөг юм биш.

Чинээлэг айлд өөртөө итгэлтэй, айдас хүйдэс багатай хүүхэд өсч хүмүүжинэ. Төрдөг юм биш.

Эндээс авч үзвэл бид Монголын 1 сая бяцхан үрсийг бүгдийг нь Хүчтэй, чадалтай, өглөгч, өгөөмөр, хариуцлагатай, шудрага, ёс зүйтэй хүмүүс болгон бүтээж чадна. Тэрийг тоо заагаад, үсэг цээжлүүлээд болгодог юм биш.

Аборт хийлгэхийг зөвшөөрөх нь гэмт хэрэгт буурах үндсэн шалтгаан байсан боловч мэдээж тэнд эмэгтэй хүний хүсээгүй хүүхдээ тээхгүй байх эрхийн асуудал яригдсан. Энэ асуудал одоо ч маргаантай. Асуудлын гол нь бяцхан үрсийн амьдрах орчинг зөв бүрдүүлж чадвал бид хүн бүрийг дэлхийн лидер болгон өсгөж чадна.

Friday, March 10, 2017

Мал уу, Хүн үү: Би хэн бэ?

2487 жилийн өмнө төрсөн Сократ үнэн мөнийг хайж философидсоныхоо төлөө "иргэдийн санаа сэтгэлийг үймүүллээ" гэдэг шалтгаар шүүхээс цаазын ял сонссон. Шавь нар нь түүнийг оргуулахаар очсон ч тэрээр "үнэн мөнийг хайх эрхээ хаалгаснаас үхсэн нь дээр" гээд хөнөөгдсөн байдаг.

Энэ бол философич хүний үнэн, зөв, мөн чанарын төлөөх тууштай тэмцлийн жишээ юм.

Өнгөрсөн 2487 жилийн хугацаанд хүн төрлөхтөн огтхон ч өөрчлөгдсөнгүй. Гар утас барьж, ганган хувцас өмсч, хурдан онгоц хөлөглөсөн боловч харанхуй, төөрсөн байдал нь яг л ижил байна.

Фундаментал сургуулийг дагагч нар тасралтгүй хүний мөн чанар, өөрсдийнхөө амьдралын учир шалтгааныг хайж байх учиртай.

Хөгжлийн онол гэхээр үндсэндээ ХҮНИЙ асуудлыг л ярина гэсэн үг. Хүн өөрөө хөгжих дизайнтай амьтан. Нөгөө талаас энэ хөгжлийг хойш нь чангааж байдаг чанаруудтай.

Үүнийг ойлгохын тулд хүн гэж амьтны мөн чанарыг бид ойлгох ёстой.

Мөн чанарыг нь задлаад үзэхээр амьтан мөн чанар, хүн мөн чанар гэсэн үндсэн хоёр эсрэг тэсрэг хүчин үйлчилж байгааг бид амархан мэдэж болно.

Хүн бол эхлээд амьтан байсан. Олон сая жил хувьсаж өөрчлөгдөөд саяхан л хүн болж яваа амьтан. Тийм учраас бидний далд болон ил ухамсараар дүүрэн амьтан мөн чанар шингэсэн байгааг юуны өмнө сайтар ойлговол зохино.

Гагцхүү үүнийг ойлгож, ялгаж харж байж л хүний хүн мөн чанарыг гаргаж ирэх, та бүгд өөрсдийн амьдралын утга учрыг ойлгох бололцоотой болно.

Бид бүгд залхуу. Гэтэл залхуу гэдэг бол хөгжил дэвшлийн эсрэг зүйл. Энэ залхуу гэдэг зүйлийг бид буруу л гэж хардаг болохоос мөн чанарыг нь таньдаггүй.

Фундаментал сургуулийн суралцагч бид нар аливаа юмс үзэгдлийн шинж чанарыг биш мөн чанарыг ухаж таних үндсэн зарчим баримталдаг билээ.

Залхуу бол буруу биш. Залхуу бол харин бидний далд ухамсарт байгаа мөн чанарын шинж чанар юм.

Амьтан мөн чанараа ухаж ойлгохын тулд амьтадыг авч үзье. Амьтад амьд гарах, үр төлөө үлдээх гэсэн үндсэн хоёр мөн чанар дээр суурилж байдаг гэж бодъё. Тэгвэл энэ бол амьтадын мөн чанар юмаа гэж тодорхойлоё.

Тэгвэл бидэнд энэ мөн чанар байна уу? Байна!

Амьд гарахын тулд бид хамгийн хямд, хялбар аргыг эрэлхийлэхээр програмчлагдсан. Залхуурал бол тэрний илрэл. Үнэхээр аминд тулсан шаардлагагүй байхад ойлгомжгүй үйлдэл хийгээд л энергиэ бараад сууж байдаг амьтан гэж байх уу.

Арслан барс дайраад орж ирэхэд амь насаа хамгаалж, амьд үлдэх хүчтэй зөн бидэнд суусан байдаг. Тухайн үедээ хэрэгтэй байсан учраас бид энд өнөөдөр сууж байгаа. Гэхдээ өнөөдөр бидэнрүү арслан барс дайраад байгаа юм алга. Энэ бидэнд нэг үе хэрэгтэй байсан мөн чанар одоо янз бүрийн залхуурал, айдас, амин хувиа хичээлт, өөрийгөө бусадтай харьцуулах үзэл, хариуцлагаас зугатах хандлага, бусдыг чичлэх зан, ахиуг нь өөртөө хусах сэдэл гэх мэт үй түмэн бохир заваан зан чанар болон илэрч гарч байна.

Залуу гэр бүл салалт Америкт бараг 50 хувь хүрсэн гэж байгаа. Яагаад.

Өнөөх л амьтан мөн чанартай холбоотой. Үр төлөө үлдээх гэдэг бол амьтадын, тэр тусмаа хүн амьтаны мөн чанар. Эсрэг хүйстнээ хараад шохоорхоно гэдэг бол амьтан далд ухамсартай ихэвчлэн холбоотой.

Олон гэр бүл анхны харц (хоёр амьтан бие биенээ харсан л харц - тэрнээс нэг хараад итгэл үнэмшил, зан төлөвийг тодорхойлох боломжгүй), дурлал, шохоорхол дээр үндэслэсэн сэтгэл хөдлөл, цаашдаа ичсэн хүн хүн ална гэдэг аксиомд захирагдаж суусан байдаг. Гэтэл эцсийн эцэст бид амьтан биш хүн л учраас, үзэл бодол, итгэл үнэмшил, хэв маяг, сонирхол зорилгын ялгаа гарснаас болж салдаг. Амьтад байсан бол салахгүй тэр чигтээ явах л байх.

Дашрамд хэлэхэд Ромео Жулиетта хоёр хэрэв тэр орой амь алдалгүй цаашид үргэлжилэн амьдарсан бол бараг 50 хувийн магадлалтай сэтгэл ханамжгүй салах байж. Ичсэн хүн хүн ална гэдгийн учир нь хэрэв хоёр талын эцэг эх дургүйцэх маягтай байвал дурлалын хүч хэд дахин нэмэгддэг гэж судлагаа гарсан байдаг. Энэ бол амьтан мөн чанарууд яваад байнаа л гэдгийг харуулж байгаа хэрэг.

Тэгэхээр бид амьдралын ханиа сонгохдоо амьтан мөн чанартаа удирдуулж, догдолж, яарч, бодлогогүй шийдвэр гаргах биш харин хүн мөн чанар дээрээ суурилж шийдвэр гаргавал гэр бүл салалт яаж багасах вэ гэдэг нь ойлгомжтой харагдана.

Шохоорхол, дурлалыг (амьтан мөн чанар, үр удам үлдээх, хавьтах зөн) Хайр, итгэлцэл, хүндлэлээс салгаж ялгах ухааныг 14-тэй, 15-тай залуу үед суулгачихад л хангалттай. Боловсролын систем, дунд сургууль ийм зүйлд л зориулж оршдог. Тэрнээс логарифм заах, математикийн олимпиадад медал авах бол 178 дугаар асуудал юм. Тооны олимпиадад түрүүлсэн хэрнээ буруу хань сонгоод хүүхэд өнчрүүлсэн хичнээн хүн байдаг юм. Амьтан мөн чанартаа дийлдэгдэхэд тэр математикч тоочин байх, харвардад магистр хамгаалсан ямар ч нэмэр болохгүй.

Хүн философич байж л амьтан мөн чанараа, хүн мөн чанараараа дарангуйлж, дийлж чадна.

Би ажилд авахдаа горилогчдоор эссэ бичүүлдэг. Маш олон хүн хань ижилтэй болоод үр хүүхдээ үлдээсэн/үлдээх маань миний амьдралын хамгийн том амжилт гэж бичдэг. Арслан ч, сармагчин ч, бүх л амьтан тэгдэг. Би амьд үлдэх, үр удмаа үлдээх хүнийг оруулаад бүх амьтанд байдаг мөн чанарыг туйлын ихээр хүндэтгэж үзэж, ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Харин хүн болохынхоо хувьд юугаар ялгарах гэж байна даа?

Би хэн бэ? асуултынхаа хариултыг цөхрөлтгүй хайж, хүний хүн мөн чанарыг илрүүлж, өөрийн амьтан мөн чанараа дарж авах их ажилд шамдаж байгаа нийт философичиддоо амжилт хүсье.

Sunday, March 5, 2017

Сонирхлын Зөрчил: Conflict of Interest

Хэдэн жилийн өмнө миний бие Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн байв.

Мөнгөний бодлогын зөвлөл бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж эдийн засгийн суурь хүүг өөрчлөх шийдвэр гаргадаг хурал юм. Шийдвэр гаргах ч гэж дээ, шийдвэрийг нь Монголбанкны ерөнхийлөгч гаргаад, харин энэ хурлаас зөвлөмж л гардаг юм.

Гэвч тун удалгүй намайг банкинд ажилд орсон гэсэн шалтгаанаар мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн байхыг болиулсан билээ.

Энд би Монголчууд бидний, чөлөөт зах зээлийн маш олон ойлголтыг яаж буруу ойлгож, буруу тайлбарлаж байдгийн зөвхөн нэг жишээг Сонирхлын зөрчилөөр авч яръя.

Чөлөөт зах зээл 800 гаруй жил хөгжсөн. Ер нь бол хүн үүссэн цагаас л зах зээл гэдэг юм үүссэн боловч (социализмаас бусад үед худалдаа наймаа чөлөөтэй байсныг сануулах юун) 800 орчим жилийн өмнө Италид орчин үеийн банкны систем хөгжиж эхэлсэнээр орчин үеийн чөлөөт зах зээлийн үндэс тавигдсан гэж ярьж болох юм.

Энэ урт удаан хугацаанд олон улс орон, олон систем нуран унаж байсан боловч чөлөөт зах зээлийн тогтолцоо харин тасралтгүй хөгжиж, нэг улс орны алдаанаас бэхжиж нөгөө улс оронд очихдоо улам боловсронгуй болсоор байлаа.

Энэ дунд зах зээлийн Эдийн засгийн бөгөөд Философийн мөн чанарууд нь тун гүн гүнзгий бэхжсэн билээ. (Аливаа юмс үзэгдэл эдийн засгийн ба философийн гэсэн хоёр мөн чанараар бүрэн тайлбарлагдана гэж би өмнө нь бичсэнийг олж уншаарай)

Харин чөлөөт зах зээлийн талаар ердөө 1990 оноос эхлэн ойлголт авч байгаа бидний хувьд эдгээр эдийн засгийн болон философийн мөн чанарыг нь ойлголгүйгээр дур мэдэн тайлбарлах нь элбэг. Тэдний нэг бол Сонирхлын зөрчил билээ.

Эхлээд сонсоход (сонирхлын зөрчил гэж юу вэ гэдгийг үнэн хэрэгтээ хаанаас ч уншаагүй, гэхдээ л мэдээж юм шиг санагдах хүний хувьд) эргэлзээгүйгээр банкны захирал хүн, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн хийж таарахгүй - асар том сонирхлын зөрчилтэй сонсогдоно.

Энэ нь 2 шалтгаантай.

1. Мөнгөний бодлогын ажил үүргийг сайтар ойлгоогүй учраас.

2. Профессионал гэдэг ойлголт манайд 1990 оноос хойш устаж үгүй болсон учраас.

1-р асуудлын хувьд - энэ бол энгийн логикийн асуудал юм. Эдийн засгийн суурь хүү нь цаашлаад Хадгаламж, Зээлийн хүүнд нөлөөлж, улмаар эдийн засгийн нийт өсөлт бууралтад эерэг сөрөг нөлөө үзүүлж байдаг энгийн зүй тогтолтой. Тэгвэл энэ эдийн засгийн суурь хүүг тогтоох зөвлөлд хадгаламж, зээлийн институтын төлөөлөл суухгүй өөр хэн сууж таарах вэ.

Жишээ нь Америкийн төв банк 12 салбар төв банкаас бүрддэг. Эдгээрийн хамгийн том нь болох Нью Йоркийн төв банкны удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхийг арилжааны банкны удирдлагууд бүрдүүлдэг. Өөр хэн бүрдүүлэх ёстой юм бэ? Эмч нар, инженерүүд үү? Энэ төв банкнаас гарч байгаа шийдвэр харилцагчидад нь яг яаж нөлөөлөхийг хамгийн сайн мэдэх хүмүүс л бүрдүүлж таарахгүй юу.

Энгийн жишээ авъя. Барилгын яам дэргэдээ Монгол улсын барилгын салбарыг хөгжүүлэх зөвлөл байгуулжээ. Гишүүд нь хэн байх вэ? Сонирхлын зөрчилгүй байх үүднээс Баахан банкирууд, багш нар, барилгатай холбоогүй хүмүүс байх уу? Эсвэл барилгын компанийн захирлууд байх уу?

Энэ бүгдийг уншсан ч гэсэн л бидний дотор нэг "хар" яваад байна аа даа. Энэний учир их энгийн. Бид 1990 оноос хойш профессионал хүн байдаг гэдэгт итгэхээ больсон - бүх хүнийг хувьдаа юу хусч байгаа бол гэж хардах болсонтой холбоотой.

2-р асуудлын хувьд - энэ Америкчууд яагаад төрийн төв банкныхаа удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхоор хувийн арилжааны банкны хүмүүсийг тавьчихав аа?

Учир нь их энгийн. Чөлөөт зах зээлийг бэхжүүлдэг, авч явдаг, хайрлан хамгаалдаг хүч нь төр байдаггүй. Харин энэ зах зээлийн эрэг шураг болсон профессионалууд байдаг юм. (мэргэжилтэн гэж ойлголтоос өргөн ойлголт юм)

Монголд нягтлан бодогчоор төгссөн, олон жил ажилласан хүн өөрийгөө нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэжилтэн гэж боддог.

Тэгвэл профессионал нягтлан бодогч бол зөвхөн мэргэжлийн мэдлэг, туршлагатай байгаад зогсохгүй МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ хүн юм. Тэр мэргэжлээ хайрладаг. Нийгмийн өмнө өөрийнхөө нэр төрөөр хариуцлага хүлээж чаддаг хүнийг профессионал гэж хэлээд байгаа юм.

Бараг тэртээ дээр сүйрч мөхсөн үлэг гүрвэлийн тухай бичсэн юм шиг уншигдаж байгаа биз. Үнэн. Манай нийгэм ингэтлээ ухамсарын доройтолд орчихоод байгаа юм. Гэхдээ ийм профессионалууд Монголд цөөхөн ч гэсэн байгааг баттай хэлье.

Америкт бүх мэргэжлийн холбоод байдаг. Энэ холбоо нь тухайн мэргэжлийнхээ ёс зүйг авч явдаг. Хэрэв холбооны хэн нэг гишүүн ёс зүй зөрчвөл тэр гишүүний өмнө бүх үүд хаалга хаагддаг. Манайд харин ямар ч холбоо байхгүй, ёс зүйн зөрчил гаргасан хүн хожоод, баяжаад явахаас зах зээлээс арчигддаггүй. Ийм газар зөв яваа хүн буруу харагдаж, буруу яваа хүн зөв харагддаг нь жам.

Тухайн мэргэжлийн хүрээлэлдээ өндөр байр суурь эзэлсэн, өндөр ёс суртахуунтай, нийгмийн өмнө чухал үүрэг гүйцэтгэдэг, ард түмний сайн сайхны төлөө алд биеэ зориулдаг профессионалууд улс орныг авч явдаг болохоос улс төрчид улс орныг авч явж, хөгжүүлж байсан түүх дэлхийд байдаггүй билээ.