Хүнд 3 чухал хүмүүс байна. Энэ хүмүүсийн аль нэг байхгүй бол хүний амьдрал утгаа алдаж эхэлнэ. Гэр бүл, найз, нөхөд.
Гэр бүл (Family)
Гэр бүл хүнийг хорвоод авчирдаг. Хүн гэр бүлээ хорвоод үлдээдэг. Хүн өөрийг нь хорвоод авчирсан гэр бүлээ мэдэхгүй байж болно (өнчин) гэхдээ хүн заавал гэр бүл үлдээх ёстой. Энэ байгалийн хууль тул элдэв байдлаар нэмж хачирлах, маргалдах нь илүүц биз.
Хүний гэр бүлээс гадуурх нийгмийн харилцаа үндсэндээ дараах хоёр хүрээлэл дээр төвлөрч явагддаг.
Найзууд (Friends)
Найз бол ерөнхийдөө хүний чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг бүлэг хүмүүс гээд нэрэлчихвэл нэлээн товч болох юм болов уу. Сүүлийн үед ч энэ ойлголт бүүр утгаа алдаж зарим хүмүүс 2000, 3000 найзуудтай болсон харагдах юм. Интернет найзууд, барны найзууд, хүн цугтаа муулдаг найзууд, бие биендээ гайхуулдаг найзууд, намын найзууд, нутгийн найзууд гээд олон л төрлийн найзууд байдаг байх. Би найз бол хүний чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг гээд хэлчихсэн тул элдэв нэмэлт тайлбар хэрэггүй биз.
Нөхөд (Partners)
Хүний амьдралд дээрх гурваас аль нэг нь үгүй бол утга нь алдагдана гэж би хэлсэн. Гэхдээ ач холбогдолоор нь жагсааж үзвэл гэр бүлтэй дүйж очих нь нөхөд болохоос найзууд биш. Яагаад гэвэл найзуудыг фэйсбүүк, бар, фитнесс зал, нэг анги, сургууль ер нь хаанаас ч хямдхан олж болох байх. Ер нь нэг байранд амьдарч таарсан учраас тэр хүнтэй нэг насаа өнгөрүүлэх ёстой юу. Хүний сайныг олж нөхөрлө гэдэг үгний учир ийм болой. Хүн найзуудыг хайдаггүй юм. Хүн харин нөхдийг насан туршдаа хайдаг.
Харамсалтай нь маш олон хүн найз ба нөхрийн ялгааг мэдэлгүй, хольж сольж өөрийнхөө толгойг эргүүлсээр амьдралыг дуусгадаг.
Эрдэмтэд буруу хадаагүй бол анх Тэмүүжин Нууц товчоонд "нөхөр" гэдэг ойлголтыг оруулж ирсэн шиг. Ер нь юу гэж хэлэх нь огт хамаагүй л дээ. Ухамсарт буух ойлголт нь л чухал.
Таны амьдралд нөхөр байна уу? Хэрэв үгүй бол та том шоктой явж байгаа гэсэн үг.
...
Хүний амьдралын утга учир нь үр төлөө үлдээх биш гэдэгт би итгэдэг. Хүний амьдралын утга учир нь хүмүүст зориулж сайн сайхан бүтээл бүтээх, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх, түүгээрээ өөрөө бахархах явдал гэж би ухамсарладаг.
Хүний - нийгмийн утга учир нь бүлэг хүмүүс энэхүү эрхэмсэг оршихуйг нэгэн ижил хэмжээст (4D) ухамсарлан хамтдаа хөдөлмөрлөснөөр - нэг хүн ганцаараа гаргаж болох байсан эерэг нөлөөллийг хэд дахин нэмэгдүүлэх (1+1=10), хамтдаа мөр зэрэгцэн тэмцэх, эцэст нь баяр бахархалаа хуваалцах явдал гэж би ухамсарладаг.
Энэ хүмүүсийг нөхөд гэж нэрлэнэ. Нэг нь нөгөөгөө нөхөр гэнэ.
Нөхөд хамтдаа бүтээл бүтээдэг. Тэр бүтээл нь урлагийн төвшинд хүртэл ахисан байхыг тэд хүсдэг.
Ганц хүн зураг зурж магадгүй л юм. Ганц хүн магадгүй нэг компанийн захирал ч болох биз. Ганц хүн олон хүүхэдтэй болоод, сайхан найзуудтай, сайхан байшинтай, сайхан машинтай нүд аньж ч болно. Ганц хүн их хурлын гишүүн болоод хэдэн хууль санаачилж болноо.
Нөхөд хамтдаа харин 2.8 сая хүний, 28 сая хүний, хүн төрлөхтөний амьдралыг өөрчлөх зүйлсийг бүтээдэг. Бүтээсээр ч ирсэн. Үр дүнд нь бид энд байна. Үгүй бол бид агуйдаа сууж байх байсан юм.
People working 4 People концептийг бид 2009 онд томъёолсон.
Үүнийг дараагийн бичлэгт...
No comments:
Post a Comment