Tuesday, June 19, 2012

Физик ба эдийн засаг

Физикийн буюу юмс үзэгдлийн ухаан нь эдийн засгийн ухаантай төстэй юм.

Ганцхан хүний эдийн засгийн сонирхол, хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол дээр суурилсан эдийн засаг, улс орны эдийн засгийн асуудал нь үлгэрлэвэл.

Хамгийн жижиг нэгж буюу quantum төвшин дэх физикийн хуулиуд (Quantum физикээр тайлбарлагдана), макро төвшиний физикийн үзэгдлүүд (Ньютоны физикээр тайлбарлагдана), Гариг эрхэсийн төвшний (астрофизик) физикийн хуулиуд гэхчилэн 3 төвшинд - өөр хоорондоо төдийлэн уялдаа холбоотой биш мэт байгаатай төстэй юм.

Ньютоны физик ба Квант физик, Астрофизик нар өөр хоорондоо огт уялдахгүйгээр үл барам бие биенийгээ бүрэн тайлбарлаж чадахгүй гацсан маягтайгаар бид энэ өндөр "хөгжил" дэвшлийн зуунаа үргэлжлүүлж байгааг та бид мэднэ.

Түүнтэй яг адилаар Хувь хүний эдийн засгийн шийдвэр гаргалт, Өрх айлын шийдвэр гаргалт болон Улс орны эдийн засгийн асуудал нь өөр хоорондоо хэрхэн уялдаж буй хийгээд, түүнийг хэрхэн удирдах тал дээр бид ямархуу төвшинд явж байгаагийн сайхан баталгаа нь Европийн бүсийн хямрал жишээ нь байна.

Хамгийн хачирхалтай нь хүн гэдэг нэг л нэгжээс бүх том нэгжүүд бүрэлдэн тогтож буй боловч эдийн засгийн хуулиуд нь төвшин бүртээ огт өөр өөр болон хувирч, улам бүр нарийн төвөгтэй болох жишээтэй. Улс орны эдийн засгийн төвшинд хийсэн ажиглалт, эдийн засгийн онол нь Хувь хүний төвшинд ирэхээрээ худлаа болж байх жишээтэй.

Хүн ганцаараа байхад гарцаагүй хийх үйлдэл нь Өөр хүн тайзан дээр гарч ирмэгц өөрчлөгдөж байх жишээтэй. Хүн өөр хүний хажууд яагаад ч ганцаараа хийх байсан үйлдлээ хийхгүй. Тэгвэл энэ нь бодис юмсын хувьд мөн үнэн мэт.

Ньютоны физикээр тайлбарлагдах энерги ба бодисийн харилцан хамаарал нь Квант төвшинд орж ирэхэд огт "худлаа" болж байх жишээтэй. Wave Particle duality буюу Бодисын бодислог болон долгиолог хосолмол (таны урд байгаа компьютер бодис байхаас гадна долгиолог шинжтэй байна гээд төсөөлөөд үз дээ) шинж чанарыг макро төвшинд тайлбарлах ямар ч боломжгүй.

Гэтэл нөгөө талаас Гариг эрхэсийн төвшин дэх учир битүүлэг Хар энерги гэгч нь юу вэ. Яагаад Ньютоны физик болон Квант физикийн ажиглалтууд ёсоор анх Их Тэлэлтийн дагуу үүссэн ертөнцийн тэлэлтийн хурд улам бүр удааширч байх ёстой байтал улам бүр хурдасаад байна вэ. Яаж ч бодсон усанд чулуу шидэхэд түүнээс үүссэн долгион нь улам удааширч сарнидаг нь энгийн физик биз дээ. Гэтэл яагаад сансар огторгуйн төвшинд очихоороо улам хурдасаад байдаг билээ.

Гэх мэтчилэн учир шалтгаан, юмсын харилцан холбоо нь түүний анхдагч нэгжийг бүрэн таньж мэдэхээс эхлэлтэй. Бид бодисыг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсгийг нээн илрүүлж түүний физик шинж чанарыг бүрэн танин мэдсэн цагт л макро болон гариг эрхэсийн төвшинд тайлбар хийж чадна.

Эдийн засаг ч мөн адил, бид хүн гэдэг амьтаныг бүрэн таньж мэдээгүй нөхцөлд гэр бүлийн байтугай улс орны эдийн засгийг тайлбарлах, удирдах нь боломжгүй зүйл мэт.

Ийнхүү анхдагч, суурьт тэмүүлэх сэтгэлгээний хэлбэрийг би фундаментал сэтгэлгээ гэж нэрлэсэн билээ. Аливаа зүйлсийг дүгнэж тодорхойлохдоо нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа хэлбэрээр нь биш (худлаа байх нь их) харин түүнийг бүрдүүлэгч үндсэн нэгжийг судлан мэдэхээр оролдох нь хамаагүй үр дүнтэй мэт санагддаг билээ.

Фэйнманий аливаа юмс үзэгдэл нь нэг биш, хоёр биш харин байж болох бүхий л түүхтэй юм гэдэг санаа нь энэ орчлон ертөнцөд үүсэн бий болсон бүх мэдээлэл нь устаж үгүй болохгүй гэсэн логикт хөтөлж аваачих юм. Мэдээж хойд нас, урд нас байхгүй хийгээд, сүнстэй ярилцах боломж нь хүний тархины чадварт огт тохиромжгүй нь үнэн боловч философийн зарим ажиглалтууд нь одоо хүртэл тайлагдаагүй хэвээр.

Хүний оршин тогтнолын үндэс нь түүний эерэг сэдэл мөн боловч энэ нь амьтай ба амьгүй байгалийг хэрхэн зааглаж байна вэ. Бид ч гэсэн устай л адил атомоос бүрддэг.

Орчлон ертөнц хязгааргүй байх боломжгүй. Яагаад гэвэл хязгааргүй тоологддог бодит зүйл гэж байж болохгүй нь логикоос харагдах боловч (хаанаас үүссэн, ямар энергиэр үүссэн гээд л шийдэгдэхгүй баахан асуултууд гарах учраас) тоо жишээ нь хязгааргүй байж болж байна. Бидний сэтгэхүйд тоо хязгааргүй байж болж байна. Гэтэл тоологддог бодис нь хязгаартай байж таарч байна. Хэрэв ертөнц хязгааргүй бол тэр нь ердөө бидний сэтгэхүйд л тийм байх боломжтой юм. Хязгаартай зүйлээс хэрхэн хязгааргүй сэтгэлгээ үүсэн бий болох вэ гэдэг нь өөрөө бас сонирхолтой асуудал болох байх.

Аливаа матери өгөгдсөн моментод орчлон ертөнцийн хаана ч байх магадлалтай байх тухай квант физикийн ажиглалт бий. Мөн quantum entanglement буюу квант холбоос гээч үзэгдэл бий. Энэ нь протон электрон хоёрыг хооронд нь нийлүүлээд (нэг нь эерэг, нөгөө сөрөг цэнэгтэй байна) эргүүлж салгаад нэгийг нь дэлхий дээр, нөгөөг нь ертөнцийн мухарт аваачаад - зөвхөн нэгнийх нь цэнэгийг өөрчлөхөд нөгөөгийн цэнэг дагаж өөрчлөгддөг тийм гаж үзэгдэл байх юм.

Энэ бүгдээс бодож үзэхэд ертөнц өөрөө маш том усан бөмбөрцөг мэт. Ертөнц бол нэг бүхэл. Түүнээс биш бидний төсөөлдөг шиг маш том вакуум - хоосон орон зайд хэдэн гариг, галактикууд байгаа биш. Ертөнц өөрөө аварга том усан бөмбөрцөг - тэр усан дотор харин галактик гариг, бодис юмс байгаа мэтээр төсөөлөх нь зүйтэй юм шиг.

Энэ ус нь өөрөө маш сонирхолтой шинж чанартай байж таарна. Ертөнцийн аль ч зах хязгаарт болж байгаа үйл явдал нь үнэн хэрэгтээ нэг л усан бөмбөлөг дотор болж байгаа учир дээрх квант үзэгдлүүд тайлбарлагдах боломжоор хангагдаж эхэлнэ. Тэгэхээр аварга том усан бөмбөлөг боловч энэ нь өөрөө мэдээллийн нэг л систем маягтай байж болох юм.



























No comments: