Sunday, February 7, 2016

Мэдлэггүй хүн


Хүн бүр өөрийн харсан өнцгөө л зөв гэж боддог. Зарим хүмүүсийн хувьд бусдын өнцгийг бүүр ор тас сонирхохоо больж, тэр нь өөрөө сэтгэцийн өвчлөл болж хувирдаг. Харин зарим хүмүүс бусдын харж байгаа өнцгийг ойлгохыг хичээснээрээ маш өндөр амжилтанд хүрдэг.

3D мэдлэгийн хувьд мэдээж маш олон өнцгүүд байх нь ойлгомжтой.



Тухайн хүний харсан нэг өнцөг нь үзэгдлийн ердөө нэг тал болохоос биш бүтэн зураг биш. Тийм ч учраас тэр өнцгөө бусдад тулгах нь буруу болж таарна. Гэр бүлийн зөрчил, бизнесийн хамтрагч нарын дайн гээд л бүх зүйлс эндээс эхлэлтэй.





Монголчууд бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх талаар маш олон жил ярилаа. Олон ч сайд үүн дээр ажиллав. Бүхэл бүтэн яам ч байна. Жил бүр л энэ талаар ярьдаг. Хөгжсөн зүйл, Монгол улсад ирсэн жуулчдын тоо (Хятад барилгачдыг хасаад) нэмэгдсэн юм юу ч алга.

Яагаад тэр вэ.

Бидний мунхаг, self-centered бодлоос үүдэлтэй. Тэрийг нь томъёолбол дараах байдалтай.
- Монгол бол онгон байгалтай дэлхийд ховор орон,
- Монголын түүхийг дэлхий бахархаж байна,
- Монголын гайхамшигтай байгалийг үзэхийн тулд гадаадууд өндөр үнэ төлнө,
- Монголд хүмүүс хагас зэрлэг маягийн амьдрал үзэж кайф авах гэж ирнэ,
- Монголд динозаврын яс их олддог учраас хүмүүс ирнэ гэхчилэн хөвөрнө.
- Монголд дэлхийд байхгүй амьтад байдаг, тийм учраас ангийн жуулчлал сайн хөгжинө.

Америкаас гэхэд л бид 10,000 жуулчин аваад сууж байх жишээтэй. Нэлээд олон нь бизнесийн зорилгоор ирсэн байвал гайхахгүй.

Гэтэл Тайландад жилд 30,000,000 жуулчин аваад Оюу толгой байтугай мөнгө олоод сууж байгаагийн нууц юу вэ. Бид тэгэж чадахгүй байгаагийн нууц юу вэ.

Асуудлыг жуулчны өнцгөөс харчих зориг зүрхгүй байгаа байдал л юм. Ийм л энгийн.

Жуулчны жуулчилдаг өнцгийг анхаарсангүй. Өөрсдийнхөө л өнцгөөр асуудлыг хараад дуусав.

Дээрх бүх бодлууд алдаатай.

Монголоос хамаагүй гоё байгал дэлхийд байж л байдаг. Аль хэдийнэ жуулчлалын том бүсүүд болж хөгжсөн. Дэд бүтэц хангалттай. Манайх өрсөлдөхөд төвөгтэй.

Дэлхий бүх ард түмэн өөрийн гэсэн түүхтэй, соёлтой, уламжлалтай. Түүгээрээ л бахархдаг. Найзууд дунд чинь Хятадын эсвэл Оросын түүх, соёлоор бахархаад шүтэн бишрээд явж байгаа хүн байна уу. Дэлхийн ард түмэн бүр л өөрийн гэсэн Чингис хаантай.

Тэгтэл бид АСЕМ-н төлөөлөгч нарт Хүннү дээл бэлгэнд өгөх юм гэнэ. Хятадад явж байтал чинь Хятад шаахай бэлгэнд өгвөл яах вэ. Баярлаад авах уу.

Өөрийгөө ертөнцийн төв, өөрийнхөө харсан өнцөгийг ертөнцийг харах цорын ганц өнцөг, өөрийнхөө соёлыг хамгийн шилдэг гээд үндэстэн бодчихвол сүйрнэ.

Ингэж бодсон хүн бас бүтэлгүйтнэ.

Өнгөрсөн зун Мэлхий хадны хажуугаар гарч таарлаа. Гэтэл ямбий жуулчны автобусны хойно хоёр гурван солонгос залуучууд морьж харж зогсох юм. Би дотроо автобусанд суугаа эмэгтэй жуулчдыг өрөвдөж бодлоо. Тэд яах ёстой юм бэ.

Мэлхий хадан дээр миний мэдэхийн Монголд ирсэн бүх жуулчин очдог. Ойролцоогоор 1 цагаас 1 цаг 30 минут зарцуулж очдог байх. Энэ хооронд өглөө уусан цай давсаганд очиж даралт үзүүлэх хангалттай хугацаа.

Ер нь хүн бие засах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй бид нар аялал жуулчлал хөгжүүлэх талаар ярихаа боливол зохино. Солонгосын дундаж иргэн Монголын дундаж иргэнээс ойролцоогоор 8 дахин баян. Тэнд гудамжинд эсвэл хөдөө явж байгаад машинаасаа үсэрч буугаад морь харна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол тэдний өнцөг. Зөв буруу эсэхийг шүүдэг хүмүүс нь бид нар биш. Бидний хувьд энэ нь тэнэг, Солонгосчууд арчаагүй байгаа юм шиг бодогдож болно. Тэглээ гээд дэлхий жамаараа л эргэнэ. Бидний өөрөөсөө өөр хэнийг ч анхаардаггүй мунхаг бодлоос болоод зогсчихгүй.

Харин тэд нарыг Монголд авчирч мөнгийг нь авъя гэж л байгаа бол бид асуудлыг тэд нарын өнцгөөс харахаас өөр аргагүй. Таны тэр хөдөө мал хариулж өссөн энэ тэр бол таны л өнцөг.

Бид Солонгосчууд, Америкчуудыг аль болох Монголд олныг авчирч, мөнгийг нь салгах гэж байгаа болохоос биш Монголын түүх, Монгол амьдрах аргыг тэд нарт тулгаж, заах гэж байгаа юм огт биш. Энийгээ ядаж ойлгочих хэрэгтэй.

Тайландруу яах гэж 30 сая хүн жуулчилдаг юм. Мэдээж энэ дотор магадгүй 1-2 сая нь Тайландын шөнийн амьдралыг сонирхож очдог байж болно. Гэтэл үлдсэн нь яахав. Тэр өнцгийг нь л олоод харчих хэрэгтэй.

Өөр хүмүүсийн өнцгийг сонсож чаддаг, түүнийг нь ойлгоод мөнгө болгож чаддаг болгож Монгол хүүхдүүдийг боловсруулж болно. Боловсрол гэж үүнийг л хэлдэг. Бид боловсрол гэж юу вэ гэдгээ ч ойлгохгүй явцгааж байна.

7 тэрбум хүнтэй зах зээл дээр бид гарахын тулд энэ 7 тэрбум хүний хүсэл эрмэлзлийг нь ойлгоод таарсан бүтээгдэхүүн үйлчилгээг нь гаргадаг болох хэрэгтэй юм.

Чи хэрэв хүмүүсээс "унаа тээврийн хувьд юу хүсч байна вэ гэж асуусан бол, тэд - илүү хурдан давхидаг морь - гэж хэлэх байсан юм. " гэж Форд хэлсэн байдаг. Ингээд тэрээр хүмүүст илүү хямд, мэдээж хурдан машин бүтээж өгсөн билээ.