Өнгөрсөн хоёр орой Freakonomics-н гуравдах цуврал болох Think Like a Freak номыг уншиж дуусгав. Уг номонд яагаад ихэнхдээ хүмүүсийн үзэл бодол маш хэврэг үндэслэл дээр суурилдаг тухай. Сүүлдээ тэр хэврэг үзэл бодлоо, ичсэн нүүрэндээ хамгаалж итгэл үнэмшил болгодог тухай бичиж.
Эдийн засгийн онолууд хүн рационал (зөв логиктой) сэтгэдэг амьтан гэсэн үндэслэл дээр суурилсан байдаг. Гэтэл сүүлийн 20 гаруй жил хүн бол ихэнхдээ иррационал (логикийн хувьд зөв биш) шийдвэр гаргадаг амьтан юм аа гэдэг нь нотлогдсоор буй.
Эдийн засгийн онолууд худлаа болсон тухай өмнө нь бичиж байсан. Гэтэл эдийн засгийн догматизм эдийн засагчдын дунд их байна. Үүний учир шалтгаан нь өнөөх онолуудаа хамгаалаад байгаадаа ч биш юм.
Ердөө л амьдралын олон жилээ зарцуулж, зөв-үнэн гэж бодож байсан ойлголт нь няцаагдахад хүрэхэд амь тэмцэн хамгаалж буй хэлбэр юм. Энэ бол туйлын буруу, хортой зан авир мөн.
Фрийкономиксийн сүүлчийн номонд мөн бичсэн байна. Амжилт гэдэг бол олон Алдааны дундаас гардаг гэж. Ө.х. алдаа гаргахгүйгээр амжилтанд хүрэх тухай ойлголт үгүй.
Хүн өөрийн үзэл бодол, мэдлэг чадвар, итгэл үнэмшилдээ шүүмжлэлтэй, нээлттэй хандаж чадаж байвал гэгээрэлийн эхний шатыг давлаа л гэсэн үг.
Бүх насаараа худал хуурмаг, буруу зүйлийг үнэн зөв гэж шүтэж, хамгаалж амьдарснаас эцсийн мөчид ч атугай цорын ганц үнэнийг ойлгох нь үнэхээр бахдалтай хэрэг мөн.
Нэг хүний үйл хөдлөлийг психологийн ухаан томъёолж чадаагүй байхад яаж нэг хэсэг хүмүүсийн харилцан үйлчлэлийг томъёолсон эдийн засгийн онол үнэн байна гэж? Үнэн гэж итгэж байгаа эдийн засагч бол өөрөө иррационалын үлгэр жишээ болчихож байгаа юм.
Рационал байна гэж эхэлдэг онолыг иррационал сэтгэлгээ хамгаалдаг байх нь.
Хэрвээ энэ хүртэл тэсч уншсан бол би нэг харамсалтай мэдээ хэлье.
Нассим Талеб бол Хар Хун номын зохиогч. Түүний бичсэн номнууд сүүлчийн 100 жилийн хамгийн ухаалаг, хамгийн шинэлэг 100 номны жагсаалтанд ороод буй. Сонирхолтой нь Ливан гаралтай тэрээр ном бичиж эхлэхээсээ өмнө дэлхийн хамгийн том банкнуудын дериватив арилжаа хариуцсан захирлаар ажиллаж байв. Сүүлд нь өөрөө Чикагогийн деривативийн зах зээл дээр бие даасан трэйдер (independent market maker) хүртэл хийж байв.
Деривативийн зах зээл дээр ажилладаг дилер хүн толгойдоо л опшинийн үнийг гаргаж байх ёстой. Санхүүгийн удирдлагын бүх номон дээр Опшинийн үнийг Black Scholes моделиор тооцно гэж байгаа. Хачирхалтай нь опшины арилжааны бодит хаан Нассим опшинийн үнийг моделиор тооцно гэж байхгүй харин дилерүүд өөрсдөө тэр моментод нь тооцож гаргадаг гэж нотолж байх юм.
Би өмнө нь эдийн засгийн онолууд ч дүүрч, ядаж опшинийн үнэ гаргадаг санхүүгийн модел Black Scholes (Блэк болон Шольс нар энэ моделио гаргаад Нобелийн шагнал авсан л даа) үнэнд нэлээд ойрхон гэж боддог байв. Гэтэл үгүй бололтой юм. Би өмнө нь дилер хийж байхдаа яг зах зээл дээрх опшиний үнэлгээ уг моделиор тооцсон онолын үнэлгээнээс зөрүүтэй байдгийг анзаарч л байсан л даа.
Тийм учраас эдийн засаг ба санхүүгээр сурч буй оюутан дүү нартаа захиж хэлэхэд "Орчлон ертөнц үнэнд улам бүр ойртож байна, гэхдээ хараахан цор үнэнийг хэн ч нээж олоогүй байна. Та нарын сурч судлаж, үнэн гэж заалгаж буй онол ба моделиуд үнэнд зарим нь огт дөхөж очихгүй, зарим нь боломжын ойртох болов ч аль нь ч цор үнэнийг төлөөлөхгүй гэдгийг бодолцоорой" гэж.
Эдийн засгаар доктор хамгаалсан зарим хүмүүс ч яахав, догматизм болоод миний хэлж байгааг огт сонсохгүй. Харин тэр хүмүүс магадгүй Нассим Талебийн Хар Хун, С.Левиттийн Фрикономикс, Р.Талерийн Надж, Д.Канманын Тинк Слоу, Тинк Фаст гэх мэт тоо томшгүй олон номнуудаас нэгийг нь олж харна биз ээ. Энэ улсууд надаас арай илүү баримттай ярих байх.
No comments:
Post a Comment