Tuesday, September 30, 2014

Философич


"Ээжээ би хаанаас гарсан юм бэ?" гэсэн асуултыг асууснаар 2 настай хүүхэд философич гэдгээ нотлодог. Хүн бүр философич байхаар төрдөг. Харин ихэнх нь замдаа бүдэрдэг. Юунд?

Дунд сургуулийн боловсролын системд философийг түлхүү оруулах талаар бичихэд надтай хэсэг хүмүүс ширүүхэн маргалдсан. "Арай хүндэднэ" гэнээ. 2 настай хүүхэд "Ээжээ би хаанаас гарсан юм бэ?" гэж асуухад нь "Цөг гэм, ийм юм ярьж болохгүй." гэж хүүхдийнхээ агуу философич болох замыг нь үүрд хаасан эцэг эхчүүд бол тэд юм.

Хүн 2 настайдаа л философийн замналаа эхэлдэг. Харин эцэг эхчүүд бид хаадаг. Бүүр 17 настай залууд философи ахадна гэнээ. Хөгийн бодол шүү.

Хүн бүр философич байх хувь заяатай. Хүн бүр философич байх (сэтгэцийн гажигтай хүмүүсийг хүн гэж тооцохгүй бол) дизайнтай. Хүн бүр асуултаа асуудаг. Хариултаа хайдаг.

Маш олон хүмүүс философич байх замдаа бүдэрдэг. Эхний бүдрэлтийн шалтгаан нь эцэг эх байдаг талаар би дээр бичлээ. Дараагийн шалтгаан нь ...

Философич гэж хэн юм бэ? Философийн доктор уу? Үгүй ээ.

Философич хүн гэж үнэнийг хайгч энгийн хүн юм. Тийм ч учраас бүх эрдэмтэд философичид байдаг юм. Бид Эдийн засагч А.Смит гэж мэднэ, гэтэл үнэндээ А.Смит бол философич хүн байв. Нээлт хийсэн бүх эрдэмтэд философич байв. Тэд үнэнийг хайж, философиор хичээллэсэн учир физик, хими, эдийн засаг, маш олон салбарт нээлт хийв.

Ийм учраас хүн бүр философич байх хувь заяатай бөгөөд, түүнийхээ дагуу замнах ёстой.

Ихэнх хүний ертөнцийн талаарх үзэл бодол нь өмнө олж авсан мэдээлэл, туршлага дээр үндэслэсэн байдаг. Философич хүн бол энэ мэдээлэл, туршлагыг туйлын үнэн гэж үзэхгүй. Цаашид эрэлхийлнэ. Үнэнийг хайна. Харин философич биш хүн бол, бэрхшээж байрандаа зогсоно. Өнөөдрийг хүртэл цуглуулсан мэдээлэлээ үнэн гэж үзэн, бүхнийг тайлбарлах гэж оролдоно.

Монголын боловсролын систем болохгүй байгааг бүгд мэднэ. Шинэ системийн загвар гаргах амархан. Харин тэр загвараа барьж очоод насаараа багш хийсэн хүмүүст заагаад, нэвтрүүлэх гээд үз. Амжилт олохгүй л болов уу.

УБДС-с эхлээд бүх л насаараа үнэн гэж бодож явсан системийг нь шүүмжлээд үз. Хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол философич биш, ялзарсан хандлага мөн. Улс орны хөгжлийг сэтгэлгээний ийм хандлага зогсоодог.

Философич хүний туйлын хүсэл нь үнэнийг олоход байдаг болохоос биш. Олж авсан мэдээллээ үнэн гэж үзэн догма болгох явдал биш болой.

Их сургууль төгссөнөөсөө хойш ганц ч ном уншаагүй. Тэгсэн хэрнээ "зөв" ба "буруу",  "худал" ба "үнэн" ий талаар баахан дүгнэлттэй - тэрийгээ үхэн хатан хамгаалдаг хүмүүс олон таардаг. Эдгээр хүмүүст өөрсдийн дүгнэлтүүд нь итгэл үнэмшил мэт санагддаг.

Шүүхээс философилог яриа өрнүүлэхийг хориглоход нь Сократ шавь нартаа хандаж "үнэнийг хайж олох замаа боолгосноос хор ууж үхсэн минь дээр" гэж цаазын ялыг хүлээн авсан байдаг.

Философич хүний итгэл үнэмшил нь энэ дизайн дээр суурилна. Ө.х. философич хүн сүүлчийн мөчид ч хамаагүй үнэнийг л олж авбал хангалуун нүд анина. Философич хүн үнэнийг тасралтгүй хайж түүний төлөө тэмцэж байгаа гэдэгтээ итгэх итгэл үнэмшилтэй байдаг.

Философич биш хүнд чиний дүгнэлт буруу байжээ гэж хэлэхэд хүлээж авахгүй. Хэрэв буруу гэдгийг нь нотлож өгвөл чамайг үзэн ядна. Харин философич хүн баярлаж хүлээн авна. Философич биш хүн арга барилаа өөрчилж чадахгүй. Хүүхэд сургах арга барил нь буруу гэдэг нь нотлогдсоор байв ч өөрчлөх зориг хүч нь хүрэхгүй. Харин философич хүн арга барил бол үнэнд хүрэх маш олон замын нэг гэж үзэх тул дуртайяа солино.

Философийн онолуудын харьцуулалт, түүх, философичдийн намтарыг судлаад хүн Философийн ухаанаар докторын зэрэг хамгаалж болно. Гэтэл энэ нь хүн философич гэсэн үг биш юм.

Би эдийн засгийн ухаан судлаж, бизнесийн мөр хөөв. Ихэнх хүн энэ хоёрын аль нэгээр нь дагнадаг бол надад хоёуланг нь оролдох завшаан тохиосон нь азтай. Энэ явцад надад хамгийн чухал асуудал нь БҮТЭЭМЖийг нэмэгдүүлэх явдал байв.

Эцсийн бүлэгт БҮТЭЭМЖ хамгийн өндөр төвшинд байх нөхцөл нь технологиос урлагт шилжихэд үүсдэг гэдгийг харсан юм. Тийм ч учраас философийн үндсэн судлагдахууны нэг нь УРЛАГ байж. (би өмнө нь гайхдаг байв)

Урлагийн бүтээл гэдэг зүйл нь зөвхөн философичоос төрнө. Хүн бүр философич. Тийм учраас хүн бүр өөрийн философич хувь тавилангаа нээх боломжийг нь олгох нь зөв.

Монголын боловсролын системийг бүхэлд нь ийм байдлаар реформ хийх юм. Бид хүүхдүүдийнхээ (миний амьдралын утга учир юу юм бэ) хамгийн чухал философийн асуултуудыг хааж боож орхиод оронд нь математикийн ангилал зүй (логрифм, тригонометр хэнд хэрэгтэй юм бэ) зааж тархийг нь ангилал зүйгээр хахааж болохгүй.

Ингэж хэлмэгц маш олон хүн эсэргүүцнэ. Гэтэл бодит байдал дээр Монголын боловсролын систем дампуурсан. Философич биш хүн бодит байдлыг хэзээ ч зөвшөөрч чадахгүй, хуучинтайгаа зууралдаж, хуучнаа хамгаалдаг. Ямар ч үнээр хамаагүй. Харин философич хүн бодит байдлыг харж, өмнө явж ирсэн систем байж болох олон системийн нэг л хувилбар байжээ гэдгийг зөвшөөрнө.

No comments: