Thursday, November 25, 2010

Subjective Reality or Logical Fallacy

Conventional wisdom ёсоор хөгшин хүн= туршлагатай хүн. Туршлагатай хүн гэдэг бол хөгшин хүн. Хөгшин гэдэг чинь туршлагатай гэсэн үг. Хүн хөгширч байж л туршлага хуримтлуулдаг. Хүн хөгшрөх явцдаа туршлага хуримтлуулдаг. Шийдвэрийг туршлагатай хүн гаргах ёстой. Тэгэхээр шийдвэр гаргагч хөгшин байх ёстой...

Туршлага нас ахих тусам хуримтлагддаг юм уу? (Conventional wisdom ёсоор тийм) эсвэл
Туршлага олон зүйлсийг туршиж үзсээр хуримтлагддаг юм уу? (Фундаментал сэтгэлгээгээр бол энэ нь үнэн)

Олон зүйлсийг туршиж үзэхэд хөгшрөх нь гарцаагүй юу? Үгүй.

Олон зүйлсийг туршиж үзсээр их туршлага хуримтлуулахад тодорхой хугацаа өнгөрөх нь үнэн үү? Тийм. Энэ хугацаа нь бүтээмжээс шууд хамаарах бөгөөд хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад болно.

Хүмүүс бүтээмж маш муутай амьтад. 7 тэрбум хүн хүчин чадлаа бүрэн шавхахад одоо дунджаар 60 настай хүний олж хуримтлуулсан байдаг дундаж туршлагыг 30 настайдаа хуримтлуулах бүрэн боломжтой гэж би ойлгодог. Үүн дотор зарим этгээдүүд 60 тай нөхрийн хуримтлуулах байсан туршлагыг 25 тайдаа хуримтлуулах тохиолдол ч түгээмэл.

Ер нь бол Хоукингийн санааг баримтлан фундаментал байдлаар харах юм бол Чингис, Христ, Аллахын төвшний ур чадвар бүхий хүмүүс өмнө нь мянган жилд нэг төрдөг байсан бол одоо 10 жил тутамд хэд хэдээрээ төрдөг болж байна (thanks to number of roaming people reaching staggering 7 billion). Гэхдээ they does not necessarily fighting with swords and building an overwhelming empire - but they are more likely sitting somewhere quietly and writing a book, giving a lecture, doing a business, erecting a building, devising a method, breaking scientific frontiers to change the lives of 7 billion people.

Чингисийн үед тухайн үед байсан хэдэн зуун сая хүний амьдралыг сэлмээр л өөрчилж болох байсан бол харин одоо үгээр, үсгээр, бодлоор, урлагаар өөрчилөх юм.

Wednesday, November 24, 2010

Grand design

Bacteria battle
Анх пенциллинийг 50-иад онд нээснээс хойш бактерийг бид дарангуйлж эхэлсэн. Гэвч төд удалгүй бактери пенциллинийг давж гарч эхэлсэн билээ. Ингээд шинэ төрлийн пенциллин, бактерийн дархлаа, дахиад шинэ төрлийн антибиотик гэх урвалаар цаашид хүний оршин тогтнол дуустал явах бололтой. Уушигний сүрьегийн бактери анх хялбар устгагддаг байсан бол одоо эмэнд дасалтай бактери гэгч зүйл бий болсноор эмчлэхэд төвөгтэй болж байна гэх. Үр дүнд нь эмийн бизнес асар ашигтай зүйл болж хувирав. Вирус харин хэт жижиг тул одоо болтол эсрэг тэмцэх дорвитой арга боловсруулаагүй байна. Гэхдээ түүний эсрэг хэрхэн тэмцэх зарчим нь ойлгомжтой болоод байгаа. Энэ бол цаг хугацааны асуудал. Бид арай харж амжихгүй болов уу. Дархлалын эсвэл вирусын түвшинд био-програмчлал хийгээд л вирусуудыг устгачихаар харагдаж байгаа.

Synergy
Хүнээс эхлээд чоно хүртэл сүргээрээ ажил амьдралаа залгуулдагийг бид мэднэ. Гэтэл бактери хүртэл колони үүсгэж синержи үүсгэдгийг бид саяхан мэдсэн. Бүүр нэг төрлийн бактери хүний дархлалын эсүүдэд довтлогдох үедээ бусаддаа сигнал өгч амждаг нь тогтоогдсон. Сигнал авсан довтолгоонд хараахан өртөөгүй байгаа бактериуд дархлалын эсрэг тусгай хор ялгаруулдаг. (Энэ хор нь эсийг гэмтээж, хүнд зовиур, хөндүүр бий болдог - Тухайлбал ханиадны үед хоолой өвдөх г.м.)
Гэтэл саяхан бас хүн малын гэдсийг эзэгнэгч нэгэн coli. төрлийн бактерийн колонируу антибиотекийн дайралт хийхэд колони огт ажрахгүй байгаа нь анзаарагдсан байна. Нарийвчлан судлаж үзтэл колони дотор ердөө цөөхөн хэдэн хувийн бактери л тухайн антибиотекийн эсрэг дархлаатай болох нь тогтоогдож. Харин эдгээр бактериуд хамгийн "хачирхалтай" нь өөрсдийн өсөлтийг гаргуунд нь гаргаж бусад бактериуддаа туслах зорилгоор антибиотекийн эсрэг тусгай бодис ялгаруулж байжээ.

Эндээс анхаарч хараарай.

....Өөрт нь хэрэггүй байхад, өөрийн өсөлтийг золиосолж бусаддаа туслах....

1. Колонийг аврах нь өөрт нь богино хугацаанд харамсалтай боловч урт хугацаанд үр дүнтэй байж мэдэх
2. Баатарлаг байдлаар бусдын төлөө амь үрэгдэх, ингэснээр сүнс нь диваажинд үүрд амьдрах далд зорилго агуулах. (хахаха)

Anatomy
Хүн болоод аливаа амьт биес нь ердөө л химийн бодисууд ба химийн урвалууд + электрон сигналууд болох нь ойлгомжтой болсон. Бүгдийг нь бүрэн задалж дуусах нь ердөө цаг хугацааны асуудал. Тусгай үйлчилгээтэй химийн бодис ашиглан тархи мэдрэлийн системийн аль нэг хэсэгт зохих урвал явуулах замаар хүнийг унтаах, сэрээх, сэргээх, баярлуулах, уурлуулах, бүүр дурлуулж ч эхлээд байгаа.
Тэнд аливаа сүнс, сүнслэг зүйлс байхгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Ядаж л физиологийн төвшинд шүү дээ.
Од дэлбэрч онцгой орчинг үүсгэх үед Хелиумын атомаас Нүүрстөрөгч үүсэх бөгөөд тун удалгүй эдгээр нүүрс төрөгчид "би хэн бэ" гэх мэтийн асуулт асууж бие биендээ дурлаж эхэлнэ.

Grand design
Их хурлын гишүүн гэр оронгүй тэнүүлч хоёрын хооронд асар их зөрүү бий. Энэ бол ердөө эдгээр хоёр хүний өнцгөөс харахад. Нарын системийн төвшинд үзвэл энэ хоёрын хоорондох ялгаа нь маржинал (өчүүхэн). Сансарын төвшинд асуудлыг авч үзвэл энэ хоёрын хооронд ялгаа алга.

Хэдийгээр Стефен Хоукинг үгүйсгэсэн боловч өөрөө номоороо дүүрэн бурхан байхгүй тухай нотолгоог бичсэн байна. Яг үнэндээ бол 2010 онд ийм зүйл ярих нь утгагүй. Бид сэтгэхүй, ухамсар, шинжлэх ухааны төвшинд ямар өчүүхэн байгааг л харуулж байгаа юм. Гэхдээ энгийн хүнд ойлгомжтой байдлаар бодит байдлыг дүрслэн бичсэнд нь би түүнд талархалтай хандаж байна.

Фундаментал байдлаар сэтгэж үзвэл ертөнц өөрөө оюун ухаанд захирагдах боломжгүй гэдэг нь илт юм. Ертөнц өөрөө төгс биш учраас төгс юм. Хоукинг ертөнц бүх боломжийг туршиж үзсэн болохыг нотлосон байна. Энэ нь ертөнц өөрөө төгс биш учраас бүх боломжийг туршиж үзсэн болохыг харуулж байгаа юм. Хүн, дэлхий, нарны аймаг бол тохиолдол болохоос биш бүтээл биш. Аливаа ухамсарт оюун ухаан төгс байдлыг эрэлхийлдэг. Гэтэл төгс байдал нь өөрөө рационал ухаанд суурилахыг шаарддаг. Эволюц бол зөвхөн амьд төдийгүй амьгүй материйн хувьд үнэн зүйл юм. Гэтэл хэн нэгэн ухаант бодгал эволюцийг урьдчилан моделчилох логик үндэслэл алга байна...


The Phenomenon
2005 оноос хойш шинэ хандлага гарч ирсэн. Магадгүй энэ Freakonomics номоор эхлээд Tipping point, Outliers, Black Swan, The Grand design номуудаар үргэлжилж байх шиг байна. Энэ бол Too simple to understand ойлголтыг ямар ч тэнэг хүн уншсан ойлгохоор бичих явдал. 7 тэрбум хүн бүгдээрээ бодит үнэнийг ойлгох. Өөрсдийнх нь туршлага, мэдлэгээс огт хамаардаггүй бодит үнэнийг л ойлгуулах асуудал. Hawking, Steven, Malcolm нарын хүмүүс хувьсгал хийж байна. Араас нь маш олон ийм хүмүүс гарч ирэх болно. Бид сэтгэлгээ, ухамсарын төвшинд шинэ хувьсгал хийж эхэллээ.
Орчлон ертөнцийг бид өөрсдийн өчүүхэн ухамсар, инээдтэй туршлагад нийцүүлж биш харин байгаа бодит байдлаар нь хүлээж авах болно.

Tuesday, November 23, 2010

Too simple to understand

Too simple to understand гэж нэг хачин ойлголт байх. Бүх хүн мэддэг, ойлгодог юм шиг мөртлөө яг угтаа хэн ч ойлгодоггүй энгийн зүйлсийг хэлнэ.

Жишээ нь "хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэдэг бол TooSTu ойлголт. Хүн бүр толгой дохино. Хэн нь ч ойлгохгүй. Ойлгоно л доо ойлгоно. Харин ухамсарлахгүй.

Орчин үед бясалгал гэж юу ч бодохгүй нүдээ аньж суухийг хэлээд байх шиг. Харин Буддаг амьдарч байх үед бясалгал гэж оюунаа хөвчлөн ертөнцийг таньж мэдэхээр бодолд орохыг хэлдэг байсан. За яахав бясалгал гэж тэгвэл юу ч бодохгүй нүдээ аньж суух буюу - амралтыг нэрлэх юм гэж үзвэл тэр оригиналь бясалгалыг юу гэж нэрлэх вэ?

Мэдлэг өөрөө харьцангуй чанартай. Бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байгаа эсэх нь өөрөө их эргэлзээтэй. Үүн дээр хүмүүс аймшигтай өндөр давтамжтай, олон удаа алдаа гаргадаг талаар би өмнө нь бичиж байсан. Харин саяны Стефен Хоукингийн шинэ номон дээр энэ талаар надаас хавьгүй илүү санаа зовж, илүү ойлгомжтой бичсэн байна билээ.

Номноос уншсан, хүнээс сонссон, амталж үзсэн, тэмтэрч мэдэрсэн, харж ойлгосон мэдлэгүүд цаанаа л явцуу. Бодит байдлаас маш их зөрүүтэй байх нь их.

- Чи ойлгосон уу?
- Би ойлгосон ...

Энэ үнэндээ хангалттай биш. Дараагийн шатан ухамсарлахуй гэсэн ойлголтыг гаргаж ирэх хэрэгтэй. Хүн ойлгоод цаашаа даварч ухамсарладаг байх ёстой.

Бясалгал (яахав шинэ үг зохиох ёстой байх нэгэнт оригинал үг утгаа алдсан тул) бол үнэндээ тухайн мэдлэгийг зөвхөн ойлгох биш цаашид ухамсарлах шатанд хүргэх процесс. Ухамсарласан мэдлэг бол харин өөрөө бодит байдлыг тусгах тал дээр ойлгосон мэдлэгээс хавьгүй илүү байна.

Ухамсарласан мэдлэг өөрөө бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна гэж би хэлэхгүй ч ойлгосон мэдлэгээс хэдэн арав дахин илүү гэж харин хэлмээр байна.

Тийм учраас бясалгалыг аль болох ойр ойрхон (тамхи татаж байхдаа, архи ууж байхдаа, залбирал үйлдэхдээ, усанд орж байхдаа г.м. хэзээ ч хийж болно) хийх нь зүйтэй. Бясалгалыг хүн бүр хийх ёстой.

Бясалгалын үндсэн зорилго нь мөн чанарыг танин мэдэхэд оршино. Мөн чанар гэдэгт тухайн мэдлэгийг шалгах (ямар ч мэдлэг байж болно) хийгээд ертөнцийн түгээмэл үнэний талаарх ерөнхий ойлголтууд орж болох юм.

one in a million

Ер нь гудамжинд алхаж яваад 2 сая доллартай цүнх олохыг хүсдэггүй хүн гэж байдаггүй л байх. Воррен Баффет хүртэл "хэдэн хувьцаа нэмээд авчихгүй юу, тэгээд олсон орлогоороо Африкийн ядууст туслана" гэсэн шүү юм бодох байх.

Үүнийг амьдралд бас бизнест "аз" гэж нэрлэх. Заримдаа "од" ч гэж нэрлээд байх шиг.

Хачин нь ийм аз 1 саяд 1 л тохиолддог. Харин тэрнийг нь хүмүүс 1 сая удаа давтаж ярьдаг. Ингээд эмгэнэлт драм эхлэнэ дээ. Сонссон хүмүүст тийм аз үнэхээр л энд тэндгүй хэвтэж байдаг юм шиг санагдаж эхэлнэ. Хүмүүс нэмж хачирлаж ярьсаар нөгөө ганцхан аз маань бүүр хэлбэр дүрсээ хувиргаад маш олон аз байнга тохиолддог юм шиг сэтгэгдэл төрүүлж эхэлнэ.

Би бизнест тийм айхтар олон жил ажиллаагүй боловч өөрийн туршлага, бусдын жишээн дээр үзэхэд аз тохиогоод од шүүрсэн тийм хүнийг амьдралдаа л лав хараагүй юм байна.

Миний бодлоор намайг бага байхад энд тэндгүй лоозогнож харагддаг "Хөдөлмөр хүнийг бүтээжээ" - ойлголт - ямар агуу үнэн бэ.

Хөдөлмөр - гэхдээ бүтээл бүтээхийн төлөө хөдөлмөр шүү дээ. Тэрнээс мөнгөний төлөө хар ажил биш.

Амжилттай яваа хүмүүсийн нууц гэж ирээд л - хүн бүртэй инээмсэглэж харьцах, бүх хүний нэрийг цээжлэх, өглөө бүр 7 цагаас босох гээд л бичсэн номнууд энд тэнд харагдах юм. Үнэндээ энэ бол хөх инээд хүрмээр зүйл юм. Энэ нь яг л индиан хүн бол улаан арьстай хүн юм гэж хэлсэнтэй адилхан.

Бид амжилттай яваа хүмүүсийг гаднаас нь ажиглаад - харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээгээр нь дүгнэж болохгүй ээ.

Амьдрал бол өөрөө бахархал. Хүн бахархалтай амьдрах ёстой. Хүн өөрийн бүтээсэн бүтээлээр бахархаж чадсанаар амьдрал сая утга учраа олно. Хүн өөрийн хөлсөө урсган байж олсон 2 сая долларынхоо цент бүрийнх нь эзэн нь байж чадна.

Хөдөлмөрлөн байж 2 сая доллар олсон хүн, лиценз дамлаад 2 сая доллар олсон бөгөөд "бусдад таалагдах 9 арга" номыг нэвт шувт цээжилсэн хүн - энэ хоёрыг нэг өрөөнд байна гэж төсөөлье. Магадгүй харалган сонирхогчод хоёрдугаар этгээд илүү сэтгэгдэл төрүүлж мэдэх ч яг үнэндээ гуравдагч этгээдийн бодол энд хамаагүй болдог.

Нэгдүгээр этгээдийн сэтгэлрүү өнгийж харах хэрэгтэй. Түүний сэтгэл дотор юу байна вэ? - БАХАРХАЛ

Хоёрдугаар этгээдийн сэтгэл дотор харин юу байна? - юу байдгийг нь би төсөөлөхөөс ч айж байна. Маш том дутагдлын шок байдаг биз.

Амьдрал яг үнэндээ 2 сая эсвэл 20 сая доллар олохын төлөөх тэмцэл биш. Амьдрал бол бүтээл, түүнийхээ эзэн нь байхын төлөөх л тэмцэл.

Тамын хаалган дээр зогсогч амьдралын эцсийн шүүгч бол найз чинь, хөрш чинь, бизнесийн түнш чинь биш зөвхөн хүн өөрөө. Зөвхөн хүн өөрөө өөрийгөө шүүж үздэг. Хүн өөрийгөө хуурна гэж тийм юм энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Хүн өөрийнхөө төлөө төрж, хүний төлөө амьдарч, өөрийнхөө төлөө үхэж - өөрөө өөрийгөө шүүдэг жамтай.

Sunday, November 21, 2010

The discussions

Улаанбаатарын бөглөрөлийг шийдэх, төсвийн алдагдлыг нөхөх зэргийг хослуулан тээврийн хэрэгслийн татварыг нэмэх оролдлого хийсэн боловч ашгүй бүтэлгүйтэж, буцаж байх шиг байна.

Яг үнэндээ бөглөрөлийг шийдэх тал нь жаахан логик муутай. "Ард түмнээ машин битгий унацгаа" гэж хэлэх ёстой юм уу эсвэл замаа өргөсгөөд, явган хүнийг замаар биш гүүрээр, тунелээр гаргаад, ухаалаг гэрлэн дохионы систем суурилуулах ёстой юу.

Ер нь бол бид машин унадаггүй тийм нийгмийг чиглэн явж байгаа л даа. Гэхдээ арай болоогүй байна.

Миний бодлоор ард түмний хэрэглээг дэмжих хэрэгтэй байна. Та бүгд анзаарсан бол хүний хэрэглээ их хялбархан хангагддаг. Машин, байр, 7 хоног бүр том хүнсний зах орж хүнсээ цуглуулах, жилдээ нэг удаа гадагшаа 7 хоногоор явж амрах гэх мэт. Ер нь л тийм ч үнэтэй биш. Анхан ба ахисан төвшний материаллаг хэрэглээ хангагдаж дуусмагц хүмүүс оюуны хэрэгцээгээ хангах хэрэгтэй болно. Энэ үед хөгжлийн асуудал арай өөр төвшинд яригдах юм.

Буруу жолоотой машинуудыг шийтгэх тухай яриа гарч байна. Үнэндээ бид тодорхой төвшинд хүрмэгц буруу жолоотой машинуудыг бүгдийг нь үгүй хийх болно. Гэхдээ одоо би буруу жолоотой машинд их талархалтай ханддаг. Их боломжийн үнээр чанартай зүйл хэрэглэж үзэж байна. Жишээ нь Тоёота Приус - Монголчууд - 2005 оноос эхлэн унасан байх. Гэтэл Америкт ердөө 2007 онд дебют хийж байх жишээтэй.

Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвар нэмэх нь одоогийн нийгэмд хэр зохимжтой тал дээр санал зөрөлдөж байна.

Бизнест ирээдүйд ашиг орлого олдог саалийн үнээ бий болгохын тулд өнөөдөр генийн судлагаанд мөнгө хаядаг. Үүнийг R&D (research and then development) гэнэ. Улс яг ижил. Улс ирээдүйд ашиг орлого олж түүнээсээ татвар төлөх бизнесийн, хэрэглээний салбаруудын үрийг өнөөдөр тарьж болно. Тэр бизнес нь үнээ болж өсч бойжих хүртэл нь харин төрийн бонд гаргаад төсвөө аргалаад байж болох л.

Гэтэл манайх Улаанбаатар хотыг анх төлөвлөхдөө л Тосгон байхаар бодож хийгээд, бүх шугам нь газар булаатай, хүн ард нь хэзээ ч машин унах заяагүй тул машин зөрөх боломжгүй замуудтай, одоо хүртэл хэдийн хэмжээнд хүртэл томрох талаар ямар ч ойлголтгүй л явж байна.

Өнөөдөр төсөв алдагдалтай гарахаар төлөвлмөгц татварыг нэмэхээр зорино гэдэг чинь өөрөө үнэхээр инээдтэй. Төсвийг алдагдалтай төлөвлөх зорилго юу вэ? Хөгжил байх гэж найдаж байна... Тэгвэл тэр алдагдлыг хаанаас нөхнө гэнээ? Татвар - татварыг хэн төлдөг вэ? Ард түмэн - энэ бол барууны эдийн засгийн хэллэгээр vicious cycle буюу өөрийгөө устгах механизм болой.

Thursday, November 18, 2010

The Grand Design

Энэ зун нобелийн шагналт Хоукин Grand Design гэж ном бичээд "Бурхан хэрэггүй байжээ" гэж дуу алдсан.

Номыг нь харин 2 өдрийн өмнө олж аваад уншиж байна. Ойрд ажил аймшигтай талдаа байгаа тул одоо ердөө 143 дугаар хуудсанд нь явж байна. Гэтэл мань эрийн үндсэн санаа эхэлж өгдөггүй зовоох юм. Мань эр дээрх хуудас хүртэл хүн төрлөхтөн хэрхэн өөрсдийн хуурамч төсөөллөөр бодит ертөнцийг сольдог хийгээд бурхан байхгүй гэдэг нь бага багаар яаж батлагдаж байгаа талаар бичээд байна. Бодит ертөнц хүний төсөөлөл, туршлагаас үл хамааран оршино гэж миний дээхнэ хоосон, баримт, нотолгоогүй бичсэнийг бодвол мань эрийн ном сайхан батлаад нотлоод өгч. Олж уншвал зүйтэй юм.

Гэтэл харин өчигдөр зурагт эргүүлтэл аймшигтай юм гарч байх юм. "Нүүдэлчин соёлд хамтын хариуцлага гэж байдаг юм харин суурин соёлд тийм юм байдаггүй юм" гэнэ.... тэгээд жишээ татаж байгаа нь ..."Малд яваад хүн төөрвөл нүүдэлчид тэр маань яасан юм бол доо"... гэж бие биенээсээ асуудаг юм байх. Харин суурин соёлд байгаа хүмүүс бол яадаг ч үгүй юм байх.

Бас ..."гэр бөөрөнхий учраас энергитэй байдаг, байшин үгүй"... "гэрт амьдрахаа больсон учраас монголчууд -ядуу- байгаа юм" ....

За тэр мэдрэл нь муудсан хүмүүс ч яахав. Миний хамгийн бачуурч байгаа нь - түүнийг нь цуврал болгоод телевизороор гаргаад байгаа хүмүүст бас ямар учир байнаа? Тэр хүмүүс чинь нэвтрүүлгийн бодлого, үнэн худлыг салгах наад захын ухаан, үзэгчидэд зөв зүйтэй, эерэг зүйл хүргэх үзэл баримтлал гэж юм байдаггүй улсууд уу? Тэр улсууд ичдэггүй юм уу, эсвэл тэр улсуудад хэн нэгэн нь утас цохиод хэлээд өгдөггүй юм уу...

Ямартай ч Гранд Дизайнаа дуусаад сийрүүлье.

Thursday chill

http://www.youtube.com/watch?v=nzeLxBK4-bU&feature=related

Өчигдөр Скайн арай өндөр зам нээгдсэн тул очиж сноуборддав. Гулгаагүй 7-8 сар болсон тул ажиллаагүй удсан зарим булчингуудад хүндээр тусав болтой юм.

Хүн гэж давруу амьтан юм. Урт удаан үргэлжилдэг лифтний аялалын явцад "Лифт нь 5хан минут, зам нь 10 км байсан бол мөн сайхнаа гэсэн шүү юм бодов."

Saturday, November 13, 2010

Алгасагч

Манайхан алгасч харайх гээд байдаг зантай. Алгасч харайх гээд амжилгүй ангалд унах нь түгээмэл.

Капитализмийг алгасч феодализмаас шууд социализмруу харайлаа гээд чадалгүй голд нь унасан. Ер нь бол социализмд унаагүй ардчилалд унасан болтой юм.

Пионер болон тангараг өргөж байсан хүний хувьд социализмийн үед хүрээд байсан маш олон оргилоосоо ердөө эргээд гулсаад буусанд харамсдаг.

Дугуйг дахин зохиох хэрэг юусан билээ дээ? Хуулаад авбал барав биз дээ...

1200 онд засгийн газрын бонд гаргаад, 1600 онд хувьцаат компани байгуулаад тэр нь 4 тив дамжин үндэстэн дамнан бизнес эрхэлж, 1770 онд хөрөнгө оруулалтын сан байгуулж байсан ард түмнүүдээс хуулах амархан л даа. Эсвэл бүүр 3000 жилийн өмнө ардчилал байгуулж байсан ард түмнээс хуулах ч амархан.

Дугуйг дахин дахин зохиох хэрэг Монголчуудад бол байна л даа. Дугуй яг ямар философитой юм бэ гэдгийг ойлголгүйгээр хуулаад байж болохгүй нь ээ.

Уул нь улс төр бол мөнгө хийдэг арга зам биш билээ. Citizenship буюу иргэншил өөртөө маш олон үнэт зүйлийг, бүхэл бүтэн философийг агуулж байдаг. Улс төр бол философич-хаадын үүрэг хариуцлага болохоос биш "би хэн бэ?" асуултандаа хариулт хайсан бацаануудын тоглоомын талбар бишээ.

Ардчилалд хамгийн аюултай зүйл бол "Хүнд таалагдах 9 арга" номыг ойлголгүйгээр цээжилж, албаны хослол өмсөн, хараа муутай биш байж ухаантай харагдах гэж нүдний шил зүүсэн, дутагдлын шоконд маш гүн орсон этгээдүүд. Тэд "компанийн нийгмийн хариуцлага, ардчилалын үнэт зүйл, боловсрол, нийгмийн хөгжил" гэж ирээд л амны зоргоороо бурдаг боловч өөрсдөө ярьж байгаа зүйлээ огт ойлгодоггүй. Ардчилал бол одоохондоо л хамгийн боломжтой байгуулалт гэгддэг. Яагаад "одоохондоо" гэж байгаа вэ гэхээр ардчилсан нийгэмд энгийн хүн бэртэгчингүүдийг философич-хаадаас ялгаж чаддаггүй, ялгах ч боломжгүй. Философич-хаад ёс суртахууны хэм хэмжүүртэй байдаг бол бэртэгчингүүдэд тийм зүйл үгүй учраас философич-хаадыг арчаад өнгөрөх магадлал тун ихтэй. Бэртэгчингүүд авлигыг бизнесийн нэг хэлбэр гээд ярьж байвал огт гайхах хэрэггүй шүү. Бэртэгчингүүд өөрсдөө аль зүгт явж байгаагаа мэддэггүй учраас өөрсдийн явж буй чиглэлийг зөв хэмээн итгүүлж тархи угаахаар оролддог. Харин элитүүд (философич-хаад) зөв чиглэл хаана байгааг мэддэг учраас тэдний дуу хоолойд эргэлзээ тээнэгэлзээ байдаггүй.

Бид социализмаас ардчилалруу харайх гээд замдаа унав болтой юм. Социализмын үед хүрээд байсан маш олон үнэт зүйлсээ алдаж орхив. Социализмд хаях маш олон зүйл байсан боловч авах зүйл бас түүнээс дутахгүй олон байсан юм. Энэ бол үнэт зүйлсийн чиг баримжаа муутай хүмүүст түгээмэл ажиглагддаг хандлага. Өөрөөр хэлбэл "туйлшрал".

Иргэдэд түгээмэл үнэт зүйлсийг бий облгож, ойлгуулснаар тэд бэртэгчингүүдийг ялгаж таньдаг болж дархлаа тогтдог. Тэд элитүүдийн үгийг хүлээн авч ойлгож эхэлдэг. Түгээмэл үнэт зүйлсгүй, нийгмийн суурь философигүй иргэдтэй нийгэмд зөвхөн мөнгө л үйлчилдэг. Элитүүд бэртэгчингүүдтэй ажилладаггүй, элитүүд ард түмэнтэй ажилладаг. Харин ард түмэн сонголтоо хийдэг. Одоо харин тэд аль нь хэн бэ гэдгийг ялгаж чадахгүй байна. Ард түмэнд боловсрол хэрэгтэй байна.

Хүний нийгэмд хамгийн хүчтэй бүлэг бол элит ч биш, бэртэгчин ч биш - харин ард түмэн билээ.

Элит болох замнал нь professional болохоос эхэлдэг. Миний бодлоор хэн ч элит болж чадна. (Мэдээж сэтгэцийн гажиггүй бол) Гэхдээ алгасч харайх гээд байлгүй алхах ёстой шатаар нь дарааллаж алхах ёстой. Ингэснээр шатны гишгүүр бүр ямар философитой болохыг таньж мэдэх бөгөөд ертөнцийн түгээмэл үнэнийг ойлгож чадна.

Ертөнцийн түгээмэл үнэнийг ойлгохын тулд юуны өмнө professional болох ёстой. Professional болж чадсанаар өөртөө мэргэжлийн ёс суртахуун, мэргэжлийн мэдлэгийг цогцлоох бөгөөд хамгийн чухал нь belief-тэй болдог. Зөв замыг олж харан түүндээ итгэж чадсанаар элит болох зам нээгдэнэ.

Бэртэгчингүүдийн хэн нь ч professional байдаггүй нь анзаарагддаг.

Saturday, November 6, 2010

Chance

Алдаа гаргасан хүнд боломж олго. Эрмэлзэлгүй хүнд хэзээ ч бүү боломж олго. Энэ бол тэнэг хэрэг.

Боломжийг харуул, хэрхэн ашиглахыг нь зааж өг. Боломж олго, дахиад боломж олго, харин гуравдах удаа бүү боломж олго. Дараагийн хүнд нь боломж олгох ёстой.

Tuesday, November 2, 2010

Net present value

Net present value буюу цэвэр өнөөгийн үнэ цэнэ гэж ойлголт бизнест байх.

Энэ нь ирээдүйд олох нийт мөнгөн орлогыг өнөөдрийн үнэлгээгээр үнэлж буй хэрэг юм.

Олон улсын чанартай хөрөнгө оруулалтын банк, хөрөнгө оруулалтын сангийхан хамгийн өндөр цалин пүнлүү авдаг гэдгийг бүгд мэднэ. Тухайлбал Goldman Sachs-ийн дундаж жилийн бонус (цалин биш шүү) 1 сая доллар байх жишээтэй. Гэхдээ энэ бол дундаж гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн хамгийн өндөр цалинтай хүнээр Paulson-ий Paulson 1 тэрбум доллар авч тодорч байсан.

Банкинд анх ажилд орж байгаа хүн "мал" шиг ажиллахыг шаарддаг. Мал шиг ажиллаж чадахгүй бол лүүзерүүдийн эгнээндээ буцацгаа гэж хашгирцгаадаг. 7 хоногт 100 илүү цаг ажиллах энүүхэнд. 7 өдөрт нь хувааж үзвэл өдрийн 14-15 цаг болно. Тэгээд зогсохгүй ээ. Хэл амаар доромжлуулах, гутаагдах бол энүүхэнд. Бас л давж гарах ёстой.

Ийм байдлаар 3-5 жил ажилласны дараа дэд ерөнхийлөгч болж нарны гэрэл харж эхэлнэ. Долоо хоногт 60-70 цаг ажилладаг болж эхлэнэ. (онгоцоор ниссэн зэргээ оруулаад)

Би анх гадаадын төсөлд ажилд орсон юм. Сарын 400 доллар авч байв. Тухайн үедээ ч аймшигтай их мөнгө байлаа л даа. Гэвч ирээдүйгээ төсөөлөөд үзэхээр 5 жилийн дараа ч, 10 жилийн дараа ч нэг л хэвийн байх юм шиг санагдав. Тэгээд банкинд 60 долларын цалинтай ажилд орсон юм. Хүн бүхэн миний тэнэгийг гайхаж байв. Хэдийгээр би банкинд цалин багатай байсан боловч баяртайгаар "мал" шиг ажиллаж (мэдээж нью йоркийн хөрөнгө оруулалтын банкны ачааллын хажууд бол хүүхдийн тоглоом) тэгснээрээ ур чадвараа сайжруулж, сэтгэл хангалуун байлаа. Хамгийн гол нь би мөнгийг биш өөрийгөө сонгосондоо баяртай байдаг юм.

Хамгийн ашигтай наймаа юу вэ?

200 мянган төгрөгийн ажил хийгээд 500 мянган төгрөг авах уу? (месенжердэх мэтээр цаг нөгцөөж)

Эсвэл

5 сая төгрөгийн ажил хийгээд 1 сая төгрөг авах уу?

Хамгийн харамсалтай бөгөөд аймшигтай нь 7 тэрбум хүний 6 тэрбум овоо илүү нь эхний хувилбарыг сонгодог явдал мөн.

Тэрнээс биш ухаантай хүн (гений) эсвэл тэнэг хүн гэж үгүй билээ.

Би дилерээр ажиллаж байхдаа заримдаа өглөө 9-өөс өглөө 3 хүртэл ажилладаг байв. Хэрэв одоо зарим залуучуудыг өглөө 7-оос орой 8 хүртэл ажилла, хагас бүтэн сайнгүй ажилла гэвэл бүгдээрээ сунаж унах байх. Үнэндээ хүний бие сунаж унадаггүй юм. Хүний сэтгэл л сунаж унадаг юм.

Би хүний үр бүтээлтэй ажлын жилийг 25 гэж тооцоод сарын цалин 800 мянган төгрөг, энэ нь 5 жил бүр 50 хувиар нэмэгдвэл яах нь вэ гэж бодож үзлээ. Цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь 170 сая төгрөг гардаг юм байна.

Монголд гайгүй компанийн гүйцэтгэх захирал хийхэд жилд 100 саяыг авчих болов уу. Гэхдээ ажлын эхний таван жилд цалин хөөгөөд, биеийн амрыг хараад, пиво эргүүлээд байвал бүх насаараа олох мөнгө чинь л энэ болох нь дээ. Хэзээ ч гүйцэтгэх захирал болохгүй ээ.

Унаж үзээгүй хүн босоход ямар хэцүүг хэрхэн мэдэх билээ?

Monday, November 1, 2010

Wrong understanding

Бүртгэлдээ бүртгүүлэхээр хүлээн зогсож байхдаа нэг зүйл анзаарав - энэ бол сүүлийн үед газар зайгүй харагдах болсон "Хүмүүнд төр эрхэм, Төрд хүмүүн эрдэнэ" гэсэн логик болно.

Логикийн хувьд "Сурагчид сургууль эрхэм, сургуульд сурагч эрдэнэ" гэж хэлж болох юм. Харин одоо гадуур цацаад байгаа ойлголт нь зарчмын хувьд баахан буруу. Зүй нь "Хүмүүн буй цагт төр буй" эсвэл "Хүмүүнд хүн эрхэм, хүнд хүмүүн эрдэнэ" гэвэл дээр.

Хүмүүн гэж олон тоон дээр хүнийг хэлээд байгаа болтой юм.

Дээрх хэлц нь зохиомлоор "төр" гэж хүмүүнээс ангид мангас байдаг мэт, түүнийг хүмүүс шүтэж амьдрах ёстой мэт логикийг агуулаад байна.

Төр-мангас хүмүүсийг бүртгэж, дансалж, дэнсэлээд байгаа юм уу даа, ухаан нь.