Ер нь гудамжинд алхаж яваад 2 сая доллартай цүнх олохыг хүсдэггүй хүн гэж байдаггүй л байх. Воррен Баффет хүртэл "хэдэн хувьцаа нэмээд авчихгүй юу, тэгээд олсон орлогоороо Африкийн ядууст туслана" гэсэн шүү юм бодох байх.
Үүнийг амьдралд бас бизнест "аз" гэж нэрлэх. Заримдаа "од" ч гэж нэрлээд байх шиг.
Хачин нь ийм аз 1 саяд 1 л тохиолддог. Харин тэрнийг нь хүмүүс 1 сая удаа давтаж ярьдаг. Ингээд эмгэнэлт драм эхлэнэ дээ. Сонссон хүмүүст тийм аз үнэхээр л энд тэндгүй хэвтэж байдаг юм шиг санагдаж эхэлнэ. Хүмүүс нэмж хачирлаж ярьсаар нөгөө ганцхан аз маань бүүр хэлбэр дүрсээ хувиргаад маш олон аз байнга тохиолддог юм шиг сэтгэгдэл төрүүлж эхэлнэ.
Би бизнест тийм айхтар олон жил ажиллаагүй боловч өөрийн туршлага, бусдын жишээн дээр үзэхэд аз тохиогоод од шүүрсэн тийм хүнийг амьдралдаа л лав хараагүй юм байна.
Миний бодлоор намайг бага байхад энд тэндгүй лоозогнож харагддаг "Хөдөлмөр хүнийг бүтээжээ" - ойлголт - ямар агуу үнэн бэ.
Хөдөлмөр - гэхдээ бүтээл бүтээхийн төлөө хөдөлмөр шүү дээ. Тэрнээс мөнгөний төлөө хар ажил биш.
Амжилттай яваа хүмүүсийн нууц гэж ирээд л - хүн бүртэй инээмсэглэж харьцах, бүх хүний нэрийг цээжлэх, өглөө бүр 7 цагаас босох гээд л бичсэн номнууд энд тэнд харагдах юм. Үнэндээ энэ бол хөх инээд хүрмээр зүйл юм. Энэ нь яг л индиан хүн бол улаан арьстай хүн юм гэж хэлсэнтэй адилхан.
Бид амжилттай яваа хүмүүсийг гаднаас нь ажиглаад - харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээгээр нь дүгнэж болохгүй ээ.
Амьдрал бол өөрөө бахархал. Хүн бахархалтай амьдрах ёстой. Хүн өөрийн бүтээсэн бүтээлээр бахархаж чадсанаар амьдрал сая утга учраа олно. Хүн өөрийн хөлсөө урсган байж олсон 2 сая долларынхоо цент бүрийнх нь эзэн нь байж чадна.
Хөдөлмөрлөн байж 2 сая доллар олсон хүн, лиценз дамлаад 2 сая доллар олсон бөгөөд "бусдад таалагдах 9 арга" номыг нэвт шувт цээжилсэн хүн - энэ хоёрыг нэг өрөөнд байна гэж төсөөлье. Магадгүй харалган сонирхогчод хоёрдугаар этгээд илүү сэтгэгдэл төрүүлж мэдэх ч яг үнэндээ гуравдагч этгээдийн бодол энд хамаагүй болдог.
Нэгдүгээр этгээдийн сэтгэлрүү өнгийж харах хэрэгтэй. Түүний сэтгэл дотор юу байна вэ? - БАХАРХАЛ
Хоёрдугаар этгээдийн сэтгэл дотор харин юу байна? - юу байдгийг нь би төсөөлөхөөс ч айж байна. Маш том дутагдлын шок байдаг биз.
Амьдрал яг үнэндээ 2 сая эсвэл 20 сая доллар олохын төлөөх тэмцэл биш. Амьдрал бол бүтээл, түүнийхээ эзэн нь байхын төлөөх л тэмцэл.
Тамын хаалган дээр зогсогч амьдралын эцсийн шүүгч бол найз чинь, хөрш чинь, бизнесийн түнш чинь биш зөвхөн хүн өөрөө. Зөвхөн хүн өөрөө өөрийгөө шүүж үздэг. Хүн өөрийгөө хуурна гэж тийм юм энэ дэлхий дээр байхгүй шүү дээ. Хүн өөрийнхөө төлөө төрж, хүний төлөө амьдарч, өөрийнхөө төлөө үхэж - өөрөө өөрийгөө шүүдэг жамтай.
No comments:
Post a Comment