Thursday, May 3, 2012

Цаг хугацаа - бидний ойлгоцоор бол эхлэл, төгсгөл ба үргэлжлэлийг заадаг. Гэтэл сүүлийн үед цаг хугацаа бол юмс үзэгдлийг "орчуулж" ойлгох бидний тархины функц болохоос биш 4-дэх хэмжээс биш юм гэсэн хандлага физикчдийн дунд гарч ирсэн талаар би өмнө нь мэдээлсэн. Цаг хугацааг бид захирч чадахгүй. Цаг хугацаа бол бидэнд байгаа хамгийн олдошгүй зүйл гэх мэт ойлголтууд бидэнд бий. Цаг хугацаа байгаа цагт ертөнцөд эхлэл төгсгөл байх ёстой болдог. Хэзээ эхэлсэн бэ хэзээ дуусах вэ гэсэн асуултууд гарч ирдэг. Гэтэл хэрэв цаг хугацаа гэж зүйл байдаггүй юм бол эхлэх төгсгөлийн тухай асуудлыг ярих нь шаардлагагүй болно. Харин цаг хугацааг үгүй хийчихвэл бид зөвхөн өөрчлөлтийн тухай асуудлыг ярьж эхэлнэ. Өөрчлөлт хэмээх шинэ хэмжигдэхүүн гарч ирнэ гэсэн үг. Өөрчлөлт нь цаг хугацаанаас тодорхой ялгаатай. Өөрчлөлт эхлэх болон төгсгөлийг заах албагүй. Цаг хугацаа тогтмол хэмжигдэхүүн бол өөрчлөлт нь харин тогтмол байх албагүй. Өөрчлөлтийн хувьд түүний далайцыг ярьж эхэлнэ. Хэдий хэмжээний өөрчлөлт гарсан бэ - гэх мэт. Бидний амьдрал хязгаартай. Гэтэл ертөнц тийм байх албагүй. Бид өөрчлөлтийн нэг хэсэг, бас удирдагчид нь байж болно. Магадгүй цаг хугацааг үгүй хийчихвэл бидний амьдрал хэд насалсанаараа биш харин хэр их өөрчлөлтийн эзэн болсноороо, эсвэл хэр их өөрчлөлтийг тусгаж үзсэнээрээ хэмжигдэх юм болов уу. Зарим зүйлсийг цаг хугацаа хийж өгдөг юм - гэж хүмүүс хэлэх дуртай. Гэтэл өөрчлөлтийн хувьд асуудал огт өөрөөр тавигдана. Өөрчлөлтийг ямар хугацаанд хийсэн бэ биш харин өөрчлөлтийг хийсэн үү, үгүй юу - хэр их өөрчлөгдсөн бэ гэдэг асуудал яригдаж эхэлнэ. Ингээд харахад бидний тархи толгой тэр чигээрээ цагийн зүүний дагуу програмчлагдсан байна. Өөрчлөлтийг шинэ хэмжигдэхүүн болгон оруулж ирэхэд бидний сэтгэлгээ, хэл яриа хүртэл нийцэхгүй байна. Нар мандаж, жаргасаар л...

No comments: