Tuesday, February 22, 2011

Күнз

Дэлхийн хамгийн том 100 эрсдлийг удирдах сангууд (hedge funds)-ын жагсаалт гарчээ. Хамгийн том гэдэгт 1 тэрбум ба түүнээс дээш долларын хөрөнгө удирддаг сангууд орж байгаа юм.

Жагсаалтыг 49% өгөөж олж харьцангуй танигдаагүй Don Brownstein, William Mok нарын SCH сан тэргүүлсэн байна. Мань Don Brownstein сангийн бизнес хийж эхлэхээсээ өмнө 20 жил Канзасын их сургуульд философи заасан нь харин сонирхолтой мэдээ байна. Физикчид, математикчид, трэйдерүүдээр дүүрэн сангийн ертөнцөд бол мань эр сондгой л юм. Энэ онд харин санхүүгийн ертөнцийн одууд болох Paulson, Steven Cohen, Ray Dalio, Daniel Och нар өнгөрсөн жилтэйгээ харьцуулахад амжилт муутай байжээ. Henry Paulson би буруу санаагүй бол 2005-2006 онд жилд 1 тэрбум долларын цалин авч дэлхийн хамгийн өндөр цалинтай хүнээр тодорч байсан.

Don Brownstein-ний сан 1.2 тэрбум долларын хөрөнгө удирддаг (asset under management) бөгөөд моргэжийн үнэт цаасны арбитраж (mortgage backed arbitrage) стратегийн дагуу ажилладаг гэнэ. Мань эр 27 настайгаасаа эхлэн философи зааж эхлээд 47 настайдаа хөрөнгө оруулалтын банкинд ажилд орж улмаар сан байгуулж явсаар ийнхүү амжилтанд хүрчээ. Амьдралд оройтно гэж байдаггүй гэдгийг харуулаад байгаа юм болов уу даа.

Саяхан ТВ асаатал Күнзийн амьдралаар сэдэвлэсэн кинонд Чо Юун Фат тоглож харагдав. Күнз Буддатай эн зэрэгцэж мэдэх агуу философич байжээ. Кинонд Күнз нэгэн хүнд "үүнийг (үнэнийг) ойлговол, өглөө ойлгоод үдэш бие барахад харамсах зүйлгүй" гэж хэлсэнийг сонсоод ихэд олзуурхав. Ухаан нь хэзээ ойлгох нь чухал биш харин ойлготлоо, өөрийгөө олтлоо эрэл хайгуулаа үргэлжлүүлэх нь чухал юм.

Thursday, February 17, 2011

Шалбааганд мөлх

Хүн боловсрохын тулд шалбааган дотор мөлхөж, унаж тусаж үзсэн байх ёстой гэдэгт би итгэдэг. Сургуульд сурсан учраас биш унаад босож үзсэн учраас хүн боловсролтой байдаг юм.

Би л лав их сургууль төгсмөгц удирдах ажил хийсээр яваад мундаг боловсорсон хүн мэдэхгүй л юм байна. Унаж үзээгүй хүн босож мэдэхгүй.

Тийм ч учраас надаас өндөр албан тушаал нэхэж, том том юм ярьж орж ирж байгаа 22-той бацаанд би огтхон ч итгэдэггүй. 100 мянган төгрөг илүү амалсан газарлуу урваж байгаа 2-хон жилийн ажлын туршлагатай хүүхдүүдэд ч бас би итгэдэггүй.

Тэд нарыг зогсоох талаар нэг ч алхам хийдэггүй. Шаардлагагүй. Амьдрал тийм байдаггүй юм. Өөрийнхөө биеийг хүн мөнгөөр үнэлдэггүй юм. Мөнгөөр үнэлж худалдагдаж байгаа хүнд би яаж итгэх юм бэ. Хэзээ ч хамт олноо, хийж байгаа ажлаа, хамгийн гол нь өөрийнхөө зорилгыг худалдчих хүнийг би үлдээж яах юм.

Амьдрал бол мөнгө биш юм. Амьдрал бол бүтээл юм. Мөнгөний төлөө хийсэн бүтээл хөгийн хямдхан хэдэн цаас дагуулдаг юм. Бүтээлийн төлөө хийсэн бүтээл харин бүгдийг авчирдаг юм. Бүтээлийг зүгээр хийгээд л гарчихдаггүй юм. Нусаа гоожуулж, хүйтэнд даарч, халуунд халж, бусдад доромжлуулж, бусадад итгэж, бусдад хулхидуулж, бусдыг уучилж, бусдыг өрөвдөж, бусдыг хайрлаж байж гаргадаг юм.

Энийг бүтэн 3 жил ярьсаны эцэст юу ч ойлгохгүйгээр ямар ч зорилгогүй, бүтэцгүй, тавьчихсан байгууллагаруу хэдэн бор цаасны төлөө урваж байгаа хүнийг би үлдээж яах юм.

Дараагийн хүнд нь боломжийг нь олгоё. Дэлхийд ямар хүн мундсан биш.

Tuesday, February 15, 2011

Сарнайн философи II

Мөн чанар Vs Шинж чанар

Сарнай бол улаан дэлбээтэй ногоон навчтай гоёмсог цэцэг.

Энэ бол шинж чанар. Энэ бол 2D хэмжээс.

Сарнайн мөн чанар нь харин юу юм бол. Зөвхөн 3 ба 4 хэмжээст орж байж л тэр талаар зарим нэг зүйлсийг мэднэ.

Сарнайн дэлбээ улаан хийгээд навч нь ногоон гэдэг нь түүний мөн чанарын талаар ямар мэдээлэл өгч байгаа юм. Ер нь бол улаан навчтай ногоон цэцэг бүрийг сарнай гээд нэрэлчихье л дээ тэгвэл.

Та номын дэлгүүр ороод үзвэл шинж чанарын талаар бичсэн номнууд их байгааг харах болно. Лидер хүний 5 чанар, Хүнд таалагдах 9 арга, Жаргалтай амьдрах 3 бодол гэх мэт.

Хэн нэгэн суут ухаантан Лидер хүний 5 чанарыг бичжээ.Тэрнийг нь өөр нэг нөхөр уншиж. Ингэлээ гээд Лидер хүний мөн чанарыг мэдэж чадах уу? Эсвэл дэлбээгээ улаанаар будаад, навчыг нь ногооноор будчихаар сарнай болчихдог юм уу?

Шинж чанарыг юу гэж ч буруугаар ойлгож болно. Шинж чанарт хуурталгүйгээр мөн чанарыг эрэлхийлэх үйлдлийг философидох гэх юм болов уу даа.

Хэл ба ухамсар
Хэдийгээр дэлхий нарыг тойрон эргэдэг мөн чанарыг хүмүүс нээж олоод даруй 500 жил өнгөрч буй боловч бидний ярианд нар мандаж, жаргасаар л буй. Бид 2D хэмжээс дээр буюу зөвхөн шинж чанарын төвшинд яриад байхаар бидний сэтгэлгээ мөн л түүнийгээ дагаад шинж чанарын төвшинд яваад байх хандлагатай. Хэлэнд асуудал байнаа. Мөн чанарт бус шинж чанарт суурилсан хэл хүмүүсийг андуу ташуу бодуулахад хүргэнэ.

Saturday, February 12, 2011

Магтаал

Будда, Есүс жаахан доошлоод Платон, Адам Смит гэх мэт философичдийг бид мэддэг.

Би харин эртний грект ардчилалыг бий болгож Грекийн соёл иргэншлийг цогцлоож Платон, Аристотель, Сократ тэргүүтэй хэдэн зуун философичдын бүтээлээ туурвих хөрсийг бэлтгэж өгсөн нэр нь үл мэдэгдэх философичийг магтан дуулсуу.

Будда, Есүс нарыг 4D клубын гишүүд гэж бодвол Адам Смит, Платон нар 3D клубийнхэн юм болов уу.

Philosopher

Философич
Who am I? асуултыг дэвшүүлэн тавьж, хариултыг нь "хайж" байгаа хүн бүр философич. Энэ асуултыг хүн бүр дэвшүүлэн тавьдаг. Өмнө нь би дэвшүүлэн тавьсан тул хүн бүр философич гэж үзэж байсан. Харин харамсалтай нь хүн бүр хариултыг нь хайдаггүй юм шиг байх юм. Би буруу санаагүй бол эртний еврейн философи ёсоор хариултыг хайдаггүй хүмүүсээ хоньтой адилтган үзсэн байдаг шиг...

Сайн философич
Түгээмэл үнэнг 3 хэмжээст төвшинд ухамсарлаж буй философич.

Мундаг философич
Түгээмэл үнэнг 4 хэмжээст ухамсарласан хүн.

Агуу философич
Ухамсарласан зүйлээ хүн төрлөхтөнд ойлгуулахын тулд амьдралаа зориулсан мундаг философич. Жишээ нь: Философич Будда.

Сарнайн философи

Саяхан надад нэг хүн хүмүүс өөр хоорондоо адилгүй тул асуудал бүр дээр санал нийлэх албагүй гэв. Сүүлийн үед хүмүүсийн хоорондын үл ойлголцолын асуудал толгойны өвчин болж байна. Ер нь хүмүүс хоорондоо санал зөрөлдөөнтэй байгаа байдлаа хүлээн зөвшөөрөх ёстой юу. Хүмүүс өөр хоорондоо адилгүй учраас санал зөрөлдөх нь гарцаагүй юм уу. Хүмүүс өөр хоорондоо адилгүй гэж яг юуг нь хэлээд байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэдэг нь ялгаа нь юм уу. Эсвэл боловсрол, мэдлэг, сонирхолын асуудал уу. Баян ядуугийн асуудал юм уу.

Энэ бол огт утгагүй хариу нь хэзээ ч гарахгүй парадокс. Гэхдээ үүнд цэг тавьж болох юм шиг санагдах юм.

5 жилийн турш ойлголцож, ойлголцол тасралтгүй шат шатаар ахиж байгаа гэж миний итгэж байсан нэг хүн гэнэт сюрприз барих юм. Бид хоёр хүн хаанаас үүссэн, хаашаа чиглээд явж байгаа, хаана хүрэх тухай гэх мэт овоо ахисан төвшинд ярилцах хүртэл яваад байтал гэнэт "ганц асуулт! хүн чинь яг сармагчингаас юугаараа ялгаатай билээ?". Тархин дундуур тас хийгээд явах мэт л болох юм...


Сарнай бол жирийн л нэг цэцэг. Сарнай цэцгийг мэддэггүй хүн хэрэв байдаг бол тэр хүн сарнаас л ирсэн байх. Сарнай бол улаан дэлбээтэй ногоон иштэй гоёмсог цэцэг.

Ингээд л болоо. Энэ бол хүн бүрт байгаа мэдээлэл. Хүн бүрт байх төсөөлөл. Сарнайн талаарх суурь Ухамсар гэж нэрлэе.

7 тэрбум хүн бүгд ийм ухамсартай гэж үзье. Гэтэл тэднээс хэд нь яг амьдралдаа сарнай барьж үзсэн байхав.

Сарнайг биетээр харсан, хараагүй (телевиз, зураг, хүмүүсийн яриа гэх мэтээс мэдээлэл авсан) хүмүүсийн хооронд төсөөллийн хөөрхөн ялгаа гараад ирлээ. Биетээр харсан барьсан хүмүүст түүний үнэр, ишэн дээрх өргөс, нойтон дэлбээ гэх мэт зүйлс нэмж Ухамсарлагдана. Тэгэхээр сарнайг хараагүй боловч мэддэг хүмүүсийн Ухамсар 2D буюу хоёр хэмжээст. Харин биетээр үзсэн хүмүүс сарнайг 3D төвшинд ухамсарладаг гээд хэлчихье.


Зураг1. Сарнайг биетээр хүрэлцэж үзээгүй хүмүүсийн төсөөлөл нь энэхүү хоёр хэмжээст зурагтай адил тул тэдний ухамсарыг 2D гэж үзэж болно.

Энэ хүмүүст "Сарнай" гэж хэлэхэд бүгд нэгэн дуугаар "Ойлголоо" гэж хэлнэ. Гэхдээ ухамсарлах төвшинд ялгаа үүсч байгааг анзаараарай. Хоёр этгээдийн ухамсарт нь огт өөр төсөөлөл бууж ирж байна.

Асуудлыг жаахан хүндрүүлээд ботаникчийг оруулж ирье. Ботаникч сарнайг яаж амьсгалдагийг (амьсгалдагийг шүү дээ), ер нь энэ сарнай нь ямар хүсэл, бодолтой "амьтан" болохыг мэддэг гэж үзье. Ботаникч сарнайг ойлгож байна гэж бид хэлж болох байх. Гэхдээ ухамсарлах төвшин өмнөх хоёроос огт өөр байгаа тул түүний төвшинг 4D хэмжээст гэж үзье. 2 хэмжээс нь бодитой бус хавтгай дээр байсан бол 3 хэмжээс нь бодитой, гэхдээ чиглэл заахгүй байна. Харин 4 хэмжээс нь өмнөх хоёр дээрээс нэмээд чиглэл буюу сарнайн учир шалтгааныг давхар зааж өгдөг гэж үзэж болно.

За ингээд харахад дэлхий дээрх бүх хүн 2 хэмжээст, тэрнээс овоо том бүлэг нь 3 хэмжээст, харин цөөхөн хэсэг нь 4 хэмжээс дээр сарнайг ухамсарладаг болохыг бид мэднэ.

Асуудлыг бүүр хүндрүүлье...

Ертөнц (бүх материйг хэлж байна) даяар оршин буй бүх амьд биетэд үйлчилдэг "үнэн" байдаг гэж үзье. Үүнийг "түгээмэл үнэн" гээд нэрэлчихье. Сарнай хүмүүсийн ухамсарт буух ойлголт юм бол энэхүү "түгээмэл үнэн" ч гэсэн бас нэгэн ойлголт гэж үзье.

Тэгэхээр хүмүүс түгээмэл үнэнг 2, 3, бас 4 хэмжээст ухамсарладаг байж таарах нь.

Түгээмэл үнэн нь анхны агуйн хүн хийгээд таны асуусан, хариултыг нь олж чадаагүй байгаа асуултын нь хариу гэж бодъё. Харамсалтай нь түгээмэл үнэнг 2 ба 3 хэмжээст ухамсарлах нь өөрөө юуг ч илэрхийлэхгүй, хоосон зүйл болохыг бид өмнөх сарнайн жишээн дээр харсан.

Wednesday, February 9, 2011

Inevitable paradox

Үл ойлголцол гарцаагүй...

Бичиг яах гэж үүссэн талаар түүхийн номон дээр янз янзаар бичиж үлдээдэг биз. Гэхдээ яав ч гурван том шаардлагын нэг нь хүмүүсийн хоорондын тохиролцоог буулгах явдал буй заа.

Үүнийг гэрээ гэж нэрлэнэ. Тохиролцох үйл явцыг нь хэлцэх гэнэ. Хэлцэл гэж үг үүнээс үүсээ биз.

Аливаа асуудлын талаар хүн бүрийн мэдлэг, мэдээлэл нь өөр. Цаг тутам хувьсан өөрчлөгдөнө.

Тийм учраас хүмүүс тохиролцооноосоо байнга буцах хандлагатай байдаг юм байна. Гэхдээ энэ зөвхөн тухайн бодолд орж буй этгээдийн өнцгөөс шүү дээ.

За хоёулаа "улаан" гэж тохиролцлоо шүү гээд салсаны дараа нэг нь "бор" нөгөөх нь "хар" гээд ойлгочихсон л явж байдаг.

Би түгээмэл үнэн, үнэт зүйлс, зарчмууд нь ертөнцөд ухаант гэж нэрлэгдэх амьтан бүрийн хувьд ижил байх ёстой гэж үздэг. Түгээмэл үнэнд хувилбар, үнэт зүйлст хувилбар, зарчмуудад хувилбар гэж байх ёсгүй.

Бүүр тийм зүйл байдгийг огт мэдэхгүйгээс эхлээд буруу ойлгосон, дутуу мэдэрсэн хүмүүс харин маш их байдаг. Эндээс эхлээд хүмүүсийн хүлээлтийн зөрүү бий болдог юм байна. Төвшин доошлох тусам хоёр хүн хоорондоо ойлголцох магадлал, боломжууд тэр хэрээр доошилно.

Бизнесийн эзэд, улс төрийн лидерүүдийн төвшинд харахад энэ бүүр хурц явагдах юм. Ер нь хүн өөрийгөө ухаантай гэж бодоод эхлэхээрээ өөрийн харж байгаа өнцгөө зөв өнцөг гэж бат итгээд, дээрээс нь хүний хэлж байгаа үгийг ойлгох чадвар нь муудаж чихгүй толгой болдог юм байна. Үл ойлголцол гарлаа гэхэд эвлэрэх боломж нь багасч байна.

Sunday, February 6, 2011

The Dialogue

Итгэхүй
Хүн бүхэн эерэг сэдэлтэй. Муу хүн гэж байхгүй. Харин халтирсан, алдаж гишгэсэн, боломж олдоогүй, ойлгож амжаагүй хүмүүс л гэж байдаг. Иргэншил харилцан итгэлцэл дээр суурилдаг. Хүнд, хүмүүст итгэж сурна гэдэг бол том боловсрол. Хүмүүст итгэж сурах нь гэгээрлийн чухал шат. Хэрэв та хүнд итгэж чаддаггүй бол та асуудалтай болжээ.
Итгэл хүлээхүй
Хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бол маш том бахархал хийгээд маш том хариуцлага. Хүмүүс байнга бие биендээ итгэл хүлээлгэж байдаг. Гэтэл ихэнх хүмүүс бусад хүмүүс өөрт нь итгэл хүлээлгэж байгааг ойлгодоггүй. Хүлээлгэж байгаа итгэлийг нь хүлээж авдаггүй. Үүнээс болж байнга үл ойлголцол гардаг.
Итгэл даахуй
Хүлээлгэсэн итгэлийг дааж сурна гэдэг нь өөрөө том боловсрол. Дааж сурахын тулд ихээхэн хөдөлмөрлөж, хөлс хүчээ урсгах хэрэгтэй болно.
Өөртөө итгэхүй
Өөрийнхөө сул тал, алдааг хүлээн зөвшөөрнө гэдэг бол өөртөө итгэлтэй хүний хамгийн том шинж чанар. Гагцхүү сул талаа ойлгодог хүн хэрхэн алдаа гаргахгүй байх, хөгжих вэ гэдэг тал дээр толгойгоо ажиллуулдаг. Өөрийн давуу болон сул талаа сайтар мэддэг хүн онгирдог. Тэгэх нь зөв ч болов уу гэж би боддог. Харин өөрийгөө сайтар таньж мэдээгүй хүн гайхуулдаг.
Хүн хэзээ ч боловсорч гүйцдэггүй. Хүн насан туршдаа боловсорсоор дуусдаг. Гэтэл хүмүүс байнга өөрсдийгөө голдог. Уг нь бол хүн хангалттай бөгөөд хүрэлцээтэй төвшний боловсролтой – хийгээд зөв сэдэлттэй байхад л хүлээлгэсэн итгэлийг дааж чадах юм.
Хүмүүсийн хүлээлгэсэн итгэлийг даахын тулд өөрийн бүх нөөц бололцоогоо шавхах болно гэдгээ мэдэж байгаа хүн бол өөртөө итгэлтэй хүн мөн. Ийм хүн шийдвэрийг зоригтой гаргаж чадна.
Гаргасан шийдвэр зөв эсвэл буруу байсан эсэх тухай асуудлыг ахисан төвшинд ярихгүй юм. Гагцхүү шийдвэрийг гаргагч ямар сэдэлттэй байсан нь л сонин юм. Зөв сэдэлттэй, өөртөө итгэлтэй шийдвэр бүр зөв.
Алдаа гаргахуй
Хүн иррационал тул алдаа гаргах нь гарцаагүй. Гагцхүү аль болох бага алдаа гаргах, алдаа гарсан тохиолдолд засан залруулахад бэлэн байхад л болно. Гэтэл ихэнх тархины төрмөл чадвар өндөртэй хүмүүс үүнээс болж жинхэнээсээ алддаг. Чухамдаа алдаа гаргасан нь өөрөө алдаа биш юм. Харин алдаагаа хүлээн зөвшөөрч засаж чадахгүй байгаа нь л алдаа билээ. Тархины төрмөл чадвартай хүмүүс ухаан ормогц өөрийн төрмөл давуу талыг анзаарна. Ингээд өөртөө эрдэж эхэлнэ. Гэтэл хорвоо ертөнцөд тархины чадвар сонин биш байна. Хуурамч эго үүснэ. Ингээд алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, зөрүүд мангас болон хувирснаар олимпийн аварга болох хөлтэй залуу гудамжинд лааз өшиглөж эхэлнэ.
Эрдэмтэй хүн даруу буюу modesty гэгчийн учир энэ бөлгөө. Үнэндээ эрдэмтэй байгаа учраас онгирохгүй, чимээгүй сууна гэсэн үг огтхон ч биш билээ. Харин хэдий эрдэмтэй, ухаантай боловч өөрийгөө байнга чамлаж, алдаагаа засахад бэлэн байхыг л хэлж байгаа юм.

Robo Scientists

AI (artificial intelligence)

Хүн төрлөхтөн анхны компьютер програмчлал хийж эхэлснээс хойш 100 жил ч өнгөрөөгүй байна.

Сүүлийн Scientific American дээрх, нүүр хуудасны дотор талын сурталчилгаа анхаарал татав. Тэнд "НАО робот бол орчин үеийн шинэлэг багш, энэ роботоор хичээл заалгаж буй 220 их сургуулиудын эгнээнд нэгдэгтүн" гэсэн байв. Хэзээнээс эхлээд интерактив роботууд хичээл заагаад эхлэвээ.



Мөн энэ дугаарт робот эрдэмтэдийн тухай нийтлэл гарсан байна. Уэлс дэх АБР их сургуулийн Робот лаборатори yeast (монголоор хөрөнгө)-ийн эс дээр олон шатлалт судлагаа хийж чаддаг байна. Ингэхдээ үр дүнгүүдийг харьцуулж, таамаглал хийж, таамаглалаа шалгах туршилт хүртэл явуулдаг юм байна. Энэхүү лаборатори нь ухаалаг логик програмчлал бүхий процессор, тухайн судлагааны объектын талаар мэдээлэл болон шинээр сурч мэдсэн зүйлсээ агуулах хатуу диск, робот гарнууд, хөргөгч, термостат, хадгалах шүүгээ, химийн бодисуудтай сав гэх зэрэг зүйлсийг өөртөө цогцлоосон юм байна. Одоогийн байдлаар робот лабораторийн эсийн төвшинд хийсэн зарим судлагаа эрдэмтэдийн сүүлчийн 50 жилд хариуг нь олж чадаагүй асуудлуудын хариу болж магадгүй байна.