Saturday, February 12, 2011

Сарнайн философи

Саяхан надад нэг хүн хүмүүс өөр хоорондоо адилгүй тул асуудал бүр дээр санал нийлэх албагүй гэв. Сүүлийн үед хүмүүсийн хоорондын үл ойлголцолын асуудал толгойны өвчин болж байна. Ер нь хүмүүс хоорондоо санал зөрөлдөөнтэй байгаа байдлаа хүлээн зөвшөөрөх ёстой юу. Хүмүүс өөр хоорондоо адилгүй учраас санал зөрөлдөх нь гарцаагүй юм уу. Хүмүүс өөр хоорондоо адилгүй гэж яг юуг нь хэлээд байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэдэг нь ялгаа нь юм уу. Эсвэл боловсрол, мэдлэг, сонирхолын асуудал уу. Баян ядуугийн асуудал юм уу.

Энэ бол огт утгагүй хариу нь хэзээ ч гарахгүй парадокс. Гэхдээ үүнд цэг тавьж болох юм шиг санагдах юм.

5 жилийн турш ойлголцож, ойлголцол тасралтгүй шат шатаар ахиж байгаа гэж миний итгэж байсан нэг хүн гэнэт сюрприз барих юм. Бид хоёр хүн хаанаас үүссэн, хаашаа чиглээд явж байгаа, хаана хүрэх тухай гэх мэт овоо ахисан төвшинд ярилцах хүртэл яваад байтал гэнэт "ганц асуулт! хүн чинь яг сармагчингаас юугаараа ялгаатай билээ?". Тархин дундуур тас хийгээд явах мэт л болох юм...


Сарнай бол жирийн л нэг цэцэг. Сарнай цэцгийг мэддэггүй хүн хэрэв байдаг бол тэр хүн сарнаас л ирсэн байх. Сарнай бол улаан дэлбээтэй ногоон иштэй гоёмсог цэцэг.

Ингээд л болоо. Энэ бол хүн бүрт байгаа мэдээлэл. Хүн бүрт байх төсөөлөл. Сарнайн талаарх суурь Ухамсар гэж нэрлэе.

7 тэрбум хүн бүгд ийм ухамсартай гэж үзье. Гэтэл тэднээс хэд нь яг амьдралдаа сарнай барьж үзсэн байхав.

Сарнайг биетээр харсан, хараагүй (телевиз, зураг, хүмүүсийн яриа гэх мэтээс мэдээлэл авсан) хүмүүсийн хооронд төсөөллийн хөөрхөн ялгаа гараад ирлээ. Биетээр харсан барьсан хүмүүст түүний үнэр, ишэн дээрх өргөс, нойтон дэлбээ гэх мэт зүйлс нэмж Ухамсарлагдана. Тэгэхээр сарнайг хараагүй боловч мэддэг хүмүүсийн Ухамсар 2D буюу хоёр хэмжээст. Харин биетээр үзсэн хүмүүс сарнайг 3D төвшинд ухамсарладаг гээд хэлчихье.


Зураг1. Сарнайг биетээр хүрэлцэж үзээгүй хүмүүсийн төсөөлөл нь энэхүү хоёр хэмжээст зурагтай адил тул тэдний ухамсарыг 2D гэж үзэж болно.

Энэ хүмүүст "Сарнай" гэж хэлэхэд бүгд нэгэн дуугаар "Ойлголоо" гэж хэлнэ. Гэхдээ ухамсарлах төвшинд ялгаа үүсч байгааг анзаараарай. Хоёр этгээдийн ухамсарт нь огт өөр төсөөлөл бууж ирж байна.

Асуудлыг жаахан хүндрүүлээд ботаникчийг оруулж ирье. Ботаникч сарнайг яаж амьсгалдагийг (амьсгалдагийг шүү дээ), ер нь энэ сарнай нь ямар хүсэл, бодолтой "амьтан" болохыг мэддэг гэж үзье. Ботаникч сарнайг ойлгож байна гэж бид хэлж болох байх. Гэхдээ ухамсарлах төвшин өмнөх хоёроос огт өөр байгаа тул түүний төвшинг 4D хэмжээст гэж үзье. 2 хэмжээс нь бодитой бус хавтгай дээр байсан бол 3 хэмжээс нь бодитой, гэхдээ чиглэл заахгүй байна. Харин 4 хэмжээс нь өмнөх хоёр дээрээс нэмээд чиглэл буюу сарнайн учир шалтгааныг давхар зааж өгдөг гэж үзэж болно.

За ингээд харахад дэлхий дээрх бүх хүн 2 хэмжээст, тэрнээс овоо том бүлэг нь 3 хэмжээст, харин цөөхөн хэсэг нь 4 хэмжээс дээр сарнайг ухамсарладаг болохыг бид мэднэ.

Асуудлыг бүүр хүндрүүлье...

Ертөнц (бүх материйг хэлж байна) даяар оршин буй бүх амьд биетэд үйлчилдэг "үнэн" байдаг гэж үзье. Үүнийг "түгээмэл үнэн" гээд нэрэлчихье. Сарнай хүмүүсийн ухамсарт буух ойлголт юм бол энэхүү "түгээмэл үнэн" ч гэсэн бас нэгэн ойлголт гэж үзье.

Тэгэхээр хүмүүс түгээмэл үнэнг 2, 3, бас 4 хэмжээст ухамсарладаг байж таарах нь.

Түгээмэл үнэн нь анхны агуйн хүн хийгээд таны асуусан, хариултыг нь олж чадаагүй байгаа асуултын нь хариу гэж бодъё. Харамсалтай нь түгээмэл үнэнг 2 ба 3 хэмжээст ухамсарлах нь өөрөө юуг ч илэрхийлэхгүй, хоосон зүйл болохыг бид өмнөх сарнайн жишээн дээр харсан.

No comments: