Wednesday, September 24, 2014

You can quit a job, but not yourself


Нартай сайхан өдөр, Цэрэндалай миний өрөөнд орж ирнэ. "Захирлаа, гадаадад сургуульд явахаар боллоо. Ажлаасаа яг өнөөдөр гаръя." гэнэ.

Гадаадад ямар ч сургуульд явах гээгүй. Ажлаасаа гарах тухайгаа хүмүүст хэлсэн нь жиг жуг сүүлийн 6 сар сонсогдож л байсан. Ажилдаа хандаж байгаа хандлагаас нь л аль дээр үед явчихсан нь илт байсан. "Энэ одоо намайг юу ч хардаггүй, сонсдоггүй гэж бодоод байгаа юм байх даа." гэсэн шүү дургүйцсэн бодол тархинд зурсхийнэ.

Үнэн хэрэгтээ Цэрэндалай сүүлийн 2 жил ажиллахдаа гараасаа юу ч гаргаагүй. Яавал бүтээмжээ сайжруулах зөвлөгөө зөндөө хэлсэн. Мэдээж сонсоогүй. Огт өөр, дэлхийд сүүлт од дөхөж ирсэн учраас яагаад анхаарал нь төвлөрч чадахгүй байгаа талаар шалтаг тоочоод өнгөрсөн. Ингээд сүүлийн 6 сар менежмент муу байгаа тухай, захирлууд яагаад ажилтнуудыг огт ойлгодоггүй тухай, огт дэмждэггүй тухай баахан яриа гаргаж, зүгээр байгаа хүмүүсийг уруу татсан. Ингээд эцэст нь болох юм болдогоороо болж ажлаасаа гарах гэж буй нь энэ.

Яг үнэндээ бол мань эр компаниас гараад байгаадаа биш, харин компаниас бүтэлгүй хүн нь шахагдан гарч буй хэрэг юм.

Компани бол урлан. Ганц ч уран зураг зурдаггүй зураач урланд багтах шингэх газар үгүй.

Цэрэндалайг гарсаны дараа түүний өмнөөс харамсан бодно. "You can quit as many companies as you please, but you can never quit yourself." - Хүн ажлаас зугатааж болно, гэтэл өөрөөсөө зугатааж чадахгүй шүү дээ.

Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голно гэж байхгүй. Гэтэл хүн өөрийгөө голж чадаж байна уу гэдэг нь сэтгэл зүйн маш том асуудал мөн.

Өөрийгөө голж чаддаггүй хүн бол нэгэн бодлын сэтгэцийн гажигтай хүн юм. Хэзээ хүн өөрийгөө голж чадахаа больдог вэ гэхээр - амьдралд зөвхөн өгсөний дараа л авах цаг ирдэг юм гэдгийг ойлгохгүй - зөвхөн авах дээрээ фокус хийх үед.

Өнөөдөр Монголд дүүрэн ийм хүмүүс байна. Тийм ч учраас Монгол улс ийм ядуу дорой байгаа юм. Түүнээс биш яг үнэндээ улс төрчдөөс болоод байгаадаа ч биш. Улс төрчид бидний гар хөлийг ирээд тушчихаагүй.

Хайр дурлалд ч тэр. "Би энэ хүнд юу өгөх вэ, түүнийхээ хариуд юу авна гэж найдах вэ" гэж бодож, тийм өнцгөөс асуудалд хандаж чадахгүй л бол тэгээд л будаа. Нэг хүүхэд өнчин хоцорч байгаа нь тэр.

Амьтны паразит хүртэл өөрийн эерэг үүрэгтэй байхад хүнэн паразитад авах эерэг юм үгүй.

Би юу өгөх вэ - хайртдаа, гэр бүлдээ, үр хүүхэддээ, найз нөхөддөө, хамт олондоо, компанидаа, улс орондоо - гэж бодож явдаг хүний маш чухал эрхтэн нь онгойно. Тэр бол чих юм.

Чих нь онгорхой хүн бүгдийг сонсоно. Хүмүүс өөрөөс нь юу хүсээд байгааг мэднэ. Тэгээд өгнө. Дүлий хүн харин нэмэргүй.

Дүлий хүний хувьд хүмүүс ирээд - "Цэрэндалай, амьдрал чинь авахад биш өгөхөд оршдог юм аа. Чи залуу хүн байна менежментийн ном унш. Битгий шантар. Юм хий, бүтээ." гэж хэлэх нь - огт сонсогдохгүй харин зүгээр л ам нь ангалзаад байгаа мэт харагдана. "Өдөр яагаад ангалзаад байсан бэ, маягийн юм оройн хоолны үеэр хальтхан бодоод л мартагдана."

Нэг муу компанид учраа олоод ажиллачихаж чадахгүй бол өөр юу чадах вэ дээ. Уншигч авгай бодно - "муухай ааштай даргатай байхад гарахгүй гээд яах юм бэ" - гэж. Бид хүний нийгэмд амьдарч байна. Ууртай, уургүй олон л хүн байдаг. Бид нэгэнт нийгмийн амьтан тул ууртайгийнх нь учрыг олох чадвартай л байх ёстой. Үгүй бол бид усанд сэлж чадахгүй байж далайд үсэрснээс ялгаагүй. Ганц муухай ааштай хүний учир олж чадахгүй бол хүн гэж байгаад ч яадаг юм.

No comments: