Хүн боловсрохын тулд шалбааган дотор мөлхөж, унаж тусаж үзсэн байх ёстой гэдэгт би итгэдэг. Сургуульд сурсан учраас биш унаад босож үзсэн учраас хүн боловсролтой байдаг юм.
Би л лав их сургууль төгсмөгц удирдах ажил хийсээр яваад мундаг боловсорсон хүн мэдэхгүй л юм байна. Унаж үзээгүй хүн босож мэдэхгүй.
Тийм ч учраас надаас өндөр албан тушаал нэхэж, том том юм ярьж орж ирж байгаа 22-той бацаанд би огтхон ч итгэдэггүй. 100 мянган төгрөг илүү амалсан газарлуу урваж байгаа 2-хон жилийн ажлын туршлагатай хүүхдүүдэд ч бас би итгэдэггүй.
Тэд нарыг зогсоох талаар нэг ч алхам хийдэггүй. Шаардлагагүй. Амьдрал тийм байдаггүй юм. Өөрийнхөө биеийг хүн мөнгөөр үнэлдэггүй юм. Мөнгөөр үнэлж худалдагдаж байгаа хүнд би яаж итгэх юм бэ. Хэзээ ч хамт олноо, хийж байгаа ажлаа, хамгийн гол нь өөрийнхөө зорилгыг худалдчих хүнийг би үлдээж яах юм.
Амьдрал бол мөнгө биш юм. Амьдрал бол бүтээл юм. Мөнгөний төлөө хийсэн бүтээл хөгийн хямдхан хэдэн цаас дагуулдаг юм. Бүтээлийн төлөө хийсэн бүтээл харин бүгдийг авчирдаг юм. Бүтээлийг зүгээр хийгээд л гарчихдаггүй юм. Нусаа гоожуулж, хүйтэнд даарч, халуунд халж, бусдад доромжлуулж, бусадад итгэж, бусдад хулхидуулж, бусдыг уучилж, бусдыг өрөвдөж, бусдыг хайрлаж байж гаргадаг юм.
Энийг бүтэн 3 жил ярьсаны эцэст юу ч ойлгохгүйгээр ямар ч зорилгогүй, бүтэцгүй, тавьчихсан байгууллагаруу хэдэн бор цаасны төлөө урваж байгаа хүнийг би үлдээж яах юм.
Дараагийн хүнд нь боломжийг нь олгоё. Дэлхийд ямар хүн мундсан биш.