Monday, June 4, 2012

Би танаас хүсье

Арваад жилийн өмнө дөө, сонгууль дөхөв. Манай тойрогт нэгэн нэр хүндтэй эрхэмийн сонгогчидтой хийх уулзалт ярилцлага дугаар сургууль дээр өрнөв.

Нэр хүндтэй эрхэм тул, ер нь юу ярьдаг юм очиж үзье гээд очив.

Голцуу хөгшин хөвөө улсууд дүүрэн суусан өрөөнд яриа эхэллээ. Эдийн засгийн бүтээн байгуулалт, хөгжлийн төлөв хандлага, цаашид манай улсын хийх ажил гэхчилэн зүйлс сонсохоор очлоо.

Очоод харин шоконд орсон юм.

Нэг эмээ босоод дугаар байрны урд бесетка байхгүй гэж гомдоллоод суухад л нөгөө нэг өвөө нь босч орцны цэвэрлэгээ муу байгаа талаар ярина. Тэнд очсон сонгогчидийн agenda нь улс орны хөгжил биш, үр хүүхдийнх нь ирээдүй биш, монгол улсын хувь заяа биш - харин зүгээр л хаалга, хаяа, хэтэвчний асуудал байлаа. Магадгүй дэлхийн бүх улсад л ингэдэг биз.

Нэг эмээ, нэг өвөөг өмөөрөөд өнгөрч болноо. Харин Монгол улсын бүх эмээ өвөө иймэрхүү байвал Сонгогдогч эрхэм хичнээн мундаг боловсролтой зорилготой байгаад ч их л хэцүү зүйл болно.

Тэр эрхэмд би урам хугарсан, бас өрөвдсөн. Амыг нь дагуулаад л "тиймээ сүүдрэвч барьж өгнө" гэхчилэн тойруулж суулаа. Хэрэв миний эмээ өвөө тиймэрхүү байдалтай байгааг би яг дэргэдээс нь харсан бол бас л урам хугарч, өрөвдөх байлаа.

Би тийм Өвөө болохгүй гэж шийдсэн. Надад миний жижигхэн эрх ашиг биш харин миний үр хүүхдийн, Монголын ард түмний эрх ашиг л сонин байгаасай гэж би тэгэхэд л шийдсэн.

Би насаараа л өөрийнхөө л байшинг гоё болгох гэж, бусдаас гоё машин унах гэж, байрныхаа урд сүүдрэвч бариулах гэж амьдраад, үхэхдээ хүртэл тэрнийгээ ярьсаар дуусахыг хүсэхгүй. Би харин хүмүүст хийсэн бүтээснээрээ бахархаж байгаад үхнэ.

Би хүмүүст сайн сайхан зүйлс хийж бүтээснээр амьдралын мөн чанарыг олж авдаг гэдгийг мэдэхгүй, ойлгоогүй, ойлгох боломж нь олдоогүй залууст түүнийг ойлгуулахын төлөө зүтгэнэ. Надад хэн ч баярлалаа гэж хэлэхгүйг би мэднэ. Мэддэг учраас би хэнийг ч надад баярлалаа гэж хэлээсэй гэж найдахгүй.

Тийм учраас би жинхэнэ утгаараа хариу нэхэхгүй өгнө. Амьдралаас хамгийн ихийг өгч хамгийн томыг авдаг гэдгийг би өөрийнхөө амьдралаар харуулна.

Миний үр хүүхэд, бусад бүх хүмүүсийн хүүхдүүдтэй ижил боломжоор хангагдаж, өөрийн хүссэн амьдралыг цогцлоож, аз жаргалтай тийм нийгэмд амьдрах боломжийг би өнөөдөр бэлдэнэ. Тэрнээс биш би хүүхэддээ хамгийн үнэтэй сургуульд явуулж, хамгийн тансаг хувцас өмсгөж, баячуудын хүүхдүүдтэй нөхөрлүүлж, өөрийнхөө бизнесийг өвлүүлж үлдээхгүй.

Тийм учраас би өөрийнхөө төлөө биш, өөрийнхөө хүүхдийн төлөө биш харин нийт ард түмний сайн сайхны төлөө хөдөлмөрлөж амьдрана. Хариуд нь юу ч хүсэхгүй.

1 comment:

Anonymous said...

Гайхалтай