Хөрс үгүй бол цэцэг ургахгүй.
Философич Адам Смит анх эдийн засгийн далд гарын тухай гаргаж ирсэн. Эдийн засаг аливаа төрийн оролцоогүйгээр өөрийгөө зохицуулах чадвартай гэж. Америкийн төв банкны ерөнхийлөгчийн албыг 18 жил хашсан, домогт Алан Грийнспан, 2006 онд бичсэн Age of Turbulence номондоо "урт хугацаанд эдийн засаг өөрөө, өөрийгөө зохицуулах гайхамшигтай чадвартай гэдгийг би 50 жилийн турш эдийн засгийн төлөвлөлт хийхдээ ойлгосон." гэж бичсэн байдаг.
Гэхдээ нөгөө талд нь төр заавал оролцож зохицуулах ёстой гэдгийг Ж.Кэйнс томъёолсон билээ.
Яагаад ч юм бэ, 1990 онд бид ардчилсан, тэгээд чөлөөт зах зээлт нийгэмд шилжихэд - эдийн засагт төр огт оролцох хэрэггүй гэж ойлгож. Өнөөдрийг хүртэл тэгэж л явж ирэв.
Гэхдээ бид ямаанд 30 тэрбум төгрөг өгч байлаа. Бид ноолуурыг аль зах зээл дээр гаргах талаар судлагаа хийхэд 3 сая төгрөг зарцуулаагүй байж ямаанд 30 тэрбум төгрөг өгч байв.
Австралид үер болж, нүүрсийн уурхайнууд нь живж, Монголын нүүрс хаданд гарахад бид Австралируу эдийн засгийн тагнуулчдаа явуулаагүй байж ард иргэддээ орж ирсэн хэдэн зуун тэрбум төгрөгийг нь тараасан улс. Энэ мөнгөөр төмөр замаа барьчихаж болохоор байв.
Үүрд нүүрсний үнэ өндөр байх мэтээр ард түмнийхээ тархийг угаах гэж байгаад өөрсдийнхөө тархийг өөрсдийнхөө амаар угаасан улс төрчидтэй ийм л улс. Гэвч Австрали улсын нүүрсний уурхайнууд ердөө ганцхан жилийн дотор эргээд сэргэв.
Монгол улсын төр 23 жилийн түүхэндээ хэзээ ч улс орны хөгжлийн зорилгоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх стратегиа боловсруулсангүй. Учир нь манай улс хэзээ ч зах зээлийн судлагаанд мөнгө хаясангүй.
Дөнгөж хөл дээрээ тогтож ядан байгаа, хэдхэн сая долларын хөрөнгөтэй компаниуд олон улсын зах зээлийн судлагааг өөрсдөө хийнэ гэж гэнэнтэв. Яагаад Монголын мах дэлхийд гардаггүй юм бэ. Хэн ч хариултыг нь олох гэж хичээсэнгүй. Яавал Монголын ноолуурыг дэлхийн брэнд болгох вэ, хэн ч судлагаа хийсэнгүй.
Компани Улс хоёр яг ав адилхан. Улс экспорт дээр тогтдог. Гэтэл Монгол улс түүхий эдээ экспортлож, болсон эд импортлож байна. Энэ тохиолдолд Монгол улс байнга гадаад худалдааны алдагдалтай байх болно.
Ихэнх хүмүүс эдийн засгийн ухааны хэцүү гэж боддог. Эдийн засгаар доктор хамгаалсан багш нар албаар хэцүү мэт харагдуулах гэж хичээдэг. Яг үнэндээ тийм биш.
Эдийн засгийн онол шиг наад захын, энгийн зүйл хүний амьдралд үгүй. Ямар ч гэсэн хайр дурлалаас л лав илүү төвөгтэй биш.
10 жилийн хүүхдээс асууя. Түүхий эд, Болсон эд хоёрын аль нь илүү үнэтэй байх вэ гэж. Хэн ч хэлнэ. Болсон эд, Түүхий эдээс илүү үнэтэй байна гэж. Монгол улсын экспортын 100 хувь нь түүхий эд, импортын 90 хувь нь болсон эд байгаа тохиолдолд бид байнга гаднаас олсон доллараасаа илүү долларыг гадаадад төлөх болно.
Болсон эд гэдэг бол Компанийн хувьд бүтээгдэхүүн. Ийм учраас Компани ба Улсын эдийн засаг ав адилхан болно.
Компани бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ заавал дараах судлагааг хийдэг. Энэ нь.
1. Хэрэглэгч ямар бүтээгдэхүүн хүсч байна.
2. Хэрэглэгч уг бүтээгдэхүүнийг ямар үнээр, хэдий хэмжээтэй авахаар байна.
3. Компани ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах вэ.
4. Компани уг бүтээгдэхүүнийг ямар өртөгөөр, хэдий хэмжээтэй үйлдвэрлэх вэ.
Улс орны эдийн засаг ч гэсэн ийм л 4 асуулт дээр тогтдог.
Саяхан би нэг эдийн засгаар доктор хамгаалсан гэх залуутай мэтгэлцэв. Төр огт эдийн засагт оролцох ёсгүй гэсэн үзэл санааг мань эр дэвшүүлсэн юм. Би хариуд нь "Монгол улс Америкаас 100 жилээр хоцорсон. Дэлхийд тэргүүлэгч Америкийн хувь төр оролцох биш, харин зах зээл нь хөгжлийг чиглүүлэх нь зөв байж болно. Гэтэл бид яахав. Монголын бизнесмэнүүд хэзээ Монголыг Америк шиг болгохыг хүлээж суух уу, эсвэл Төрөөс бодлого чиглэлээр туслах уу." гэж асуув. Гэтэл харин өөдөөс "Америк шиг болж яах юм." гэдэг байгаа.
Тэр мөчийг хүртэл үнэндээ би Монгол хүн бүр сайн сайхан хөгжилтэй, нарийвчилж хэлбэл Монгол улсыгаа дэлхийд тэргүүлэгч улс болоосой гэж хүсдэг маягийн юм боддог байв. Би их гэнэн байж.
Монгол улс дэлхийд 100 жилийн дараа хаахна байхыг Төр биш зах зээл өнөөдөр тодорхойлдог юм байна. Уг нь Төр 10 мянган жилийн өмнө үүсэхдээ, миний бодлоор огт өөр философитой байсан шиг санагдах юм.
Монголын төр хэзээ 10 сая долларыг 7 триллион төгрөгийн төсөвтөө суулгаж, Хятад, Орос, Европ, Америкийн хэрэглэгчид юу хүсч байгаа, ямар үнээр авч чадахыг - бид тэр бүтээгдэхүүнийг хийж чадах эсэхийг судлах юм бол?
Дэлхий үнэхээр ноолуур хүсээд байгаа юм уу, үгүй юу. Хэрэв хүсэхгүй, ноолуур шинэ тутам гарч ирж байгаа синтетик материалуудад байраа тавьж өгч байгаа нь үнэн юм бол ямаанд 30 тэрбум төгрөг өгөхөө зогсооё л доо. Тэр ямаа хариулж яваа малчидаа өөр үйлдвэрлэлд шилжүүлье л дээ, энэ чинь.
Энэ судлагааг А.Смитийн далд гар хийх юм болж байна уу, эсвэл Төр хийх үүрэгтэй, философитой, зорилготой, чиглэлтэй юм уу.
Хөрс үгүй бол цэцэгс хэрхэн ургаж, өөр хоорондоо өрсөлдөх билээ. Хөрсийг бэлтгэх нь төрийн үүрэг юм бус уу.
No comments:
Post a Comment