Sunday, July 29, 2012

Ханнибал

Бүгд Найрамдах Картаж (Republic of Carthage) улс буюу Картаж хотод төвтэй, нийтдээ 300 гаруй хотоос бүрэлдсэн улс нь МЭӨ 146 он (2100 гаруй жилийн өмнө) хүртэл тухайн үеийн дэлхийн хамгийн томоохон гүрэн болон оршин тогтнож байв.

Эхлээд хаант улс байсан боловч сүүлдээ тухайн үеийн грек, ромтой төстэй парламент засаглалтай бүгд найрамдах улс болсон юм. Ромд бут цохиулж газрын хөрстэй тэгшлүүлэх хүртлээ энэ улс Сицил, Корсикийн арлууд, Кипр, Испани, Морокко, Тунис, Ливи, Алжир зэрэг улс орнуудыг дамнасан өргөн уудам нутгийг хяналтандаа байлгаж байсан.

 Грек болон Ромтой нийтдээ 500 гаруй жил зөрчилдөн байлдан тэмцсэн. Ромтой Punic wars гэж нэрлэгдсэн 3 удаагийн дайн хийсэн юм. Эхний удаагийн дайнд Картаж ялагдаж (өөрийн нутаг дээрээ биш хүний нутаг дээр байлдаж байв) Ромд дайны төлбөр төлсөн байна. Картажын цэргийн генерал Хамилкарын хүү Ханнибал эцэг болон ахыгаа Испанид амь үрэгдсэний дараа армийг нь үргэлжлүүлэн амжилттай захирсан. Ханнибал Испанид байх Ромын протекрат хотыг эзэлсэнийх нь төлөө (үндсэндээ Ром эхлээд гэрээгээ зөрчиж тэрхүү хотыг өөрийн мэдэлд авсан) Ром Картажыг энэ үйлдлээ буцаахыг шаардсан байдаг.

Харин Картаж Ханнибалын талд зогссоноор үндсэндээ Хоёрдугаар Punic War эхэлсэн гэдэг. Ханнибал бол түүхэнд Александр, Чингистэй эн зэрэгцэх гарамгай жанжин. Хэдий нас залуу (тэр 27-той байлаа) боловч тэр 40 мянган явган цэрэг, 12 мянган морьтон, байлдааны заануудаа аваад Ромын яг ар хударгаар нь буюу, Альпийн нурууг испаниар дамжин франц талаас нь давж, италид газардсанаараа тэр агуу. Ингэхдээ тэр цэргийнхээ тэн хагасыг нь замдаа алдсан.

 Хамгийн гайхамшигтай, магадгүй түүнийг хамгийн шилдэг жанжин болгож чадах зүйл нь тэр Италид нийтдээ 15 жил Ромтой байлдсан. Түүний хот Картаж тэр хоёрын дунд Ром, харин буцах замд нь Альпийн нуруу байсан юм. 15 жилийн турш дайсныхаа газар нутаг дээр дайсантайгаа ямар ч ар талын тусламжгүй байлдахдаа тэр нэг ч удаа ялагдаагүйгээрээ агуу. Ханнибал өөрөөсөө тоогоор илүү хэд хэдэн Ромын армийг ялчихаад Картажад хэл явуулж нэмэлт хүч илгээхийг удаа дараа хүссэн байдаг.

Гэвч өөдгүй муу "улс төрчид", тухайн үеийн Картажын сенатын гишүүн, хөрөнгө чинээтэй гэр бүлүүд Ханнибалыг өөрсдөөс нь илүү хүчирхэг болохоос эмээж (саяхан л Ромд Картажын ард түмэн их өр төлбөр төлж, ичгүүртэйгээр амьдарч байсныг, мөн ирээдүйд Ром ямар их аюул учруулж болох зэргийг огтоос умартан) түүнд нэг ч удаа тусламж явуулаагүй байдаг.

Агуу Ханно хэмээх зальхай улс төрч, Картажын баян гэр бүлийн гишүүн мянган жилд нэг удаа төрөх агуу жанжин Ханнибалд тусламж явуулахгүйн тулд улс төрийн бүх арга чаргыг хэрэглэсэн байдаг. Ингээд Ханнибал маш олон Ромын армийг бут цохисон боловч Ромыг эзэлж чадалгүй буцаж харьсан. Харин үүний дараах нь болсон Гуравдугаар Punic War-д дахиад Картаж ялагдаж Ромчууд харин энэ удаа Картажыг газрын хөрснөөс үүрд арчсан юм. Хамгийн харамсалтай нь

Хоёрдугаар дайнаас хойш Картаж бүхэл бүтэн 50 жилийн турш Ромд дааж давшгүй их өр төлбөр төлж, түүнийгээ дуусгасан боловч ийнхүү энэ агуу гүрнээс юу ч үлдэлгүй арчигдсан байдаг юм. Энэ бол түүх. Болсон явдал. Хэрэв тухайн үед Картаж Ханнибалд хангалттай тусламж өгсөн бол өдийд бид Ромын биш харин Картажын уран барилгын хэв маяг бүхий байшингуудыг бахархан харах байсан биз. Гэхдээ сургамж бол маш тодорхой.

Яг л Черчилл хэлсэн шиг. Ардчилал бол төгс биш юм гэж. Яагаад гэвэл ардчилалыг хэн нэгэн мөнгөтэй, зальхай, ард түмний ашиг сонирхолыг огтхон ч сонирхдоггүй, өөрийн өчүүхэн хөрөнгө мөнгө, хувийн сонирхолоос өөр зүйлийг мэдэхгүй, 1000 жилд нэг удаа төрдөг агуу хүмүүсийг олж харах нь битгий хэл, сонсох сонсгол ч тархинд нь хөгжөөгүй, өчүүхэн амбицтай хүмүүс гуйвуулах боломжтой учраас. Картажын хувьд яг л ийм юм болсон.

Агуу амбицтай, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэй, чадвартай, ард түмний өмнө хариуцлагыг хүлээж чаддаг хүн төрнө гэдэг нь өөрөө их ховор юм.

No comments: