Бүх шинжлэх ухаан, орчлон ертөнцийн Нэгдсэн онол (Unified theory) бий болгож Ейнштэйний харьцангуй онол ба Квант механикийн зөрүүг арилгах шаардлага тулгараад хэдэн арван жил өнгөрсөн боловч одоог хүртэл тэр онол нь гарч ирээгүй л байна.
Физикийн ухаанууд хоёр чиглэлд өрнөж буй тэр нь 1. Супер макро буюу од, гариг, эрхэсийн төвшинд нөгөөх нь 2. Супер микро буюу атомын бүрдэл хэсгүүдийг судлах асуудал болой. Орчлон ертөнцийг бүрдүүлэгч хамгийн жижиг, эгэл хэсгүүдийг одоо хүртэл эцсийн байдлаар нээж амжаагүй л байна. Энэ тал дээр Швейцар, Америк, Итали, Франц зэрэг улсуудад байрлах цөмийн судлагааны хүрээлэнгүүд хэдэн тэрбум долларын өртөгтэй туршилтууд хийж буй.
Онолын физикчид гэнэт философичид болон хувирч яваандаа астрофилософич, квантфилософич гэсэн хүмүүс гарч ирэх маягтай юм. Хариулах асуулт нь нэг болохоор арга ч үгүй биз.
Онолчид орчлон ертөнц 10 хэмжээстэй болов уу гэж таамаглаж байгаа. Бидэнд хүрэлцдэг нь ердөө 3. Хэмжээс ба цаг хугацаа хоёрын хоорондох уялдаа холбоон дээр ч гэсэн маш олон сонирхолтой санаанууд гарч ирдэг. Зарим хүмүүс бүүр цаг хугацаа гэдэг бол ердөө бидний төсөөлөл гэж хэлсэн нь логикийн хувьд зарим талаараа зүйтэй ч мэт харагддаг.
Саяны Scientific american дээр харин E8 Theory гээд шинэ онол гарч ирэв. Уг нь бол жилийн өмнө гарсан онол юм байна. Энэ онолыг эзэмшигчид нь харин геометрийн хүмүүс гэнэ. Геометрийн тэгш хэм дээр суурилан атомын дотоод (subatomic) бүтцийг гаргаж ирсэн юм байна. Олон хувилбарт комплекс геометр алгебрийн тэгш хэмт дүрсийг E8 гэж нэрлэх бөгөөд энэ 248 хэмжээстэй юм байна. Эдгээр эрдэмтэдийн үзэж буйгаар энэ нь орчлон ертөнцийн бүтцийг тайлбарлаж чадна гэнэ.
Бидний дунд сургуульд физикийн хичээл дээр үздэг байсан электрон, протон, нейтрон буюу атомын бүрэлдэхүүн цаашаа задраад дахиад овоо хэдэн хэсгүүдийг нээгээд байгаа. Гэхдээ энэ нь цаашаа дахиад хэр задрах тал дээр үнэндээ хүний хүчин чадал хэмжээндээ тулчихаад байгаа билээ. Харин E8 онол ёсоор одоо нээгдээд байгаа бүрэлдэхүүн хэсэг дээр нэмээд 3 зүйл нээгдэх ёстой юм байна. Швейцарт буй Large Hadron Collider үүнийг батлах л үлдлээ.
Хэрэв батлагдвал бид E8-ийн тэгш хэм дээр суурилан бүх онол томъёогоо гаргаж болох нь.
No comments:
Post a Comment