Он гармагц монголын амьдрал бужигнаж эхэлдэг. Энэнтэй холбогдуулаад ажлын хажуугаар маш олон илтгэл унших хэрэг гардаг.
Хамгийн анх илтгэл уншиж эхэлснээс хойш даруй 8 жил өнгөрсөн байна. Энэ хооронд хэдэн мянган хүнд санхүү, менежментийн чиглэлээр илтгэл уншиж хичээл заасан байна. Тэгж их уншсан болохоор илтгэл тавих, танхимыг хяналтандаа авах, хүмүүстэй харилцан холбоо үүсгэх, сонирхолтой уур амьсгал бий болгох зэрэг технологи нь рефлекс болтлоо хөгжих ёстой биз.
Багш гэдэг бол эцэг эхтэй эн зэрэгцэн тавигдах хүний амьдралд байх маш чухал ойлголт, маш чухал хүн.
Багш мундаг мэдлэгтэй болохоороо багш болдог юм шиг санагддаг боловч үнэндээ тийм биш. Багш гэдэг хүнд шавь гэдэг хүн маш эрхэм байдаг болохоор л багш гэдэг хүн өөрөө тийм чухал этгээд болон хувирдаг бололтой.
Хүнд өгөх зүйлтэй, түүнийгээ хүнд өгөх эрмэлзэлтэй хүн л багш болно. Илтгэх, заах чадвар харин аяндаа бүрэлдэн тогтоно. Энэ яг урлаачтай адилхан юм.
Илтгэх заах чадвар, технологи сурснаараа мундаг илтгэгч болдоггүй. Харин хүмүүст юм өгөх, хүмүүсийг юм сураасай гэсэн сэдэлттэй илтгэл л хамгийн мундаг илтгэл, илтгэгч нь хамгийн мундаг илтгэгч байдаг юм.
Заах заалгах гэдэг бол маш нарийн торгон харилцаа холбоо. Анги танхимд байгаа өөр өөр мэдлэгтэй, өөр өөр хүмүүжилтэй, ядарсан ядраагүй, идвэхтэй идвэхгүй хүмүүсийг ялгалгүй бүгдэд нь өчүүхэн ч атугай ухаан, мэдлэг нэмнэ гэдэг бол өөрөө агуу зүйл.
Тэр хүмүүст эерэг зүйл өгөх сэдэл байхад аяндаа багш болон шавь нарын хооронд нааштай, харилцан бие биенээ хүндэлсэн харилцаа үүсч, анги танхимд дулаан уур амьсгал бүрдэхийг мэдрэх болно.
No comments:
Post a Comment