Thursday, March 3, 2011

Deadlock

Инфляцийн төвшин албан ёсоор 13, ОУВС-н айж байгаагаар 25 хувь, миний бодлоор 30 хувь дөхөж магадгүй боллоо.

Гадаадын багахан хөрөнгө оруулалт жижиг эдийн засагт гэнэт хүчтэй нөлөөлсөн - долларын нийлүүлэлт маш ихээр нэмэгдсэн. Миний ойлгож байгаагаар ердөө 2010 онд долларын орох урсгал ойролцоогоор 1.5 тэрбум доллар байсан нь ДНБ-ны 30 орчим хувьтай тэнцэнэ гэхээр манай эдийн засгийн хувьд ямар их нийлүүлэлт болох нь ойлгомжтой.

Доллар төгрөг 1000-аас доошоо орох магадлал байсан тул "экспортоо хамгаалах" гэсэн УИХ, ЗГ, Төвбанкны бодлогын хүрээнд валютын зах дээр Монголбанк тасралтгүй интервенц хийж байгаа. Интервенц хийнэ гэдэг нь зах зээл дээр байгаа долларыг худалдан авч хариуд нь хэвлэсэн төгрөг өгнө гэсэн үг. Ингэж их төгрөг хэвлэхээр мөнгөний зах дээрх төгрөгийн нийлүүлэлт ердөө нэг жилийн дотор 70 хувиар буюу бараг нэг нугарч нэмэгдсэн байх юм. Энэ нь би буруу ойлгоогүй бол 2 триллион орчим төгрөг юм уу даа.

Дээрээс нь УИХ-аас шат дарааллан хэдэн зуун тэрбум төгрөг ард түмэнд хуваарилах нэрээр гар дээр нь тараагаад өгсөн. Тэр нь архи, хоол болоод маргааш нь үгүй болов доо. Уул нь байрны зээлийг нь хаах, сургалтын тэтгэлэг (хавтгайрах биш), эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг байсан бол зарчмын хувьд өөр байх байлаа. Мөнгөний нийлүүлэлтийг харьцангуй нэмэгдүүлэхгүйгээр шийдэж болох байв.

Зах зээл дээр 3 талх 3 төгрөг байхад 1 талхны үнэ 1 л төгрөг байна. Харин зах зээл дээрх талхны үнэ өөрчлөгдөөгүй байхад нэмээд 3 төгрөг оруулчихвал нэг талхны үнэ шууд нугарч 2 төгрөг болно. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлтийг ийнхүү огцом нэмэх нь ямар үр дүнтэй байгааг харж байгаа биз.

Монголбанк инфляцитай тэмцэнэ гээд өөрөө төгрөг хэвлээд мөнгөний нийлүүлэлтээ урьд хожид хэзээ ч байгаагүйгээр нэмээд сууж байдаг.

Дэлхий дээр төв банк нь үнэт цаас гаргаад Сангийн яам нь гараа хумхиад сууж байдаг 2-3 улс байдагийн нэг нь Монгол. Энэхүү мөнгөний бодлогын арга хэрэгсэл нь оновчгүй болох нь олон удаагийн эдийн засгийн шалгуураар нотлогдчихоод байхад одоо болтол үүнтэйгээ зууралдаад суугаад байгаа нь ойлгогддоггүй. Дэлхийн бүх төв банкууд суурь хүү, банк хоорондын захын зорилтот хүү, ЗГ-ын үнэт цаасанд түшиглэсэн арга хэрэгслүүд ашиглаж байхад бид яагаад өөрөөр яваад, тэр нь болохгүй байгаа нь харагдаад байхад үргэлжлээд байдаг юм.

Төгрөгийн ханш чангарснаар манай экспортод муугаар нөлөөлөхгүй ээ. Зөвхөн экспортоос орж ирэх орлогын төгрөгөөр илэрхийлсэн тоо хэмжээнд л сөрөг нөлөөлөл үзүүлнэ. УИХ, ЗГ хоёр уул уурхайн компаниудаас авах татварын орлого нь буурчихна гэж бэмбэгэнэж байгаа юм.

Яг үнэндээ уул уурхайн компаниудаас татвар аваад эргүүлж ард түмэнд өгсөн нэр зүүж баатар болсоноос ард түмний гар дээр байгаа төгрөг инфляци багатай, долларын эсрэг хүчтэй байх нь зүйтэй юм болов уу.

Зүгээр ЗГ-ыг хараад хэвтэж байдаг, юу ч хийж чаддаггүй, Луизианнагийн архичид шиг, Австралын нутгийн индианууд шиг сар бүр улсаас тэтгэмж аваад байж байдаг тийм бүдүүлэг ард түмэнтэй болох гээд байна уу. Үндэсний аюулгүй байдлын асуудал юм биш үү. Хэн нэгний явуулга юм уу. Уул нь ариун хөдөлмөрөөрөө олсон хэдэн бор төгрөг нь худалдан авах чадвар сайтай аль ч улсын валютын өмнө бардам тийм л ард түмэнтэй баймаар санагдаад байх юм.

Долларын ханш сулраад 500 болог л дээ. 100 долларын гар утасс 125 мянга биш 50 мянга болоо л биз. Уул уурхайн компаниудын бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж болно, ер нь тэд нарын төлөх татварын орлого тэртэй тэргүй 300 хүнтэй суманд зам тавихад зарцуулагдах юм чинь ер нь хэнд хамаатай юм.

Би эсвэл хэт монгол бодоод байна уу?

No comments: