Monday, March 7, 2011

Салны үлгэр

Ширүүн урсгалтай голд сал, түүн дотор 5 хүн, урсгалд цохигдон урсаж явна. Хэзээ ч хад чулуу мөргөж эсвэл цутгалан, хүрхрээнд орж зад үсэрч мэдэхээр харагдаж байна. Дээр нь сууж яваа хүмүүс дэмий л аврал эрсэн харцаар эрэг рүү, тэнгэрлүү харцгаана.

Үлгэрлэвээс урсгал нь эрхэмсэг оршихуй, гол нь өөрөө ертөнц, сал нь амьдрал, дээр нь буй хүмүүс харин өмнөх гурвын мөн чанарыг ойлгоогүй, төөрөлдсөн хүмүүс болой.

Зүй нь эдгээр хүмүүсээс нэг нь босч зогсон өмнөх зам, орчны байр байдлыг ажиглах зуур үлдсэн дөрөв нь гарт тааралдсан зүйлсээр сэлүүр хийн салыг удирдан аюулыг тойрч, хурдыг тохируулж болох билээ.

Өнөөдөр надаас "Монгол улс хөгжихгүй байгаагийн буруутан нь хэн юм бэ, төр юм уу, ард түмэн юм уу" гэж асуув. Бас "Монгол хүмүүсийн үнэт зүйл юу юм бэ".

Алив Хүн төрлөхтөний түгээмэл зорилго нь аз жаргалтай амьдралыг өнгөрүүлэх биз. Арал дээр ганцаараа насаа өнгөрүүлсэн хүн аз жаргалтай амьдарч болох уу? Хариулт нь тун ойлгомжтой. Тэгэхээр аз жаргал гэдэг нь зөвхөн хүмүүс хамтдаа байхад л гарч ирдэг ойлголт.

Ингэж хамтдаа амьдрахдаа хэд хэдэн нийгмийн хэлбэрийг туршиж үзсэн байх юм. Хаант засаглал, Социализм ба Ардчилал. Хамгийн анхны хаадууд бүгдээрээ л мундаг хаад байж түүхэнд мөнхөрч үлдэж байв. Яагаад гэвэл ардууд өөрсдөөсөө хамгийн мундагаа олж тодруулж чадаж байсан учраас тэр. Гэтэл нөгөө гайхал хааны үр хүүхдүүд төрийг бариад эхлэхээр л бүх зүйл нурж унаад байв. Олон мянган жилийн ажиглалтын үр дүнд "энэ" цус дамждаггүй болохыг хүмүүс ойлгов. Ингээд сонгуульт тогтолцоо гарч ирсэн юм.

Ардууд "энэ" гэж юу болох тал дээр байнга төөрөлддөг. "Энэ" бол мэдлэг биш, чадвар биш, туршлага ч биш юм. Энэ бол улс төрийн хор хэр сайн найруулах тухай бишээ. Эсвэл өөрийнхөө маркетингийг яаж хийх тухай асуудал ч биш. Энэ бол хариуцлагын асуудал юм.

Хамгийн анхны хаан яаж сонгогдсон тухайн үеийн нөхцөл байдлыг төсөөлж үзвэл маш тодорхой болно. Хамгийн хүчтэйгээ, хамгийн зальтайгаа, хамгийн ухаантайгаа биш харин хамгийн хариуцлагатайгаа л хаанаар сонгосон юм. Иргэншил (citizenship)-д зөвхөн хариуцлагын л тухай асуудлыг авч үздэг.

Хариуцлага хүлээх ухамсар цус дамждаггүй юм байна. Ухаан, заль, хүч цус дамждаг байж магадгүй л юм. Даан ч хариуцлага цус дамждаггүй юм байна.

Хамгийн их хариуцлага хүлээх чадвартай хүн өөрөө хангалттай бөгөөд хүрэлцээтэй лидер ажээ.

Хариуцлага бол өөрөө философийн цогц ойлголт юм.

"Монгол улс хөгжихгүй байгаагийн буруутан төр юм уу ард түмэн юм уу"

Аль аль нь. Хариуцлага хүлээж чаддаг жинхэнэ лидерээ биш харин ухаантай харагдаж, маркетинг сайн хийсэн, худал амласан бэртэгчингүүдийг сонгосон ард түмэн хариуцлагагүй. Сонгосон удирдагчаа ердөө тавхан минутын дараа араас нь муулсан ард түмэн хариуцлагагүй. Сонгосон удирдагчынхаа үгэнд ордоггүй, үгийг нь сонсдоггүй ард түмэн хариуцлагагүй. Бүх бурууг бусдаас хайдаг ард түмэн хариуцлагагүй. 5 биш 50 жилийн цаадхыг харж чаддаггүй ард түмэн хариуцлагагүй.

Хэдийгээр жинхэнэ лидер биш боловч олон хүний итгэлийг нуруун дээр тээж яваагаа ойлгоогүй төр хариуцлагагүй. Улсыг хөгжүүлэхийн тулд улсаас цалин авчихаад улсад зориулагдах ёстой цагийг хувийн ашиг сонирхолд нийцүүлдэг төрийн албан хаагч хариуцлагагүй. Ард түмний хүлээлгэсэн итгэлийг дааж чадаагүй байж ард түмнийг бүдүүлэг, тэнэгээр нь дуудаж байгаа төр хариуцлагагүй.

Хамгийн их хариуцлага хүлээх чадвартай хүнээ сонгодог философитой тул эцсийн хариуцлагыг төр хүлээнэ. Ард түмнийг буруутгах эрх хэнд ч байхгүй. Төр бүх бурууг хүлээдэг түгээмэл философитой. Муу хүн гэж энэ орчлонд үгүй. Алдсан буруу бодсон боломж олдоогүй азгүй одонд төрсөн хүмүүс байна. Бүгд л эрт орой алдаагаа ухаарч гэмшдэг. Ард түмэн чинь итгэл хүлээлгээд сонголоо. Жинхэнэ лидер биш гэдгээ байнга мэдэрч дутагдлын шоконд тасралтгүй орж байгааг чинь мэдэж байна. Тэгээд юу гэж. Айвал бүү хий, хийвэл бүү ай. Ард түмэн чинь хүлээж байна. Өөрчлөлтийг та нар хийх ёстой. Нэгэнт алхаад орсон, гишгээд гарсан юм бол тултал нь яв - чи лидер биш юм байж - ард түмэн чинь харин чамайг лидер гээд сонгожээ. Чи лидер юм бус уу.