Too simple to understand гэж нэг хачин ойлголт байх. Бүх хүн мэддэг, ойлгодог юм шиг мөртлөө яг угтаа хэн ч ойлгодоггүй энгийн зүйлсийг хэлнэ.
Жишээ нь "хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэдэг бол TooSTu ойлголт. Хүн бүр толгой дохино. Хэн нь ч ойлгохгүй. Ойлгоно л доо ойлгоно. Харин ухамсарлахгүй.
Орчин үед бясалгал гэж юу ч бодохгүй нүдээ аньж суухийг хэлээд байх шиг. Харин Буддаг амьдарч байх үед бясалгал гэж оюунаа хөвчлөн ертөнцийг таньж мэдэхээр бодолд орохыг хэлдэг байсан. За яахав бясалгал гэж тэгвэл юу ч бодохгүй нүдээ аньж суух буюу - амралтыг нэрлэх юм гэж үзвэл тэр оригиналь бясалгалыг юу гэж нэрлэх вэ?
Мэдлэг өөрөө харьцангуй чанартай. Бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадаж байгаа эсэх нь өөрөө их эргэлзээтэй. Үүн дээр хүмүүс аймшигтай өндөр давтамжтай, олон удаа алдаа гаргадаг талаар би өмнө нь бичиж байсан. Харин саяны Стефен Хоукингийн шинэ номон дээр энэ талаар надаас хавьгүй илүү санаа зовж, илүү ойлгомжтой бичсэн байна билээ.
Номноос уншсан, хүнээс сонссон, амталж үзсэн, тэмтэрч мэдэрсэн, харж ойлгосон мэдлэгүүд цаанаа л явцуу. Бодит байдлаас маш их зөрүүтэй байх нь их.
- Чи ойлгосон уу?
- Би ойлгосон ...
Энэ үнэндээ хангалттай биш. Дараагийн шатан ухамсарлахуй гэсэн ойлголтыг гаргаж ирэх хэрэгтэй. Хүн ойлгоод цаашаа даварч ухамсарладаг байх ёстой.
Бясалгал (яахав шинэ үг зохиох ёстой байх нэгэнт оригинал үг утгаа алдсан тул) бол үнэндээ тухайн мэдлэгийг зөвхөн ойлгох биш цаашид ухамсарлах шатанд хүргэх процесс. Ухамсарласан мэдлэг бол харин өөрөө бодит байдлыг тусгах тал дээр ойлгосон мэдлэгээс хавьгүй илүү байна.
Ухамсарласан мэдлэг өөрөө бодит байдлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна гэж би хэлэхгүй ч ойлгосон мэдлэгээс хэдэн арав дахин илүү гэж харин хэлмээр байна.
Тийм учраас бясалгалыг аль болох ойр ойрхон (тамхи татаж байхдаа, архи ууж байхдаа, залбирал үйлдэхдээ, усанд орж байхдаа г.м. хэзээ ч хийж болно) хийх нь зүйтэй. Бясалгалыг хүн бүр хийх ёстой.
Бясалгалын үндсэн зорилго нь мөн чанарыг танин мэдэхэд оршино. Мөн чанар гэдэгт тухайн мэдлэгийг шалгах (ямар ч мэдлэг байж болно) хийгээд ертөнцийн түгээмэл үнэний талаарх ерөнхий ойлголтууд орж болох юм.
No comments:
Post a Comment