Яаж азтай болох вэ?
Азтай төрсөн бол ямар гоё вэ. Азаар мөнгөтэй болоод, азаар шалгалтанд тэнцээд, азаар сугалаанд хожоод - ер нь азаар амьдарчихвал болох юм биш үү. 80 нас хүрч явахдаа "би ч сайхан азтай амьдарлаа шүү" гэж бодож болох нь.
Азтай болох арга байнаа. Азаа ихэсгэж ч болж байна.
Жил бүр дэлхий дээр 100, 100 мянган олимпийн аварга болох боломжтой байсан хүмүүс жагсаалаас гардаг. Олимпийн гүйлтийн рекордыг эвдэхэд хангалттай бөгөөд хүрэлцээтэй булчинтай бялдартай хүмүүс гэсэн үг.
Гэхдээ нэг нь л рекордыг эвддэг. Хамгийн азтай нь биш харин хамгийн хөдөлмөрч нь гэдгийг бид бүгд мэддэг.
Би анх 8 жилийн өмнө ТОЕФЛ-ийн шалгалт өгсөн юм. Хоёр удаа өгөхдөө эхний удаадаа 667-оос 623, дараа нь 120-оос 115 оноо авсан. Англи хэлийг англид очиж сурах ямар ч шаардлага байхгүй. Гагцхүү тууштай бэлтгэл чухал. Би 3 сарын турш өдөр бүр 4 цаг хичээллэсэн. Өдөр бүр 20 үг цээжилсэн. 3 сарын дараа 1800 үгтэй болно. Алдсан өдөр бүр чинь чамд 20 үгний үнэтэй. Хэрэв бэлдэнэ гэж шийдсэн бол бэлдэх ёстой. Би нийтдээ 360 цаг хичээллэсэн байна.
Хүн хүнийг хуурч болдог байж магадгүй. Харин хүн хэзээ ч өөрийгөө хуурч болохгүй. Өөрийнхөө шийдвэрийг, өөрийнхөө үгийг ядаж өөртөө үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй. Үүний дараа, гагцхүү үүний дараа л хүмүүсийн хүндлэлийг авах асуудал яригдана. Өөрийнхөө шийдвэрийг өөрөө хүндэтгэж чаддаггүй бол чамд бусад хүмүүсийн үзэл бодлыг шүүмжлэх нь байтугай өөдөөс нь үг хэлэх ч эрх байхгүй.
Би дилерийн шалгалтанд 4 сарын турш өдөр бүр 2 цаг бэлтгэсэн. Шалгалтанд орохынхоо өмнө би тэнцэнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Би нийтдээ 240 цаг хичээллэсэн байна. Би хэцүү байсан ч гэсэн хөлсөө гаргаж хэдэн зуун цаг хичээллэсэн учраас л өөртөө итгэлтэй байсан юм. Өөртөө итгэлтэй байна гэдэг бол зөвхөн бэлтгэлийн асуудал. Бэлтгэлээ хангалттай хийсэн хүн л өөртөө итгэлтэй байдаг. Хэрэв найзуудтайгаа наргиад шөнө 12 гээд гэртээ орж ирсэн бол суугаад өглөөний 2 цаг хүртэл бэлдэх ёстой. Чи өөрийгөө хүндлэхгүй бол хэн чамайг хүндлэх юм бэ?
Чи тэр олимпийн рекорд эвдэх булчинг зөв хөгжүүлж - хөлсөө гаргаж, хэцүү байсан ч өөртөө үнэнч байж, өчүүхэн зовлогыг зовоохгүй бол - 5 жилийн дараа зүгээр нэг мах болж хувирна.
Амьдрал бол гайхамшигтай ховор, аймшигтай богинохон бэлэг. Үүнийг дүүрэн, хамгийн чухал нь бахархалтай өнгөрөөхийн тулд өөртөө хүндэтгэлтэй, өөрийгөө хайрлаж өнгөрөөх ёстой. Хайраас бусад өөр юунд ч бууж өгдөггүй байх ёстой.
Маркетинг бол хүмүүст зориулж хүмүүсийн бүтээсэн бүтээлийг хүмүүст таниулан хүргэх үйл ажиллагаа болохоос биш хуурамч зүйлийг хулхидаж хөөрөгдсөн үнээр зарах явдал биш билээ.
Би менежментийн салбарт 10 орчим жил ажиллалаа. Энэ хооронд өөрийнхөө маркетингийг (self-marketing) хөдөлмөрийн зах зээл дээр жаахан хэтрүүлээд хийчихдэг олон менежертэй таарч байв. Эхэн үедээ гялалзаад, үнэ цэнэ нь өсөөд амжилттай байгаа юм шиг хүн бүрийн атаархлыг төрүүлдэг байв. Гэтэл одоо харахад тэр залуучууд бүгдээрээ нисч яваад жигүүр юу нь агаарт шатсан мэт доошоо унаж байна, бүгдээрээ гүн дутагдлын шоконд орсон байна. Залруулах санаатай хэлэхэд өчүүхэн өөрийгөө илүүд тавих үзэл нь одоо байгаа байдалтай зөрөлдөөд үг хүлээж авах ч чадваргүй болжээ.
Хорвоо ертөнцийг хөндлөн туулахын тулд жигүүрийг өдөржин, шөнөжин бэлтгэх ёстой, хойноо 3 цаг л нисэх хугацаатай пуужин зүүлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй ээ. Пуужин чинь шатаж дуусахад өндрөөс унана. Байх ёсгүй өндөртөө гараад чанга унах болно.
Сэлмийг 10 мянган удаа давтаж байж хат сайтай сэлэм болдог, тэрнээс ганцхан удаа цутгаад хийсэн сэлмийг яаж ч маркетинг хийгээд ганц цавчилт даахгүй л хугарна.
Чанарыг гагцхүү цаг хугацаа харуулна. Хэдий чинээ удаан хуурамч төрхөө худлаа маркетинг хийж нууна төдий өндрөөс унах болно.
Хөлс урсгахгүйгээр бүтээл бүтэж, хүн хүн болох зам үгүй.
Амьдралыг азаар шалгалтандаа тэнцэж, азаар мөнгө олж, азаар албан тушаалд очиж - тийм хөгийн гуйж, горьдож өнгөрөөж болно гэж үү дээ. Амьдралыг өөрийн хүчээр, өөрийн зүтгэлээр гуядаж олж авах хэрэгтэй. Гагцхүү тэгсэн цагт чи өөрийгөө хуурахгүй, өөртөө бахархалтайгаар амьдарч чадна.
Хорвоо дэлхий уудам. Тэр чиний өчүүхэн мэдлэгээр тодорхойлогдох боломжгүй. Гэхдээ бидний өнөөдөр амьдарч байгаа нийгэм бидэнд боломжийг өгч байна.
Өөрийгөө хүндэлж байж бусдыг хүндэлж сурна. Бусдыг хүндэлснээр бусдын хүндэтгэлийг хүлээнэ.
Өөрийгөө хайрласнаар бусдыг хайрлаж сурна. Зөвхөн бусдыг хайрлаж байж л бусдын хайрыг хүлээнэ.
Өөртөө хариуцлагатай байж бусдын өмнө хариуцлагатай байж сурна. Бусдын өмнө хариуцлагатай байснаар л бусад чиний өмнө хариуцлагатай байх болно.
Үүний дараа л маркетингийн асуудлыг ярьж болно. Үүний дараа л өөрийгөө бусдад таниулах, ойлгуулах асуудал ярина. Бусдад өгөх юу ч байхгүй байж хоосон материаллаг зүйлээр гайхуулаад юу ч олж авахгүй.
Амьдралд амжилттай байх магадлалыг нэмэгдүүлж болноо. Гэхдээ үүний тулд хөлс урсгах ёстой. Ялангуяа Монголд хэн ч чамайг гэж ирэхгүй.
Хэрэв Америк 300,000,000 хүнтэй тэр хүмүүс дотор цахиур хагалах 300,000 хүн л гарч ирдэг юм бол яагаад Монголын 2,8 сая хүн бүгдээрээ цахиур хагалж болохгүй юм бэ. Яагаад 2,8 сая хүн нэг удаа орчлонг бодитоор нь харж, хүлээж авч болохгүй гэж?
Энийг ялангуяа өнөөдрийн ийм арчаагүй, дорой байдалд хийнэ гэдэг бол туйлын хэцүү зүйл мөн. Гэхдээ энэ биднийг зогсоож чадна гэж үү. Та бид өөрсдөөс шалтгаах бүх зүйлээ хийх ёстой бус уу.
No comments:
Post a Comment