Sunday, June 3, 2018

Тархины тураал 2: Бид яагаад хөгжихгүй байна вэ





ТАРХИНЫ ТУРААЛ II

Саяхан сантехникч дуудаж холигчоо солиулав. Гэтэл улаан тэмдэглэгээ нь хүйтэн ус, цэнхэр нь халуун ус байхаар тааруулжээ. Тэгээд бодлоо, нээрэн бид байнга л хаа нэгтээ улаан-цэнхэрийг нь солиж тааруулсан холигчтой таарч будилдаг. Гараа түлчих гээд л. Эсвэл цэл хүйтэн ус. Монголд л ийм байдаг байх гэмээр. Энэ бол сэтгэл дутсаны шинж. Улааныг нь халуун, цэнхэрийг нь хүйтэн усанд тааруулахад нэмэлт зардал, ажил гарахгүй шүү дээ. Бусдыг гэх буюу ӨГӨХ сэтгэл л дутлаа.

10 гаруй жил гүйцэтгэх захирлын ажил хийжээ. Олон ч хүн ажилд авч дээ. Харин ажилд авах ярилцлаганд "Би танай компанид ийм хувь нэмэр оруулъя" гэж ярихтай тун ховор таарлаа. Оронд нь "Надад хэдэн төгрөгний цалин өгөх вэ", "Надад ямар албан тушаал өгөх вэ", "Би удахгүй гадаадад сургуульд явна, танайд түр л ажиллая" гэх мэтээр зөвхөн АВАХ, АВАХ бас дахин АВАХ тухай л сонслоо. Бас л амьдрал эхлээд ӨГӨХ, харин хариуд нь АВАХ зүй тогтолтой гэдгийг ойлгоогүй дээд боловсролтой хүмүүс. "Би танайд ийм орлого, ийм ашиг, ийм зүйл хийж өгье, хариуд нь харин та нар ямар албан тушаал, ямар шагнал өгөх вэ" гэж асуувал л эрүүл сонсогдож байгаа биз.

Гадаадад магистр хийсэн л бол мундаг гэж бодож тийм хүмүүсийг хайж явсан үе бий. Гэтэл яг ажилд аваад бизнесийн хүндрэл, эрсдэл дундуур зүтгээд үзэхээр ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг юм болох нь олон. Мэдээж бүгд биш л дээ. Эхэндээ тэр гадаадад нь юм заадаггүй юм болов уу гэж гайхаж боддог байв. Одоо харин учрыг нь олсоон. Амьдрал АВАХ дээр биш харин ӨГӨХ дээр тогтдог юмаа гэдгийг баруунд цэцэрлэг, дунд сургуульд нь заадаг. Харин их сургууль нарийн мэргэшил л олгодог. Гэтэл Монголоос амьдрал бол АВАХ, АВАХ, АВАХ юмаа гэж ойлгосон залуучууд тэнд магистр хийгээд яах билээ. АВАХ, АВАХ, АВАХ философи дээрээс нь жаахан англи хэл, биеэ тоосон байдал, чадахгүй байж өөрийгөө их юманд бодсон сэтгэл нэмэгдээд ирэхээр юу болох вэ. Ойлгомжтой. (Бүгд биш шүү, олонх нь, дахин хэлье)

Олоон жилийн өмнө УИХ-н гишүүн тойргийнхоо иргэдтэй уулзах зар аваад, очиж сууя гэж бодлоо. Ихэнх нь өвөө эмээ нар. За тэгээд санал хүсэлт эхэллээ. Би тэр уулзалтаас маш их цочирдож гарсан. Олон жил надад тэр явдал сэтгэлийн шарх болон бодогдсоор байж билээ. Яагаад гэвэл тэр өвөө эмээ нараас нэг нь ч үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүй, сайн сайхны талаар хүсэлт тавиагүй юм. Зөвхөн БИ, БИ, БИ,,, НАДАД ЮУ ӨГӨХ ВЭ. Миний бодлоор аливаа хүн өөрийнхөө амьдралыг үр хүүхэддээ ӨГЧ дуусах учиртай. Энэ амьдралаас өчүүхэн бие хүнд аваад байх юм бага. УИХ-н гишүүн ч зайлуул ганц хоёр даалуу тоглох саравч маравчханы өртэй болоод л гарах шиг болсон.

Сүүлийн үед би ингэж бодох болсон. Ер нь Монгол хүн болвоос үр хүүхэд, ирээдүй хойчынхоо талаар огт санаа тавьдаггүй нэгэн болжээ гэж.

Монгол судлаач Майский хэмээгч "Монголчуудын оюун санааны хамгийн гол хэв шинж нь НАЗГАЙ байдал мөн" гэж бичсэн гэдэг.

Угтаа мань эр бидний тархины тураалыг л хэлж байгаа хэрэг.

Назгай гэдэг бол Ирээдүй байхгүй, ирээдүйгээ огт харахгүй л гэсэн үг. Ирээдүйдээ санаа тавьдаг, ирээдүйгээ хардаг, ирээдүйгээ сайн сайхнаар цогцлоох гэж зүтгэж буй хүн яав ч НАЗГАЙ харагдахгүй.

Ирээдүйн төлөө амьдрана гэдэг бол ӨГӨХийн ухаан. Өөрийн өнөөдрийн амьдралаа ирээдүйн төлөө цөлнө л гэсэн үг.

Монгол хүний тархины тураал бол өнөөдөр АВАХ философи мөн. Зөвхөн өнөөдрөөрөө, өнгөрснөөрөө амьдарч буй хүн л АВАХААР чичрэн дайрдаг. Харин ирээдүйн төлөө амьдарч буй хүн ӨГЧ чаддаг.

Хүмүүсийг хүүхэд байхаас нь ӨГӨГЧ болгон хүмүүжүүлж болно. ӨГӨГЧ хүн амьдралд амжилт гаргаж, аз жаргалтай амьдардагийг Буддизмаас эхлээд Христ, Харвардын эрдэмтэдээс эхлээд Колумб хүртэл бүгд нотлосон. Иймийн тулд илжирч муудан, солиоролд автсан боловсролын системээ бүхэлд нь реформ хийж, үр хүүхдүүдийг минь ӨГӨГЧ болгон хүмүүжүүлдэг болгохоос нааш Монгол улс хөгжихгүй.

Нууц Товчоонд Жамуха хэлдэг "Монгол хүний ЗА нь андгай бус уу" гэж. Өөрөөр хэлбэл Монгол хүн за л гэж хэлбэл тэр нь андгай тангарагтай ижил байжээ. Харин орчин үеийн Монгол хүнийг 800 жилийн өмнөх энэ монгол хүмүүстэй харьцуулбал инээдтэй сонсогдох байх.

Дээхнэ ажлын шугамаар дэлхийн гигант Стандарт Чартеред банкны Африк хариуцсан гүйцэтгэх захиралтай уулзаж танилцсан юм. Тэрээр Пакистан хүн байсан бөгөөд уулаар нутагладаг овогт харъяалагддаг аж. Тэр хүн манай овгийнхон "Монгол эр шиг сайн хүн" гэж хэлдэг гэж билээ. 800 жилийн өмнөх байлдан дагуулалт, түүнээс хойш нутгийнханд уусч дуусах хүртэл 150-200 жилд Монгол хүмүүс ийм л нэр алдар үлдээжээ. Гэтэл бид ямар байдалтай байна?

Цаг барих гэдэг бол Япон хүний таних тэмдэг. Яг таг байна гэдэг бол Герман хүний таних тэмдэг. Хөдөлмөрч байна гэдэг бол Хятад хүний таних тэмдэг. Япончуудын түүх, Германчуудын түүхийг харж байхад тэд сүүлд л ийм болсон мэт.

Хэвлэл мэдээлэл харж байхад Монгол хүний сайхан чанарын хайгуулд бид мордоод уджээ. 90-ээд он, 2000-аад онд гүндүүгүй Монгол хүн, Монгол хүний уужуу зан гэх мэтээр өөрсдийгөө тодотгохыг оролддог байсан бол одоо бүүр ОРК болоод явж байх шиг байна. Мөн саяхан твиттер харж байхад Монгол хүний identity - буюу таних тэмдэг юу вэ гэх мэтээр залуус их ярилцаж хайсаар байх шиг байна.

Би харин эсрэг бодолтой байна. Байхгүй сайхан чанарыг хайх нь утга учиргүй утопи зүйл. Түүний оронд Монгол хүн ямар болох вэ, ямар болж болох вэ, дэлхийд хэрхэн танигдах зорилт тавих вэ гэж ирээдүй цаг дээр яримаар байна. Одоо байхгүй, эсвэл байж байгаад алга болсон зүйлийг хайгаад яах вэ дээ.

Харин бий болгох, буй болгох асуудлыг ярилцмаар байна. Зорилго, хугацаа тавиад дайрмаар байна.


Жич: Тархины Тураал хэмээх хэллэгийг гаргаж ирсэн нэр нь үл мэдэгдэх хүмүүнд талархал илэрхийлье.