2010 оныг Засгийн газраас Бизнесийн шинэтгэлийн жил болгон зарласан. Ардчилсан нийгэм дэх баялагийн хуваарилалт, хөдөлмөрийн хуваарилалт, шагнал урамшуулал, шийтгэлийн механизмийг одоогийн байдлаар хамгийн боломжийн төвшинд хангаж байгаа бүтэц нь чөлөөт зах зээлийн тогтолцоо билээ.
Зөв зохион байгуулагдсан чөлөөт зах зээл өөрөө бизнесийг шинэчлэх гол хөшүүрэг болдог.
Зах зээлд байвал зохих бүх оролцогч нарыг татан оролцуулах, тэдгээрийн харилцааг зохицуулсан, ил тод, шудрага зохицуулалтыг бэлтгэх нь төрийн үүрэг. Зах зээлийг хөгжүүлэх нь харин оролцогч нарын хийх ажил билээ.
Хөрөнгийн зах зээл бол улс орны хөгжилд хувь нэмэр оруулагч тэргүүний зах зээл юм. Энэ зах зээлийг яаралтай, зохистой хөгжүүлж чадсанаар улс орны өмнө тулгараад байгаа тоо томшгүй олон асуудал аяндаа шийдэгдэх болно.
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэгч нэгэн төрлийн субъект нь Үндэстний институшионал хөрөнгө оруулагч (institutional investor) болой. Эдгээрт даатгалын байгууллагууд, тэтгэвэрийн сангууд, улсын хөрөнгийн сангууд, хамтын сангууд багтана.
Гэтэл манай хөрөнгийн захад эдгээр оролцогчдоос аль нь ч алга байна. Нийт хөрөнгийн захын зах зээлийн үнэлгээний 70 гаруй хувийг гадаадын институшионал хөрөнгө оруулагч нар эзэмшиж байгаа мэдээ бий. Тэнцвэрт байдал иймэрхүү байдлаар алдагдах нь цаашид үндэстний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж ч болохыг та бүгд магад тунгаана бизээ.
Одоогийн байдлаар дээр дурьдсан хөрөнгө оруулагчдаас зөвхөн даатгалын компаниуд Монгол улсад үйл ажиллагаагаа бодитой хэлбэрээр явуулж байна. Гэтэл Даатгалын тухай хуулиар тус компаниудыг хөрөнгийн захад хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байх юм.
Даатгалын байгууллагуудыг хувьцаа, бондонд тодорхой хязгаарлалтын хүрээнд хөрөнгө оруулах боломжоор хангаж өгснөөр тэд өөрсдийн одоогийн нөөц бололцоонд тулгуурлан Монголын анхны хөрөнгө оруулалтын менежерүүдийг бэлтгэх, Монголын анхны институшионал хөрөнгө оруулагч нар болох, цаашлаад үндэстний хөрөнгө оруулалтын сангуудын эхлэлийг тавих, хөрөнгийн зах зээл дээрх тэнцвэрт байдлыг хангах зэрэг маш олон эерэг талыг бий болгох болно.
Тус холбооны зүгээс Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Даатгалын компаниудыг хөрөнгийн захад хөрөнгө оруулалт хийх боломжоор хангах, ингэхдээ тодорхой хязгаарлалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоодог байхаар хуульчлахад та бүгдийг санаачлага гарган дэмжиж өгөхийг хүсч байна. Мөн бидний дээрх асуудалтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд анхаарлаа хандуулна гэж найдаж байна.
No comments:
Post a Comment