Tuesday, September 9, 2014

Кобра эффект

...Колончилолын үеийн Энэтхэгийн Англи амбан захирагч Дели хотыг кобра могойнуудаас салгахаар шийджээ. Ингээд авч ирсэн кобраны арьс бүрт мөнгөн шагнал амласан байна. Урамшуулал "хэтэрхий" сайн ажиллаж, бүүр Кобра үржүүлдэг шинэ аж ахуйнууд бий болж эхэлсэн байна. Энэтхэгчүүд гудамжаар сэлгүүцэж буй кобра могой авчрах биш харин өөрсдөө өсгөж, үржүүлж, алаад арьсыг нь авчирч эхлэв. Үүнийг мэдсэн Англичууд кобранд өгөх шагналаа зогсоосноор, Энэтхэгчүүд кобраны аж ахуйнуудаа орхиж, үр дүнд нь Дели хот урьд өмнөхөөс ч олон Кобратай болжээ.

Үүнээс хойш бодлогын ийм харалган шийдлийн сөрөг нөлөөг Кобра эффект гэж нэрлэдэг болсон.

Яг үүнтэй адилаар Мехико хотын удирдлага замын түгжрэлийг бууруулах зорилгоор, машины дугаарын хязгаарлалтыг 7 хоногийн нэг өдөр хийх журам гаргажээ. Үр дүнд нь түгжрэл буурах нь битгий хэл Мехико хотын машины тоо нэмэгдэж, зогсоол талбай хүрэлцэхээ больсон байна. Учир нь мехикочууд нэмж машин худалдан авцгаасан, ингэхдээ хуучин, муу машин авсан учир Мехико хотын агаарын бохирдол бүүр ч их нэмэгдсэн байна... /С.Левитт номын хэсгээс/

Улаанбаатар хот машиныг дугаараар хязгаарлах журам нэвтрүүлээд 2 жил болж байна. Журам нэвтрэх тэр мөчид мэдээж замын хөдөлгөөн шингэрсэн боловч эргээд хахаж эхэлж байгааг хүн бүр мэдэрч байгаа байх. Учир нь 2 жилийн хугацаанд боломжтой хүмүүс нь бүгд нэмж машин худалдан авсан байх ёстой. Ялангуяа албан байгууллагууд машин паркаа хамгийн багаар бодоход 20 хувиар нэмэгдүүлсэн нь яриангүй үнэн.  Энэ нь тэртэй тэтгүй хомс байгаа долларыг л гадагш нь алдах том хүчин зүйл болно. Нөгөө талаас компаниудад томоохон санхүүгийн дарамт болж, элэгдлийн зардал өсөх бөгөөд улмаар төсвийн орлогод орох байсан олон тэрбум төгрөгийн татварын хохирол учруулж байгааг дурдах нь зөв.

Улаанбаатар хотын барилгажилттай холбоотой хоёр асуудал байдаг.
1. Гудамжаар гэмгүй явж байсан хүний дээрээс юм унаж бүрэлгэх.
2. Барилга барьж байсан барилгачин унаж нас барах.

Энэ асуудал нь өмнө нь гарч л байсан боловч, сүүлийн үед огцом ихсэв. Шалтгаан нь ойлгомжтой.

Үүнд Улаанбаатар хотын удирдлага анхаарал хандуулж, Барилгатай холбоотой осол гарах тохиолдолд захиалагч компанийн эзнийг шоронд явуулах талаар ТВ-р мэдэгдэл хийв. Миний сонссоноор эхний захиалагч компанийн эзэн ял аваад шоронд явсан сурагтай. Шоронд явуулаад байвал барилгаас юм эсвэл хүн унахгүй аж.

Дээр дурьдсан 2 төрлийн эрсдлийн нэг нь Барилгын ерөнхий хариуцлага (орчин тойрондоо учруулах хохирол), нөгөө нь Ажилчдын гэнэтийн осол гэсэн нэр томъёонд бууна.

Дэлхийн бүх улс шахуу, энэ эрсдлийг даатгалын оролцоотой их хялбар шийддэг. Аливаа барилгын төсөл бүр Барилгын ерөнхий хариуцлага ба Ажилчдын гэнэтийн осолоо заавал даатгуулсан байх ёстой. Үгүй тохиолдолд барилга эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй.

Энэ тохиолдолд мэргэжлийн хяналтын газарт хийх ажил үлдэхгүй. Тухайн барилгаас юм унах эсвэл хүн унахад даатгалын компани хариуцах учир барилгын компанийг хэр барагтай даатгахгүй, маш өндөр шалгуур тавина. Даатгалын компани хувийн байх тул хэзээ ч барилгын компаниас авилга авахгүй. Хэрэв тухайн эрсдэлтэй барилгын компанийн бүх даатгалын компани даатгахгүй гэвэл барилгаа эхлүүлж чадахгүй, Даатгалын компанийн тавьж буй хөдөлмөр аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг сахин биелүүлэх л болно.

Зөв бодлого хийснээр хүн шоронд явуулж ялтан болгохгүй, барилгаас юм унаж хүн алахгүй, барилгаас хүн унаж нас барахгүй, авилгалын асуудал бүрэн шийдэгдэж байгаа жишээ энэ юм.

Улаанбаатар хотын захиргааны гол зорилго нь энэ хотод амьдарч буй хүнд аятай таатай орчныг бүрдүүлэх явдал мөн. Аятай таатай орчин гэдэг нь эрсдэлгүй орчин хэлбэрээр илэрнэ.

Гэтэл Монгол улсын хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийн хамгийн өндөр эрсдэлтэй хотуудын (статистикаар нотлогдоно) нэг болчихоод байхад Улаанбаатар хотын захиргаанд Эрсдэлийн Удирлагын Газар нэгж одоог хүртэл байхгүй байгаа нь үнэхээр гайхалтай.

Ийм газар байгуулах нь зөв болох тухай, хэрэв байгуулахаар шийдвэл арга зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж болох тухай албан бичгээ би явуулаад 1 жил хүлээж байна. Энэ хооронд хүмүүс юманд цохиулж, барилгаас унаж зүй бусаар хорвоогоос одсоор л.



No comments: