Monday, April 4, 2011

Timeless existence I

Эрхэмсэг оршихуй

Ертөнцийн тооллоор хүний амьдрал нүд ирмэх зуур өнгөрнө. Тийм ч учраас бид "цаг хугацаа ямар хурдан өнгөрөв өө, нүд ирмэхийн зуур л хөгширчлөө" гэж ярьдаг биз.

Хүний амьдралын эхлэлээс төгсгөл хүртлэх динамик нь өөрчлөлтийн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл сансартай харьцуулахад хүн "хэт" хурдан өөрчлөгддөг бололтой.

Ертөнц өөрөө харьцангуй статик чанартай буюу зарим эрдэмтэдийн ярьж байгаагаар цаг хугацаа гэж ертөнцөд байдаггүй ч байж мэдэх юм. Хэрэв ертөнц цаг хугацаагүй (эсвэл харьцангуй статик ч байсан ижил) юм бол хүн ертөнцийн цаг хугацаатай хэсэг нь байж таарахнээ. Гэхдээ л хүн ертөнцийн бүрэлдэхүүн болохын хувьд түүний ертөнцлөг харьцангуй статик шинж чанар буюу миний "эрхэмсэг оршихуй" хэмээн тодорхойлж байгаа шинж чанарыг хүн төрлөхтөн үеийн үед хайсаар иржээ.

Энэхүү хайлт болон философийн утга учрыг дараах дэд сэдвүүдийн хүрээнд чадан ядан дараалалд оруулахыг хичээлээ. Бодож олох нэг хэрэг гэвч хүнд ойлгуулах нь өөр хэрэг буй заа. Ярьж ойлгуулах нь нэг хэрэг гэвч бичиж ойлгуулах нь бүүр өөр хэрэг болой.

Эдгээр нь миний 20 илүү жилийн философийн бодлогын үр дүн тул яаран дүгнэлт хийхээсээ өмнө сайтар ухаж ойлгохыг хичээхийг хүсье.

Хүн философич болох нь | Би хэн бэ? синдром

Аливаа хүн "би хэн бэ?" асуултыг тавиад түүнийхээ хариултыг эцэс төгсгөлгүй хайж эхэлснээр философич болно. Бүх хүн энэ асуултыг их бага хэмжээгээр, ухамсарлаж болон үл ухамсарлаж асуудаг гэж үзвэл хамгийн эртний философичийн үлдэгдэл одоогийн байдлаар 75,000 жилийн настай яс байна.

Хүн нийгмийн амьтан болох нь | Будда эргэж ирсэн хийгээд Есүс цовдлуулсан нь

Хэрэв нэгэн "хүн" арал дээр ганцаараа төрөөд тэндээ 50 жил амьдарсан гэж үзье, тэр нэг ч өөр хүнтэй уулзаагүй бол энэ хүн мөн үү? гэсэн асуултыг би олон хүнд тавьсан.

Мэдээж физик чанараараа тэр бол "хүн амьтан" мөн болно.

Харин хүн төрлөхтөний нэг хэсэг болох хүн "хүн" биш болой. Хүн хүний хажууд, хүмүүстэй хамт байснаар л хүн болдог. Хүн хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж байж хүн болдог юм байна. Хүн хүмүүст хайрлагдаж, хүмүүсийг хайрлаж байж хүн болдог ажээ.

6 жил бясалгал хийж ертөнцийн философид нэвтэрсэн хойно Будда яах гэж нийгэмд эргэж ирсэн юм бэ.


Judgement day

Сүүлчийн шүүлт, бурханы шүүх, тамын хаалга гэх мэтээр хүн төрлөхтөн энэхүү сүүлчийн шүүлтийн өдрийг олон янзаар дүрсэлж, ярьж, ойлгож ирсэн билээ.

Энэ нь тухайн хүний амьдралыг шүүх эцсийн шүүлтийн тухай ойлголт билээ.Философиор тодорхой хугацаанд хөөцөлдөж удаан эргэцүүлсэний эцэст нэг зүйл тодорхой болдог.

Эрүүл саруул хүний хувьд хамгийн аймшигтай, хамгийн гарцаагүй, хамгийн шудрага, хамгийн үнэн шүүх бол тэр хүн өөрөө юм. Ямар ч бурхан, ямар ч чөтгөр хэлмэгдүүлж, алдаа хийж болно, харин хүн өөрөө өөрийгөө шүүхдээ хэзээ ч алдаа гаргаж чадахгүй.

Range rover төмөрийн сэг, Мөнгө цаас болж хувирах цагт...

Хаа нэгтээ "хүн үхэхийн цагт эргээд бодоход (judgement) хоёр дахин амьдарсан мэт болж сэтгэл амрах" тийм амьдралаар амьдрах нь зүй гэж философиджээ.

Хүн мөнгийг зохиосон. Мөнгө бол агуу бүтээл. Гэхдээ хүн мөнгөний төлөө буюу зохиосон зүйлийнхээ төлөө амьдарна гэж үү?

Хүн үхэх болоход түүний хураасан мөнгө цаас болж, сойсон Range rover төмөр болж, барьсан ордон шавар болон хувирна. Хулхидсан, гомдоосон бүх хүнээ эргэн дурсахад юуны төлөө тэгвээ? яах гэж ингэвээ? гэсэн ганцхан л асуулт эргэлдэнэ.

Тиймээ бид материаллаг баялагаас таашаал авдаг нь үнэн - сайхан хувцас, мөнгө, машин, секс гэх мэт бүх материаллаг зүйлээс авдаг таашаал ахархан зуурынх байдгийг ч бас мэддэг.

Тэгвэл үхэх цаг болох хүртэл таашаал авах зүйл юу вэ?

Энэ бол "оюуны таашаал" гэж нэрлэж болох тэр таашаал юм. Энэ нь материаллаг бус шинжтэй бөгөөд үүнийг бахархал (moral, honor гэх мэт олон ойлголтыг хамрана)-аар төлөөлүүлээд үзчихье.

Гав ганцаараа арал дээр амьдарч байсан нөгөө хүн маань үхэх цаг болоход яг юу бодох бол? Юугаар бахархах вэ? Би маш олон махчин амьтан устгасан гэж бахархасаар үхэх болж байна уу? Тэгэхээр тэр "оюуны таашаал" гээч маань нийгмийн үзэгдэл байж таарах гээд байна.

Бахархал гэдэг нь өөрөө "ямар нэг зүйлийг хүмүүст үлдээх" тухай асуудал байдаг.

No comments: