Saturday, December 26, 2009

Grand hypothesis - conspiracy theory

Edition 2 - As of 30 Dec

Саяхны өдөр хэдэн нөхөдтэйгээ ярилцаж байхад бидний дундаас ерөнхий гаргалгаанууд гарч ирсэн юм. Эдгээрийг нэгтгээд grand hypothesis-ээ бичье гэж бодлоо.

Гэхдээ энэ нь миний өмнө хийсэн бүх таамаглалууд дээр үндэслэнэ гэдгийг анхаарвал зохино. Уншаад ойлгож чадахгүй байгаа хүмүүст миний өмнөх таамаглалуудыг уншиж үзэхийг зөвлөж байна.

"Хуйвалдааны онол" гэж сонсч байсан боловч өмнө нь судлаж байгаагүй юм. Сая вики-дэж үзэв. Энэ "онол" бол нийгмийг хүмүүсийн супер бүлэг удирддаг гэж үздэг юм гэнээ. Тэгээд тэр үйлдэл нь ардчилалын зарчмын эсрэг гэж зарим хүмүүс санаа зовдог юм байх. Энэ бол мэтгэлцээний сайхан сэдэв байж таарна. Зарим хүмүүс үүнийг сонссон даруйдаа "мэдээж ш дээ" гэж хэлнэ, харин үлдсэн хэсэг нь "тийм зүйл байх боломжгүй" гэж хэлнэ.

Би гранд таамаглалаа дэвшүүлэхэд үүн дээр хөшүүрэг хийе гэж бодлоо. Тэгвэл ойлгуулахад амархан болох байх. Өмнө нь би бичих гээд ерөөсөө эвлэхгүй байсан юм.

1. Би бодож байна - тэгэхээр би оршин байна - би амьд байна - гэдэг чинь би учир шалтгаантай/зорилготой (purpose) - би түүнийгээ олох ёстой...

2. Шалтгааныг (purpose) олох явцад физиологийн болон сэтгэлийн шаардлагуудыг хангах ёстойг ойлгож мэднэ. Үүнийг мэдрэмж гэж ерөнхийд нь тодорхойлж байгаа юм. (Life is a feeling)
Би мэдэрч байна - Надад эерэг ба сөрөг мэдрэмж байна - Надад философийн ба материаллаг мэдрэмж байна - Материаллаг мэдрэмж бол бие махбодийн тав тухтай байдал - Философийн мэдрэмж бол оюун санааны таашаал -

3. Хүн шалтгааныг хайж, мэдрэмжийг дагах явцдаа "цор үнэнг" таньж мэднэ.
Цор үнэн - Supreme truth: Хүн хэдийбээр амин хувиа хичээсэн амьтан "мэт" боловч өөрт нь шууд ашиг үгүй (мэт) байхад бусдын аз жаргалаас таашаал авдаг. (Moderated Adam Smith's original context)
Хүний философийн мэдрэмжийн дээд цэг нь өөрийгөө бусдад хэрэгтэйг мэдрэх явдал мөн гэж томъёолж байна. Энэ бол хүний "цор үнэн" юм.

Энэ үнэн байдаг учраас нийгэм оршин байна. Үгүй бол бид агуйдаа сууж байхсан. Хүн тийм амин хувиа хичээсэн амьтан бол юунд өөрийн мэдлэгээ хойч үедээ өвлүүлнэ вэ? Юуны тулд бусдын төлөө амиа золидог вэ? Энэ үнэн нь нийгмийн цавуу мэт юм.

Хүн хүмүүсийн төлөө сайн үйлс хийж, бусад хүмүүсийн сайн сайхан байхыг харах гэсэн суурь эрмэлзэлтэй. Харин энэ "цор үнэн"-г ухаарах төвшин хүн бүрт харилцан адилгүй байна.

Энэ нь миний "нийгмийн гурвалжны онол"-ын суурь болох билээ. Нийгмийн гурвалжны дээд хэсэгт оршин байх "элитүүд" бол хамгийн ухаантай, эсвэл хамгийн баян хүмүүс биш харин энэхүү "цор үнэн"-г ухамсарласан хүмүүс буйзаа. Тийм учраас ухаан ердөө хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад болох бөгөөд "амжилт" нь албан тушаал эсвэл мөнгөөр хэмжигдэхгүй байх нөхцөл биелдэг билээ.

Ингээд энэ цор үнэнд хүрсэний дараа үнэн салаа замаар одох бөлгөө.

4. Цор үнэнг танин мэдэхүй
Мэдлэгийг хэмжих нь ихээхэн төвөгтэй билээ. Тийм учраас би мэдлэг бол хүч биш гэж үздэг. Философичдийн томъёолдог мэдлэг, масс ойлголтын дагуух мэдлэг (conventional wisdom) -ийн талаарх ойлголтууд өөр гэдгийг уншигч санах нь зүйтэй.
Цор үнэний талаар хаа сайгүй бичсэн эсвэл цор үнэний талаар уншсан, сонссон нь түүнийг "мэдэх" хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болдоггүй байна. Энэ нь логик сэтгэлгээний цар хүрээ, хүмүүжил, нийгмийн гарал, тархины чадвар зэрэг байдлаас хамаардаггүй болохыг төрөл бүрээр баталж болно.
Тухайн хүн цор үнэнг танин мэдэх эсэх нь өөр зүйлээс шалтгаацах ба үүнийг би нэлээд олон удаа, олон нийтлэл дамжуулж бичсэн байгаа. Ерөнхийд нь би "сэтгэл" гэдэг нэрийн дор авч үзэж байгаа. Түүн дотор "хайр" их тодоор гэрэлтэж харагддаг.

Би цор үнэнг зөвхөн элитүүд л таньж мэдэж чаддаг гэсэн нэг таамаглал, цор үнэнг бүх хүн таньж мэддэг гэхдээ хугацааны хувьд өөр өөр гэсэн бас нэг таамаглалтай. Хэрэв миний хоёрдугаар таамаглал үнэн бол дэлхийн 7 тэрбум хүний 90-ээс дээш хувь нь цор үнэнг зөвхөн бие барах мөчдөө л таньж мэднэ. Өөрөөр хэлбэл тэд олж авсан мэдлэгээ амьдралд ашиглах боломжгүй болсон байна гэсэн үг. Тийм учраас би ийм эсрэг тэсрэг хоёр таамаглалыг зэрэг авч явдаг юм. Учир нь энэ хоёр зарчмын том ялгаатай боловч чанарын ялгаагүй.

Нийгмийн гурвалжны дунд хэсэг буюу опуртинист лидерүүд цор үнэнг таньж ойлгосон мэтээр жүжиглэх нь элбэг үзэгдэл. Тийм учир массын хувьд хэн нь элит, хэн нь лидер вэ гэдгийг салгаж мэдэх нь боломжгүй зүйл. Бид ердөө дунд хугацаанд гүйцэтгэлийг харахад маш ойлгомжтой болно. Лидер ярьж байгаа зүйлээ (ард түмний сайн сайхны төлөө г.м пропоганда) таньж мэдээгүй байдаг тул үг - үйлдэл нь байнга зөрдөг. Эсвэл лидерт ердөө 3 асуулт тавиад л унагаачихад болох юм.

Нийгмийн гурвалжны онол дээр жоохон хачирлахад лидерүүд алдаагаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яагаад гэвэл тэдний шийдвэр гаргасан сэдэл нь цор үнэнд суурилаагүй шүү дээ. Цор үнэнд суурилж шийдвэр гаргаж, үйлдэл хийсэн элитийн хувьд алдаагаа хүлээн зөвшөөрөх нь рефлекс болохоос биш сонголтын асуудал байхгүй юм. Үүнийг жоохон бодолхийлж үзэхэд маш ойлгомжтой.

Хаана очоод цор үнэн салаа замаар оддог вэ...

Сайн сайхан гэдэг ойлголт нь өөрөө харьцангуй ойлголт юм.

Төсөөлье.

6000 жилийн өмнө. Элитүүд маргалдав. Хэдийбээр бүх элитүүд хүн төрлөхтөний сайн сайхны төлөө гэсэн суурь сэдэлтэй боловч хоёр элит суугаад хүн төрлөхтөний сайн сайхны төлөө юу хийх хэрэгтэйг ярьж эхлэх үед анхны түүхэн маргаан эхэлсэн байж таарна.

Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө террористуудыг бүгдийг нь устгах хэрэгтэй юу? Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө террористуудыг гэгээрүүлэх бараг боломжгүй ажлыг хийх ёстой юу?

Synergy гээч зүйл гарч ирсэн. Элит хүний анхдагч хэрэгцээ бол хүн төрлөхтөний төлөө хийх сайн сайхан зүйлийн нөлөөллийг (impact-г) максимум болгох асуудал билээ. Үүний тулд элитүүд нэгдэх, элитүүд лидерүүдийг татах зэрэг нарийн төвөгтэй ажлууд шат дарааллан гарч ирнэ. Багийн тоглолт хийх хэрэгтэй боллоо. Баг бүрдсэнээр бүтээмж маш ихээр нэмэгдэх билээ.

Ингээд элитүүд бүлэглэлүүдэд хуваагдаж эхэлсэн. Бүлэглэлүүд өөрсдийн онцлог үзэл баримтлалтай болж бусдаасаа илүү хүчтэй болохыг эрмэлзсэн юм. Хэн хүчтэй нь өөрсдийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх боломжтой болох байв.

Хамгийн анхны элит бүлэглэлүүд маш ихээр амжилтгүй болж байлаа. Яагаад гэвэл тухайн үед хүн төрлөхтөний мэдлэг маш муу, мэдээлэл дамжуулах хурд үнэхээр удаан байлаа. Хамгийн анхны элит бүлэглэл агуйн төрийг байгуулсан. Тэр үед хамгийн "ухаантай"-даа төрийг залгамжлуулах тогтолцоо байв.

Гэнэт лидерүүд интервенци хийлээ. Та санаж байгаа бол "нийгмийн гурвалжны онол"-д би лидерийг тодорхойлсон байгаа. Лидерүүд зарим үед элитүүдээс төрийн эрхийг булаан авч байв. Тэдний хувьд яагаад төрд сууж байгаа нь "ойлгомжгүй" тул төрийг ухаалаг байдлаар бус харин удам дамжуулан удирдаж эхэлсэн.

Зарим тохиолдолд элитүүд өөрсдөө хүртэл төрийн ийм аргачлалыг нөхцөл байдалд тохируулан сонгож байв. Тухайлбал Чингис хааны үед Грек ба Ромчуудын хэрэглэсэнтэй адил ардчилсан тогтолцоог хэрэглэх боломжгүй байсан мэт харагддаг. Мань хүн өөрөө жинхэнэ элит байсан гэж харагддаг боловч төр залгамжлах болоход урт хугацаанд оршин тогтнох тогтолцоог сонгож хараахан чадаагүй. Их хуралдай зэрэг хамтын шийдвэр гаргалтын тогтолцоо, хаанаас тусдаа улсын заргач зэргийг гаргаж ирэн маш их шинэтгэл хийсэн боловч илүү боловсронгуй болгоход 1-рт.тухайн үеийн нүүдэлчин тогтолцоонд нийцэхгүй 2-рт. Цаг хугацаа маш бага болсон 3-рт. Түүний хөвгүүдээс хэн нь ч элит болж чадаагүй бололтой.

Элитизм удам дамждаггүй, санамсаргүй мэт ажиглагддаг. Тийм учраас "сурмал соёл" ихэвчилэн сөрөг маягтай харагддаг. Үүнийг "Орос-3" синдром (Монголын нийгэм дэх "дутагдлын шок-ын" нэг хэлбэр) дээр дараа нь жишээ авч тайлбарлая.

Элитүүд лидерүүдэд санаачлагыг алдах үед эмх замбараагүй байдал үүсдэг гэсэн бас нэг таамаглал дэвшүүлж байгаа юм. Учир нь лидерүүдийн суурь сэдэл нь элитүүдтэй харьцуулахад "доогуур" учир богино хугацаат, аргацаасан шийдвэрүүдийг ихээр гаргадаг. Ингээд "алдаа хуримтлагдах үзэгдэлийн" дагуу тун удалгүй том хэмжээний нийгмийн хямрал болдог. Хямрал болж лидерүүд арчигдах тул байгалийн тэнцвэрийн хууль ба шалгарлын зарчим ёсоор элитүүд дахин гарч ирдэг. Лидерүүд араатанлаг маягтай тул тэд учир зүггүй их хэмжээний баялаг, эрх мэдлийг (Араатанлаг бизнес нийтлэлийг үзнэ үү) хураах гэж улайрдаг. Энэ замдаа анзааралгүй массийг чирч орхидог. Лидерүүдийн энэ үйлдэл нь натурал чанартай учир буруутгах аргагүй, тэд масстай адил цор үнэнийг таньж мэдээгүй байдаг учир who am I асуултандаа хариулт авахаар ихээхэн улайрдаг. Илүү их чадлыг хуримтлуулчихвал үнэнд арай ойртох юм шиг тэдэнд санагддаг байх гэж бодогддог.

Conspiracy theory
Дээрх бүх таамаглалууд үнэн тохиолдолд хуйвалдааны онол маш амархан батлагдаж байгаа юм.

Элитүүд бүгд ердөө ганцхан хувилбартай цор үнэнг мэдэх боловч түүнийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр санаа зөрөлдөн өөрсдийн бүлэглэлүүдэд хуваагдаж эхэлнэ. Элитүүдийн бүлэглэлүүд өргөн хүрээг хамрах ба тэдний гар хөлөөр лидерүүд ажиллах юм. Элитүүд лидерүүдэд тэдэнд тохирсон хөшүүрэгийг (мөнгө, эрх мэдэл, аюулгүй байдал) бий болгон өөрсдийн бодлогын тусын тулд ажилуулна.

Лидерүүдэд албан тушаал сонин бол харин элитүүдэд албан тушаал сонин биш. Ердөө л impact үзүүлэхэд шаардлагатай байгаа учраас л албан тушаалд очдог. Тэгэхээр Барак Обама лидер үү, элит үү гэдгийг хэлэхэд төвөгтэй юм. Хэрэв Барак Обама элит бус харин лидер бол түүнд огтхон ч гайхах зүйл байхгүй.


Уншигчидад
Ньютоны толгой дээр алим унасан учраас мань хүн таталцалын хуулийг нээгээгүй шүү! Энэ бол нөгөө л гутамшигт conventional wisdom at action юм. Хэрэв Ньютон гай болж тэр өдөр тэр модны дор суугаагүй бол таталцалын хууль нээгдэхгүй байх байсан гэсэн болгоомжлол байж хэрхэвч болохгүй. Учир нь Ньютон хэрэв тэр модны дор суугаагүй байсан бол хажуу айл цонхоороо хог хаяхыг хараад л нээлтээ тэр өдрөө хийчих байсан юм.

Аливаа дүгнэлт, нээлт, мэдлэгийг интернетээс download хийж байгаатай адилаар төсөөлөөрэй гэж хэлэх гээд байгаа юм. 0%....13%...30%...70%.....100%. 99% болсны дараа л дөнгөж 1% зарцуулсан энергийг тухайн мэдлэгийг олж авах туйлын хүчин зүйл байсан мэтээр ойлгож болохгүй юм.

Тийм учраас та үүнийг уншмагц ойлгох, эсвэл ямар нэг дүгнэлт хийхээр битгий яараарай гэж хэлэх гээд байгаа юм.

Thursday, December 24, 2009

Логикийн алдаа ба communication

Логикийн алдаатай байна, бичиж буй зүйл тань ойлгомжгүй байна гэсэн нааштай шүүмжлэлүүд ирж байгаа тул та бүгдээс зарим зүйл хүсэх гэсэн юм.

1-рт. Миний бичлэгүүд нь сайн болсон гэж би ердөө үздэггүй. Миний бодлоор хамгийн сайн болсон нь 5 жилийн өмнө бичсэн Art of the management. Гэхдээ тэнд нэг ч хүн коммент тавьдаггүй нь харамсалтай. Бас менежментийн зарчмууд - үүн дээр мэтгэлцмээр байгаа юм.

2-рт. Логикийн алдаа гарахыг үгүйсгэхгүй. Ний нуугүй хэлэхэд заримдаа би өөрөө бичсэн юмаа ч ойлгохгүй үе байж л байдаг. Гэхдээ энэ нь ихэвчилэн логикийн алдаанаас болдог гэж би бодохгүй байна. Харин хэлэнд зарим учир бий. Бодох амархаан, санааг бичгээр буулгах гэдэг нь төвөгтэй юм.

3-рт. Зөвлөгчид маань яг жишээ татаад, хаана, ямар логикийн алдаа гарч байгааг хэлж өгвөл их баярлана. Тэрнээс биш дүүрэн логикийн алдаа байна гэх мэтчилэн бичээд орхих нь тэдний зүгээс хариуцлагагүй үйлдэл гэж би бодож байна. Миний бичлэгүүдийг илүү сайжраасай гэж коммент үлдээх эсвэл миний гаргасан таамаглал, саналтай шууд зөрөлдөх (жишээ нь dddd үүнийг сайн хийдэг)зэрэг зорилгоор коммент үлдээдэг гэж бодож байна. Аа харин таалагдахгүй бол ердөө уншихаа болих нь хангалттай юм.

4-рт. Хэрэв логикийг нь (миний логикийг) ойлгохгүй байгаа хүмүүс бодитой жишээ татаад өгвөл би тухайн хүмүүсийн сэтгэлгээний логикийг амархан таньж мэдэх бөгөөд тэрхүү логикт тохируулж бичих нь бүрэн боломжтой. Би тэгэж бичье ч гэж бодож байна. Яагаад гэвэл миний блогт эхэндээ хүмүүс орж ирэхэд би тааламжтай биш байсан боловч сүүлдээ үүнийг "зөв" мэтгэлцээний талбар болговол бичигч ба уншигч нарт эерэг нөлөөлөл үзүүлж чадах юм байна гэж бодсон. Тийм учраас уншигчидад ойлгомжтой бичих нь одоо миний зорилтуудын нэг болоод байгаа юм.

5-рт. Би философич таамаглалууд дэвшүүлдэг. Би хувьдаа судлагаатай, жишээтэй бичье гэж "мөрөөддөг" боловч тэр судлагаа, жишээг хайх цаг байдаггүй нь харамсалтай. Харин энэ талаар шүүмжилж байгаа хүмүүс өөрсдөө судлагаа хийгээд дэмжээд эсвэл няцаавал би их баярлах болно.

онол хууль биш

Онол бол хууль биш...

Олон хүний хувьд онол бол хууль гэж ойлгогддог юм байна. Үүнтэй огт санал нийлэхгүй байна. Адам Смитийг философичийнх нь хувьд хүндэлдэг боловч онолчын хувьд бүхэлд нь үгүйсгэхэд намайг хорих зүйл үгүй. Зарим хүмүүс бүүр "жадлан эсэргүүцнэ" гэжээ. Одоохон яагаад ингэж бодсоноо тайлбарлая.

Адам Смит "дээр үед" амьдарч байсан нь "ертөнцийн хууль"-ийг надаас илүү тайлбарлах хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл болно гэж үзэхгүй байна. Би маш олон таамаглал дэвшүүлдэг. Таамаглал дэвшүүлж байгаа нь "өөрийгөө ухаантай" гэж бодож байна гэсэн гаргалгаанд хүргэхгүй. Тийм учраас зарим хүмүүс санаа зовох шаардлагагүй. Би "хамгийн том алдаа"-аа гаргахгүй.

Онолын дагуу юу ч хөдөлж, юу ч явдаггүй. Онол бол ердөө л хүн-философич ертөнцийн хуулиудыг тайлбарлахаар гаргасан "таамаглал" юм.

Та бүгд квант физик, астро физик, генетик судлал, биологи, биотехнологи зэрэг "орчин үеийн" ухаануудын сүүлийн үеийн хандлагыг харвал бид (хүн төрлөхтөн) таамаглалын хувьд хэр хол явж байгааг харах болно. Би судлаач биш (24 цаг нэг л онол дээр ажилладаггүй) тул олон жишээ татаж чадахгүй байгаа юм. Гэхдээ ядаж ганц жишээ татья. Ертөнц (бид нэг хэсэг нь шүү дээ, хүмүүс гаднаас нь харж байгаа юм шиг буруу ойлгоод байдаг) -ийн ердөө 4 хувь нь та бидний мэддэг дэлхий, амьтан, гариг, од, галактик байх юм. Гэтэл 96 хувь нь хар матери ба хар энергиэс бүрддэг тухай ердөө саяхан л (сүүлийн 20 жилд) баталлаа шүү дээ. Гэтэл орчин үеийн ямар ч физикийн онол хар энерги гээч нь юу болох тухай, ямар хуульд захирагддаг тухай, тэр байтугай ямар нэгжээр илэрхийлэгддэг зэрэг талаар ямар ч ойлголт алга. Ертөнцийн 70 гаруй хувийг хар энерги эзэлж байхад ш дээ.

Физикийн шинжлэх ухаан тэр аяараа яаж нэгдсэн шинэ онол гаргах вэ гэж толгойгоо гашиглгаж байхад эдийн засгийн ухаан түүний хажууд хүүхдийн тоглоом биш үү?

Хүн бол ертөнцийн "үл мэдэгдэм" хэсэг болохоос биш ихэнх хүмүүсийн "далд ухамсартаа" (subconsciously) төсөөлдөг шиг гаднаас ирсэн бурханлаг субъект биш билээ.

Ертөнцийн хуулиуд биднээс үл хамааран оршиж ирсэн, хуулиуд тогтвортой биш ч байж болно. Хуулиуд давтамжтай эсвэл санамсаргүй өөрчлөгддөг байж болох юм.

Хуулиудыг бид тайлбарлаж дуусах нь цаг хугацааны л асуудал гэж би боддог. Хүн төрлөхтөн тэр цаг хугацааг үзэж чадалгүй мөхөж ч болно.

Философичийн хувьд үлдэж буй асуулт нь хуулиудыг бид өөрчилж чадах уу? гэсэн асуулт байх юм.

Би бодож байна - би амьд байна. Би амьд - би хувь зохиолоо удирдана. Магадгүй бид хуулиудыг манипуляци хийх зориулалттай онцгой төрөл байх.

Economists

Хавтгай эдийн засаг нэртэй бичлэгийн араас back to basics бичлэг явагдаж байгаа билээ. Тэрнээс өмнө уур уцаарыг дарахын тулд бяцхан тайлбар хийе.

Хавтгай эдийн засагт эдийн засагчдыг жаахан дайрсан маягтай бичсэн нь "эдийн засагчдийн" сэрлийг хөдөлгөж орхисон бололтой.

Үнэндээ миний тодорхойлолтоор эдийн засгийн онолоор төгссөн хүн, эсвэл сангийн яаманд ажилладаг хүн, эсвэл эдийн засгийн багш бол "эдийн засагч" гэсэн ангилалд хамаарахгүй юм.

Эдийн засагч гэдэг нь минийхээр бол эдийн засгийн онол гаргасан, гаргах шатанд явж байгаа буюу эдийн засгийн одоо байгаа аль нэг онолын урсгалын үнэнч фен хүнийг л хэлэх юм.

Эдийн засгийн багш нарын хувьд миний бичлэг ойлгомжгүй болсон бололтой. Учир нь би эдийн засгийн монгол хэлнээ орчуулагдсан ном огт уншиж үзээгүй юм. Тэд дандаа орчуулдаг учраас намайг орчуулсан, орчуулах явцдаа монгол хэлний (тэдний хэрэглэсэн нэр томъёогоор хэлээгүй) алдаа гаргасан гэж "бодоод" байгаа нь миний санааг жаахан зовоож орхив. Ирээдүйд орчуулга хийх бус харин тархины бүтээл гаргах (би тэгэж мөрөөдөөд байгаа) оюутнуудыг бэлдэж байгаа багш нар "монголчууд" эдийн засгийн талаар юм бичвэл заавал орчуулсан байж таарна гэж үзээд байгаад л жаахан эмзэглээд байгаа юм.

Бүүр хаанаас хуулснаа дурьдаагүй, плагиаризм үйлдлээ гэж accuse хийж байгаа шүү. Юм мэдэхгүй хүнд ямар үнэн сонстох бол?

Tuesday, December 22, 2009

Flat economy: Back to basics

Эртээдийн хавтгай эдийн засаг дээр жаахан "гомдоллож" байгаад орхисон.
Одоо дараагийн шатанд орж цаашаа харах гээд оролдоцгооё.

Юуны өмнө философичид мянга мянган жилийн өмнө хийсэн философийн суурь гаргалгааг давтаж үзье. (Үүн дээр зарим уншигчид маань хандив өргөж болох юм)

1. Би бодож байна - тэгэхээр би оршин байна.
2. Би оршин байгаа юм чинь - Би учир шалтгаантай (зорилготой) байж таараа.
3. Who am I? What is my purpose?
... Ингээд л ердөө 2 асуултанд хариулсаны дараа "гацаанд" орсон байгаа юм". Гэхдээ гацаанаас гарахад дахиад нэг асуултанд элитүүд (элитийн тухай нийтлэлээс тайлбарыг үзнэ үү) үнэн зөв хариулсан.

4. "Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө"

Гаргалгаа: Хүн ба амьтны ялгаа нь хүн бүр философич байдагт оршино.

Гаргалгаа: Философичид "үнэнийг" хайдаг. Өөрөөр хэлбэл "Би хэн бэ?" асуултыг асууж эхэлснээр философич болно.

Гаргалгаа: Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь хангалттай бөгөөд хүрэлцээтэй амьдралын зорилго... гэдгийг философичид мэднэ.

Гаргалгаа: Амьдралын "үнэн" зорилгоо олж түүнийгээ дагаж амьдарсанаар хүн сэтгэл хангалуун амьдарна.

Гаргалгаа: Философичид амьдралын аль нэг үедээ а. Мөнгө хийсвэр, машин хийсвэр, эд баялаг хийсвэр - (Хорвоогоос халих мөчид Range Rover төмрийн сэг болно) гэдгийг мэдэх болно. Хамгийн муу философич ертөнцөөс халих үедээ үүнийг ойлгоно.

Гаргалгаа: Философич амжилттай философич байхын тулд "анхдагч хэрэгцээ" гэж нэрлэгдсэн хэрэгцээг хангах ёстой. Энэ нь эрүүл байх, өлсөхгүй байх, амь насанд аюултай орчинд байхгүй байх зэрэг юм. Харамсалтай нь маш олон философич (одоогийн байдлаар 3 тэрбум гаруй) анхдагч хэрэгцээг биелүүлж чадалгүй байсаар хорвоогоос хальдаг.

Гаргалгаа: Философичид миний тооцож байгаагаар 6000 орчим жилийн өмнө (түүнээс цааш байж мэднэ, нааш гэж огт бодохгүй байна) "цор үнэнийг" олсон.

Гаргалгаа: "Хүн хэдийбээр амин хувиа хичээсэн амьтан боловч өөрт нь шууд ашиг үгүй байхад бусдын аз жаргалаас таашаал авдаг" гэж философич Адам Смит өөрийн theory of moral sentiment-дээ тодорхойлсон. Энэ бол тэр 6000 орчим жилийн өмнө олсон цор үнэн мөн. Адам Смит миний үзэмжээр хамгийн зөвөөр тодорхойлсон тул түүнийг жишээ татав. Тэрнээс биш мань хүн анх удаа ч юм уу цор ганц удаа тодорхойлоогүй юм.

Гаргалгаа: Хүн-философичийн цор үнэн бол "хүмүүсийн төлөө, хүмүүсийн нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох явдал юм". Энэ бол хүний амьдралын үнэн зорилго бөлгөө. Энэ зорилгыг биелүүлж амьдарсан хүн "сэтгэл хангалуун" амьдарч чадах юм. (according to the best knowledge of mine and the entire science of philosophy till this moment)

Гаргалгаа: Цор үнэнийг ойлгож хүлээн авсан цагт дараагийн хоёрдмол зорилго натурал шинжтэй гарч ирдэг. Энэ нь эерэг нөлөөллийг максимум төвшинд хүргэх асуудал билээ.

Гаргалгаа: Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй. Олуулаа хийвэл хүчтэй. Багийн тоглолт. Хамтын ажиллагаа. you name it. Хоёр хүн тус тусдаа бие даан хийсэн ажлын үр дүн 100 гэж бодъё. Гэтэл энэ хоёр хүн нийлээд өгөгдсөн ажлыг хийхэд гарах бүтээмж "ямагт" 200-аас илүү байдаг хандлага байна.

дараа үргэлжлүүлье...

Saturday, December 19, 2009

Хавтгай эдийн засаг: Онолууд худлаа болсон нь...

Хавтгай эдийн засаг: Онолууд худлаа болсон нь...
Макро эдийн засагчид сүүлийн үед хурц шүүмжлэлд өртсөн. Учир нь тэд орчин үеийн эдийн засгийн хямралын гарцыг харж чадахгүй байна.
Хүний нийгэм дэх бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, үнэ тогтоолт, баялагийн хуваарилалт, хөдөлмөрийн хуваарь зэрэг “эдийн засгийн” үзэгдлүүдийг тайлбарлахаар хэдэн мянган жилийн өмнөөс онол, тайлбаруудыг гаргаж иржээ. Эднээс хамгийн дорвитой нь Адам Смитийн “далд гарын онол” (классик онол) ба Жон Кейнсийн “төрийн зохицуулалтын” (Кейнсизм) онолууд юм. Эдгээрийн орчин үеийн урсгалууд нь нео-классик ба нео-кейнсизм нар юм. Нео-классикчууд зах зээлийн өөрөө өөрийгөө зохицуулах чадварт итгэдэг бол Нео-Кейнсчүүд эдийн засагт төрийн оролцоо байх ёстой гэж сургадаг.
Саяны эдийн засгийн хямралаас болж нео-классикчууд бүрэн цохилтонд орсон бол нео-кейнсчүүд харин нэлээн сэргэж ирсэн.
Гэсэн хэдий ч эдгээр урсгалуудын аль альнийх нь онолын суурь таамаглалууд хэрэгжихгүй байгааг орчин үеийн санхүү, эдийн засгийн хямрал харууллаа.
1. Зах зээл нь эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож үнэ тогтоогдоно гэсэн онолын суурь зарчим зарим талаар хэрэгжихгүй байгааг харж болно. Маш олон жишээ харагдаж буй боловч зөвхөн бидний хамгийн сайн мэддэг алтны хувьд авч үзэхэд алтны ханш өсөх тутам түүний эрэлт нэмэгдэж байгааг бид харж болно. Гэтэл орчин үеийн эдийн засгийн зарчмаар бол үнийн өсөлт нь эрэлтийг бууруулах нөлөөлөл үзүүлэх ёстой ба энэ нь эрэлт нийлүүлэлтийн шинэ тэнцвэрийг тогтоодог. Шудрага үнэ буюу fair value-н талаарх ойлголт үндсэндээ том цохилтонд ороод байгааг эндээс харж болно. Шудрага үнэ хаана байгааг хэн ч тодорхойлж чадахгүй мэт харагдаж байна.
2. Эдийн засгийн цор ганц агент болох хүний шийдвэр гаргалт нь ухаалаг (rational) байна гэсэн таамаглал буруу болох нь олон талаар харагддаг. Үнэндээ хүний шийдвэр гаргалт зах зээлд оролцогчийн хувьд олон тохиолдолд ухаалаг бус гэж нэрлэхээр байдаг бөгөөд богино хугацаат сэтгэл хөдлөлөөс хамаардаг болох нь психологийн олон судлагаагаар тогтоогдсон. Эцсийн эцэст энэ нь мөн шудрага үнийг тогтооход учирч буй бэрхшээлтэй адилаар аль шийдвэр гаргалт нь ухаалаг вэ гэсэн асуултын хариултыг төвөгтэй болгож байгаа юм. Эдийн засгийн онолчдын ухаалаг гэж нэрлээд байгаа шийдвэр нь үнэн хэрэгтээ ухаалаг шийдвэр мөн үү?
3. Зах зээл дээрх мэдээлэл тэгш тархдаг буюу зах зээлд оролцогчид нь боломжтой бүх мэдээллийг авсан байна гэсэн таамаглал нь үндсэндээ огт байх боломжгүй юм.
Олон улсын санхүүгийн зах зээл бол үнэн хэрэгтээ хамгийн их эргэлттэй, хамгийн олон оролцогчидтой зах зээл юм. Өөрөөр хэлбэл эдийн засгийн онолуудын суурь таамаглалууд хүчинтэй байгаа эсэхийг ажиглахад хамгийн тохиромжтой газар юм. Миний бие дилерээр ажиллах явцдаа эдийн засгийн талаар хэд хэдэн ажиглалт хийж дүгнэлт гаргасан юм. Эдийн засгийг загварчлах нь үнэн хэрэгтээ боломжгүй зүйл мэт байв. Учир нь эдийн засгийн онолын загваруудад байдаг хувьсагчдаас өөр олон төрлийн хүчин зүйлс үнэ ханшид нөлөөлдгийг мэдэрсэн юм. Аливаа эдийн засгийн үзэгдлийг (үнэ ханшийн огцом савалгаа г.м) эдийн засагчид анализ хийж тайлбарладаг. Гэтэл эдийн засагчид тухайн эдийн засгийн үзэгдлийг эдийн засгийн онолын дагуу тайлбарладаг нь ихэвчилэн бодит байдалтай нийцдэггүй. Учир нь орчин үеийн онолууд өөрсдөө эдийн засгаа хангалттай таньж мэдэж чадаагүй байна.
Энэ талаар ерөнхий сайд асан эрхэм гуайтай хэдэн жилийн өмнө маргаж байсан санаанд орж байна. Энэ эрхэм гуай эдийн засгийг загварчлах хэрэгтэй бөгөөд уг загварын дагуу удирдах боломжтой гэж үзэж байв. Тухайлбал Америк өөрийн эдийн засгийг аль 1950-иад онд боловсруулсан загварын дагуу удирдаж байгаа гэж хэлсэнтэй миний бие огтоос санал нийлээгүй юм. Учир нь эдийн засгийн оролцогч болох хүний үйлдэл, хариу үйлдэлийг загварчлах боломжгүй. Ердөө нэг хүний үйлдэл, хариу үйлдэлийг загварчилж чадахгүй байгаа тохиолдолд олон хүмүүсийн нэгдэл буюу нийгмийн үйлдэл хариу үйлдэлийг загварчилна гэдэг нь байх боломжгүй зүйл. Хүний шийдвэр гаргалтыг ерөнхийлөн таамаглахаар оролдлоо гэхэд түүнээс үүдэн гарах үр дүн нь “хаос” шинжтэй. Өөрөөр хэлбэл “эрвээхэйн далавчны нөлөө” ёсоор бол Өмнөд америкт нисч яваа эрвээхэй далавчнаас үүссэн агаарын хуйлрал нь ирээдүйд Хойд америкт хар салхины учир шалтгаан болж болдог. Тийм учраас өгөгдөл буюу шийдвэр гаргалт өчүүхэн төдий буюу математик загварт тусгагдахааргүй хэмжээнд өөрчлөгдөхөд л үр дүн асар ихээр хэлбэлздэг. Уншигч авгай санаж байгаа бол үүнийг судлаж тогтоосон онолыг Хаос онол гэдэг билээ.
Тийм ч учраас эдийн засгийн онолыг боловсруулахдаа макро эдийн засгийн - субъектив байдлаар буюу хуулиуд эдийн засгийн үзэгдлийг удирддаг мэтээр ойлгох уламжлалт сэтгэлгээнээс зайлсхийж харин объектив буюу эдийн засгийн агент болох хүмүүсийн үйл хөдлөлийг тусгайлан судлах микро эдийн засагчийн хандлагийг ашиглах нь зохимжтой юм. Тухайлбал энэ талаар анхны томоохон бүтээл болох 2005 оны Freakonomics номыг дурьдаж болно.
Өмнө хэлсэнчлэн эдийн засаг бол баялагийг хуваарилагч, хөдөлмөрийг хуваарилагч тул яаралтай үеэ өнгөрөөсөн онолуудыг сольж шинэ зохистой онолыг гаргах хэрэгтэй болоод байна. Шинэ зохистой онолын урсгалыг гаргаснаар эдийн засгийн хүсээгүй үр дүнгээс сэргийлэх, эдийн засгийг зөв зүгт нь залуурдах боломж бүрдэх юм. Эс тэгвээс дахин шинэ шинэ хямралууд гарахад тун ойрхон ирээд байгаа юм. Миний бодлоор үүний хамгийн ноцтой дохио бол 2007-2008 оны олон улсын хүнсний хямрал юм. Мэдээж саяны эдийн засгийн хямралын цар хүрээг анзааралгүй өнгөрөх аргагүй.
Эдийн засгийн онолын шинэ урсгал гарахад дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй байгаа юм...
Хавтгай дэлхий
Дэлхий хавтгай болж буй талаар саяханыг хүртэл баахан сурталдсан. Харин сүүлийн үед ярихаа огт больсон нь дэлхий аль хэдийн даяарчлагдаж хавтгай болчихсон гэсэн үг. Нэгэнт өнгөрсөн юмыг дахин дахин яриад яах билээ. Саяны олон улсын эдийн засгийн хямралыг харахад л бүх зүйл ойлгомжтой болно. Үнэндээ Америкийн фермер эр Жон байраа авахад нь Аравын газрын тосны эзэн Али зээл олгосон байна шүү дээ. Тийм ч учраас Америкийн моргэжийн зээлийн зах зээл дээр эхэлсэн хямрал Америкийн санхүүгийн хямрал болоод тэр нь олон улсын санхүүгийн зах зээлийн хямрал бүүр даамжраад олон улсын эдийн засгийн хямрал болов.
Өмнөх эдийн засгийн онолууд тухайн улсын эдийн засгийг хаалттай байдлаар авч үзэх хандлагатай байсан бол бидэнд хавтгай дэлхийд тохирсон хавтгай онол хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөр өөр сонирхол, баялагийн хэмжээ, нөөц бололцоо бүхий олон улсын худалдааны орчинд эдийн засгийг хэрхэн шийдэх талаарх аргуудыг өөртөө багтаасан байх ёстой. Зах зээл нь нэг болсон дэлхийд социалист, дарангуйлалт, ардчилсан гэх мэт олон нийгмийн хэлбэрүүд зэрэгцэн оршиж байгаад хамгийн томоохон асуудал оршино.
Мэдээллийн технологи
Эдийн засгийг удирдахад зах зээлд нөлөөлөл үзүүлж байгаа мэдээллийн асуудал их чухал юм. Мэдээлэл нь эдийн засгийн агент хүний шийдвэр гаргалтанд чухал мэдээлэл үзүүлнэ. Одоо ноёлож буй эдийн засгийн онолууд гарах үед олон нийтийн мэдээллийг төр манипуляци хийдэг байсан бол ердөө сүүлийн 10 жилийн дотор тэр нь огт боломжгүй боллоо. Мэдээллийн технологийн хөгжлийн цогц асуудлыг интернетээр төлөөлж авахад ойлгомжтой болно. We think - we share философи сүүлийн жилүүдэд хүн төрлөхтөний мэдээллийн соёлыг асар хурдтай өөрчлөв. Мэдлэгийг олж авах үнэ, хугацаа Google-ийн ачаар урьд хожид төсөөлж байгаагүйгээр буурав. Wikipedia, Meebo гэх зэрэг ашгийн бус олон нийтийн цоо шинэ “үзэгдэлүүд” бий болов. Мэдлэг “хүч” байхаа больж үнэ цэнэ нь буурч эхэллээ. Ийм we-share санаачлагуудад хүмүүс сайн дураараа цалингүй ажиллаж байна. Blog, Twitter зэрэг хэрэгслийг дамжуулан мэдээлэл үйлдвэрлэх боломжтой болов. Төрөл бүрийн messenger ашиглан мэдээллийг агшин зуур дуу, дүрсийн хамтаар өөрийн мэддэг бүх хүндээ тараах боломжтой боллоо.
Улаанбаатарт өглөө 9 цагт нэг хүн сенсаци бүхий мэдээ олж аваад тарааж эхлэхэд хэдэн цаг гэхэд хотын хүн амыг бүхэлд нь хамрах вэ? Ердөө 10 жилийн өмнө үүнд 1-2 хоног шаардлагатай байсан бол одоо мессенжер ашиглан тарааж эхэлсэн мэдээ хэдхэн минутын дотор компьютер нь асаалттай байгаа бүх хүнд хүрнэ. Өглөө 9 цагт компьютер нь асаалттай байгаа хүн гэдэг бол эдийн засгийн идвэхтэй хүн байж таарна.
Эдийн засаг тэр чигээрээ хэрэглэгчийн, байгууллагын, улс төрийн шийдвэр гаргалт юм. Харин энэ гурван төрлийн этгээд шийдвэр гаргахдаа зөвхөн олж авсан мэдээлэл дээр үндэслэдэг. Гэтэл энэ мэдээлэл бий болох, тарах асуудлыг интернет бүхэлд нь өөрчилчихсөн байна. Өөрөөр хэлбэл одоо бидний ашиглаж байгаа эдийн засгийн онолын урсгалууд мэдээллийг төр харьцангуй байдлаар хянаж чадна, эсвэл мэдээлэл зах зээлд оролцогч бүх хүмүүст ижил байна гэсэн үндэслэл дээр суурилдаг бол орчин үед энэ нь бодит байдлаас хэтэрхий зөрүүтэй болжээ. Шинэ онол маань мэдээллийн технологийн энэ талыг өөртөө тооцож үзсэн байх ёстой.
Өөр соёл, өөр сэтгэлгээ – Хятад, Энэтхэг
Өнөөг хүртлэх бүх эдийн засгийн онолууд Христийн үзэл баримтлалтай орнуудын сэтгэлгээн дээр тулгуурлаж гарсан . Харин орчин үеийн эдийн засагт “өөр” сэтгэлгээтэй ард түмнүүд чухал үүрэг гүйцэтгэх болсон тул эдгээр улс гүрнүүдийн онцлогийг анхаарч үзэх хэрэгтэй болж байна.
Орчин үеийн ардчилалын үнэт зүйлс нь ихэнхдээ “библи“дээр суурилдаг. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд нь библийн үнэт зүйлтэй улсууд юм. Ямар сайндаа л хамгийн ардчилсан Америкийн мөнгөн дэвсгэрт дээр “in god we trust” гэж байхав дээ. Орчин үеийн эрх зүйн систем хүртэл библийн философи дээр суурилжээ.
Олон улсын чанартай эдийн засгийн сэтгүүлүүд дээрх нийтлэлүүд ихэвчилэн барууны зах зээл, барууны харилцагчид суурилж бичигдсэн байхыг анзаарч болно. Саяханыг хүртэл үүнд буруу зүйл байгаагүй юм. Яагаад гэвэл олон улсын эдийн засгийн харилцааны 60-аас дээш хувийг эдгээр барууны орнууд эзэлж байсан.
Харин сүүлийн 18 жилийн турш хурдацтай явагдсан өөрчлөлт бид нарыг өөр цаг үед авчирсан. Энд би Хятад, Энэтхэг хоёрыг онцолж хэлэх гээд байна. Ялангуяа Хятад одоо олон улсын тавцан дээр эргэлт буцалтгүй гарч ирлээ. Эд бол библийн үнэт зүйлтэй орнууд биш. Ардчилалын тухай ойлголт эдгээр шинэ тоглогч нарт өөрөөр буудаг. Харин эдийн засгийн онолууд нь ажиглалт дээр үндэслэж гардаг бөгөөд одоо байгаа голлох онолуудын ажиглалтын нэгж нь дандаа барууны орнуудын эдийн засаг байв.
Хятад ба Энэтхэгийн иргэд Англи саксоны иргэдээс тодорхой ялгаатай. Бид тухайлбал Хятадын иргэд банкнаас авсан моргэжийн зээлээрээ байр авалгүй харин хөрөнгийн зах зээл дээр очиж хувьцаа авсанаас болж Шанхайн хөрөнгийн зах 2005 онд хэрхэн хямарсаныг харж л байсан. Хятадад бол энэ ердөө ч гайхалтай биш, гэтэл барууны дундаж иргэний хувьд энэ бол төсөөлөшгүй зүйл. Ялгаатай нийгмийн философиудын хувьд тохирох онолыг бий болгох нь чухал юм.
Эрвээхэйн дэвэлтийн нөлөөлөл – Хар хун – Хаос онол
Өмнөд америкт нисч яваа эрвээхэйн далавчны дэвэлтээс үүссэн агаарын хуйлрал даамжирсаар цаашдаа хойд америкт болох хүчит хар шуурганы буруутан болж болох юм. Хаос ажиглалт ердөө 30 гаруй жилийн өмнө гарсан шүү дээ. Тэр үед харин одоогийн эдийн засгийн онолын голлох урсгалууд аль хэдийн хөлөө олчихсон байв. Хачирхалтай нь нийгэм эдийн засаг дах огцом өөрчлөлт нь дандаа хэний ч төсөөлөөгүй, бодож олоогүй хүчин зүйлээс (хар хун үзэгдэл) үүдсэн байгаа бол ердөө хэсэгхэн хугацааны дараа тэр зүйл нь хүн бүрийн мэддэг зүйл болж хувирдаг. Үнэндээ эдийн засгийг хэн нэгэн хүчин (тухайлбал төр) төлөвлөөд нэгдсэн байдлаар удирдаад байгаа нь огт ажиглагдаж батлагдахгүй байгаа. Түүний оронд бүлэглэлүүдийн (заавал төр байх албагүй) гаргасан шийдвэрийн хаос чанартай (өөрсдөө үр дүнг нь сайн таамаглаж чадахгүй) үр дүнгүүдийн үрээр эдийн засаг огцом өөрчлөгддөг гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа юм.
(энэ тал дээр хангалттай хэмжээний судлагаа хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрье)
Хүнсний хямрал
Дэлхийн хүн ам 7 тэрбум хүрэхтэй зэрэгцээд тэдгээр хүн амыг хооллох асуудал, экологийн тэнцвэрийн асуудал хурцаар тавигдаж эхэлсэн.
Хүнс бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ. 2005 оны Катрина хар салхины үед Америкийн Шинэ Орлеанд юу болсоныг бид харсан. Тэнд хүмүүс золтой л бие биенээ барьж идээгүй.
2006-2008 онд дэлхий хүнсний хямралд өнгөц ороод гарсан. Хэрэв дахиад давтагдавал хүний ухамсарын тухай асуудал яригдаж эхэлнэ. Хүнснээс болж өмнө нь олон удаа дайн гарч байсан. Хүн амын тоо их болж байгаа нь асуудлыг хурцатгаж байгаа. Аливаа төр хяналтаа алдах боломж нь улам бүр нэмэгдэж байгаа юм.
Түүхэн индикаторууд
Эдийн засгийн ихэнх голлох индикаторууд ердөө эдийн засгийн өнгөрсөн үеийн түүхийг харуулдаг. Эдийн засгийн түүхэн индикаторуудад суурилж эдийн засгийн ирээдүйн төлөвийг таамаглах нь төвөгтэй ажил юм. Энэ нь киноны эхний 30 минутыг үзээд үлдэх хагаст болох үйл явдлыг таамаглахтай адил юм. Түүхэн индикаторуудад суурилж (тухайлбал инфляци) эдийн засгийг удирдах нь бэрхшээлтэй, заримдаа хохиролтой болохыг бид өөрсдийн туршлагаас харсан. 2007 онд инфляци өндөр байснаас улбаалан 2008 оны эхээр Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого явуулсан нь тодорхой зэмлэл хүлээж байсан билээ. Гэтэл 2007 оны инфляци бол ердөө түүхэн үзүүлэлт бөгөөд 2008 онд инфляци хаачих талаар “тодорхой” мэдээлэл өгч чадахгүй. Энэ нь мөнгөний бодлогоо өөрчлөх хангалттай бөгөөд хүрэлцээтэй мэдээлэл болох уу?
Үүний эсрэг ирээдүйн дүр зургийг харуулахыг оролддог хандлагын индикаторуудыг сүүлийн 50 орчим жилд олон улсад идвэхтэй ашиглаж эхэлсэн билээ. Үүний нэг жишээ нь Хэрэглэгчийн хүлээлтийн индекс юм.
Өнгөрсөн онд инфляци өндөр байсан гэдэг нь эдийн засгийн түүх болохоос биш энэ онд инфляци бас өндөр байна гэсэн үг биш. Харин энэ онд инфляци ямар хандлагатай байгааг Хэрэглэгчийн хүлээлтийн индекс болон үйлдвэрлэгчийн хүлээлтийн индексүүдээс баримжаалж болдог.
Угтаа бол эдийн засгийг хэрэглэгч, бизнесмэн, улс төрч гурав хөтлөж явуулдаг болохоос биш эдийн засагчид эдийн засгийг удирдаж явуулдаггүй юм. Эдийн засагчдийн ажил нь урьдчилан таамаглах, тохирох бодлогыг санал болгох, харамсалтай нь ихэнх тохиолдолд болоод өнгөрсөн зүйлийг өөрийн ойлгоцоор тайлбарлах явдал билээ.
Хангалттай ухамсартай бус дундаж анги
Энэ бол орчин үеийн олон улсын эдийн засгийн хамгийн том сорил юм. Дэлхийн хүн амыг нэгдсэн ухамсарын төвшинд хүргэх ажлыг ах нар хийж амжаагүй байхад хүн амын тоо 7 тэрбум хүрчлээ. Энэ нь бидэнд улам бага хугацаа үлдэж байгааг харуулж буй. Улс орнуудын хөгжлийн төвшин, орлого, ойлголтын төвшин маш зөрүүтэй байгаа нь санаа зовоож байна. Ялангуяа энэ 7 тэрбум хүний талаас илүү нь ядуу ангилалд хамрагдаж байгаа нь маш бэрхшээлтэй асуудал мөн. Өөрөөр хэлбэл хүнсний төлөө бүгдийг хийхэд бэлэн 3 тэрбум гаруй хүн энэ гариг дээр оршин байна. Энэ тохиолдолд урт хугацааны нийгмийн үнэт зүйлийг ярих нь утгагүй зүйл болно. Яаралтай энэ зөрүүг арилгах шаардлагатай. Энэ тал дээр хөгжилтэй орнуудын хийсэн ажлуудын ихэнх нь үр дүн багатай болсон. Тухайлбал тэдний голлох үүрэгтэй, санаачилсан олон улсын агентлагууд болох НҮБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагуудын ядуу буурай орнуудыг дэмжих бодлогын үр дүн сүүлийн жилүүдэд маш их шүүмжлэл хүлээж байгааг бид сонсож байгаа. Яг одоо эдгээр байгууллагууд стратегиа өөрчлөх шатандаа ажиллаж байх шиг байна.
Нөөцийн валют – долларыг хэвлэсээр байх уу, алт хаачих вэ
1945 оноос хойш АНУ-ын доллар дэлхийн нөөцийн валютын үүрэг гүйцэтгэж байгаа. Гэтэл Америкууд өөрсдийн хэрээс хэтэрсэн хэрэглээгээ санхүүжүүлэх зорилгоор долларыг хэвлэн зах зээлд нийлүүлж байгаа нь долларын ханшийг олон улсын зах зээл дээр 2002 оноос хойш тасралтгүй унагаж байна. Ялангуяа 2008 оноос хойш долларын тогтвортой байдалд эргэлзэх болсоноо дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид илээр илэрхийлэх болсон. Хамгийн харамсалтай нь доллараас татгалзахад түүнийг орлох валют байхгүй байгаа юм. Алтыг төв банкууд худалдан авч буй нь үнэн боловч энэ нь үнэндээ цаг нөхцөөсөн арга төдий зүйл. Алтны эдийн засгийн утга учир бага багаар алдагдаж буй нь нууц зүйл биш. Бид ердөө алтны эрэлт нийлүүлэлтийн бүтцийг сүүлийн 10 жилээр авч үзэхэд үүнийг тодорхой мэдэж болно. Гэхдээ алтны ханшийн өсөлт ирэх жилүүдэд үргэлжилэх хандлага байна. Яагаад гэвэл еврог шинэ нөөцийн валют болгон сонгох нь тэнэг алхам болохоор харагдаж байна. Евро бүсийн орнуудын эдийн засгийн суурь хүчин чадал нь Америкийнхаас үнэндээ дээрдэхээргүй байгааг олон үзүүлэлтээс харж болох юм.

Дериватив буруутан биш
Эдийн засагчид орчин үеийн хямралд деривативыг буруутган ярьж байвал битгий итгэ. Учир нь тэд деривативийн арилжаа хэзээ ч хийж үзээгүй учраас тэгэж байгаа юм.
Дериватив анх үүсэхдээ эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах зорилгоор үүссэн санхүүгийн даатгалын хэрэгсэл билээ. Одоо ч тэр л зорилгоор арилжаалагдсаар буй. Түүнийг бизнесүүд хөшүүргээ нэмэгдүүлэх зорилгоор буруугаар ашигласан юм.
Хутгыг бид хүний олон ажлыг хөнгөвчлөх гэж зохиосон болохоос биш хүний амь таслах гэж зохиогоогүй. Тийм ч учраас хүн аминий хэргий буруутан нь хэзээ ч “хутга” биш харин түүнийг буруу зорилгоор ашигласан алуурчин байдаг юм.



Үргэлжлэл бий...

Wednesday, December 2, 2009

Сөрөг талууд

dddd-ийн зүгээс сонирхолтой санаанууд ирсэн тул цаашид багахан шиг мэтгэлцэе гэж бодлоо.

Хүний сөрөг талууд, тухайлбал, хардалт, шунал, айдас зэргийг бүхэлд нь үгүйсгэж боломгүй мэт санагдана, одоо.

Харин тэнцвэр, тэгш хэмийн тухайд илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Хүнд байх ёстой бүх зан чанарууд нь зөв бөгөөд эдгээр зан чанаруудыг цогцлоож тэгшлэх нь чухал гэж ойлгож байна. Жишээ нь шунал бол түүний суурь уг зан чанар хэрээс хэтэрсэнийг бид нэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шуналын уг чанар нь зөв боловч шунал гэж нэрлэгдэх хүртлээ явсан нь хэрээс хэтэрч тэгш хэм алдагдсаныг харуулж буй. Тэгэхээр бидний шунал гэж нэрлээд байгаа зүйл буюу Шунал1 бол буруу зүйл, харин түүний анхдагч зан төлөв Шунал0 бол зөв зүйл юм.

Шунал0 нь хүмүүст ихийг хийж бүтээх "шуналыг" өгдөг. Сайн зүйл хийх тэмүүлэлтэй хүн яг муу шуналтай хүнтэй төстэйгөөр аль болох их сайн зүйл хийх шуналтай байж impact-ийг ихэсгэж таараа. Тэрнээс биш сүмд сууж бясалгал хийх нь олон түмэнд ямар ач тус үзүүлэхийг бид хэмжиж чадахгүй л байна.

Бид магадгүй улс орны лам нарын тоог нэг хүнд ногдох ДНБ-тэй харьцуулж үзэх хэрэгтэй биз.

Өөртөө итгэлтэй байхын тулд өөртөө итгэлгүй байх ёстой юм байна гэж бодоод дээр үед гайхаж байсан юм. Угтаа бол бэлтгэлтэй хүн итгэлтэй гэж үзвэл тодорхой хэмжээнд өөртөө асуултууд тавьж бэлтгэлийг хангаж чаддаг хүн өөртөө бүрэн итгэлтэй болох юм. Аа харин хүмүүст өөртөө итгэлгүй гэж нэрлэгдэх төвшин хүртэл хүндэрсэн бол энэ нь сэтгэлийн тэгш хэм алдагдсаныг харуулж байж болох юм.

Энэ бол мэдээж их энгийн сонсогдож байгаа юм. Гол нь асуудлыг харах өнцгийг л жоохон өөрчилсөн юм.

Чухал асуулт бол энэ сэтгэлийн тэгш хэмийг хэрхэн бий болгох тухай асуудал билээ. Хүний биеийн эрүүл мэндтэй тэгш хэм зарим талаар холбоотой гэдэг нь ойлгогдож байгаа. Бас удамшлын талын асуудал байж таарах шиг. Тайван зантай хүмүүсээс ерөнхийдөө төстэй хүүхэд гардаг гэх мэт...

Дээрээс нь dddd-ийн хэлсэнчилэн бясалгал бол энэ сэтгэлийн тэгш хэмийг буй болгох сэтгэлзүйн арга байж таарах гээд байгаа юм. Гэхдээ миний өмнө хэлсэн санаа бол бясалгал хийж өөрийн шунал0, айдас0, хардалт0 зэргийг дараад хаячихвал нөгөө нийгэмд эерэг impact үзүүлэх асуудал "будаа" болж амин хувиа хичээсэн амьтан болж хувирах билээ....

Friday, November 27, 2009

impact

Амжилт гэж юу вэ гэдэг цэвэр философийн асуудал гарч ирлээ...

Тодорхойлох гээд оролдоё.

Амжилтыг conventional wisdom дээр суурилж тодорхойлвол бүтэлгүйтэх нь ойлгомжтой. Учир нь өнөөдөр УИХ гишүүн болсон хүн бусдын өмнө амжилттай, эсвэл математикийн олимпиадын аварга бусдын өмнө амжилттай. Маргааш УИХ гишүүн хамгийн новшийн мэргэжил болон хувирч болох л юм. Хэн мэдэх билээ? Porsche эсвэл магадгүй бүүр Bugatti Veyron унаж яваа хүн хүмүүсийн атаархсан харцнаас өөрийн амжилтаа олж харж болох л юм. Мөн тухайн хүн өөрөө бусдын бахархасан харцнаас амжилтаа мэдэрч аз жаргалтай болж ч болох л юм.

Амжилт бусдын хэмжүүрээр юм уу эсвэл өөрийн мэдрэмжээр юм уу? Нөгөө хүн бүрийн мундаг гэж атаархдаг байсан хүн маань хувьдаа түмэн асуудалтай гунигтай нэгэн байвал яахав? Тэгвэл амжилт өөрийн хэмжүүр юм байж магадгүй л юм...

Амжилт, аз жаргал, шунал, айдас, хайр, амьдралын утга учир гээд л түмэн асуудлуудын аль нэгийг нь дангаар нь тодорхойлох боломжгүй. Яагаад гэвэл эд нар нь цогц, бие биенээ үгүйсгэх чанартай. Эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл байдлаар оршин тогтнодог. Энэ бүгдийг нэгтгэн тодорхойлдог ойлголтыг "цор үнэн" гэж нэрлэе.

Цор үнэнийг тодорхойлохдоо дараах нэг суурь нөхцөлийг авч үзэх хэрэгтэй.

Оршин тогтнолын үндэс нь тэнцвэрт байдал буюу баланс юм. Тэгэхээр хүнд байдаг бүх шинж чанаруудыг хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр цор үнэнийг тодорхойлох боломжтой. Шунал, айдас, хардалт, үзэн ядалт гээд you name it бүгд бидэнд хэрэгтэй. Гэхдээ тэнцвэрийг зөв хангах нь чухал.

Эндээс хүн шиг хүн байх гэдэг ойлголт гардаг. Амжилтанд хүрэхийн тулд хүн шиг хүн байх ёстой болохоос биш сайн хүн, эсвэл муу хүн байх шаардлагагүй.

Ер нь амжилтанд хүрнэ гэдэг conventional wisdom нь тэр чигээрээ буруу сонсогдож байна. Амжилттай амьдрах гэдэг ойлголтоор үүнийг сольсон нь дээр санагдаж байна.

За тэгэхээр "тэнцвэр" гэдэг ойлголтыг бат санаад авъя. Тэгш хэм гэж бас заримдаа яриад байгаа. Balance and equilibrium. Ертөнц тэр чигээрээ тэгш хэм юм гэсэн шинжлэх ухааны суурь санаа байна. Бүүр хүний үйлдлийг тэгш хэм гээд үзчихсэн тэр нь арилжаанд техник шинжилгээ болчихсон явж байна. Санхүүгийн магадлалын үндэс нь бас стандарт буюу тэгш тархалт дээр үндэслэдэг.

Эргээд цор үнэндээ оръё. Supreme truth.

Цор үнэн бол үнэндээ хүн үүсэн бий болсон цагаас оршин буй, хүн төрлөхтөн үгүй болтол оршин байх суурь философи гэж ойлгоё. Энэ нь хүн төрлөхтөний цор шинж чанар гэж бодъё. Өөрөөр хэлбэл тодорхойлогч суурь зүйл нь гэсэн үг.

Та бид шашин бүрийг ажиглаж үзвэл тэд нэгэн ижил философи дээр суурилсан болохыг мэднэ. Энэ философи нь бусдад сайн сайхан зүйл үйлдэх тухай ойлголт юм.
Энэ ойлголтыг хүмүүсийн ухамсарт шингээх зорилгоор там, хойд нас, нүгэл, буян гэх мэт шашны ойлголтууд гарч ирсэн мэт харагддаг.

Философич Адам Смитын theory of moral sentiment гэж буй. Үүний утга нь "хүн хэдийбээр амин хувиа хичээсэн амьтан боловч өөрт нь шууд ашиг тус үгүй байхад бусдын баяр жаргалаас таашаал авдаг". Адам Смит анх олж харсандаа үүнийг онол болгоод гаргачихаад байгаа юм биш. Who am I? асуултыг хамгийн анхны хүн хүртэл өөрөөсөө асуусан. Энэ асуултыг хайх явцад хүн бүр Адам Смитийн ойлгосныг ойлгодог.

Энэ бол "цор үнэн" юм.

Жоохон ухаж бодвол хүний нийгэм энэ цор үнэн дээр, түүнийг тойрч, түүний эргэн тойронд оршин тогтнодог болохыг мэдэж болно.

Бид нар бие биенийгээ хашрааж, хэдхэн жилийн дараа төмрийн сэг болж хувирах 70 хэдэн мянган долларын Range rover-ийн төлөө цусаа урсгаж, дээр нь тоо хэвэлчихсэн цаасны төлөө бусдыг гомдоох гэж энэ орчлон дээр ирдэг гэж үү?

Хүн бүрт сүүлчийн шүүлтийн мөч гэж байдаг. Энэ заавал шашны сургадаг шиг тамын хааны өмнө очих явдал биш. Харин хүн үхэхээсээ өмнө өөрийн амьдралыг өөрөө шүүж үздэг байж таарна. Яг энэ мөчид гадаа зогсож байгаа Range rover, банкинд байгаа 1 сая доллар яг юу болж хувирах вэ? Нэг нь төмөр, нөгөө нь цаас...

Хүн орчлонд бусдын төлөө амьдрах гэж ирдэг бөгөөд энэ нь түүний цор үнэн юм. Бусдын төлөө амьдарч чадсан хүн энэ орчлонгоос явахад харамсах зүйлгүй билээ.

Тэгэхээр бид амжилтанд хүрэх гэж ирдэггүй. Харин амжилттай амьдрах гэж энэ орчлонд ирдэг юм. Хүн бусдын төлөө амьдарч чадаж байвал тэр амьдралыг амжилттай амьдрал гэж нэрлэнэ.

Зарим хүн хурдан гүйдэг, зарим хүн царайлаг, харин зарим хүний тархины чадвар илүү. Эдгээр талаараа бусдаас илүү гэдэг нь амжилттай байна гэсэн үг биш. Би математикийн background-тай хүмүүстэй дайн зарлах гээгүй юм шүү. Жишээ татсан юм. Тархины чадвар сайтай байна гэдэг нь амжилттай байна гэсэн үг гэвэл маш том эндүүрэл болно.

УИХ гишүүн болсон гэдэг нь амжилттай байна гэсэн үг гэж үү? Сайд бололгүйгээр маш олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирч болох уу?
Албан тушаал, мөнгө гэдэг бол амжилттай амьдралын impact-ийг ихэсгэх хэрэгслүүр болохоос биш амжилттай амьдралын зорилго биш юм шүү.

Хүн бусдын төлөө амьдраад эхлэхээр далайцыг ихэсгэх сэдэлтэй болдог. Үүнийг impact гэе. Далайцыг ихэсгэхийн тулд албан тушаалыг эрэлхийлж болох юм. УИХ-ын гишүүн байснаас зүгээр нэг сургуулийн багш байгаад илүү их далайц үзүүлж болно шүү дээ.
Тийм учраас цор үнэнийг ойлгосон хүмүүсийн хувьд албан тушаал, мөнгө бөгөөд range rover сонин биш болдог нь гайхалтай биш юм. Эд бол далайцыг ихэсгэх хэрэгсэл болохоос биш амьдралын зорилго бөгөөд утга учир биш.

Огт мөнгөгүй, боловсролгүй, тархины өндөр чадваргүй, боломжгүй, албан тушаалгүй байгаад амьдралд бусдын сайн сайхны төлөө асар их нөлөөлөл үзүүлсэн хүн байвал яахав. Энэ хүн юу мэдрэх вэ? Энэ хүнд албан тушаалыг зорилго болгож явсан улсын ерөнхийлөгч, сайд өрөвдөлтэй санагдахгүй гэж үү?

Эсрэгээр цор үнэний төлөө явж байгаа хүн далайцыг ихэсгэх зорилгоор ерөнхийлөгч болохоор тэмүүлж болно шүү дээ.

Хүн том газарт, том албан тушаалд ажиллаж болно. Харин энэ бол тухайн хүний амьдрал амжилттай байна гэсэн үг огтхон ч биш юм...




















































Энэ цор үнэнийг шууд тодорхойлсон нь их цөөхөн. Аливаа шашин ганц л орших цор үнэнийг тайлбарлах гэж бүхэл бүтэн цогц сургааль, номлол, зан үйлийг гаргадаг шүү дээ. Тийм учраас цор үнэнийг хүнд ойлгуулах нь бараг боломжгүй зүйл юм байна гэж үзье.

Thursday, November 26, 2009

Уншигчидад ...

Сүүлийн үед үл ойлгох байдал болон шүүмжлэлүүд ирж буй тул зарим тодруулга хийхээр шийдэв.

Надаас өөр хүн зочилдоггүй нам гүм байсан блогт маань сүүлийн хэдэн өдөрт нэлээн олон хүн зочилсон нь миний блог дээрх нэг нийтлэлийг нэр бүхий вэб портал иш татсантай холбоотой.

Юуны өмнө миний энэ блогийн үнэмлэхүй дийлэнх хэсэг нь зөвхөн надад өөрт зориулсан бичвэрүүдээс бүрдэж байгаад зарим асуудал оршиж байна. Өөрөөр хэлбэл блогийн ихэнх бичвэр нь миний өөрийн brainstorming болохоос биш нийтэд зориулж анхаасаа бичсэн нийтлэл биш юм. Тийм учраас Batu-ийн хэлсэн найруулга зүй, үг зүйн алдаанууд ихээр буй. Жишээ нь Баабар гуай бол нийтлэлч хүн учраас түүний нийтлэлүүд нь монгол хэлний ашиглалтын хувьд миний хувийн тэмдэглэлүүдтэй харьцуулагдахгүй нь ойлгомжтой. Мөн би өөрөө нэг ойлголтыг хоёр буюу түүнээс дээш тооны үгээр илэрхийлэхийн эсрэг байдаг тул миний тэмдэглэлүүдэд гадаад үг олноор тааралдана. Ялангуяа богино бичвэрүүд ихэвчилэн замд, босон суух хооронд бичигддэг нь намайг цагаатгах зарим шалтгаан болох байх.

Дээр хэлсэнчлэн бичвэрүүдээ би өөрөө сүүлд унших зорилгоор бичдэг тул ойлголтуудыг нийтээр хүлээн зөвшөөрсөн нэр томъёогоор илэрхийлэхгүй байх нь зарим уншигчидад ойлгомжгүй байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Жишээ нь dddd-ийн хэлсэнчлэн "Хүн өөрийгөө ухаантай гэж бодох үед хамгийн сүүлийн алдаагаа гаргадаг" гэдэг нь эргэлзээ төрүүлэх нь зүйн хэрэг. Үнэндээ ухаантай гэдгийг би тархины чадварыг бусад хүмүүстэй харьцуулахад гэдэг ойлголтоор энэ удаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бусад хүнээс тархины чадварын хувьд илүү гэж дүгнэх үедээ амьдралд амжилт гаргах бусад чухал үзүүлэлтүүдийг үл ойшоох хандлага гаргадаг нь сүйрэлийг дууддаг. Хэн нэгэн нь сүүлийн хэдэн арван жил улсын математикийн олимпиадад амжилт үзүүлсэн хүмүүсийн амьдралын замналыг сонирхож үзвэл үүнийг ойлгох болно. Би хэдийгээр ийм судлагаа хийж үзээгүй боловч энэ хүмүүс бидний боддог шиг өндөр амжилтанд хүрээгүй болохыг харна гэдэгт итгэлтэй байна.
Тэгэхээр энэ бол ердөө conventional wisdom буюу нийгмийн ойлголт яагаад ихэвчилэн буруу байдгийн классик жишээ юм.
Тийм учраас "ухаан хангалттай бөгөөд хүрэлцээтэй" байхад л болох юмаа. Амжилтанд хүрэхэд өөр маш олон хүчин зүйл байна шүү гэж хэлээд байгаа юм. Олон ч гэж дээ, азийг бид харьцангуй удирдаж чадна гэж үзвэл "сэтгэл" гээд миний тодорхойлоод байгаа зүйл л үлдэж байгаа юм. Үүнийг яг нарийн тодорхойлох нь ихээхэн төвөгтэй боловч одоохондоо ямар ч байсан тархины чадвар өндөр байхыг шаарддаггүй юм гэдгийг нь мэдэж байгаа.
Сэтгэл дотор нэлээд олон чанар орж байна. Тэрний нэлээн томоохон нь "хайр" юм байна гэж ойлгоод байгаа. Хайрын талаар love triangle бичлэгт эр эмийн хайрын хэсгийг нь задалж үзсэн байгаа. Цаашдаа бусад төрлийн хайрыг тодорхойлох шаардлагатай. Гэх мэтчилэн энэ блогийн үлэмж хэсэг нь философийн brainstorming тул уншигч авгай хүсвэл бичвэрийн суурь зорилготой уялдуулан санал онолоо хуваалвал миний хувьд дуртай байх болно.

Wednesday, November 25, 2009

Судлагааны туслалцаа

Уншигч хамт олноос бяцхан туслалцаа хүсэх гэсэн юм.

Та бүгдийн мэдэж байгаагаар Монгол улс 2008 онд 100 мянган хүнд ногдох хорт хавдарын гаралтай нас баралтын тоогоор 220 орны тэргүүнд жагссан билээ.

Надад 100,000 хүн тутамд жил бүр хорт хавдараас болж шаналж нас барж байгаа хүмүүсийн тоо социализмийн үеэс хойш хэрэгтэй байна. Бас энэ тоо хөгжилтэй болон Орос, Хятад зэрэг манайтай харьцуулж болохоор улс орнуудын хувьд түүхэн цуваа байдлаар хэрэгтэй байна.

Монгол хүний дундаж наслалт буурч байгааг та бид мэднэ. Энэ дундаж наслалтын статистикийг мөн дэлхийн дундажтай харьцуулж түүхэн цуваа байдлаар харах хэрэгтэй байна.

Төрөлтийн эндэгдэл, ямар нэг гажигтай хүүхэд төрж байгаа тухай яриад л өнгөрдөг. Тодорхой тоо баримт байдаггүй. Энэ талаарх тоо баримт түүхэн байдлаар, олон улсын дундаж, зарим орнуудтай харьцуулсан байдлаар судлагаа хийж өгнө үү.

Улаанбаатар хотын бохирдолын индикаторуудыг германуудын тусламжтай гаргаж эхэлсэн. Энэ талаар судлагаа бас хэрэгтэй байна. Би Улаанбаатар дэлхийн хамгийн бохирдолтой нийслэл байх гэж бодоод байна.

Миний бодож байгаагаар монгол хүний орчин сөрөг болсон учир хорт хавдарын өвчлөл их байгаа байх. Хүнд хоёр төрлийн орчин байдаг бөгөөд нэг нь сэтгэлийн нөгөө нь биеийн орчин юм. Биеийн орчин утаатай, сэтгэлийн орчин стресстэй байхад хорт хавдарын өвчлөл ихсэх нөхцөл бүрдэх болов уу гэсэн судлагааны таамаглал дэвшүүлж байгаа юм.

Үүнийг судлаж батлаж өгөх хүмүүс байвал хамтарч ажиллах саналтай байна. Мөн энэ нийтлэлийн дагуу та бүгд тоо баримт олвол comment байдлаар баяжуулахыг хүсье.

Талархлаа

Tuesday, November 24, 2009

Алтны үнийн хандлага

Ойрд алтны ханшийн шинжилгээ хийх гээд амжаагүй билээ. Гэвч сүүлийн үед хүмүүс энэ талаар сонирхоод байгаа тул товчхон суурь шинжилгээ хийж нийтлэе гэж бодов.

Алтны ханш 2001 оноос хойш өнөөг хүртэл 4 дахин өссөн гэдгийг та бид мэднэ. 2001 оноос 2008 он хүртэл толгой дарааллан бүх таваарын үнэ өссөн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ олон улсын эдийн засгийн хямралын шуурганаар тэнгэрт байсан үнүүд хэсэгхэн зуур бууж ирсэн. Харин алтны үнэ тэндээ тогтож үлдээд цаашаа өсч байна. Үүний шалтгааныг олж мэдэхийн тулд хэдэн хэдэн зүйлсийг сонирхож үзэх хэрэгтэй.

AU - Aurum
Алт бол эртний төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд гоёл чимэглэл болон үйлдвэрлэлд ашиглагддаг үнэт метал юм. Алт бол платинум, палладиум ба мөнгө нарын адил үнэт метал билээ. Бусад металууд нь үнэт металын ангилалд хамрагддаггүй болно. Эрт дээр үеэс хойш алт валютын үүрэг гүйцэтгэхийн хажуугаар баялагийн илэрхийлэл болж байлаа. Тийм учраас алт үеийн үед хүмүүсийн ухамсарт баялагийг хадгалах хэрэгсэл гэдэг утгаараа баттай суужээ.

XAU
Алт нь таваарын зах зээлд хамаарахаас гадна заримдаа түүнийг олон улсын валютын зах зээлд хамааруулсан байвал гайхах зүйл үгүй. XAU бол олон улсын стандартын байгууллагаас алтанд оноосон валютын код юм. Алт өөрөө химийн элемент, төв банкуудын валютын нөөцөд багтдаг, маш олон хүн өдөр тутам хэрэглэдэг зэрэг олон шинж чанараараа аль ч таваарыг дагуулахгүй.
Тийм ч учраас олон улсын санхүүгийн зах зээлд алтны данс гэсэн ойлголт байх. Өөрөөр хэлбэл алтаар нэгж нь илэрхийлэгддэг төлбөр тооцооны дансыг арилжааны банкууд ашигладаг. Ийм дансанд хадгалагдаж байгаа алтыг биет бус алт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дансанд байгаа валюттай адилаар биежээгүй гэсэн үг. Энэ нь алтанд чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байгаа юм.

Төв банкуудын алт
1948 онд 30,182 тонн алтыг олон улсын төв банкууд эзэмшиж байсан. Түүхэн үеийн турш энэ хэмжээ 5 орчим мянган тонноор өссөн боловч сүүлийн жилүүдэд тасралтгүй буурах хандлага байгаа юм. Аль нэг төв банк дангаар зах зээл дээр их хэмжээний алт нийлүүлж ханшийг унагаахаас сэргийлсэн олон улсын пакт бий. Үүнийг 1999 оны Вашингтоны пакт гэж нэрлэдэг. Одоо хүчинтэй пакт ёсоор уг пактад нэгдсэн төв банкууд нийтдээ жилд 600 тонноос илүү алт олон улсын зах дээр зарж болохгүй.
Баттай бус мэдээгээр дэлхийн хөрсөн дээр нийтдээ 170 орчим мянган тонн алтыг олборлож гаргаад буй. Алт химийн элемент учир нефтьтэй адил устаж үгүй болохгүй.

Төв банкууд өөрсдийн эзэмшил алтаа сүүлийн жилүүдэд нэлээд идвэхтэй зарах хандлагатай болсон. Гэтэл зарим төв банкууд тухайлбал Хятад, Оросын төв банкуудын хувьд харин эсрэгээр алт худалдаж авах үзэгдэл гарсан байна. Учир нь эдгээр орнуудын төв банкууд маш их долларын нөөцтэй болсон. Долларын ханш унаж эхэлсэнээр тэр их нөөцөө хааш нь хийхээ мэдэхээ больж эхэлсэн. Ер нь аливаа орны валютыг хэт ихээр төв банк нөөцдөө эзэмших нь заримдаа эрсдэлтэй. Үүний оронд аль ч орны өмчлөлд үл харъяалагдах алтаар нөөцөө бүрдүүлэх гарц байна.
Төв банкны нөөц нь үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангахад чиглэгддэг гэж үзвэл нөөцийг хөрвөх чадвар сайтай валютаар бүрдүүлэх нь чухал. Дээхнэ үед алтаар төлбөр тооцоо хийх нь түгээмэл байсан боловч одоо алт үндсэндээ төлбөр тооцооны эргэлтээс гарсан нь төв банкируудын хувьд алтаар нөөц бүрдүүлэх тал дээр зарим эргэлзээ төрүүлэх болсон нь нууц биш. Тийм ч учраас хөгжингүй орнуудын төв банкууд нөөцөөсөө зарж эхлээд буй. Аль нэг улсын төв банк нөөцийн алтаа нэмэгдүүлж эхэлмэгц алтны үнэн фенүүд алга ташин угтдаг нь санаандгүй зүйл биш.


Алтны үнэ
Алтны үнэ түүхэн рекорд төвшиндээ хүрээд байгааг та бид мэднэ. 11-р сарын 26-ны байдлаар алтны ханш шинэ рекорд тогтоож 1185 долларт хүрсэн байна. Олон улсын захад алтны үнийг хүндийн хэмжүүрийн нэг төрөл болох трой унцаар илэрхийлдэг. 1 трой унц нь 31.1034768 граммтай тэнцдэг.


Энэ ханш нь хэр өндөр юм бэ гэдгийг бид хялбархан мэдэж болно. Ингэхийн тулд алтны дундаж өртөгийг өөрөөр хэлбэл алт олборлох өртөгийг мэдэх шаардлагатай. Олон улсын олборлолтын өртөг нь тухайн орд үндсэн орд эсвэл шороон орд эсэх, олборлолтын аль шатанд яваа, ямар татвар төлдөг зэрэг олон хүчин зүйлсээс хамаарна. 2001 онд олон улсын дундаж олборлолтын өртөг 250 орчим доллар байлаа. Харин энэ үед Монголын дундаж өртөг 190 орчим доллар байв. Өнөө үед миний барагцаалж байгаагаар олон улсын дундаж өртөг 400-450 доллар, харин Монголын өртөг үүнээс 50 орчим долларын доогуур байгаа болов уу.
Тэгэхээр өнөөгийн ханш нь өртөгтэй харьцуулахад өндөр ханш гэж ойлгогдох юм.
Үүнээс улбаалаад алтны ханш огцом унах эрсдлийг улам бүр ихэсгэж байгаа юм. Бид алтны графикаас 2001 оноос хойш алт өсөхдөө хэд хэдэн удаа маш ихээр унаж байсныг харж болно.
Яг одоогийн ханшийн өсөлт бол долларын хямралаас голдуу улбаатай. Ерөнхийдөө сүүлийн 30 орчим жилийн түүхэнд алт доллартай эсрэг хамааралтай явж ирсэн. Учир нь алтыг долларын альтернатив гэж хөрөнгө оруулагчид үздэгтэй холбоотой. Долларын орчин үеийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг саяны олон улсын эдийн засгийн хямралаас болоод ихээхэн эргэлзээтэй болсон нь хүмүүс safe heaven буюу аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд татагдах шалтгаан болжээ. Энэ "аюулгүй" хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн жагсаалтыг алт тэргүүлдэг юм.

Алтны эрэлт, нийлүүлэлт
Үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтоогддог. Тэгвэл бид суурь шинжилгээ хийхдээ юуны өмнө эрэлт ба нийлүүлэлтийн бүтцийг авч үздэг.



Алтны үнэ өссөнтэй холбоотойгоор алтны суурь хэрэглээ жил дарааллан буурсаныг бид графикаас харж болно. Өөрөөр хэлбэл алт үнэтэй болсон нь алтан гоёл чимэглэлийн эрэлтэд цохилт болсон байна. Энэ бол муу мэдээ юм. Алтны ханш эргэж буурах үед алтны суурь хэрэглээний эрэлт сэргэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс сүүлийн үед үнэтэй шар металыг зүүх сонирхол ерөнхийдөө буурч байгаа нь анзаарагдаж байгаа. Гэхдээ дэлхий даяар мөнгөтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь үүний эсрэг хаалт болж байна. Одоо харин алтны ханшийг суурь эрэлт буурч байх үед ч гэсэн өсгөхөд хүрч байсан хөрөнгө оруулалтын эрэлтийг авч үзье.

Алтанд хийх хөрөнгө оруулалт
Алтанд хүмүүс эрт үеэс хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Харин саяханаас алтанд огт өөр байдлаар хөрөнгө оруулалт хийж эхлэв. Өмнө нь алтан гулдмай авч хадгалах, алтан эдлэл хадгалах зэргээр хөрөнгө оруулалт хийдэг байсан бол орчин үед биет бус байдлаар хөрөнгө оруулалт хийх үзэгдэл газар авсан. Эдгээрээс хамгийн нөлөө бүхий нь алтны хөрөнгө оруулалтын сангууд юм. Одоо оршин байгаа хамгийн том сан болох SPDR gold fund 2004 онд байгуулагдсан. (графикт SPDR санд төвлөрсөн алтны хэмжээ ба алтны ханшийг харуулав)



Алтны санд хувь хүмүүс болон хөрөнгө оруулалтын байгууллагууд тухайн сангийн хувьцааг худалдаж авах замаар хөрөнгө оруулалт хийнэ. Харин хувьцаа зарагдан санд төвлөрсөн мөнгөн хөрөнгөөр биет алт худалдан авах ажиллагааг сангийн менежер зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл биржээр арилжаалагддаг ихэнх сангуудын (ETF - exchange traded fund) адил алтны биржээр арилжаалагддаг сангууд нь санд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг зөвхөн алт худалдан авахад зарцуулдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч сангийн эзэмшиж буй алтны тодорхой хэсгийг шууд бусаар эзэмших боломжтой болно гэсэн үг. Алтны ханш өсөх тутам хөрөнгө оруулагч анх оруулсан хөрөнгө дээрээ ашиг олох боломжтой болдог. Эсрэгээр алтны ханш унахад хөрөнгө оруулагчын эзэмшиж буй хувьцааны үнэ унаж алдагдал хүлээдэг. Дашрамд дурьдахад саяны түүхэн дэх хамгийн том "понзи" залилангийн эзэн Бернард Мадофф нь орчин үеийн биржээр арилжаалагддаг сангуудыг анх санаачилсан хүн юм.
Дэлхий дээр байгаа нийт алтны хөрөнгө оруулалтын сангуудын эзэмшиж байгаа алтны хэмжээ 2002 онд хэдэн арван тон л байсан бол одоогийн байдлаар ойролцоогоор 1800 орчим тон болоод байна. (SPDR сан үүнээс 1200 орчим тоныг эзэмшиж байна)

Сангуудаас гадна бодит хэмжээг нь тогтооход төвөгтэй нэг хөрөнгө оруулалтын хэлбэр бол "алтны данс" юм. Энэ нь хөрөнгө оруулагчдыг банкаар дамжуулан алтанд биет бус хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог хэрэгсэл юм. Тухайлбал 2004 онд Худалдаа Хөгжлийн банк анх алтны дансны үйлчилгээг гаргаж байсан жишээ бий. Энэхүү данс нь валютын данстай ижил бөгөөд хэмжих нэгж нь алт байна. Ийм алтны дансуудаар дамжин дэлхий даяар хичнээн тон алтны хөрөнгө оруулалт хийгдээд байгааг хэмжихэд төвөгтэй.

Энд нэг анхааралт татаж буй зүйл бол биет бус байдлаар алтанд хийгдээд байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Зөвхөн алтны сангаар дамжин хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ удахгүй алтны олборлолтын хэмжээтэй тэнцэхээр байгаа нь ханшийг тогтворгүй болгож байгаа юм. Учир нь алтанд хийсэн хөрөнгө оруулалт нь худалдан авсан гоёл чимэглэлийг бодвол хугацааны хувьд бага зөвхөн үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор хийгддэг тул үнэ бага зэрэг унахад сандралд орох хандлага байдаг.

Спекуляторууд
Яг өнөөдрийн байдлаар зөвхөн COMEX бирж дээрх дилерүүдийн цэвэр худалдан авсан алтны хэмжээ 734 тон хүрсэн байна. Өмнө нь хэзээ ч ийм өндөр төвшинд хүрч байгаагүй билээ. Дилерүүд спекуляци буюу үнийн өөрчлөлтөөс ашиг олох зорилго бүхий арилжаа тогтмол хийдэг. Энэ арилжаагаа бирж дээр хийхдээ фючерс эсвэл опшин арилжаа ашиглан хийх бөгөөд энэ нь биет алтаар төлбөр тооцоо гүйцэтгэхгүй байх боломжийг бүрдүүлдэг юм. Фючерс ба опшин арилжааны төлбөр тооцоо нь ирээдүйд хийгдэх нөхцөлтэй байдаг тул хэлцэлийн төлбөр тооцоо гүйцэтгэх хугацаа болохоос өмнө эсрэг хэлцэл хийж төлбөр тооцооны үүргээс чөлөөлөгдөнө. Харин авах ба зарах хэлцэлүүд нь өөр өөр хугацаанд хийгдэх тул ханшууд нь зөрүүтэй байдаг. Энэ зөрүү нь мэдээж дилерийн хувьд нэг бол ашиг үгүй бол алдагдал болж ирнэ.

Алтны арилжаа олон улсын зах дээр ихэнхдээ биржээс гадуур явдаг гэдгийг бид санавал биржээс гадуур дилерүүд хичнээн хэмжээний алтыг үнийн өсөлтөөс ашиг олох зорилгоор худалдан авсан байгааг төсөөлөхийг оролдож болно.


Долларын ханш
Долларын ханш 2002 оноос хойш ихэнх валютуудын эсрэг тасралтгүй суларч байгаа нь алтны ханшид эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Олон улсын зах зээл дээр алт нь доллараар илэрхийлэгддэг тул долларын ханш орон нутгийн валютын эсрэг сулрах нь тухайн нутагт алтыг харьцангуй хямд болгож өгдөг тул эрэлтийг дэмжих эерэг нөлөөтэй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ нөлөөлөл нь эрэлт өсөх байдлаар бус харин эрэлт харьцангуй тогтмол буурах маягтай байхад алтны доллараар илэрхийлэгдсэн ханш огцом өсөх байдлаар илэрч байсан юм.
Хятад улсын төв банкны эзэмшиж буй долларын нөөц 2 триллион доллар давахтай зэрэгцэн олон улсын эдийн засгийн хямрал болсон нь эдийн засагчдын дунд маш том толгойны өвчинг авчрав. Энэ нь ирээдүйн нөөцийн валют доллар байх эсэх тухай асуудал юм. Хэрэв долларын статус доройтож энэ хооронд евро өөрийн байр суурийг бататгаж чадахгүй бол алтны ирээдүй гэрэлтэй харагдах магадлалтай. Гэхдээ энэ нь хэдэн арван жил үргэлжлэхгүй гэдгийг санах хэрэгтэй. Долларын дилемма 2001 онд эхэлсэнээсээ хойш нэлээд олон жил өнгөрөөд байгаа бөгөөд ирэх 5 жилийн дотор шийдвэрлэгдэнэ гэж итгэж байна. Үүний тулд Б.Обама ихэр алдагдлаа яаралтай засч дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Эсвэл эдийн засгийг удирдах цоо шинэ шийдлийг бий болгох хэрэгтэй болоод байна.

Дүгнэлт
Алтны ханш өртөгтэйгээ харьцуулахад өндөр төвшинд хүрсэн байна. Эрэлтийг суурь эрэлт биш харин богино хугацаат хөрөнгө оруулалтын чанартай эрэлт бүрдүүлж, ихээхэн хэсгийг эзлэх болсон нь ханш огцом унах эрсдлийг бодитой болгож байна. Спекуляторууд буюу дилерүүдийн худалдан авсан алтны хэмжээ тун их байгаа нь санаа зовоож байна.
Ирэх саруудад бид алтны ханш доошоо огцом савлахыг харвал гайхах зүйлгүй.
Алтны ханш дунд хугацаанд ерөнхийдөө эерэг харагдаж байгаа боловч өсөлт нь удаан, аажим чанартай явах төлөвтэй. Эдийн засгийн хямрал шийдлээ олж, доллар хөл дээрээ баттай зогсох хүртэл алтны ханшийн өссөн тренд ерөнхийдөө үргэлжлэх төлөв байна. Гэхдээ тодорхой хугацааны давтамжтай огцом уналтууд гарахаар харагдаж байгааг анхаарах нь зүйтэй.


Алтны зарим ойлголтууд
Лондонгийн алтны захын холбоо нь (London Bullion Markets Association) ажлын өдөр бүр хоёр удаа алтны зах зээлийн дундаж ханшийг зарладаг. Энэ ханшийг фиксинг гэж нэрлэнэ. Үнэндээ алтны зах зээлийн үнэмлэхүй хэсэг нь биржээс гадуур арилжаалагддаг. Манай 68 хувийн хууль (Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль) дээр Лондонгийн металын бирж дээрх алтны ханш гэж зааснаас болж жил гарны хугацаанд төөрөгдөл үүсч байсан. Учир нь Лондонгийн металын бирж дээр суурь металууд арилжаалагддаг болохоос биш үнэт металууд арилжаалагддагүй билээ.

Стандарт гулдмай
Стандарт гулдмай нь (good delivery bar) 12.5 кг жинтэй, 995 сорьцтой гулдмай байдаг. Өөрөөр хэлбэл гулдмайн агуулгын 99.5 хувийг цэвэр алт эзлэх ёстой гэсэн үг. Үлдэх хэсэг нь мөнгөнөөс бүрддэг гэж хэлж болно. Багахан зэс болон бусад металын агууламж бий.
Монголын олборлогч нарын гулдмай стандарт бус бөгөөд жин нь янз бүр байдаг. Монгол улсын хувьд (Бороо гоулдыг оруулахгүйгээр) экспортлож байгаа алтны дундаж сорьц нь 850 - 880 хооронд байдаг.

Friday, November 13, 2009

Хөрөнгийн захад - Ёс зүй хамгийн чухал нь

Сайн брокер бол ёс зүйтэй брокер болохоос биш мэдлэгтэй брокер биш юм.

Хөрөнгийн захын хөгжлийн асуудал улам бүр анхаарал татаж байна. Гадаадын санхүүгийн хөрөнгө оруулагчид монголд ирэхдээ хөрөнгийн зах зээлийг сонирхож ирдэг боловч байр авах эсвэл банкинд хадгаламж хийхээс өөр сонголтгүй болж буцаж байна.

Яагаад гэвэл манай хөрөнгийн захад хөрөнгө оруулах найдвартай бүтээгдэхүүн байхгүй, хөрөнгө оруулалт найдвартай байх дэд бүтэц бүрэлдэхгүй байгаатай холбоотой.

Юуны өмнө хөрөнгийн зах бол санхүүгийн зах зээлийн салшгүй нэг хэсэг нь юм. Тийм учраас хөрөнгийн захын хөгжил нь санхүүгийн бусад зах зээлийн хөгжилтэй нягт уялдаа холбоотой байх ёстой.

Хөрөнгийн захын дэд бүтэцийг барьж байгуулахдаа баримтлах суурь дүрэм гэж байдаг. Энэ нь орчин үеийн санхүүгийн зах зээл дээр сүүлийн 500 жилийн турш аажмаар бүрэлдэн бий болсон мэргэжлийн ёс зүйн дүрэм билээ. Дэд бүтэц нь олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн энэхүү дүрэмд суурилах ёстой бөгөөд өөрөө ёс зүйтэй зах зээлийг хөгжүүлэхүйц байх ёстой.

Санхүүгийн зах зээлийн хөгжлийг ярихад хамгийн чухал боловч огт дурьдалгүй өнгөрдөг нэг асуудал бол мэргэжлийн ёс зүйн асуудал мөн. Мэргэжлийн ёс зүйтэй зах зээлийг бүрдүүлсэнээр хөрөнгийн захын дэд бүтцийн 50 хувийг барьж байгуулсан гэж ойлгож болно. Хэрэв хөрөнгийн зах нь санхүүгийн бүтээгдэхүүн арилжаалагддаг зах зээл гэж үзэх юм бол энэ бүтээгдэхүүний чанарыг тодорхойлоход зах зээлд оролцож байгаа мэргэжилтэнүүдийн мэргэжлийн ёс зүй хамгийн чухал үүрэгтэй.

Хөрөнгийн зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа брокер дилер зэрэг мэргэжилтэнийг зоосоор төлөөлүүлж үзвэл сүлдтэй тал нь мэргэжлийн ёс зүй, тоотой тал нь мэргэжлийн мэдлэгийг төлөөлдөг гэж ойлгож болох юм.

Манай хөрөнгийн зах зээл дээр ёс зүйгүй асуудлууд өнгөрсөн жилүүдэд оршин ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Үүний нэг нь харилцагчийн нэр дээр байсан хувьцааг брокерууд дур мэдэн борлуулах асуудал байлаа. Энэ бол ёс зүйн маш том зөрчил төдийгүй хууль зөрчсөн үйлдэл мөн. Энэ үйл явдлаас болж зах зээлийн нэр хүнд хөрөнгө оруулагчидын өмнө ихээр унасан. Харин энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлага гарган ажилласны дүнд тодорхой тооны зөрчил арилсан.

Харамсалтай нь хувьцааны үнийг зохиомлоор өсгөх, бууруулах, дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийж өөртөө ашиг олох, хөрөнгө оруулагчидад очих ёстой мэдээллийг нуун дарагдуулах, худлаа мэдээлэл өгөх зэрэг мэргэжлийн оролцогч нарын ёс зүйгүй үйл явдал өнөөдрийг хүртэл амь бөхтэй оршин тогтносоор байна. Дэлхийн хөрөнгийн зах зээл хөгжсөн бүх орнуудад эдгээр үйлдлүүдийг эрүүгийн хуулиндаа тусган хориглосон байдаг бөгөөд зөрчсөн тохиолдолд маш хатуу шийтгэдэг. Ийм үйлдэл хийсэн мэргэжлийн брокер дилер хөрөнгийн зах зээлд ажиллах эрхээ насан туршдаа хасуулдаг.

Манай хөрөнгийн зах зээл олон жилийн турш алдаатай оноотой явж ирлээ. Бидэнд алдаа нь их оноо нь бага байсан нь одоогийн хөрөнгийн захын хөгжлийн төвшингээс тодорхой харагдана. Алдаа гаргасан үйл явц нь туршлага мэдлэг дутсанаас болсон болохоос биш гэмт үйлдэлдээ амтшиж бусдыг луйвардах санаа агуулаагүй гэж би итгэж байна. Хөрөнгийн зах дээр ажиллаж буй мэргэжлийн оролцогчид нь харилцагч нарын итгэлийг тээж, тэд нарын мөнгийг удирдан чиглүүлдэг өндөр хариуцлагатай мэргэжил билээ. Манай хөрөнгийн захын оролцогчид өмнөх үеийн алдаа туршлагаас суралцаж яаралтай олон улсын баримжаатай мэргэжлийн ёс суртахуун бүхий зах зээлийг төлөвшүүлэх цаг ирлээ.


Харин одоо хөрөнгийн захын дэд бүтцийн материаллаг талыг авч үзье.

Мэдээллийн технологи ба арилжааны систем
Орчин үед санхүүгийн дэд бүтэц мэдээллийн технологийн хөгжилтэй уялдан маш уян хатан болов. Хөрөнгө оруулагч нар а. зах, б. үндэстэн дамнаж хөрөнгө оруулах сонирхолтой болсонтой холбогдон биржүүд зах, үндэстэн дамнан өөр хоорондоо нэгдэж эхэллээ. Үүнийг дагаад үндэстэн дамнасан брокерууд, үндэстэн дамнасан клирингийн байгууллагууд бий болсон. Одоо дэлхийн хамгийн том бирж болох NYSE Euronext гэхэд л 7-8 пан европ, пан америкийн биржүүдийн нэгдэл байх жишээтэй. Энэ бол ердөө сүүлийн 5 жилийн тренд.

Урьд нь валютын бирж, таваарын бирж, хөрөнгийн бирж гээд төрөлжсөн санхүүгийн зах зээлийн биржүүд байсан бол одоо бид санхүүгийн зах зээлийг бүхэлд нь багтаасан биржүүдийг харж болохоор болсон. Нэг бирж дээр нэг л брокероор дамжуулан валют, бонд, хувьцаа, хүү, таваар гээд бүх төрлийн арилжаанд оролцож болохоор болжээ. Мөн компаниуд хувьцаагаа хэд хэдэн бирж дээр дамнуулан гаргах (dual listing) үзэгдэл ч газар авлаа.

Хөрөнгийн захын арилжааны систем нь орчин үеийн олон улсын санхүүгийн захын дээрх хандлагыг өөртөө тусгасан байх ёстой. Аливаа арилжааны систем нь үндсэндээ ханш тогтох хамгийн шудрага механизм бий болгоход чиглэгддэг гэдгийг санахад илүүдэхгүй бизээ.

Төлбөр тооцооны механизм
Мөн төлбөр тооцоо хийх механизм буюу клирингийн системийн асуудал дэд бүтцэд багтаж хөндөгддөг. Манай улсын хувьд клиринг ба хөрөнгийн биржүүд нь тусдаа байгууллагууд байдаг. Арилжаа хийсэн талуудын нэгэнд нь санхүүгийн хэрэгсэл шилжиж нөгөөд нь мөнгө шилжих хамгийн энгийн төлбөр тооцооны хэлбэрээс авахуулаад үнэт цаасыг хадгалах, үнэт цаасыг зээлүүлж түүнийг эзэмшигчид ашиг олж өгөх нарийн төвөгтэй үйл ажиллагаа хүртэл төлбөр тооцооны системд багтдаг билээ.

Арилжааны эргэлт ба спекуляторууд
Спекуляторуудыг (ханшийн хөдөлгөөнөөс ашиг олох зорилготой хөрөнгө оруулагчид) ханшийн огцом савлагаа үүсгэдэг хэмээн буруутгах нь олонтаа тааралддаг боловч үнэн хэрэгтээ орчин үеийн олон улсын санхүүгийн зах зээлийг өнөөдрийн төвшинд хүртэл хөгжихөд спекуляторуудын оруулсан үүрэг нэмэр их.

Аливаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд арилжааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудал нь хөрөнгийн бирж бүрийн шүдний өвчин болдог. Харин спекуляторууд нь арилжааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй.

Харин ханшийн огцом савлагаанаас хамгаалж өдрийн савлагааны дээд лимит тогтоох зэрэг аргуудыг биржүүд түгээмэл ашигладаг. Хамгийн гол нь спекулятор бол зах зээлийн салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгож зөв өнцгөөс харах нь чухал юм.

Спекуляторууд зөвхөн ханшийн өсөлт төдийгүй ханшийн бууралтаас хүртэл ашиг олох сонирхолтой байдаг. Олон улсын ихэнх биржүүд ханшийн уналтаас ашиг олох боломжийг бүрдүүлэх зорилгоор хувьцааг зээлээр худалдах арилжааг тодорхой хэмжээнд зөвшөөрсөн байдаг.

Шинэ бүтээгдэхүүн
Дериватив буюу эрсдлээс хамгаалах санхүүгийн хэрэгслүүд нь зах зээлийн хөгжилд онцгой хувь нэмэртэй. Эдийн засагчид бол харин орчин үеийн санхүүгийн зах зээлийн хямралыг деривативтай холбон тайлбарлах нь тааралддаг. Гэхдээ энэ нь зарчмын хувьд буруу тайлбар гэдгийг анхаарах хэрэгтэй. Mortgage backed security буюу хэргийн эзэн болох санхүүгийн хэрэгсэл бол structured instrument (төв банкнаас тавьсан шаардлагыг тойрч гарах зорилгоор үнэт цаасны шинж чанарыг өөрчилсөн гэж ойлгож болно) болохоос биш derivative биш гэдгийг санхүүгийн мэргэжлийн хүмүүс харин мэдэх буй заа.

Хувьцаа болон бонд дээр, мөн индекс дээр суурилсан фючерс, опшинийг нэвтрүүлэх нь зах зээлд чухал ач холбогдолтой.

Дериватив анх үүсэхдээ л эрсдлээс хамгаалах зорилгоор үүссэн. Тийм ч учраас дериватив бүтээгдэхүүний суурь философи нь зөв юм. Харин түүнийг буруугаар ашиглах боломжуудыг зохицуулах байгууллага, хөрөнгийн биржээс хааж өгөх нь зүйтэй.

Байгууллагын хөрөнгө оруулагчид
Хөрөнгө оруулалтын сан хөрөнгийн захын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хүн бүр хөрөнгийн захыг байнга судлаж, шинжилж байх боломжгүй. Харин хүн бүр тодорхой хэмжээгээр хуримтлалаа хөрөнгийн захад байршуулж өгөөж олох сонирхолтой байдаг. Тэгвэл энэ эсрэг тэсрэг шаардлагыг хангахад хөрөнгө оруулалтын сан онцгой үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын сан нь мэргэжлийн ёс суртахуунтай менежерүүдээс бүрдсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. Сан хөрөнгө оруулалт хийхдээ голдуу жижиглэнгийн хөрөнгө оруулагчдыг төлөөлж тэдгээрийн мөнгөн хөрөнгийг нэгдсэн санд төвлөрүүлэн түүнээсээ зохистой бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Сангийн менежерүүд нь харин үзүүлсэн үйлчилгээнийхээ хариуд тодорхой хэмжээний шимтгэл авдаг.

1970-аад оноос үүссэн Биржээр арилжаалагддаг сангууд нь (ETF) хөрөнгийн захын эргэлтийг нэмэгдүүлэхэд мөн сайн талтай байдаг.

Хөрөнгө оруулагчдын боловсрол
Дотоодын хөрөнгө оруулагчдыг боловсруулах асуудал манайд нэлээд хурцадмал болоод байгаа. Шинээр зохион байгуулагдсан СЗХ энэ тал дээр зарим ажил хийж буй боловч энэ нь хангалттай бус. Энэ тал дээр мэргэжлийн брокер дилерийн байгууллагууд, ялангуяа хөрөнгө оруулалтын сангууд маш их ажил хийдэг барууны туршлага байна.

Хөрөнгө оруулагчид боловсролгүй байгаа нь тэдгээрийг аливаа хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа эргэлзэхэд хүргэдэг билээ.

Компанийн засаглал ба бүтээгдэхүүний талаарх мэдээлэл
Компанийн засаглалын асуудлаар нэлээд ажлууд хийгдэж байна гэж ойлгож байгаа. Энэ ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Чухамдаа бол Хөрөнгийн биржийн вэб хуудсан дээр биржэд бүртгэлтэй бүх компанийн санхүүгийн тайлангууд түүхэн дарааллаар олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцэхүйц хэлбэрээр тайлагнагдаж байх ёстой. Мөн бүртгэлтэй компанитай холбоотой чухал үйл явдал болох тус бүрт тэр мэдээлэл нь хөрөнгө оруулагч нарт хүрэх шаардлагыг тавьдаг.

Өөрөөр хэлбэл өөртөө мэдээлэл агуулаагүй хувьцаа нь дэлгүүрийн лангуун дээр уутгүй (хэзээ хаана хийсэн нь үл мэдэгдэх) боорцог асгасанаас өөрцгүй.

Хөрөнгө оруулагч нар хангалттай мэдээлэл авч чадахгүй бол тухайн хувьцаа, бондод итгэл төрж чадахгүй. (Сүүлийн үеийн харамсалтай жишээг санацгаая)

Нэгэнт хувьцаагаа олон нийтэд гаргасан компанийн удирдлага, дийлэнх эзэд мэдээллээ нийтэд гаргах үүргээ ухамсарлаж хэрэгжүүлэх нь маш чухал.



Эцэст нь хэлэхэд уншигч та бид санхүүгийн мэргэжилтэнүүдээс ёс зүйтэй байхыг шаардах нь бидний монгол улсдаа, хөрөнгийн захын хөгжилдөө оруулах хувь нэмэр юм.

Thursday, November 12, 2009

Үгүйсгэлийн үгүйсгэл ба хүлээн зөвшөөрөхүй

Хааяа энд тэнд нийтлэл тавихад хүмүүсээс коммент ирдэг. Тэдгээрээс нэг нийтлэг зүйл ажиглагдаж буй тул түүнтэй холбоотой бичих нь зөв гэж бодлоо.

2003 оноос эхлээд би 7 хоног бүр олон улсын зах зээлийн анализ бэлтгэж эхэлсэн юм. Тэр үед би банкинд ажиллаж байсан тул энэ анализаа харилцагч нартаа тараадаг байв. Яагаад гэвэл манай харилцагч нар зах зээлийн талаар байнга шийдвэр гаргах шаардлагатай байсан тул мэргэжлийн хүний санал бодлыг сонсох нь чухал байсан. Анализ үндсэндээ олон улсын үнэт метал ба валютын зах зээлийн тойм, ирээдүйн хандлага, заримдаа олон улсын эдийн засгийн хандлагыг агуулдаг байлаа. Би энэ анализаа 3 жил гаран бэлтгэсэн билээ. Үүнийгээ хийгээд жил гаруй явж байтал нэг өдөр манай нэг газрын захирал надаас энэ анализаа хаанаас орчуулж тавьдаг талаар асуув. Сонирхож судласны эцэст би манай банкны бүх хүмүүс (би бүх гэж бодсон) намайг энэ анализаа хаа нэгтээ гадны эх сурвалжаас орчуулж тавьдаг гэж боддог болохыг мэдсэн юм.

Миний философийн хувьд анализ хийнэ гэдэг "анализ хийнэ" гэсэн үг болохоос өөр гадаад хүний бичсэн анализийг монгол хэлнээ хөрвүүлнэ гэсэн үг биш билээ.

Тухайн үед би асуудлыг өөр дээрээ тусган авч "яагаад Ганзориг анализ хийж болохгүйсэн билээ?" гэж ундууцан бодож байсан билээ.

Одоо харин "одоо" цагтаа эргэж оръё. Би доор над дээр ирдэг нийтлэг комментоос иш татлаа...

Нийтлэг коммент
...Болсон болоогүй юм гаднаас дуулаад тэгээд юу гэх гээд байгаа юм бүү мэд дээ. хүү минь эхлээд Монгол хэлээ сайжруул за...


Иймэрхүү үгсийг бид нар өдөр тутам хаа сайгүй л хэн нэгэн нөгөөгөө шүүмжлэх явцад сонссоор дасал болжээ. Угтаа бол яг энэ комментийг бичсэн хүн бол Монгол хүн гэж би ойлгож байгаа. Аан бас энэ хүн намайг Монгол хүн гэдэгт эргэлзээгүй гэж би лавтай бодож байна. За тэгэхээр их сонин логик харагданаа. Монгол хүн юм яриад, юм бичээд эхлэхээр энэ хүн автоматаар гаднаас сонссон, дуулсан юмаа хэллээ, ярилаа гэж бодож байх нь байна шүү. Үндсэндээ бол энэ чинь мань хүний логикоор бол Монгол хүн өөрөө юм сэтгэж хийх, бүтээх чадваргүй гэсэн үг байх нь байна шүү дээ. Мань хүн өөрөө монгол хүн юм чинь "би сэтгэх чадваргүй" гэж хэлсэнтэй яг дүйхнэ байна.

Яагаад дэлхийн талыг удирдаж байсан Монгол хүн өнөөдөр хэнээс ч юм хуулахгүйгээр өөрийн оюун ухааны хүчээр юм бодож, тэрийгээ бичиж, хийж болохгүй гэж? Яагаад монгол хүн эдийн засгийн онол зохиож болохгүй гэж, яагаад монгол хүн менежментийн шинэ технологи гаргаж болохгүй гэж.

Эцсийн эцэст Монгол улс, монголчууд ийм арчаагүй дорой байгаа нь үүний гай. Монгол хүн өөртөө итгэхээ больсоны лай.

Яагаад нэг байгууллагад ажиллаж байгаа Монгол хүн Гадаад хүн хоёрын цалин 10 дахин ялгаатай байна вэ? Монгол хүмүүс өөрсдөө өөрсдийнхөө үнэ цэнийг ингэж газар доор оруулж байхад хэн Монгол хүмүүсийн үнэ цэнийг өргөх вэ.

Дундаж Монгол хүн өнөөдөр цус нэгт бусдыгаа үгүйсгэж чадахгүй бас хүлээн зөвшөөрч чадахгүй болсон байна. Яагаад гэвэл Монгол хүн бодохгүй байна.

Нийгмийн хөгжил үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль ёсоор явагддаг. Энэ нь өмнө хийсэн бүтээснээ нулимна гэсэн үг биш харин сайжруулна гэсэн үг. Хүлээн зөвшөөрч үгүйсгэх нь хөгжлийн гол суурь. Хүний гаргасан санаа оноотой санал нийлэхгүй байгааг олон ургальч үзэл гэж ойлгодог болохоос биш доромжлол болгож гутааж болохгүй. Монгол хүмүүсийг ажиглаж байхад мэдээж маш олон дутагдал байдаг. Тэрний онцлон тэмдэглүүштэй нэг дутагдал нь хүлээн зөвшөөрч чадахгүй байх явдал. Хүн агуу байхын хамгийн эхний алхам нь хүлээн зөвшөөрч сурах явдал юм. Хүн өөрийгөө болон бусдыг сайнтай нь муутай нь хүлээн зөвшөөрч чадаваас нийгмийн хариуцлагатай гишүүн болох эхний алхамаа хийдэг.

Хүлээн зөвшөөрч чадсан хүн шүүмжилж чадна. Шүүмжлэлийг бид эсрэг хүнээ ухаараасай гэсэн мотивацийн үндсэнд хийдэг болохоос биш дайсантай болох гэж хийдэггүй. Яагаад гэвэл хүн гэдэг амьтан эргэн тойрон амьдарч байгаа орчноо сайн сайхан болгох суурь эрмэлзэлтэй. Үг дугарсан хүн болгоныг доромжилвол дайсаны тоо нэмэгдэнэ. Энэ үед оршин тогтнох асуудал эмзэг болж эхлэнэ. Ийм хүн бол нийгэмийн зөв гишүүн биш юм гэсэн дүгнэлтэнд хүрнэ.

Боловсролын системд сүүлийн 19 жилд шинэчлэлт хийгээгүй нь маш том хохирлын авчирч магадгүй. Манай боловсролын систем бол ердөө юм уншуулдаг систем. Бидэнд юм бодуулдаг боловсролын систем хэрэгтэй байна. Тийм ч учраас бакалаврын зэрэгтэй мөртлөө юу ч мэдэхгүй мэргэжилтэнүүдээр дүүрчээд байна.

Wednesday, November 11, 2009

code of conduct

Хүн гэдэг амьтаны суурь хандлага нь эерэг байдаг. Өөрөөр хэлбэл бүх хүн урт хугацаандаа, далдуур сайн сайхан зүйл хүсч байдаг. Хүнд амьтанд байдаггүй байж магадгүй 2 зүйл байна. Энэ нь бусад хүмүүсийн хүндлэлийг олж авах гэсэн дуусашгүй хүсэл (Адам Смит энийг moral sentiment гэж нэрлэсэн байна лээ), hope-надежда-найдлага (монголоор зөв үү?) нар юм.
Харин хүн гээч амьтан оршин тогтнох, амьд үлдэх анхдагч шаардлагын дагуу буруу зүйлс ( нүгэл evil )хийдэг.
Урт хугацаандаа сайн сайхан хандлага богино хугацаат шуламын хүслийг давах нь ойлгомжтой юм. Энэ нь хүний оршин тогтнох үндэс.
Урт хугацаа болохоос өмнө анхдагч шаардлагаас болоод өөрсдийгөө устгах аюултай.
Үүний эсрэг зэвсэг нь ёс журам юм байна. Нийгмийн ёс журамыг төр эсвэл бүлэг хүмүүс мөрдүүлнэ. Ингэхдээ ашигласан том хэрэгсэл нь шашин. Социалист сурталын үед шашин бол хүмүүс байгалийн хүчийг ойлгоогүй болохоор бодож олсон зүйл гэж заадаг байсан. Харин үнэндээ бүлэг хүмүүс ёс журамыг хамгийн хялбар аргаар тогтоох зорилгоор бий болгосон зүйл байж мэднэ.

Monday, November 9, 2009

Эдийн засгийн зарим асуудал

Нүүдэлчин философиор эдийн засгийг удирдахуй
21-р зуун гарсаар хүмүүс байгалийн эрхшээлийг дагаж бус сөрж амьдардаг болсон гэх. Түүний нууц нь хамтын хүчээр аливаа бэрхшээлийг урьдчилан тооцоолж бэлтгэлтэй ханддагт оршдог буйзаа. Тухайлбал нийт нутгийн 98 хувь нь далайн төвшнээс доош орших Голланд нутгийн иргэдийг энд дурсаж болно. Нэгэнт нүүгээд явчих боломжгүй учраас тэд өдөр цагийг алдалгүй бэлтгэлээ базааж, далан юугаа босгон, байнгын урьдчилсан бэлтгэлтэй амьдарсаар иржээ. Харин 21-р зуун гарсаар эдийн засгаа аливаа төлөвлөгөөгүй “зөнгөөр нь” удирдаж байгаа цөөхөн хэдэн орнууд байгаагийн нэг нь манай орон байж болзошгүй боллоо.
Төлөвлөлт
Хааяа зарим эрдэмтэн мэргэдээс төлөвлөлт гэдэг бол социализмийн үеийн бурангуй тогтолцоо, бүх юм чинь зах зээлийн жам ёсоороо явдаг ёстой юм гэсэн сургааль сонстоно. Үнэн хэрэгтээ бидний жишээ болгох дуртай өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийн тогтолцоо ямаршуухан нарийн, алсийн, бодлоготой төлөвлөгөөн дээр суурилан явагддагийг гадна дотно очсон хүмүүс харж мэдэх. Төлөвлөгөөг яс чанар сайтахан хийгээд, аль болох тогтвортой явуулах нь хөгжлийн бас нэг нууц нь гэнэм. Төлөвлөгөөг дагах гэж хийдэг болохоос биш хэн нэгнийг хуурах гэж хийдэггүй. Тийм ч учраас төлөвлөх урлаг буюу Art of planning гэж байх.
“Б” Төлөвлөгөө буюу эрсдлээс хамгаалах арга
Мэдээж улс орны хэмжээнд, глобалчилал хөгжсөн энэ үед дэлхийн эдийн засгийн төвшинд асуудлуудыг төлөвлөх шаардлагатайн улмаас төлөвлөгөө бүр яг таг явах нь цөөн. Энэ үед төлөвлөгөө бүрийн араас тухайн төлөвлөлт хэрэгжихгүй болсон үед гарч болох сөрөг үр дагавараас хамгаалах зорилго бүхий төлөвлөгөө гаргах нь хувь хүнээс эхлээд банкууд, томоохон үндэстэн дамнасан корпорациудаас эхлээд орон нутгийн жижигхэн үйлдвэр хүртэл өргөнөөр ашиглагдана. Энэ төлөвлөгөөг эрсдлээс хамгаалах төлөвлөгөө хэмээн нэрийдэх бөгөөд тухайлбал төсөвт 6800 гээд суулгачихсан зэсийн үнэ маань олон улсын зах дээр түүнээс доош хөдлөөд эхэлбэл хэрхэх билээ гэсэн асуудлаа тусгана. Мэдээж манай УИХ хуралдаад олон улсын зах дээрх зэсийн үнийг хөдлөшгүй тогтоочихож чаддаг байсан бол сайхан байхсан. Яг үүнтэй адил олон улсын зах дээр газрын тосны үнэ өссөн тохиолдолд импортын шатахууны үнэ өсөх эрсдлээс хэрхэн сэргийлэх учиртай билээ гэдгээ бас л нарийн тусгасан төлөвлөгөө хэрэгтэй. Манай дотоодын шатахууны үнэ ба Нью Йоркийн таваарын бирж дээрх Брэнт маркийн газрын тосны үнэ хоёрын хоорондын хамаарлын коэффициент 0.9 гэж байгаа.
Инфляци
Инфляци гэдэг нь мөнгөний худалдан авах чадвар буурах үзүүлэлт. Уламжлалт эдийн засгийн ухаанд инфляцийг муу зүйл хэмээн ад үзэж байсан нь цөөнгүй. Гэтэл 1999 оноос эхлээд Японы эдийн засагт эсрэг үзэгдэл буюу дефляци нүүрлэснээр тодорхой төвшинд инфляци хэрэгтэй юм байнаа гэсэн ойлголтыг эдийн засагчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Яагаад ч юм барааны үнэ ханш унаад байх нь эдийн засагт өөрөө сөрөг үзэгдэл болж таарсан байна. Энэ үед банкууд хадгаламжиндаа хүү төлөхөө больж үйлдвэрлэгч нар шинээр бүтээж, ихийг үйлдвэрлэх сонирхолгүй болжээ.
Ингээд инфляцид баримжаалсан мөнгөний бодлогын тухай ойлголт илүү хурцаар тавигдах болсон бөгөөд одоо олон улсад инфляцийн тодорхой төвшинд баримжаалсан төв банкууд зонхилон үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай Монголбанк ч мөн ялгаагүй ийм аргыг хэрэглэж эхэлж байна. Энэ тохиолдолд Төв банкнаас тухайн жилд инфляцийн төвшинг хэдэн хувьд барих зорилт тавьж байгаагаа тодорхойлох бөгөөд түүнтэйгээ уялдуулсан мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлдэг юм. Инфляцийн төвшин их буюу бага гарахад хэдэн зуун хүчин зүйлс нөлөөлөх бөгөөд томоохонууд нь гэвэл зах дээрх мөнгөний эрэлт, нийлүүлэлт, бараа материалын эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн ба үйлдвэрлэгч, худалдаачдын хүлээлт, төрийн бодлогын агентлагуудын үйл ажиллагаа, төлөвлөлт гэх мэт зүйлс байна. Эдийн засгийн номон дээр зааснаар барааны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэг дээр үнэ тогтоно, инфляци нь тэгэхээр энэ цэг хэрхэн дээш доош хөдлөхөөс хамаардаг. Нэгэнт барааны эрэлт нь худалдан авах чадвараар баталгаажсан байх ёстой тул худалдан авах чадварт нөлөөлж буй мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнд нөлөөлөх замаар инфляцийг тодорхой төвшинд барихаар төв банкууд оролддог билээ.
Хятадын банкны сектор 2009 оны эхний хагаст ДНБ-ний 45 хувьтай тэнцэх хэмжээний зээл шинээр олгосон байгаа нь Хятадад инфляци өсөх аюулыг бодитой болгож байна. Мөн Хятадын юанийн ханш долларын эсрэг үргэлжилэн чангарах төлөвтэй байгаа нь манай импортийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд давхар нөлөө үзүүлэхээр харагдаж байна. Эцэст нь дотоодын импортлогчид бараа таталтын хэмжээгээ огцом бууруулсан нь зарим түүвэр судлагаанаас харагдаж буй тул энэ нь эдийн засаг сэргэж эхлэх үед нийлүүлэлтийн шок үүсгэх эрсдлийг бодитой болгосон байна.
Энэ бүгдээс үзэхэд хэрэв засгийн газрын зүгээс УИХ-ын амлалтуудыг биелүүлэх чиглэлээр мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаат хэрэглээний төвшинд нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн огцом шок үүсэх аюул харагдаж эхэллээ. Энэ нь 2007-2008 онуудад бий болсон нөхцөл байдлаас давж гарах төлөв харагдаж байна. Монголбанкны зүгээс нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих нөгөө талаас инфляцийг зохих төвшинд барих даалгавар нь улам бүр хэцүү болж магадгүй. Эдийн засаг өсөлттэй байх үед ч ард иргэдийн худалдан авах чадвар буурсаар байх иймэрхүү дүр зураг нь иргэн, цаашлаад улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр стратегийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаатай зарим талаар холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Мөнгөний эрэлт нийлүүлэлт
Мөнгөний эрэлт нийлүүлэлт бол Төв банкны өндөр инфляцитай тэмцэх цорын ганц зэвсэг боловч хамгийн үр дүнтэй нь биш юм. Өөрөөр хэлбэл инфляцид зөвхөн мөнгөний эрэлт нийлүүлэлтээс гадна өөр олон хүчин зүйл нөлөөлж байгаа тохиолдолд инфляцийн эсрэг тухайн хүчин зүйл бүрийн эсрэг зэвсэгийг атгаж байгаа төр засгийн, хувийн хэвшлийн субъект бүр хамтдаа тэмцэх учиртай юм. Учир нь бид нэг завин дээр хамтдаа суун сэлүүрдэж буй бөгөөд хэрэв завь маань цоорч живж эхэлбэл бүгдээрээ живэх эрсдэлтэй. Төв банк мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулахдаа өөрийн үнэт цаасыг банк хоорондын зах дээр гаргаж илүүдэл эх үүсвэрийг татах, банкуудын төв банкинд барих заавал байлгах нөөцийн хувь хэмжээ, банкуудын үйл ажиллагааны зохистой харьцааны шаардлагуудыг өөрчлөх гэх мэтээр үндсэндээ банк хоорондын мөнгөний захад чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг юм. Манай төв банк бол дэлхийд цөөхөн байдаг өөрийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргадаг банк билээ.
Дэд бүтэц ба хэрэглээ
Орчин үеийн эдийн засгийн удирдлагын хандлагууд “хэрэглээнд суурилсан эдийн засаг” гэсэн ойлголтоор дамжин илрэх болсон. Өөрөөр хэлбэл хэрэглэгч юу хэрэглэхийг хүсч байна, хэзээ, хэрхэн гэх мэт асуудлууд нь улс орны эдийн засгийн төлөвлөлтийн үндэс болжээ. 40,000 айлын орон сууцны хөтөлбөр, банкуудын орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд, хүн амын амьжиргааны төвшин зарим нийгмийн давхаргад дээшилсэн, нийслэл хотод маш их хүн амын төвлөрөл явагдсан, гадаадын хөрөнгө оруулагчид орон сууц ихээр авч эхэлсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас орон сууцны эрэлтийн хэмжээ дээд цэгтээ тулав. Энэ үед төр засгийн зохих агентлагуудын үүрэг нь энэхүү эрэлтийг соргогоор мэдэрч урьдчилан эрэлтийг хангахуйц нийлүүлэлтийг бүрдүүлэх явдал байсан. Гэвч Хятадад олимп болох гэж байсантай холбогдуулан бид юу ч төлөвлөсөнгүй, өдөр ирэх тутам нэмэгдэж буй Хятадтай хийх худалдааны эргэлттэй холбогдуулан дэд бүтцийн багтаамжийг нэмэх талаар ч мөн юу ч хийсэнгүй. Нийслэл хотоо шавааралдуулахаас зайлсхийж дэд бүтцийг нь тал тал тийш нь сунгах талаар ч юу ч хийлгүй байсаар дэд бүтцийн холболттой газруудын үнийг тэнгэрт хүртэл өсгөчихлөө, бас урд хил дээр бараа бүтээгдэхүүн овоорчихоод Монголд орж ирж чадахаа байсан гашуун түүх саяханых. Одоо бол Америкт сайхан 2 давхар хаус авах мөнгөөр Монголд 2 өрөө байр авдаг боллоо. Энэ нь ч инфляцид өөрийнхөө нэмрийг хандивлаж байна.
Дэд бүтэц дагаж хөгжил гэдэг үг хоосон үг биш. Бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд хамгийн том улс боловч нийслэл хот нь Хонг Конг шиг болчихоод байна. 2000 хүнтэй суманд хүргэхээр зам барих уу эсвэл 1.5 сая хүн амьдарч байгаа хотынхоо дэд бүтцийг тэлэх үү гэдэг аягүй чухал асуултын өмнө бид тулж ирээд байна.
Засгийн газрын бонд
Манай улсын засгийн газар сүүлийн жилүүдэд төсвийн ашигтай байсан гээд олон улсын зах дээр бонд гаргах санаачилга дэмжигдсэнгүй. Уул нь бонд гараад урт хугацааны хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болсон бол бид өдийд давхар төмөр замтай, байрны үнэ одоогийнх шигээ үнэтэй биш, импортын хүнсний үнийн өсөлт ч бас арай багавтар, Атрын III аяны дагуу нэгэнт ургуулчихсан үр тариагаа цасанд даруулалгүйгээр хураачих агуулах савтай, нийслэл хотын маань утаа боломжийн хэмжээнд байх байсан ч юм билүү. Дээрээс нь хөрөнгийн захад засгийн газрын бонд гаргах нь төгрөгийн хүүгийн бенчмарк (жишиг) тогтоох маш чухал стратегийн ач холбогдолтой гэж байгаа. Энэ нь хөрөнгийн захыг дэмжих томоохон хөшүүрэг. Одоо монголд санхүүгийн бүтээгдэхүүн ийг үнэлэх гэхээр бенчмарк байхгүй хэцүүдэж байна. Мэдээж төсөвт илүүдэл хүүгийн зардал гаргах хэрэгцээ байхгүй мэт боловч бид стратегийн хөрөнгө оруулалтуудаа эргэж харах хэрэгтэй.
Зэсийн үнэ ба нефтийн бүтээгдэхүүний үнэ
Сангийн яам зэсийн үнийг төлөвлөж Улсын төсвийн орлогын бүрдүүлбэрт тусгаж өгдөг. Тухайлбал 2008 оны төсөвт Лондонгийн бирж дээрх нэг тон катодын зэсийн үнийг 6800 доллар байхаар төлөвлөж. Харин зэсийн үнэ олон улсын зах дээр 2008 оны эхээр унаж 5505 доллар болов. 2009 оны 2 сар гэхэд зэсийн өртөгтөө буюу 2500 долларт дөхөж очсон. Өөрөөр хэлбэл бид хүлээгдэж буй орлогынхоо нэгээхэн хэсгийг нь алдах нь тэр. Цаашдаа үнэ хэд байх вэ? Хэн ч мэдэхгүй. Зэсийн аливаа бүтээгдэхүүн Лондонгийн Металын Биржэд борлогдох бүтээгдэхүүн болтлоо явах зардал нь ойролцоогоор 1800 – 2500 доллар.
Тэнгэр заяат Монголчуудыг аз түшиж нефтийн үнэ 100 доллараас доошоо буув. Өмнөхөн нь нэг баррел нефтийн үнэ 147 долларт хүрч бидний тархинд цус харвуулах шахсан. Учир нь Оросын нефтийн зах нэлээд эрчимтэй олон улсын нефтийн захтай интегралчилагдаж байгаатай холбоотойгоор гадаадын зах дээр нефтийн үнэ өсмөгц манай импортолж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа хандлага байна. Дахиад үнэ 100-аас дээш давах хандлага маш их, харин бидэнд төлөвлөгөө байна уу?
Миний тооцоолж байгаагаар түүхий эдийн үнэ цаашид өсөх хандлагатай. Энэ нь дэлхийн хэрэглээний ширээний ард 1.3 тэрбум хүнтэй Хятад, 1.1 тэрбум хүнтэй Энэтхэг ирж суусантай холбоотой. Нөхдүүд бүгдээрээ машин унаж, байр сууцаа сайжруулахаар ажиллаж байгаа. Энэ хандлага ирэх 50 жилдээ л лав хадгалагдана. Тэгэхээр зэс, газрын тосны үнэ өндөр байх магадлал маш их. Гэхдээ одоо байгаа үнэ нь бас нэлээд өндөр үнэ гэдгийг санах хэрэгтэй.
Дэлхийн дундаж зэсийн өртөг 2500 орчим доллар, нефтийн өртөг 30 орчим доллар гэж үзвэл одоо байгаа үнүүд нь өндөр үнэ гэж тооцогдох юм.
Хүнсний хямрал
2006 – 2007 онуудад дэлхий хальт хүнсний хямралд ороод гарав. Бид дэлхий хүнсний хямралд баттай ороод байгааг маш хялбар мэдэж болно. Өмнө нь Оросууд манай махыг нүд үзүүрлэж боож хавчих явдал их байв. Одоо харин бэлтгэсэн байдлаар болон амьдаар нь авахаар маш их захиалга өгөх хандлагтай болж эхэллээ. Арабууд, Зүүн өмнөт азийнхан хүртэл авахаар санаа оноо цухалзуулж байна.
Энэ бол шим тэжээлтэй хүнсээр хүн ардаа хооллох гэсэн засгийн газруудын алхам юм. Өмнө нь шүлхийтэй, өвчтэйгээрээ дуудуулан нүд үзүүрлэгдэж байсан мах яагаад үнэд орох болов. Удахгүй европууд хүртэл манай махыг авахаар хошуурах болно.
Манайд атаржих хөдөлгөөн газар авч байгаа нь сайшаалтай. Бид тэнцвэрийг хадгалан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох туйлын зорилт тавих нь чухал. Хүнсний хямралын эхний дохио давалгааг бид харсан. Удахгүй маш хүчтэй давалгаа явах болно. Алсын ирээдүйд үүнээс болж дайн болох магадлалтай.
Гадны хөрөнгө оруулагч
Барууны хөрөнгө оруулагч Монголд орж ирэх нь маш сайн зүйл. Тэдний авчирдаг мөнгө бол тийм ч сонин эд биш. Харин тэдний авчирдаг арга барил, технологи нь бидэнд хамгийн хэрэгтэй зүйлс мөн.
Сүүний үйлдвэр меламинаар сүүгээ баяжуулах нь богино хугацаанд өндөр ашиг орлого олох сайн талтай мэт. Тэгэвч ирээдүйн хэрэглэгч нар болох нярай хүүхдүүдийн бөөрийг чулуужуулсанаар өөрсдийн хэрэглэгчийг чимээгүй алж байгаа юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд сүү уух хүн байхгүй болж үйлдвэр дампуурна гэсэн үг. Үүнийг араатанлаг бизнес гэж нэрлэнэ.
Харин орчин үед урт хугацаат тогтвортой бизнес гэж бизнесийн онолд сургах болжээ. Энэ нь өнөө маргаашийн ашиг бус харин урт хугацааны тогтвортой бизнес хийхийн чухалыг зааж байгаа явдал юм. Нэгэнт бид аж үйлдвэрийн эдийн засгаас гарч хэрэглээнд суурилсан эдийн засгийн үед бизнес явуулж буй тул харилцагчдыг сайн сайхан байлгаж урт удаан наслуулах нь орчин үеийн бизнес эрхлэгчийн үндсэн зарчим мөн.
Баруун хөрөнгө оруулагчид Африк болон Өмнөт Америкт үүний яг эсрэг жишээгээр хөрөнгө оруулалт хийсэн харамсалтай баримт бий. Аливаа хөрөнгө оруулагчид хөгжил буурай шинэ оронд орж ирэхдээ урт хугацааны итгэлцэл дээр үндэслэсэн тэнцвэрт харилцааг бий болгох нь орчин үед туйлын чухал юм. Нутгийн иргэдийг үл ойшоож, үл хүндэтгэх нь эргээд өөрсдийнх нь хөрөнгө оруулалт салхинд хийсэх үлгэрийг давтах болно. Ийм учраас дотоодын байгууллагууд гадаадын хөрөнгө оруулагчдад үүнийг нь байнга сануулж байх нь чухал. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагчийн хувьд Монголчуудыг сайн сайхан байлгаж урт наслуулах нь тэдний бизнес тогтвортой урт хугацаат байх үндсэн нөхцөл нь болно.

Үргэлжлэл бий...

Sunday, November 8, 2009

Love triangle

Хайрыг тодорхойлоход тун төвөгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Хайр бол нийгмийн цавуу гэдэг нь ч тодорхой болоод байгаа. Бид л огт тоодоггүй болохоос бүх шашны суурь үндсэн философи нь хайр дээр суурилдаг бөгөөд үнэн юм. Хайр бүх зүйлийн суурь юм гэдгийг ойлгосон хүнийгээ гэгээрсэн хүн гэж шашнууд үзээд байх шиг. Мэдээж хайрыг нийтэд нь яриад байгаа юм.

Харин эр эмийн хоорондын хайрыг тодруулж үзвэл ерөнхийдөө гурван зүйлээс бүрдээд байх шиг.
1. Хүндлэл
2. Итгэл
3. Хүсэл (сексийн дур гэж болно)

Эдгээр нь санаандгүй байдлаар дараалаагүй бөгөөд өөрсдийн хугацааны дарааллаар байгаа юм. Жишээлбэл хүсэл бол хайрын хамгийн богино хугацаатай компонент мөн.

Эдгээр гурван зүйлс нэг хүний хувьд зэрэг оршин байснаар түүнийг хайр гэж нэрлэх юм.

Хүсэл: бол шохоорхолын дараагийн шатанд бий болдог зүйл бөгөөд богино хугацаанд илрээд алга болох чанартай. Үе үе хурц байдлаар илрэх хандлагатай. Орчин үед хүмүүс үүнийг хайртай хольж хутган их алдаа гаргадаг юм шиг санагддаг. Гэтэл энэ нь угаасаа богино хугацаатай компонент тул ихэнх тохиолдолд бүтэлгүй болдог. "Чамгүй бол үхлээ", "чамгүйгээр амьдрал утгагүй" энэ тэр бол ихэвчилэн энэ гайхлын улмаас бий болдог ярианууд. Хүний сексийн идвэхтэй нас нь аягүй богино тул хүсэл хайрт багахан хэсэг эзлэх боловч салшгүй нэг хэсэг нь байж таарна. Бие биендээ жигтэйхэн хайртай байж байгаад нэг нь гадаад явангуут мартаад эхэлж байвал энэ нь ердөө хүсэл байж харин хайрын нөгөө хоёр чухал компонент байхгүй байжээ гэж хэлж болох гээд байна.

Итгэл: Энэ нь үндсэндээ бидний ойлгодог бие биендээ итгэх итгэл(араар тавих)биш харин тайвшрал юм. Нөгөө хүний хажууд байх нь сэтгэлийн тайвшралыг өгдөг байх учиртай. Энэ нь хамтрагч болохын суурь юм. Цаашид хоёр хүн хамтдаа амьдрахын тулд бие биендээ биеийнээс гадна сэтгэлийн тайвшралыг өгдөг байх ёстой. Мэдээж тайвшралыг олж авахын тулд ихээхэн хэмжээний итгэлцэл үүсч таараа. Итгэлцэл үүсэхийн тулд ижил төстэй үнэт зүйлтэй байх хэрэгтэй болно. Ийм учраас хүмүүс ойролцоо нийгмийн гаралтай хүмүүстэйгээ илүү тохиромжтой байдаг. Итгэл үүссэний дараа бие биентэйгээ өдөр болгон утсаар ярих хэрэггүй болно. Бие биентэйгээ өдөр бүр уулзах шаардлагагүй болох юм.

Хүндлэл: Хариу нэхээгүй хайр гэдэг нь эндээс эхлэнэ. Хүндлэл бол бахархал биш харин хүлээн зөвшөөрөлт юм. Хүнийг бүрэн утгаар нь төгс хүлээн зөвшөөрөх асуудал яригдаж байна. Бас үлгэр жишээ авах асуудал, сэтгэлийн дэм, урам. Хайр орон зай, цаг хугацааг үл огоорон орших ёстой юм бол хүндлэл нь түүний үндэс юм. Хүндлэл бүхий хайр нь хоёр тивийн цаанаас ч хүнд сэтгэлийн дэм өгч, үргэлж гялалзаж явахад хүргэнэ. Яагаад гэвэл хайр зарим талаар challenge байх зарчимтай. Нөгөө хүнээсээ сайн сайхан үлгэр авч түүнийг нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх нь хүний сэтгэлийг гэгээн болгоно. Бас өөрийн үүргээ ухамсарлаж эхэлдэг байх. Нөгөө хүнээ дарамтлахаа болидог ч байж магад.

Итгэл ба хүндлэлийн үнэт зүйлсийг хүүхдийн хүмүүжлийн бодлогод суулгаж өгсөнөөр ирээдүйд гэр бүл салалтын тоог бууруулах боломжтой. Гол нь хүүхдэд ухамсарлуулах нь чухал. Цээжлүүлэх арга барилаас бид яаралтай татгалзах хэрэгтэй байна.

Friday, November 6, 2009

Алдаа - Mistake

Алдаа нэг биш. Нэг алдаа нь үнэн хэрэгтээ дотроо хэд хэдэн алдаанаас бүрддэг байна. Ер нь бид нар 6 гэсэн алтан тоог авахад ихэнх тохиолдолд алдахааргүй харагдаж байна. Янз бүрийн жишээн дээр авч үзэхэд аливаа алдаа нь дунджаар 6 алдаанаас бүрдсэн байх юм.

Жишээ нь хүмүүс арилжааны том алдагдал хүлээх хүртэл нийтлэг гаргадаг алдаануудын цуглуулгыг авч үзвэл...

Алдаа 1. Мэргэжлийн биш боловч арилжаа хийж ашиг олно, арилжаа бол мөнгө олох эх үүсвэр мөн гэж бодох. (Ингэж бодоход буруу юм байхгүй)
Алдаа 2. Хангалттай хэмжээний судлагаа хийгээгүй боловч ханшийн хөдөлгөөнийг зөн совингоороо мэдэрч байгаа юм шиг санагдах. (Ингэж бодож байж л арилжаа хийнэ)
Алдаа 3. Позиц нээхдээ тухайн арилжаанаас хичнээнийг алдаж болохоо тооцохгүй байх, нэгэнт ийм тооцоо байхгүй тул алдагдлыг зогсоох захиалга (стоп лосс) өгөхгүй позицоо нээлттэй орхих.
Алдаа 4. Алдагдал хүлээж эхэлмэгцээ өмнөх 3 алдаагаа мэдээд сандралд орох. Буцаад алдагдал буурах байх гэж сохроох найдаж позицийнхоо боол болох. Олон улсын санхүүгийн зах зээлд бол чиний ямар позиц нээсэн, хэдийг алдаж байгаа нь бол огт падгүй, бурханы хувьд бол чи хэдэн зуун мянган арилжаанд оролцож байгаа хүмүүсийн ердөө нэг нь бас бурхан чамд ашигтайгаар ханшийг өөрчилбөл цаана нь африкт бас л нэг ар гэрээ тэжээж байгаа хүн хохирох гээд байгаа тул бурханаас энэ тал дээр дэмжлэг авна гэж бүү горьд.
Алдаа 5. Алдагдлын хэмжээ ихсээд ирхээр ханшаа дундажлах (дундаж ханшаа зах зээлийн ханшинд ойртуулах) зорилгоор позицоо ихэсгэх. Авсан бол нэмж авах. Зарсан бол нэмж зарах. Ингэхдээ мөн л хэдийг алдаж болох, алдвал яаж уйлахаа огт тооцолгүйгээр өмнөх алдаандаа реакц үзүүлэх байдлаар авирлах. Одоо чи ханш нэг пипсээр хөдлөх болгонд хоёр дахин ихээр алдаж эхэллээ. Энэ үед бол эдийн засгийн байдал яаж байгаа нь чамд огт падгүй болсон. Гэтэл яг үнэндээ зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний үнэ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр л тогтдог тэгээд ч тэр эрэлт нийлүүлэлт нь эдийн засгийн үзэгдэл шүү дээ. Энэ үед ялангуяа техник шинжилгээгээр сэтгэлээ хуурах бүүр хэрэггүй. (техник шинжилгээг хэрэггүй гээгүй шүү)
Алдаа 6. Бусад хүмүүсийн санаа бодлуудыг сонсох. Өөрийн чинь позиц ашигтай болох болов уу гэсэн санаа бодлыг тодоор тусгаж аваад тайвшрах бусад санаа бодлыг мартах. (Мэргэжлийн дилерийн ганц зарчим бол бусдын үгээр арилжаа хийхгүй байх)
Алдаа 7. Алдагдлаа мэдэгдвэл зохих хүнээс нуух. Найз нөхөд, гэр бүл, дарга цэргээсээ алдагдлаа нуух.

Маш сонирхолтой харагдаж байгаа биз. Энэ бүх 7 алдаа нийлээд яадаг вэ гэхээр ... ихээхэн хэмжээний мөнгө хувь хүн эсвэл байгууллага алдана, гэр бүл салж сарнихад хүрнэ, хэрэв дилер бол ажлаасаа халагдаж зах зээл дээрх нэр хүнд нь унаж (ёс суртахуунгүй гэж ойлгоно) карьер дуусаа.

Гэх мэтчилэн маш олон зүйл дээр энэ зүй тогтол харагдаж байна. Хамгийн тэнэг нь 7 алдааг бүгдийг нь хийгээд эцэст нь гарах явдал. Хамгийн ухаантай нь 7 алдаа бүгд хийгдэж дуусахаас өмнө ухаарч эргүүлэх. Алдааны боол болж дахиж алдаа гаргахгүй байх.

Тэгэхээр нөгөө алдаагаа давтахгүй байх гэдэг сургааль жоохон тиймэрхүү боллоо. Одоо орчин үед алдаа гарч дуусахаас өмнө sub-алдаануудаас суралцаж огт алдаа гаргахгүй байх гэдэг зарчим нэвтрүүлхээр абстракт явж болохоор харагдаж байна...