Би өнөөдөр ХҮЛЭЭЛТ хэмээх онц ноцтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар бичье. Хүлээлт таны карьерийг баллаж, амьдралыг чинь сүйтгэж чадах учир анхаарлаа хандуулна уу.
Бид байнга л бие биенээсээ хүлээж байдаг. Бас бие биенийхээ талаар хүлээж байдаг. Facebook дээрээ дэгжин зурагтай залуутай анх удаа болзсон бүсгүйн хүлээлт шалан дээр унана. Яг үнэндээ зураг залуу хоёр зөрөөд байгаа юм биш, бүсгүйн хүлээлт бодит байдал хоёр зөрсөн нь тэр.
Бид аливаа зүйлсийн талаар өндөр хүлээлт тавиад түүнд минь хүрэхгүй бол сэтгэлээр унацгаадаг. Бидний л буруу.
Дээхнэ надтай цуг бизнес хийж байсан түнш маань намайг бүх ажлыг хийнэ гээд хүлээчихсэн байсан гээд бод. Гэтэл хоёр морь зүтгэх тэргэнд нэг нь зүтгээд нөгөө нь хойш суувал юу болохов.
Энэ мөнгөтэй аав нь бүх амьдралыг нь шийдэж өгнө гэж буруу хүлээгээд Америкт хар тамхи татаж яваа хүүд ч хамаатай.
Эсвэл хуримын ордонд гоёл чимэглэлээ зүүгээд, хажууд зогсох залуу нь ирээдүйн хүүхдүүдээ 50/50 харна гэж бодож зогсоо бүсгүйд ч хамаатай. Яг үнэндээ тэр бүсгүйн аав тэгдэг байсан нь залууд огт хамаагүй бөгөөд эр хүний ген нь ан хийх болохоос биш хүүхэд харахад биш гэдгийг тэр бүсгүй гадарлах ч үгүй.
ХҮЛЭЭЛТ өндөр байх тусам хүчтэй унана. Би нэг тааруухан залууг авч 2 жил овоо сургасан юм. Гэтэл гэнэт нэг өдөр өрсөлдөгч компанид захирлаар явна гэнэ. Дахиад 2 жил ажиллаж бүрэн бэлэн болчихоод явахад асуудал үгүй, одоо арай л боловсорч амжаагүй байгааг нь учирлаад ойлгоогүй. Мэдээж цаг нь болоогүй байсан учир баларсан. Гэтэл чадваргүй байж өндрөө авч захирал болсон хүнд эргээд буух газар байдаггүй. Хэр баргийн хүн тэр сэтгэл зүйн доромжлолыг тэсч эргээд ажилтан нэр зүүж явж амжихгүй. Тэгээд нэг залуу хөөрхий болж байгаа нь тэр.
Би ч гэсэн 22 настайдаа л захирал болохын донтой амьтан явсан. Бяр чадал амтагдаад л. Захирал ч болсон. Том унасан.
Одоо бид УЯН ХАТАН хүлээлтийн тухай яръя. Хүлээлт бол хүний сэтгэл зүйн үндсэн үзэгдэл. Тэгэхээр аливаа зүйлсийн талаар огт хүлээлтгүй байж чадахгүй. Харин үүний оронд уян хатан хүлээлттэй байх ёстой. Үгүй бол амьдралд таныг маш олон сөрөг сюрприз хүлээж байна.
Буруу хүлээлтээсээ сал. Бусад хүмүүс өмнөөс чинь амьдралыг тань босгоод ирнэ, өмнөөс чинь ажил хийнэ гэж хүлээдгээ боль.
Захирал бол. Захирал болох амбицтай бай. Гэхдээ чадахгүй бол эргээд бууж чадахаар уян хатан байх нь чухал.
Тэгэхээр дунд сургуулийн боловсролын системд хүлээлт гэж юу болохыг ойлгуулдаг, хүлээлтээ зөв удирдаж чаддаг, уян хатан байх чадвар олгодог тийм хичээлийн програм оруулна. Логарифмийн амьдралдаа хэрэглэхгүй байх магадлал нь 99.99 томъёог цээжлүүлж сууснаас мундаг дээр.
No comments:
Post a Comment