Sunday, September 14, 2014

Хөгжлийн загвар

Монгол улсад хөгжлийн загвар байхгүй. Харин байгалийн баялагийн найдвар бий. Энэ найдвар нь хоёр хүчин зүйлээс, за бараг гурван хүчин зүйлээс тогтоно. Тэдгээр нь: 1. Байгалийн баялаг газар дороос олдох уу? 2. Олдсон баялаг нь эрэлттэй байх уу? 3. Түүнийгээ эдийн засгийн үр ашигтай зарах уу?

Энэ гурван хүчин зүйлс тус бүр дээр бүдэрч ирсэн тул би Монгол улсад хөгжлийн загвар байхгүй гэж зоримог хэлсэн юм. Анх 2004 онд Оюу Толгойн ордын нээлтийг Блүүмбергийн дэлгэцэн дээрээ л анх харж байлаа. Монгол улсад таг чиг.

Гэтэл энэ Оюу Толгой ордын анхны бүтээгдэхүүн ердөө 2013 онд л гарав. Манай улс төрчид, иргэний хөдөлгөөнийхөн ингэж удаан гацаав.

Эдийн засгийн ухаанд зөв моментонд нь зөв үнээр зарах л гэсэн логик байдаг болохоос, өмхийртөл нь дараад хэнд ч хэрэггүй болоход нь хог дээр хаях гэсэн ойлголт үгүй. За би арай ч хэтрүүлчихэв үү.

2008 оны 2-р сард зэсийн анализ хийв. Тухайн үед олон улсын эдийн засгийн хямрал болох магадлал, миний хувьд, маш өндөрсөөд байсан үе. Зэсийн үнэ 9000 гаруй доллар байлаа. Гэхдээ хэд ч болж унаж мэдхээр байв. Монгол улс Эрдэнэтийн зэсээс хамаардаг байсан үе. Анализаа бичлээ, улсын нийт зэсийн экспортыг эрсдлээс хамгаалах төлөвлөгөө гаргалаа, төсвийг нь тооцлоо. Зэсийн үнэ унах эрсдлээс бүрэн хамгаалахад 10 сая долларын зардал гарах тооцоо хийв. Үүнийгээ мөн сард нь Сангийн Яаманд өглөө.

2008 оны эцэс гэхэд зэсийн үнэ 2700 доллар хүртэл унав. Монгол улс үүнээс болж 300 сая долларын алдагдал хүлээж ОУВСангаас тусламж авч байж арай гэж тогтов.

Энэ бол миний амьдралд тохиолдсон олон жишээний нэг нь л. Энэ бүх жишээнээс би сургамж авч, Монгол улс хөгжлийн ямар ч загваргүй гэж зоригтой хэлж байгаа юм. Мөн ямар ч гадны зөвлөх Монгол улсыг хөгжүүлэх зөвлөгөө өгөх боломжгүй гэдгийг туршлагаасаа мэднэ.

Дунд шатны түшмэл л улсыг алдаг. Улсын бодлогын чухал яам, газарт суучихаад хувийн ажлаа хийж суухаар эцэст нь ингэж улс 300 сая доллараар хохирдог юм. Чухал албан тушаал дээр суучихаад улсын хувь заяаг түй ч сонирхохгүй болохоор ийм юм болдог юм. Бүх яам ийм.

Монгол улсын хөгжлийн загвар гаргах тухай би их олон жил бодов. Хэдэн ном уншив. Эцэст нь би улс орны хөгжил боловсрол дээр тогтох тухай итгэл үнэмшилтэй болов.

Улс орны хөгжлийн зорилго тавих, түүндээ хүрэх стратеги гаргах нь хүүхдийн тоглоом. Тэрийг хийхэд хэдхэн сар, хэдхэн сая доллар хэрэгтэй. (2009 онд бид ямаанд 30 тэрбум өгсөнтэй харьцуулахад)

Харин хамгийн хэцүү зүйл бол түүнийгээ "ажил хэрэг" болгох тухай асуудал юм аа. Ажил хэрэг болгохын тулд Монгол улсын иргэд бүгдээрээ ажил хэрэгч болох ёстой.

Хятад улс 1.3 тэрбум хүнтэй. Яагаад олимпийн бүх алтыг хамж эхлэв. Тооноос чанарт шилжих хуулийг хэрэглэв. Японд буудлыг спортоор 20 мянган хүн хичээллэж байхад, Хятад тэнд 200 мянган хүнээ хуваарилж чадна. Хүн бол эдийн засгийн хамгийн том нөөц мөн. Байгалийн баялаг биш ээ.

Ихэнх их гүрнүүд эдийн засгаа солонгоруулж, хүн амаа маш олон салбарт хуваарилдаг. Энэ бол өндөгнүүдээ нэг сагсанд хийхгүй олон сагсанд хийх онол буюу диверсификаци юмаа. Аль нэг салбар нь бүтэлгүйтэхэд нөгөө салбар нь чирнэ.

Гэтэл харамсалтай нь Монголд эдийн засгийн нөөц ХҮН маш цөөхөн, дутмаг. Бид дэлхийн гүрнүүдийн хэрэглэдэг тооноос чанарт шилжих хуулийг диверсификаци дээр суурилж хийвэл асар том бүтэлгүйтэл болно. Жишээ нь бид цөмийн физикийн салбарт ердөө 5 мянган хүн хуваарилж чадах бол Хятадууд тэнд 500 мянгыг хөнгөхөн хуваарилчихна. Бид дандаа ялагдах болно.

Ийм учраас бид тооноос чанарт шилжих хуулийг их өөр байдлаар, Чингис хаан шиг хийнэ. Чингис хаан Монголын бүх эрчүүдийг цэрэг болгосон. Ингэснээр 10 хүний нэг нь л цэрэг байдаг асар олон хүн амтай улсуудыг амархан эзлэж байв. Бид ч гэсэн орчин үед ингэнэ.

Бид дэлхийд хамгийн үнэд орох, хамгийн ашиг ихтэй бизнес, эдийн засгийн салбарт бүх хүчээ төвлөрүүлнэ. Бид хүмүүсээ барилгачид, малчид байлгаж болохгүй. 100 хонь дагаад ууланд явах биш, 100 эрдэм шинжилгээний бүтээл хийгээд лабраторид сууж байх ёстой, монгол хүн.

Энэ бол их амархан бодоод олчихоор логик байна. Эргээд нөгөө хамгийн хэцүү асуудалдаа оръё.

БОЛОВСРОЛ.

Бид бүх хүмүүсээ цөмийн физикчид бол гээд хэлчих даруйд л болохгүй нь ойлгомжтой юм байна.

Би боддог байв. Хойноос гарч ирэх залуучуудын англи хэл мундаг болох байх. Бидний үед англи хэлний курс ховор, ном ховор, интернет ховор, англи хэл сурах хэрэгцээг ухамсарлах нь ховор тийм үе байв. Би 10 жилийн дараа гэхэд шинээр сургууль төгсч байгаа хүүхдүүдийн англи хэл нь монголоос нь дээр байна гэж төсөөлж байв. Харамсалтай нь бидний үеээс ямар ч ялгаа алга. Яалт ч үгүй Америк явж сурсанууд нь л халтар хултар ярихаас биш, Монголд байснууд нь таг. Дээрээс нь Америк явснууд нь ямар ч бичгийн хэл байхгүй. Үгүй юм байна, ертөнц миний төсөөлсөн шиг ажилладаггүй юм байна.

Ушигч авхай, үүний буруутныг залхуу залуучууд гэж бодсон бол асар том эндүүрэл. Үгүй ээ. Энэ бол ялзарсан, хугацаа нь хэтэрсэн боловсролын систем болно. Залхуу, зорилгогүй, чиглэлгүй, тэвчээргүй, оюун бодолдоо биш сэтгэл хөдлөлдөө захирагддаг тийм хүмүүсийг мянга мянгаар нь үйлдвэрлэж байгаа боловсролын систем буруутан нь юм.

Ингээд миний Монгол улсын хөгжлийн загвар гаргах - эдийн засгийн ажил маань Боловсролын системийг шинэчлэх дээр таг тулж очив.  Асуудал эдийн засагт биш боловсролд байжээ.

Хүн төрлөхийн гэсэн онолд би хэзээ ч итгэж байсангүй. Би өөрөө тоонд дургүй, сурлагандаа муу, тогтож сууж чаддаггүй, хичээлээ байнга тасалдаг сурагч байв. Хүн ямар ч бай, түүнийг хөгжүүлж шилдэгүүдийн нэг болгож болно гэдэгт би итгэнэ.

Би одоо Нобелийн шагналт сэтгэл зүй-эдийн засгийн эрдэмтэн Д.Канманын номыг уншиж байна. Энэ номонд миний дээрх итгэл үнэмшлийг багтана. Түүний хэлж байгаагаар:

Хүний сэтгэн бодох үйл явц 2 системээс бүрэлдэнэ. Эдгээр нь Систем 1 ба Систем 2 нар болно. Систем 1 нь сэтгэл хөдлөл, мэдрэмж, зөн совин зэргээс бүрэлдэж хариу үйлдэл үзүүлдэг бол Систем 2 нь дүн шинжилгээ, дүгнэлт, харьцуулалт зэрэг үйлдлээс бүрдэнэ.

Энэ хоёр системийн хамтран ажиллагаа, харилцан үйлчлэлийг олон туршилтаар илрүүлжээ. Хамгийн энгийн жишээ бол Сонгуульд нэр дэвшигчийн нүүр төрх.

Судлагаагаар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харуулахгүй зөвхөн нүүр царайг харуулж, хэн нь сонгуульд ялахыг таамаглуулахад, бодит үр дүнтэй 80 хувь таарчээ. Энэ бол Систем 1-н гаргаж буй шийдвэр юм. Харин Систем 2 тухайн хүний нүүр царайнд ач холбогдол өгөлгүй мөрийн хөтөлбөрийг нь нарийвчлан сулаж, үр дүнг нь тунгааж байж шийд гаргана.

Хүний тархи огт бодолгүйгээр ажиллаж байдаг. Жишээ нь "алим" гэж хэлэхэд заримд маань алимны пирог зурсхийнэ. Энэ бол Систем 1 ажиллаж буй хэлбэр юм. Систем 1 огт бодолгүй, тунгаалгүй, өмнөх мэдээлэл, сэтгэл хөдлөл дээр суурилан хариу ажиллаж байдаг.

Нэгэн танил маань хэлж билээ. "Хонг Конгуудтай бизнес хийхэд тэд эмоцио хаалганы гадна орхиод, бизнесийн ширээн дээр цэвэр бизнесээ л ярьдаг нь гайхалтай." гэж. Хүн ийм л байх ёстой. Монголын захирлууд яадаг билээ? Дүүрэн эмоци.

Эмоци хэрэгтэй. Гэхдээ зөв эмоци л хэрэгтэй. Систем 2-г сайн хөгжүүлснээр Систем 1-н ажиллагаа сайжирна. Систем 1, Систем 2 хоёрын уялдаа холбоог сайжруулснаар асуудал эвгүйтэх үед Систем 2 ажиллаж шийднэ.

Систем 2 -оо огт ажиллуулдаггүй хүний Систем 1 ямархуу байх бол оо?

Боловсролын системийг ийм төвшинд хүртэл өөрчилнө. Бид амьдралдаа хэзээ ч хэрэглэхгүй логарифм (мэдээж физикийг гол салбараа гэж сонгохгүй бол) заахын оронд Систем 1-ээ яаж сайжруулах, Систем 2 ба 1-н уялдаа холбоог хэрхэн хангах талаар бэлтгэл хийлгэнэ.

Мөн номон дээр бас дурьджээ. Систем 2 нь сэтгэл зүйн тэвчээрийг зааж байдаг. Урт хугацаанд харж байдаг. 4 настай хүүхдүүд дээр туршилт хийсэн байна. Одоо 1 орео печень авах, эсвэл 10 минут тэвчээртэй суугаад 2 орео авах. Шалгалтанд орсон хүүхдүүдийн 60 хувь нь өнөөдрийн уушгийг сонгож.

10 гаруй жилийн дараа мөнөөх хүүхдүүдийн явцыг харахад тэсч үлдээд 2 орео авсан хүүхдүүд бусад хүүхдүүдээс оюун ухааны хөгжил, сурлагаараа маш илүү байсан байна.

Бид хүчтэй сэтгэл зүйтэй иргэдийг бэлтгэнэ. Тархины булчинг нь хөгжүүлж дундаж Монгол хүүхэд дэлхийд топ хүүхдүүдтэй чацах төвшинд хүргэх тийм л боловсролын системийг бүрдүүлэх ёстой.

Үүний дээрээс манай боловсролын системд огт заадаггүй - ярих чадвар - өөрийгөө илэрхийлэх чадвар, бичих чадвар - хүнийг сонсох чадвар  - гүн дүгнэлт хийх чадвар - биеэ барих чадвар тэргүүтнийг тусгай технологи гаргаж заанаа. Бидэнд оксфордын систем хэрэггүй. Бидэнд асар ахисан төвшний систем хэрэгтэй.

Ийм системээс гарсан хүүхдүүд, бидний гаргасан Монгол улсыг хөгжүүлэх эдийн засгийн загварын гүйцэлдүүлж чадна. Бид жил бүр хэдэн арван мянгаар нь алдсаар л.

No comments: