Абстракт
2014 оны 8-р сарын 23-ны өдөр Хятадын ерөнхийлөгч ноён Ши Жинпин Монгол
Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ “Хятадын ард түмэн хоёр 100
жилийн зорилт биелүүлэхийн төлөө хүчин зүтгэж байна.” гэж тэмдэглэсэн.
Аливаа улс орны эдийн засгийн хөгжил дэвшил нь эдийн засгийн нөөцийн
төлөвлөлттэй салшгүй холбоотой. Эдийн засгийн хөгжил дэвшлийг хэдий чинээ урт
хугацаанд харж, төлөвлөж чадна, өнөөдрөөс эхлээд нөөцийн хуваарилалт зөв
хийгдэнэ. Тухайлбал энд хүний нөөцийг авч үзье.
Хэрэв Монгол улс 50 жилийн дараа гэхэд электроникийн салбарт дэвшил гаргаж,
улмаар дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх эдийн засгийн хөгжлийн тухай
төлөвлөж байгаа тохиолдолд, өнөөдрөөс эхлээд хүний нөөцийг бэлтгэх хэрэгтэй
болно. Бид 50 жилийн дараа гэхэд дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн 50
настай эрдэмтэд, бизнесмэнүүдтэй байх боломжтой.
Гэтэл хүний нөөцийг ингэж төлөвлөөгүйгээс болж жил бүр хэдэн арван мянган
хүүхдийн ирээдүй харамсалтайгаар хохирч байна.
Үнэн хэрэгтээ Монгол улс эдийн засгийн төлөвлөлтөө иймэрхүү маягаар харж
ирсэнгүй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэсэн сэтгэхүйгээр хандаж ирлээ.
Үүний гол учир шалтгаан нь эдийн засгийн нэгдсэн төлөвлөлт хийдэг байсан
аппаратаа 1990 онд нурааж орхисон оршино. Оронд нь зөвхөн төсвийн зарцуулалт
хянадаг Сангийн яам, богино хугацааны ханшийн савлагааг зохицуулах үүрэгтэй
Монголбанк хоёрыг байгуулснаар эдийн засгийн урт хугацааны төлөвлөлт, түүнд
нөөцийн өнөөдрөөс эхлэн хуваарилах тухай асуудал орхигдсон болно.
Энэ хооронд ердөө 4 жилийн
хугацаатай сонгогдсон улс төрчид эдийн засгийн циклийг 4 жилийн хугацаанд харж,
баялагийн хуваарилалтыг 4 жилийн мөчлөгтэй хийж, нөөцийн төлөвлөлтийг 4 жил
тутам өөрчилж ирсэн нь Монголын эдийн засгийн хамгийн чухал нөөц болох хүний
нөөцийг үнэгүйдүүллээ. Бид 1990 онд дэлхийд дээгүүр бичигдэх мэргэжилтнүүдтэй
улс байснаа ердөө 20 жилийн дотор гулсан бууж хамгийн доогуур жагсах болов.
Хамгийн өндөр цалинтай байсан багш, хамгийн бага цалинтай хэрэггүй ажил
болж хувирснаар эдийн засгийн ирээдүйн үнэтэй нөөц болох бидний хойч үеийн
боловсрол ангалын ирмэгээс түлхэгдэн унав. Одоо жил бүр хэдэн арван мянган
монгол хүүхэд ирээдүйд өрсөлдөх чадвар үгүй боловсролыг авч байна.
Энэ эмгэнэлтэй нөхцөл байдал нь эдийн засгийн анхан шатны мэдлэггүй, 4
жилийн амьдралын мөчлөгтэй, эдийн засагч мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй
улс төрчдөөс болов.
No comments:
Post a Comment