Ахисан төвшинд бизнес бүр адилхан. Зарчим нь ижил болохоор тэр. Кола савалдаг бизнес байна уу, банк байна уу, програм хийдэг компани уу - бүгд адилхан.
Хувьцаанд хөрөнгө оруулагчийн хувьд бол бүгд адилхан. Мэргэжлийн гүйцэтгэх захирлын хувьд бол бүгд адилхан.
Ямар сайндаа л ebay-н гүйцэтгэх захирлаар procter and gamble-г удирдаж байсан эмэгтэйг (Meg Whitman)томилчихов дээ.
Бизнес бүр нэг л зарчимтай. Хүмүүс хүмүүст зориулж бүтээл бүтээх. Бүтээгдэхүүний шинж чанар, бизнесээс хүмүүст үзүүлэх нөлөөллийн далайц зэргээс нь хамаарч ахисан төвшний, энгийн гэх мэтээр бизнесийг ангилж болох л юм. Гэхдээ энэ бол зарчимтай огт хамаагүй гэдгийг ойлгох ёстой. Жишээ нь санхүүгийн бизнес бол ундаа хийдэг бизнесээс арай илүү комплекс чанартай байна. Учир нь түүний бүтээгдэхүүн нь өртөг нэмэгдэх байдлаар, биет бус хэлбэрээр бүтээгддэг. Нийгэмд өргөн хүрээнд стандартыг тогтоох боломжтой зэрэг зарим онцлог шинж чанартай байх юм.
Ахисан төвшинд бизнесийн зорилго, стратеги, өрсөлдөөний тактик, бүтээгдэхүүний маркетинг зэргийг бодож олох нь хүүхдийн тоглоом, хөх инээд. Харамсалтай нь энэ бол ердөө цаасан дээр (тэр 80 хуудас цаасыг нь хэн ч уншихгүй, уншлаа ч ойлгохгүй гээд бод доо) хийгээд хэн нэгэн хүний толгой дотор оршино.
Бизнест ганцхан л толгойны өвчин байдаг. Тэр бол бусад хүмүүсийн боддог шиг зөв стратеги, зөв маркетинг биш. Тэр бол хүмүүс. Яаж хүмүүст нөгөө толгой дотор байгаа эсвэл 80 хуудас цаасан дээр буусад стратегиа ойлгуулах вэ...
Хаашаа явж байгааг нь яаж харуулах вэ, яаж тэд нарт хэрвээ жаахан хичээчих юм бол сайхан зүйл хамтдаа бүтээж чадна гэдгийг мэдрүүлэх вэ, яаж тэднийг energize хийх вэ...
Мөнгө гээд гайтай, гайхамшигтай зүйлийн хэрэг үүн дээр гарсан юм. Эртний их сэтгэгчид вижнг, философийг хүмүүст ойлгуулахад тун амаргүй болохоор мөнгийг бүтээсэн байж ч мэднэ. Ойлгуулах ч юу байхав ухамсарлуулах. Гэхдээ уг зарчим нь хүн бүр вижнг, философийг ойлгоход оршдог юм. Тийм учраас мөнгө бол түр зуурын хэрэгсэл байсан. Аягүй боломжийн ч хэрэгсэл. Гэхдээ л хөдөлмөрийн хуваарилалт ба урамшууллын системийг мөнгөнд хэт туйлшруулан шийдэх нь эцэстээ сүйрлийг дагуулах нь анхнаасаа л ойлгомжтой байсан.
Хүн бүр философич. Харин хэзээ хүн бүр сайн философич болох вэ гэдэг нь л сонин юм. Сүүлийн 1000, 500, 100 жилийн дотор хүмүүс хэрэглээний хувьд аймшигтай үсрэлт хийв. Сэтгэлгээний хувьд харин яасан юм бол. Их философичидийн хүн төрлөхтөний ухамсарт үсрэлт хийх тухай проблем ямар ч гэсэн шийдэгдээгүй. Дахиад хэдэн зуун жил болох юм болов уу. Эсвэл ойрын хэдэн арван жилд хэн нэгэн агуу философич гарч ирээд урьд хожид сонсогдоогүй artistic аргаар ухамсарт хувьсгал хийх юм болов уу.
Бизнесийг удирдахад ганцхан л асуудал яригддаг байх нь. Хүмүүс, хүмүүс, хүмүүс. Сайн хүмүүсийг сонгож авах, хүмүүсийг хөгжүүлэх, хүмүүсийг хөтлөх, хүмүүсийг хянах, хүмүүсийг урамшуулах, хүмүүсийг дэвшүүлэх, хүмүүсийг халах.
Хамгийн доод албан тушаалд ажиллаж байгаа хүн л гэхэд хийж байгаа ажилдаа эзэн болдог, маш чадварлаг, ухаалаг, боловсролтой байхад гүйцэтгэх захирлын санаа сая амардаг.
Макро төвшинд.
Шилдэг улс орон гэж байдаг гэж үзье. Тэр юу вэ. Хамгийн их цэрэгтэй нь үү. Хамгийн их алттай юу. Хамгийн олон хүнтэй нь юм уу. Аль ч тохиолдолд худлаа.
Миний бодлоор иргэн бүр нь ухамсарын төвшинд ахисан төвшинд хүрсэн улс орон - тэр улс орны иргэд бүр урлаач болсон байна, иргэд бүр урьд хожид сонсогдоогүй бүтээл бүтээх болно. Тэр улс бүх төвшинд дэлхийд стандартыг тогтооно. Оюуны, технологийн, ухамсарын, харилцааны стандарт бүгд тэндээс ундран гарах болно.
Мөнгө тэр улс оронд цаас байх болно.
Тэр улс орны иргэд нь лидерээ - таньж, тодруулж, өрсөлдүүлж, сонгож, сонсч, дагаж, хусч чаддаг чадвартай байх болно.
Вижнийг ойлгоогүй хүн лидерийнхээ үгэнд итгэж чаддаггүй. Үгийг нь дагаж чадахгүй.
Хичнээн сайн лидер байгаад ард түмэн нь, байгууллага нь үгэнд нь, үйлэндээ итгэж урагш алхахгүй бол сүйрэл.
Монгол орныг хөгжүүлэхийн тулд зам барих ёстой юм биш, их мөнгө олж ирэх ёстой ч юм биш. Ард иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэх, тэд өөрсдөө хувь заяаныхаа эзэн болох, талханд биш тавин жилийн дараах ирээдүйгээ харж сонголт хийдэг болох боломжийг нь бүрдүүлэх ёстой.
Сүүлийн хорин жил боловсролын системийг үндсэнд нь хаячихлаа. Компани хөгжихийн тулд хүмүүсээ боловсруулдаг, хүмүүсээ сургадаг, хүмүүсээ чадвахжүүлах хэрэгтэй гэдгийг захын гудамжны нохой хүртэл хуцаж тунхаглаж байна.
Гэтэл улсаа хөгжүүлэхийн тулд яагаад хүмүүстээ ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй байна вэ.
Өнөөдөр их сургууль төгсөөд мессежний хэлээр албан бичиг бичдэг хүүхдүүд ажилд орж ирж байна. Нийгмийн хариуцлага, хүний ярьсныг ойлгох чадвар, хүнд илтгэх, хүнд өөрийн бодлыг ойлгуулах чадвар огт байхгүй хүүхдүүд их сургууль төгсч байна шүү дээ.
Боловсролтой хүн гэж бакалавр зэрэгтэй гэдгийг бичсэн цаасны хэлтэрхийтэй хүн биш шүү дээ.
Боловсролтой хүн гэдэг чинь нийгмийн хариуцлага, эрх үүргээ ухамсарлдаг, нийгэмд биеэ зөв авч явах, харилцаа, ёс суртахууны зөв хэм хэмжүүртэй хүн шүү дээ. Адаглаад аливаа асуудлыг эргэцүүлэн бодоод, дүгнэлт гаргадаг, тэр дүгнэлтээ бусдад зөвөөр таниулан ойлгуулах чадвартай иргэд бидэн хэрэгтэй биш юм уу.
Цэцэрлэг, дунд сургуулийн боловсрол хаана явна вэ. Амьдралдаа хэзээ ч хэрэглэхгүй байж магадгүй логарифм бодож сурсан хүмүүс биш - бидэнд нийгэмд зөв амьдарч чадах дадал олж эзэмшсэн иргэд хэрэгтэй байна!
No comments:
Post a Comment