Би ер нь их хойрго талдаа хүн л дээ. Хараад байхад монголчууд бид ерөнхийдөө тийм юм шиг.
Анх Худалдаа Хөгжлийн Банкинд орох ярилцлага өгөхөд "Дараа нь ирээрэй" гэв. Дотроо эелдэгээр "үгүй" гэж байна л гэж бодов. Тэр үед ХХБ-д над шиг сургууль төгссөн хүн, тэгээд дилерийн албанд орно гэж бараг л байж боломгүй зүйл байв. Ямар сайндаа л сүүлд орсон хойно манай сайн найзын ээж хэдэн төгрөгний хахууль өгсөн гэж асууж байхав дээ. Мөн ХХБ-д ажилладаг олон залуучууд намайг аль захирлыг арын хаалга юм бол гэж "илт" гайхдаг байв.
ХХБ-ны дилерийн албанд 11-р сургууль төгсөөд МУИС эсвэл СЭЗД-н банкны анги төгссөн, математик физикийн медальтай хүмүүс л ордог байв шүү. Над шиг тоо гадарлахгүй, 31 төгссөн, тэгээд ХҮДС-н нябо дипломтой хүн бол санахын гарз.
Тухайн үед нийгмийн хандлага ийм байхад би ч өөртөө итгэлгүй байх нь тодорхой.
Ингээд дараа нь ирээрэй гэсэн хугацаа болоход би бараг л очихооргүй байв. Өөрийгөө орж чадахгүй гээд итгэчихсэн байсан хэрэг. Тэгээд найз Азааруугаа залгав. Учир байдлаа хэллээ. Гэтэл мань хүн намайг зоригжуулж "айх юу байсан юм, уулзаад үзэхэд унах юм байхгүй" гэлээ. Би ч очиж, дилер болох замналаа эхлэсэн түүхтэй.
Сүүлд томоохон харилцагчийг "урвуулж" авах ажил дээр гадны санхүүгийн түнштэй хамтран ажиллаж байв. Харилцагчийг авч чадах эсэхдээ эргэлзэж байгаагаа хэлэхэд, тэр түнш маань "Ганзо! аваагүй юмаа алдахаас битгий ай. Чадах зүйлээ тултал нь хийхэд л болоо." гэв. Мундаг том захирал байгаад ийм анхан шатны хичээл, ийм агуу үг хэллэгтэйгээр хүлээж авсандаа болоод тархиндаа лантуудуулах шиг л болж билээ. Хүн гэж үнэхээр тэнэг амьтан ажээ.
АВААГҮЙ ЗҮЙЛЭЭ АЛДАХААС ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АЙ!
Бид үр хүүхдээ дандаа л "тэгэж болохгүй, ингэж болохгүй" гэж няцааж мохоодог. Бидний үр хүүхэддээ хэлдэг 10 үгний 8 нь болохгүй, чадахгүй, бүтэхгүй. Ийм байхад бид яаж үр хүүхдээ өөртөө итгэлтэй, зоригтой, алдахаас айдаггүй хүмүүс болгож хүмүүжүүлэх вэ дээ.
Монгол улсын хөгжлийн тухай ярихаар нэг л зүйл миний гэдэнг хөдөлгөөд байдаг юм. Монголыг дэлхийд тэргүүлэгч гүрэн болгох боломжтой гэж ярихад гадны хүмүүс солиотой хүн харж байгаа юм шиг харах нь ч дүүрч. Харин Монголчууд маань тэгэж харах нь хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй.
Бид тэртэй тэргүй хөгжлөөрөө 200 орноос 140-д жагсдаг. Бидэнд өөр алдаад байх юм алга. Яадаг юм номер 1 болъё гээд үзье, чадахгүй бол тэр л биз дээ, бидэнд алдах зүйл алга.
Амжилт Алдаа хоёр ямар ч ялгаагүй. Амжилт бол олон тооны алдаан дундаас төрсөн нэг алдаа юм. Тийм ч учраас алдаа гаргахаас айдаг хүн хэзээ ч амжилт олохгүй.
No comments:
Post a Comment