Saturday, February 13, 2010

Grand hypothesis II - cycle theory

Хүний амьдрал ертөнцийн цагаар нүд ирмэж амжаагүй байхад дуусдаг. Тийм ч учраас хүн гэдэг амьтанд "том зургийг" харахад хүндрэлтэй байдаг биз. Түүний хувь тавилан нь ертөнцийнхтэй харьцуулахад дэндүү "богино".

Хувь тавилан гэдгийг бид цикл гээд нэрлэчихэж болно. Хэрэв хувь тавилан цикл юм бол түүний график доорх шиг харагдана.

Ертөнцийн үйл явцын цикл -график



Хугацаа
Бидний (бид гэдэг нь энэ удаа хүн, амьтан, уул, гариг, од) оршихуй нь үндсэндээ хоёр (3-4 байж магадгүй) хэмжээсээр илэрхийлэгддэг билээ.

1-нь. бодит хэмжээс буюу 3 хэмжээс юм. Энэ нь урт, өргөн, өндөр болно. Энэ хэмжээс нь аливаа эд зүйлсийн (хүнийг оруулаад) биет хэмжээсийг харуулна.

2-нь. үйл явцын хэмжээс буюу хугацаа юм. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүй болно.

Энэ 2 хэмжээс бие биенээс тусдаа оршихгүй. Тийм учраас ертөнцийг 4 хэмжээстэй (урт, өргөн, өндөр, хугацаа) гэж хэлдэг.

Ертөнцийн хувьд хугацаа зогсдоггүй, бидний мэдэж байгаагаар давтагдаагүй байна. Цаг хугацаа зогсдог байж болно, хэрэв тэглээ гэхэд тэр нь биднийг оршин тогтноогүй үед тохиох учир бидэнд хамаарахгүй.

Хугацаа өөрөө чиглэлтэй. Үүнийг Улаанбаатраас Дархан орохоор явж буй машинтай зүйрлүүлж болно. Тэр машины биет хэмжээс нь түүнийг урт, өргөн, өндөр болгож харагдуулах бол тэр машины явж буй чиглэл нь түүнийг утга санаатай болгоно. Өөрөөр хэлбэл оршин тогтнох шалтгаан - оршихуйтай болгоно.

Тийм учраас хугацаа гэсэн хэмжээс байхгүй үед биет хэмжээс огт утгагүй (зорилгогүй) болох юм.

Цаг хугацаанд зорчиж болох уу?
Хугацааны хувьд түүх хэзээ ч давтагддагүй. Түүх яагаад давтагдаж байгаа юм шиг санагддаг вэ.

Түүх давтагддаггүй харин түүхийн хэмнэл (цикл)- "график" давтагддаг байна. Энэ нь түүх давтагдаж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг.

Өнөөдрийг хүртлэх бидний гайгүй мэдэж байгаа ертөнц (нарны аймаг, дэлхий, хүмүүс) нь тодорхойгүй хугацааны өмнө эхэлсэн маш олон үйл явдлуудын үр дүн. Үйл явдал бүр өмнөх үйл явдал дээр суурилдаг учир тасралтгүй цикл маягтай явдаг. Өнөөдөрт өчигдөр нөлөөлсөн байдаг гэсэн үг. Нэгэнт өчигдөр өнгөрөөд түүний үр дүнд өнөөдөр болсон учраас дахиад өчигдөр болох боломжгүй. Яагаад гэвэл өнөөдрийн дараа маргааш болдог тийм циклтэй юм.

Ертөнцийн хувьсал хөгжил нь хугацааны чиглэлийн (өнгөрснөөс - ирээдүй) дагуу явдаг.

Ертөнцийн оршин тогтнолын үндэс нь тэгш хэм (equilibrium) байна. Тэгш хэм нь хууль маягтай үйлчилдэг.

Тэгш хэм байнга хадгалагдана. Тиймээс цикл нь өөрөө бас тэгш хэмтэй явагдана. Энэ үйл явцын циклийг хүмүүс хувь тавилан гэж нэрлэдэг.

Харин тэгш хэмийн "тэнцвэрт цэг" (balancing point) циклийн аль хэсэгт яваагаас хамаарч өөрчлөгдөж байна.


Амьтай амьгүйн холбоо
Хүмүүс амьтай ба амьгүй зүйлсийг тусад нь авч үзэх гээд байдаг. Гэтэл амьтай ба амьгүй зүйлс нь хамтдаа ертөнцийн хэсэг гэдгийг мартаж болохгүй юм. Эд хамтдаа хувьсаж өөрчлөгдөж байдаг.

Амьд бүр дээр ойлгож мэдсэн зүйлс нь амьгүй зүйлст хамаарах эсэх нь харин тодорхойгүй юм. Энэ тал дээр шинэ хууль нээх шаардлагатай нь ойлгомжтой.

Тухайлбал нэг уулыг онголоод шүтдэг гэж бодоход овоо хэдэн мянган жилийн өмнө тэр уул байгаагүй шүү дээ, дахиад хэдэн мянган жилийн дараа бас тэр уул байхгүй болно.

Хүйн холбоо гээд яриад байдаг нь санамсаргүй учиртай. Яагаад гэвэл ертөнцийн үйл явцын циклд амьд хүн, амьгүй байгаль (ангараг дээрх байгалийг бас оруулаад) цугтаа, салшгүй оролцдог билээ. Хүн амьгүй байгалийн дэд циклд хэт их нөлөө үзүүлбэл эргээд ертөнцийн үйл явцын циклд нөлөөлөх "аюултай". (Би 10,000-50,000 жилийн дараа болж магадгүй юмыг ярьж байна)

Хүний цикл
Хүн төрлөхтөн ертөнцийн хэсэг мөн. Тиймд хүн төрлөхтөн ертөнцийн циклийг даган хувьсана.

Хүмүүс хамтдаа амьдардаг бөгөөд тэр үзэгдлийг нийгэм гэж нэрлэдэг.

Нийгэм орших 2 үндсэн шалтгаан байна.
1. Синерги буюу 2 хүн нийлээд хийсэн бүтээмж нь тус тусдаа хийсэн бүтээмжээс ямагт илүү байх үзэгдэл.
2. Хүнд өөрт нь ашиггүй байхад бусад хүнд тус хийх гэсэн эрмэлзэл.

Ертөнц өөрийн түмэн дэд циклүүдтэй. Түүний нэг дэд цикл нь хүний нийгмийн цикл.

Хүний нийгмийн хувьсал өөрчлөлт нь ертөнцийн дэд цикл байх хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь хүний нийгэм ертөнцийн нэгэн үйл явц болж - түүнд нөлөө үзүүлдэг явдал мөн. (байгалийн бохирдол - сүүлт одыг устгах г.м)

Хүний нийгмийн супер цикл нь "эхлэлээс - сайн сайхан ирээдүй рүү" гэсэн цаг хугацааны чиглэлтэй. Үүний үндэс нь хүний ухамсарт оршин байх hope-р тэжээгддэг.

Хүн бүрийн амьдрал энэхүү супер циклийн сая сая дэд циклийн нэг хэсэг болж өнгөрдөг.
Хүн бүр энэ циклд үүрэгтэй оролцох бөгөөд тэр үүрэг нь дараагийн үед илүү сайн сайхан ирээдүйг бий болгоход чиглэгдэнэ.

Үүний баталгаа нь өнөөдрийн та бид. Хэрэв ийм байдаггүй байсан бол та бид өнөөдөр агуйд сууж байх байсан. Та бид бол тоймгүй олон өмнөх үеийнхэний хөлсөн дээр боссон циклийн "өнөөдөр" цагт "олимпийн бамбарыг" үргэлжлүүлж яваа нөхдүүд.

Яагаад ч юм хүн сайн сайхан ирээдүйг хурдан нааш нь авчрах "шуналтай". Хүн бас бусад хүмүүст хийж буй сайн сайхан зүйлээ улам ихэсгэх "шуналтай".

Яагаад ийм "шуналтай" нь мэдэгдэхгүй юм. Энэ нь цаг хугацааны чиглэлийг зааж байна уу эсвэл төгсгөл байгааг харуулж байна уу? Эсвэл ердөө л цикл бүрт байдаг суурь шинж нь юм уу.

Ертөнцийн цикл

Цикл хэзээ эхэлсэн хийгээд хэзээ дуусах эсэх нь тодорхойгүй. Ингэж хэлэх нь ч буруу.
Ер нь циклд эхлэл төгсгөл байх ёстой эсэх тухай хариуг мэдэх хэрэгтэй.
Хүний циклийн хувьд энэ нь харьцангуй амархан. "Эхлэлээс - сайн сайхан ирээдүй рүү" гээд маш амархан тодорхойлж болно. Мэдээж үүн дотор ч гэсэн тодорхойгүй зүйлс олон бий.
Ертөнцийн циклийг хүн төрлөхтөн илүү сайн таньж мэдсэнээр сэтгэлгээний шинэ шинэ хувьсгалуудыг гаргана.
Шашин байх эсэх тухай асуудал нэг мөр шийдэгдэх болно.
Хүмүүс арай илүү сэтгэл хангалууд амьдардаг болох юм.



Зураг дээрх хүний үнэлэмж нь сайн ба муу гэсэн чиглэлтэй боловч үнэндээ бодит ертөнцөд сайн ба муу гэсэн чиглэл үгүй.

Энэ нь хүн спиралийн чиглэлийг тайлбарлаж буй хэлбэр юм. Тухайлбал хүний үнэлэмжээр дэлхийн дулаарал нь муу боловч бодит ертөнцөд энэ нь ердөө спиралийн нэгэн үйл хөдлөл байх юм.

Гэхдээ нэгэнт спирал чиглэлтэй байгаа тул бид өөрсдийн ойлгоцоор тайлбарлаж болно. Яагаад гэвэл одоог хүртэл биднээс илүү ухамсарт тайлбарыг бид олоогүй учраас.

Tuesday, February 2, 2010

Биологичидоо! бэлдээрэй...

Биологичид болон химичид химийн урвалыг хурдасгах зорилгоор центрифуг, хурдасгагч термостат гэх мэтээс авахуулаад багажууд ашигладаг.

Тэгвэл яагаад би "амьдрал тэтгэгч" химийн элементүүдийн бөөгнөрөлөөс анх амьдрал яаж үүссэн түүнийг дахин давтах туршилтын талаар огт сонсоогүй байдаг билээ.

Биологичид Дарвины хувьсалын онолын талаар ярихдаа дээр үед амьдрал болхи байгаад бид хөгжиж явсаар одоогийн төвшинд ирсэн мэтээр яриад байдаг. Тэгвэл нөгөө 4 тэрбум жилийн турш нэг янзаараа байгаа бактери, мөөг тэргүүтэн, хамгийн хөгшин махчин акул зэргийн талаар юу хэлэх вэ. Би ердөө юу гэж хэлэх гээд байгаа гэхээр амьдрал бүр төгс юм байнаа. Вирус, бактери, хүн бүгд төгс юм байна. Орчны нөхцөл өөрчлөгдөхөд түүнд дасан зохицохоор өөрчлөгдсөн тал бол байна. Тэрнээс биш эхлээд нэг бөөгнөрсөн химийн элементүүд байснаа гэнэт химийн "бурханлаг" урвал явагдаж энгийн бактери үүсээд тэр нь тэгэж байснаа гэнэт боддог болоод босоод явсан гэхэд жаахан үндэслэл муутай л байгаа юм.

Эхлээд бид нар хий хоосон элементүүдээс зорилготой мэт амьдрал үүсч болж байгаа эсэхийг туршаад үзчихмээр байна.

Дараа нь вирусны учрыг олчих хэрэгтэй байгаа юм. Надад юу ойлгогдохгүй байгаа гэхээр вирус яагаад эзнээ (host) алдаг нь тодорхойгүй байгаа юм. Вирус мэдээж бактери шиг эсвэл мөөгөнцөр шиг биш тул эзэн үхээд тун удалгүй үхээд өгнө. Бас эзний эсрэг програмчлагдсан байгаа юм. Эзэн хөгжих тусам дагаж хөгжөөд байдаг.

Эсвэл энэ нь яг зөгнөлт кинонд гардаг шиг -- хүн төрлөхтөн дэлхийг устгадаг шиг тийм үзэгдэл юм уу?

Амьд организм өөрийгөө устгахын тулд үүссэн юм уу?

How to establish a confidence

Эртээд нэг уншигч өөртөө итгэх итгэлийг хэрхэн бий болгосон нь дээр вэ гэж асууж байсан.

Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг нь хэтрүүлбэл бүдүүлэг зан, дутагдвал сул дорой байдал болж хувирдаг учир нөхцөл байдал бүрт өөр өөрөөр тодорхойлогдох, заримдаа хүн бүрийн ойлгоц өөр өөрөөр хүлээж авах гээд байдаг хүндрэлтэй.

Өөртөө итгэх итгэлийн асуудлыг ярихаар итгэл үнэмшил - хайр сэтгэлийн асуудлыг ярих хэрэгтэй юм шиг байна.

Өөртөө итгэх асуудал гэхээр үйлдэл/ эс үйлдэл байж таарна. Аливаа үйлдэлийг хийхэд гарах үр дагавар, сэдэлийн асуудлууд.
Аливаа үйлдэлтэй хамаатай талууд нь үйлдэл хийгч өөрөө, үйлдэлийн нөлөөнд өртөж болзошгүй гуравдагч этгээд байх шиг. 1.рт үйлдэл хийгч өөрийгөө бие болон оюуны хувьд гэмтээх/зовоохоос халшрах асуудал 2.рт үйлдэл хийгч нь үйлдлээрээ бусдыг гэмтээх/зовоохоос халшрах гэсэн үндсэн хоёр сөрөг үр дагавар байж болох юм.

(Би энд угаасаа үйлдэл хийх сэдэлгүй хүний тухай авч үзсэнгүй л дээ. Үйлдэл хийх сэдэлгүй хүний хувьд өөртөө итгэх итгэлийн тухай ярих нь хэтэрхий эртэднэ.)

Энэ хоёр айдасын хүчин зүйлийг үгүй болгохын тулд хийж байгаа зүйлийн зөв гэдэгтээ итгэл үнэмшилтэй байх ёстой. Шал утгагүй, номлол шиг сонсогдож байгааг мэдэж байна л даа.

Эндээс бас "орос 3 синдром" буюу " "supposed" to be the smartest" гэсэн дутагдлын шок гарч ирнэ. Өөрөөр хэлбэл мундаг гэр бүлээс гаралтай, эсвэл мундаг сургууль төгссөн учраас миний ярьж байгаа зүйл бүр зөв байх ёстой гэсэн ёс бус логик гаргалгааг хэлэх гээд байгаа юм. Энэ нь тэнэгээ мэддэггүй тэнэг бол тэнэгээ мэддэг тэнэгээс хамаагүй "аюултай" гэдэг үг үүсэхэд хүргэсэн байх. Энэ найзууд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Supposed to be the smartest гэдэг ганцхан үнэт зүйлтэй, тэрнийхээ төлөө бусад бүх зүйлийг огоордог учраас нийгэмд маш хортой.

Хүн ер нь хэзээ өөрийн үйлдэлдээ итгэл үнэмшилтэй байдаг юм бэ? гэсэн naive асуултыг асуухдаа "Хэзээ үйлдэл бүр зөв байдаг юм бэ?" гэж асуувал их оновчтой. Хэзээ үйлдэл бүр зөв байдаг вэ гэхээр "Бусдын төлөө хийсэн үйлдэл бүр зөв байдаг юм". Яагаад гэвэл "Буруу хандлага гэж үгүй зөв үр дүн л гэж бий" учраас.

Тэгэхээр бусдыг хайрладаг хүн бусдын сайн сайхны төлөө өөрийн идеализмийг гаргаж ирэн элит болох сууриа тавина. Бусдын төлөө үйлдэл хийж эхэлсэнээр элит болж хувирна. Хэзээ хүн хайртай хүнийхээ төлөө үйлдэл хийхдээ эргэлзэж байлаа?

Өөртөө итгэлтэй хүний бас нэг шинж нь өөртөө итгэлгүй байх явдал юм байна гэж би урьд нь томъёолж байсан. Энэ яагаад тийм учиртай гэхээр - хүн хайртай хүмүүсийн төлөө үйлдэл хийхэд 2 үндсэн сорил (challenge) гарч ирдэг. 1 нь хайртай хүмүүсийн төлөө эерэг нөлөөллийг (positive impact) максимум болгох "шунал". 2 нь хайртай хүмүүсийг гэмтээхгүйн тулд болгоомжилж өөрийн үйлдэлийг байнга хянаж байх ухамсар буюу өөртөө итгэх итгэлээ байнга асууж байх явдал. Үүнийг доор дахин дахин батлана.

Тэгэхгүй өөртөө "хязгааргүй" итгэлтэй хүн байвал тэрнийг шууд сэтгэцийн өөрчлөлттэй гээд оношилчихож болно.

Өөртөө итгэлтэй байдлыг дотор нь салгаж үзэхэд илүүдэхгүй.

Өөртөө итгэлтэй харагдах байдал
Тухайлбал өөртөө итгэлтэй харагдах байдал нь тухайн хүн бусдад итгэл төрүүлэх асуудлын хувьд хурцаар гарч ирдэг. Ялангуяа лидер хийгээд явж байгаа хүний хувьд багийн гишүүддээ итгэл үнэмшил төрүүлэх нь зүйн хэрэг. Тэгэхээр зарим үед 100 хувь итгэлтэй биш боловч тийм юм шиг харагдаж багийн гишүүддээ итгэл өгөх асуудал байна.
Үүнийг лидер хүний эрсдэл хийх чадвар гэж ярьдаг.
Лидер хүн хэдийгээр тухайн үйлдэл амжилттай болно гэдэгт хэзээ ч 100 хувь итгэлтэй байдаггүй боловч 100 хувь итгэлтэй байгаа мэтээр багийн гишүүддээ харагдах үндсэн нөхцөл нь ---- тухайн үйлдэл бусдын сайн сайхны төлөө чиглэгдсэн байхад оршино.

Асуулт асуух чанар
Намайг багад арван жилд байхад эцэг эхийн хурал дээр нэг асуудлаар байнга баалдаг байв. Сурлагын хувьд муу байгаагүй болохоор тэр тал дээр асуудал үгүй. Харин багш нарын үгийг үг гэж тоодоггүй, олон юм асуудаг гэхчилэн эцэг эхийн маань чихнээс байнга хонх уядаг байсан юм. Эргээд бодоход би багш нарыгаа хүндлэхээ байсан эх захаа алдсан амьтан байсан гэж бодогддоггүй юм. Харин миний асуудалд шүүмжлэлттэй хандаж, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг байсан нь тухайн үед тиймэрхүү байдлаар орчуулагддаг байсан гэж санадаг юм.
Одоо манай залуучуудыг харж байхад нэг бол шалдаа бууж өгч шүтээд эсвэл ямар ч шалтгаангүй үгүйсгэх гээд дайрдаг дутагдал байна. Тэрний оронд өөрийн гэсэн дүгнэлтүүдийг яригдаж буй асуудлын хувьд хийж (хүнийх нь хувьд биш шүү) санал нийлэхгүй тохиолдолд хэрэлдэж биш хэлэлцэж асуудлыг ойлгож авахыг оролдох нь зүйтэй санагддаг.

Онгироо
Энэ их сонин үгээ. Би одоо болтол учрыг нь олдоггүй юм. Англи хэлний үгсийн санд бараг байхгүй (boastful) гээд хэлчиж болно. Байдаг байх гэхдээ Монголчуудын хэрэглэдэг шиг хэрэглэдэггүй юм. Бидний үед энэ нь бараг taboo маягийн юм байв даа.
Орчин үеийн хүүхдүүд бараг хэрэглэдэггүй байх гэж найдаж байна.
Угтаа бол намайг арван жилд байхад онгироо хүүхэд гэж өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, ололт амжилтаа бусадтай хуваалцдаг тийм хүнийг "жигшин" нэрлэдэг байсан шиг санагддаг. Тэр чанарууд нь библийн менталитигээр бол өөртөө итгэлтэй байдал юм уу даа.


Боловсрол
Боловсрол гэхээр бидний ухамсарт арван жил, их сургуулийн тоо математикийн хичээл буудаг. Үнэндээ боловсрол гэдэг зүйл бол хүн хэрхэн нийгэмд биеэ авч явахад бэлтгэгдэн төлөвшиж байгааг хэлдэг.
Зөвхөн Монгол ба "ах" Оросод л УИХ-ын гишүүд хүнийг тийм, ийм мэргэжилтэй гэж ярьдаг байх. Зөв нийгэмд бол хувь хүнийг ердөө нийгмийн үнэт зүйл, туршлага, track record, төлөвлөгөө гэсэн зүйлсээр төлөөлүүлж үздэг. Тэрнээс биш тэр их сургуулийг хэдэн мянган онц сайн муу хулгайч дээрэмчин лам улс төрч худалч санваартан хүмүүстэй нэг онд төгссөн нь тэр хүнийг тодорхойлоход огт ач холбогдолгүй.
УИХ-ын гишүүн болсон хойноо МУИС-ын хуульд оройгоор сурчихаар л хүн хуульч болчихдог байсан бол үгүй мөн сайхнаа. МУИС төгссөн бол лаг, ХААИС төгссөн бол тэнэг үү? Аа Харвард төгссөн бол одоо бурхан болж байна уу. Тэгвэл яг тэр жил Харвард төгссөн хүмүүсээс хичнээн нь луйвар хийж шоронд орох бол?

Тэгэхээр диплом ба дүн хог юм байна гэж үзвэл хувь хүний үнэт зүйл гэж юуг яриад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ.

Хэрвээ номон дээр биччихсэн байгаа, интернетээр дүүрэн хог болоод хэвтэж байгаа мэдлэгийг багш нь 1.5 цагийн турш амаараа хэлээд дэвтэрт гараар бичүүлж байгаа бол тэрний эмгэнэл гэнэ.
Лекц гэж огт өөр зүйлийг хэлдэг. Лекц гэж бол багш онолыг практиктай хослуулан уран илтгэлийн аргаар хүмүүст тайлбарлаж ойлгуулах, сонсогчид ойлгохгүй асуудал гарах бүрт гараа өргөж асуух сургалтын арга технологийг хэлмүү.
Семинар гэж харин лекцийн явцад олж авсан ойлголтыг баталгаажуулж applied knowledge буюу know how болгож хувиргахад чиглэсэн сургалтын өөр нэг дагавар арга билээ.

Энэ сургалтуудын арга технологийн явцад хувь хүн хүнийхээ хувьд боловсордог. Лекцийн явцад хүн өөрөөсөө илүү мэдлэгтэй хүнээс асуулт асууж, шүүмжлэлтэй хандахад суралцдаг бол семинарын явцад хүн өөртэйгээ адил мэдлэгтэй хүмүүст зориулан лекц уншиж илтгэл тавих, бусадтайгаа тухайн мэдлэгийн хүрээнд баг болон хамтран ажиллахад суралцдаг.

Энэ л дипломон дээр дүн тавигддаггүй боловсрол монголд огт хөгжөөгүй байгаагаас баахан өөртөө итгэлгүй юм шиг хүмүүсээр дүүрчээд байгаа юм.

Бага залуу хүүхдийг эртнээс олон нийтийн ажилд оролцуулж, олны өмнө илтгэл тавиулж, олон төрлийн курс дугуйланд өөр өөр хамт олон оруулж, зуслан амралтанд явуулбал бас олны дунд бие зөв авч явах дадал суудаг юм шиг байгаа юм.

Monday, February 1, 2010

Юуны үр тарина түүний үрийг хураана: By Koyuki

Судлагааны туслалцаа хүссэний дагуу сайн санаат Koyuki (OTs) оюунаа чилээж, цагаа зарцуулан доорхи бичлэгийг блог уншигчидад илгээжээ. Үнэхээр үзүүштэй мэдээллийг уншигчидад явуулсан Koyuki танд баярлалаа. Зүс үзэж, нэр мэдэхгүй ч бусдын төлөө сэтгэл гарган дорвитой бичлэг явуулсан танд дахин дахин талархая.


Уншигч та графикууд дээр дарж томруулж харвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.



Юуны үр тарина түүний үрийг хураана

Шок
Монгол улс 100 мянган хүнд ногдох хорт хавдарын гаралтай нас баралтын тоогоор 220 орны тэргүүнд жагссан гэдгийг сонсоод арай ч үгүй байлгүйдээ гэж бодсоор Wikipedia-гаар орлоо. Гэтэл Монгол улс доорх зураг дээр шиг тодоос тод ялгарч харагдах нь тэр. 2 нүдэндээ ч итгэсэнгүй.

100 мянган хүнд ногдох хорт хавдарын гаралтай нас баралт, дэлхийн улсуудаар


Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/File:Malignant_neoplasms_world_map_-_Death_-_WHO2004.svg#filelinks

Хаанаас эхтэй зураг болохыг нь нягтлавал Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын
Death and DALY estimates for 2004 by cause for WHO Member States (Persons, all ages)
судалгаа руу хөтөлж байна. Эндээс харвал манай улсын өмнө гишгэх Малдив хэмээх ганцхан улс байна. 200-аас дээш тохиолдол манай улсыг оролцуулаад Унгар, Болив, Малдив гэсэн 4 улст л байна. Бид 2 хөршөөсөө, тэр байтугай бараг л олон ангит кино болгон дээр нь хэн нэгэн хорт хавдраар нас бардаг Солонгос улсаас бас бусад хөгжиж буй болон хөгжилтэй орноос хол тасархай түрүүлжээ.



Дээрх тохиолдолыг ангилал тус бүрд нь авч үзвэл манайд хамгийн их тохиолдож байгаа нь элэгний хорт хавдар удаалаад улаан хоолой, ходоод, мөгөөрсөн хоолой, уушиг. Ялангуяа манай улсын элэгний хорт хавдрын тохиолдол онцгой анхаарал татаж байна.Уудагаараа алдартай Орос ах нараас ч хэд дахин их байх юмаа.



Монголчууд хэд насалж байна вэ?
Монгол хүний дундаж наслалт хэдийгээр нэмэгдэж байгаа боловч бусадтай харьцуулж харвал бид дэлхийн, бүс нутгийнхаа, ижил орлогын ангилалд ордог улсуудынхаа дундажаас доогуур насалж байна.



Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэлүүд 2003-2008 он



Эх сурвалж:
http://ddp-ext.worldbank.org/ext/DDPQQ/member.do?method=getMembers&userid=1&queryId=135

Бидний бодит байдал ямар байна вэ?
Ингээд Монгол хүний нас баралтын зонхилох шалтгааныг 1990 оноос хойш сонирхож үзвэл доорх 3 шалтгаан тасралтгүй нэмэгдэж байгааг харж болно.
1. Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
2. Хавдар
3. Осол гэмтэл, хордлого гадны шалтгаант үхэл
Тэр дундаа 1990 онд 17% эзэлж байсан хавдарын шалтгаант нас баралт 2008 онд 22%-д хүрсэн байна.



Эх сурвалж: "Монгол улс зах зээлд" статистикийн эмхтгэл 1989-2002, Монгол улсын статистикийн эмхтгэлүүд 2003-2008 он




Эх сурвалж:, Монгол улсын статистикийн эмхтгэлүүд 2005-2008 он



10000 хүнд ногдох хорт хавдарын өвчлөл,насны ангиллаар, 2002-2008 он
Насны бүлэг 2002 2003 2004 2005 2006 2007 2008
0-1 - - 1 1 1
1-4 0,3 0,4 0 1 0 1 -
5-14 0,5 0,4 1 1 0 1 1
15-19 1,0 0,7 1 1 1 1 -
20-24 0,9 2,1 1 1 1 1 1
25-29 1,6 2 2 2 2 2 3
30-34 3,3 4,3 3 4 4 3 4
35-39 8,0 8,1 8 8 9 6 9
40-44 15,7 14,9 15 14 15 16 19
45-49 26,0 21,9 24 21 24 24 28
50-54 38,0 38,4 41 40 38 35 44
55-59 61,0 65,3 56 53 56 55 62
60-64 112,0 96,8 89 86 82 78 100
65+ 140,7 152,3 133 127 129 134 149
Эх сурвалж:, Монгол улсын статистикийн эмхтгэлүүд 2005-2008 он

10000 хүнд ногдох хавдарын гаралтай нас баралт, хавдарын төрлөөр, 2002-2008 он
2002 2003 2004 2005 2006 2007 2008
Бүгд 11,5 11,0 10,6 11,0 11,3 11,3 11,4
Элэг 5,0 4,6 4,7 4,7 5,0 4,9 5,1
Умайн хүзүү 0,4 0,3 0,3 0,5 0,4 0,4 0,4
Ходоод 1,8 1,7 1,6 1,8 1,9 1,8 1,7
Уушги 1,4 1,4 1,3 1,1 1,1 1,1 1,2
Улаан хоолой1,1 1,1 0,9 1,1 0,9 1,0 1,0
Бусад 0,3 0,4 0,3 0,3 0,1 2,1 2,1


Эх сурвалж:, Монгол улсын статистикийн эмхтгэлүүд 2005-2008 он

Бид яагаад ийм байдалд хүрсэн бэ?
Хавдар гэдэг нь хүний эд эсэнд өөрчлөлт орсны улмаас шинэ төрлийн гаж бүтэцтэй эд эс урган төлжиж, гаднаас ирэх хоол тэжээлийг ховдоглон залгисаар, эрхтэн системийг гажуудалд оруулж, улмаар амь насанд хүрдэг өвчин юм. Тэгвэл яагаад хүний эд эсэнд өөрчлөлт ордог вэ? Үүнд олон шалтгаан байгаа боловч наад зах нь бидний гаднаас амьсгалж буй агаар, идэж буй хоол, сэтгэл санаа ямар байгааг бүгд мэдэж байгаа. Хорт хавдарын өвчлөлийг насны ангиллаар харахад эрчимтэй залуужиж байна. 1980 оноос хойш төрөгсөдийн хувьд байдал бүр муу болох магадлалтай. Одооны ид дунд болон ахмад настанууд нь ямар ч байсан өсөх насандаа эрүүл агаарт, эрүүл хоол идэж өссөн шүү дээ. Тийм тулдаа л арай тэсээд байгаа байх.
Хамгийн их тохиолдож байгаа элэгний хорт хавдар удаалаад улаан хоолой, ходоод, мөгөөрсөн хоолой, уушигний хавдарыг хараад хортой хоол улаан хоолойгоор дамжаад ходоод руу, хортой агаар мөгөөрсөн хоолойгоор дамжаад уушиг руу явж байгааг мэдэж болно. Тэгвэл яагаад элэг гэж? Элэг гэдэг эрхтэн хүний биеийн төв лабораторийн үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Өөрөөр хэлбэл бүх хорыг шүүж байдаг.
Аа бас нөгөө талаас нь авч үзвэл Буддийн сургаальд хүний сэтгэлийн 5 хөдөлгөөн нь таван цул эрхтэндээ нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал уурлаж бухимдах нь элгэнд, айх нь бөөрөнд муу гэх мэт...
Ингээд элгэнд муугаар нөлөөлөх бүх тохироо нь бүрджээ.

Утаа, Утаа, Утаа
Хамгийн их яригдаж байгаа нь Улаанбаатар хотын утаа. Энэ утааны өсөлт нь мэдээж хот руу чиглэсэн нүүдэлтэй холбоотой. 2003-2004 онд хот руу чиглэсэн нүүдэл айхтар огцом нэмэгдсэнийг харж болно. УБ-т нүүж ирэхэд том хүнээс 50000 төг, хүүхдээс 25000 төг-ний (миний санаж байгаагаар) хураамж авч байсныг 2004 оны “Сонгуулийн шоу”-гаар Үндсэн хууль, Хүний эрх яриад болиулсан этгээдүүд нь утаатай агаараараа амьсгалаад байж л байгаадаа.



Эх сурвалж: http://statis.ub.gov.mn/images/download/Sudalgaa/sudalgaa2008pop.pdf

Утаатай цуг олон хорт бодис агаарт цацагдаж байгаа боловч хэмжиж байгаа нь ердөө л хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл(NO2). Өнгөрсөн 12 жилийн хугацаанд энэ 2 үзүүлэлт хэрхэн өссөнийг харж болно.

Хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2)-ийн түвшин, 1996-2008 он



Эх сурвалж:
http://naqo.mn/index.php?option=com_content&task=category§ionid=4&id=23&Itemid=47

Сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг хэмжигч суулгасан байршлаар нь доор харууллаа.
УБ-1 Хан-Уул дүүрэг 3-р хороо
УБ-2 Баянгол дүүрэг баруун 4 зам
УБ-3 Сонгинохайрхан дүүрэг 1-р хороолол
УБ-4 Баянзүрх дүүрэг 13-р хороолол

Хүхэрлэг хийн сарын дундаж агууламж, 2006-2008 он



Эх сурвалж:
http://naqo.mn/index.php?option=com_content&task=category§ionid=4&id=23&Itemid=47
Хүхэрлэг хийн хэмжээ улиралын чанартай болох нь шууд харагдаж байна. Ялангуяа 12-р сард стандартаас бараг л 4 дахин их болдог байна. 2008 оны 1 дүгээр сарын 15-наас хүхэрлэг хийн стандартдаа шинэчилж хоногийн дундаж агууламж 30 мкг/м3 байсныг 20мкг/м 3 болгожээ.
Азотын давхар ислийн сарын дундаж агууламж, 2006-2008 он



Эх сурвалж:
http://naqo.mn/index.php?option=com_content&task=category§ionid=4&id=23&Itemid=47

Азотын давхар ислийн хэмжээ нь автомашинаас хамааралтай бололтой. Ялангуяа баруун 4 зам, 13 орчимд байнга хэтрэлттэй.
2008 оны 11-р сараас эхлэн нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), тоосны агууламжийг хэмжилт хийж эхэлсэн байна лээ.

“Ирээдүйгээс ирсэн” өндөг ба “Хүн”-д зарах төмс

Хүнсний аюулгүй байдлын талаар бид нар 0 улс гэдгээ бараг хүлээн зөвшөөрсөн. 1990-ээд оноос хойш юу юу ч идэж уув даа. Импортоор орж ирж байгааг нь чөтгөр бүү мэд. Дотоодын “энхрий хайрт” үндэсний үйлдвэрлэгч нарын талаар ганц хоёрхон жишээ хэлэе.
Миний бие одоогоос хэдэн жилийн өмнө УБ-ын өмнөө барьдаг супермаркетад маргаашийн он сар тавьсан өндөг зарж байхыг харсан юм. “Ирээдүйгээс ирсэн” өндөг байх нь л дээ. Хэзээ үйлдвэрлээд хэд хоногийн дараах он сар тавьсаныг бүү мэд. Хамгийн аюултай хүнсэнд ингэж хандаж байна ш дээ.
Дараагийн жишээг нэгэн танилын ярианаас сонсоод үнэн голоос зэвүүцсэн юм.
.... Дарханы Орхон сум (Энэ сум нь Монгол улсын төмсний 40%-ийг дангаараа хангадаг)-нд ажлаар явж байгаад хувийн хэрэгцээндээ хэдэн төмс авахаар болжээ.Тэгээд үзтэл харах царайны хужаа төмс байж гэнээ. Тэгээд шууд “Энэ чинь хужаа төмс байна!” гэтэл “Хүн”-д зарах юмыг юу гэж монгол үрээр таридаг юм гэж байна гэсэн шүү. Ийм сэтгэлийн үрээс ургасан төмсийг идсэн хүн яаж эрүүл байх юм бэ! Танил маань хүнсний химич мэргэжилтэй учраас хараад таньсан байх. Энгийн мань мэт нь монгол төмс гээл авч байгаа. Хөөрхий үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжие гээл илүү үнэ төлөөд л аваад байдаг. Байж байгаа царай нь энэ.

Сэтгэлийн үр

Сүүлийн 20 жил том жижиггүй толгойгоороо хөл хийгээд буруу бүхнийг зөв юм шиг хийсний гор нь ганц хорт хавдараар зогсохгүй гарч эхэлж байна. Уужуу тайвнаараа дуудуулдаг байсан Монгол хүн өнөөдөр ууртай омогтойгоороо алдартай болжээ. Тэгээл тэр их уур бухимдалаа дандаа хэн нэгнээс ямар нэг юмнаас болсон гэж боддог. Гэтэл та өөрөө хэн нэгний уур бухимдалыг төрүүлж хордуулах зүйл хийдэггүй гэж бодож байж магадгүй. Надад хамаагүй, би л болж байвал гээд хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг чинь ийм болгосон. Бид цөөхүүлээ сайн яривал бүгд хоорондоо садан төрөл. Тэгээд төрөл төрөгсдөө хуураад, хордуулаад, алаад, шулаад байгаа гэдгээ ухаараач.Утаа уугиулаад байгаа нь, хортой хоол зөөгөөд байгаа нь, урагшгүй удирдагч нь, урагшгүй удирдагчаа толгойдоо дээрээ гаргасан нь бид өөрсдөө. Нэг нь хийж байгаа ажлаа хулхидаад нөгөөх нь харж бухимдаад гэх мэтчилэн гинжин урвалаар холбогдсон “чөтгөрийн тойрог” дотроос гарцгааж энэ тойрогийг хумих цаг болсон. Яг одоо сэтгэлдээ сайн үр тарихгүй бол ирээдүйн сайхны талаар горидох хэрэггүй.

Юуны үр тарина түүнийхээ л үрийг хураана шүү дээ.