Monday, November 9, 2009

Эдийн засгийн зарим асуудал

Нүүдэлчин философиор эдийн засгийг удирдахуй
21-р зуун гарсаар хүмүүс байгалийн эрхшээлийг дагаж бус сөрж амьдардаг болсон гэх. Түүний нууц нь хамтын хүчээр аливаа бэрхшээлийг урьдчилан тооцоолж бэлтгэлтэй ханддагт оршдог буйзаа. Тухайлбал нийт нутгийн 98 хувь нь далайн төвшнээс доош орших Голланд нутгийн иргэдийг энд дурсаж болно. Нэгэнт нүүгээд явчих боломжгүй учраас тэд өдөр цагийг алдалгүй бэлтгэлээ базааж, далан юугаа босгон, байнгын урьдчилсан бэлтгэлтэй амьдарсаар иржээ. Харин 21-р зуун гарсаар эдийн засгаа аливаа төлөвлөгөөгүй “зөнгөөр нь” удирдаж байгаа цөөхөн хэдэн орнууд байгаагийн нэг нь манай орон байж болзошгүй боллоо.
Төлөвлөлт
Хааяа зарим эрдэмтэн мэргэдээс төлөвлөлт гэдэг бол социализмийн үеийн бурангуй тогтолцоо, бүх юм чинь зах зээлийн жам ёсоороо явдаг ёстой юм гэсэн сургааль сонстоно. Үнэн хэрэгтээ бидний жишээ болгох дуртай өндөр хөгжилтэй орнуудын зах зээлийн тогтолцоо ямаршуухан нарийн, алсийн, бодлоготой төлөвлөгөөн дээр суурилан явагддагийг гадна дотно очсон хүмүүс харж мэдэх. Төлөвлөгөөг яс чанар сайтахан хийгээд, аль болох тогтвортой явуулах нь хөгжлийн бас нэг нууц нь гэнэм. Төлөвлөгөөг дагах гэж хийдэг болохоос биш хэн нэгнийг хуурах гэж хийдэггүй. Тийм ч учраас төлөвлөх урлаг буюу Art of planning гэж байх.
“Б” Төлөвлөгөө буюу эрсдлээс хамгаалах арга
Мэдээж улс орны хэмжээнд, глобалчилал хөгжсөн энэ үед дэлхийн эдийн засгийн төвшинд асуудлуудыг төлөвлөх шаардлагатайн улмаас төлөвлөгөө бүр яг таг явах нь цөөн. Энэ үед төлөвлөгөө бүрийн араас тухайн төлөвлөлт хэрэгжихгүй болсон үед гарч болох сөрөг үр дагавараас хамгаалах зорилго бүхий төлөвлөгөө гаргах нь хувь хүнээс эхлээд банкууд, томоохон үндэстэн дамнасан корпорациудаас эхлээд орон нутгийн жижигхэн үйлдвэр хүртэл өргөнөөр ашиглагдана. Энэ төлөвлөгөөг эрсдлээс хамгаалах төлөвлөгөө хэмээн нэрийдэх бөгөөд тухайлбал төсөвт 6800 гээд суулгачихсан зэсийн үнэ маань олон улсын зах дээр түүнээс доош хөдлөөд эхэлбэл хэрхэх билээ гэсэн асуудлаа тусгана. Мэдээж манай УИХ хуралдаад олон улсын зах дээрх зэсийн үнийг хөдлөшгүй тогтоочихож чаддаг байсан бол сайхан байхсан. Яг үүнтэй адил олон улсын зах дээр газрын тосны үнэ өссөн тохиолдолд импортын шатахууны үнэ өсөх эрсдлээс хэрхэн сэргийлэх учиртай билээ гэдгээ бас л нарийн тусгасан төлөвлөгөө хэрэгтэй. Манай дотоодын шатахууны үнэ ба Нью Йоркийн таваарын бирж дээрх Брэнт маркийн газрын тосны үнэ хоёрын хоорондын хамаарлын коэффициент 0.9 гэж байгаа.
Инфляци
Инфляци гэдэг нь мөнгөний худалдан авах чадвар буурах үзүүлэлт. Уламжлалт эдийн засгийн ухаанд инфляцийг муу зүйл хэмээн ад үзэж байсан нь цөөнгүй. Гэтэл 1999 оноос эхлээд Японы эдийн засагт эсрэг үзэгдэл буюу дефляци нүүрлэснээр тодорхой төвшинд инфляци хэрэгтэй юм байнаа гэсэн ойлголтыг эдийн засагчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Яагаад ч юм барааны үнэ ханш унаад байх нь эдийн засагт өөрөө сөрөг үзэгдэл болж таарсан байна. Энэ үед банкууд хадгаламжиндаа хүү төлөхөө больж үйлдвэрлэгч нар шинээр бүтээж, ихийг үйлдвэрлэх сонирхолгүй болжээ.
Ингээд инфляцид баримжаалсан мөнгөний бодлогын тухай ойлголт илүү хурцаар тавигдах болсон бөгөөд одоо олон улсад инфляцийн тодорхой төвшинд баримжаалсан төв банкууд зонхилон үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай Монголбанк ч мөн ялгаагүй ийм аргыг хэрэглэж эхэлж байна. Энэ тохиолдолд Төв банкнаас тухайн жилд инфляцийн төвшинг хэдэн хувьд барих зорилт тавьж байгаагаа тодорхойлох бөгөөд түүнтэйгээ уялдуулсан мөнгөний бодлогыг авч хэрэгжүүлдэг юм. Инфляцийн төвшин их буюу бага гарахад хэдэн зуун хүчин зүйлс нөлөөлөх бөгөөд томоохонууд нь гэвэл зах дээрх мөнгөний эрэлт, нийлүүлэлт, бараа материалын эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн ба үйлдвэрлэгч, худалдаачдын хүлээлт, төрийн бодлогын агентлагуудын үйл ажиллагаа, төлөвлөлт гэх мэт зүйлс байна. Эдийн засгийн номон дээр зааснаар барааны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн цэг дээр үнэ тогтоно, инфляци нь тэгэхээр энэ цэг хэрхэн дээш доош хөдлөхөөс хамаардаг. Нэгэнт барааны эрэлт нь худалдан авах чадвараар баталгаажсан байх ёстой тул худалдан авах чадварт нөлөөлж буй мөнгөний нийлүүлэлтийн хэмжээнд нөлөөлөх замаар инфляцийг тодорхой төвшинд барихаар төв банкууд оролддог билээ.
Хятадын банкны сектор 2009 оны эхний хагаст ДНБ-ний 45 хувьтай тэнцэх хэмжээний зээл шинээр олгосон байгаа нь Хятадад инфляци өсөх аюулыг бодитой болгож байна. Мөн Хятадын юанийн ханш долларын эсрэг үргэлжилэн чангарах төлөвтэй байгаа нь манай импортийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд давхар нөлөө үзүүлэхээр харагдаж байна. Эцэст нь дотоодын импортлогчид бараа таталтын хэмжээгээ огцом бууруулсан нь зарим түүвэр судлагаанаас харагдаж буй тул энэ нь эдийн засаг сэргэж эхлэх үед нийлүүлэлтийн шок үүсгэх эрсдлийг бодитой болгосон байна.
Энэ бүгдээс үзэхэд хэрэв засгийн газрын зүгээс УИХ-ын амлалтуудыг биелүүлэх чиглэлээр мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаат хэрэглээний төвшинд нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн огцом шок үүсэх аюул харагдаж эхэллээ. Энэ нь 2007-2008 онуудад бий болсон нөхцөл байдлаас давж гарах төлөв харагдаж байна. Монголбанкны зүгээс нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих нөгөө талаас инфляцийг зохих төвшинд барих даалгавар нь улам бүр хэцүү болж магадгүй. Эдийн засаг өсөлттэй байх үед ч ард иргэдийн худалдан авах чадвар буурсаар байх иймэрхүү дүр зураг нь иргэн, цаашлаад улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр стратегийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаатай зарим талаар холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Мөнгөний эрэлт нийлүүлэлт
Мөнгөний эрэлт нийлүүлэлт бол Төв банкны өндөр инфляцитай тэмцэх цорын ганц зэвсэг боловч хамгийн үр дүнтэй нь биш юм. Өөрөөр хэлбэл инфляцид зөвхөн мөнгөний эрэлт нийлүүлэлтээс гадна өөр олон хүчин зүйл нөлөөлж байгаа тохиолдолд инфляцийн эсрэг тухайн хүчин зүйл бүрийн эсрэг зэвсэгийг атгаж байгаа төр засгийн, хувийн хэвшлийн субъект бүр хамтдаа тэмцэх учиртай юм. Учир нь бид нэг завин дээр хамтдаа суун сэлүүрдэж буй бөгөөд хэрэв завь маань цоорч живж эхэлбэл бүгдээрээ живэх эрсдэлтэй. Төв банк мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулахдаа өөрийн үнэт цаасыг банк хоорондын зах дээр гаргаж илүүдэл эх үүсвэрийг татах, банкуудын төв банкинд барих заавал байлгах нөөцийн хувь хэмжээ, банкуудын үйл ажиллагааны зохистой харьцааны шаардлагуудыг өөрчлөх гэх мэтээр үндсэндээ банк хоорондын мөнгөний захад чиглэсэн үйл ажиллагааг авч хэрэгжүүлдэг юм. Манай төв банк бол дэлхийд цөөхөн байдаг өөрийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргадаг банк билээ.
Дэд бүтэц ба хэрэглээ
Орчин үеийн эдийн засгийн удирдлагын хандлагууд “хэрэглээнд суурилсан эдийн засаг” гэсэн ойлголтоор дамжин илрэх болсон. Өөрөөр хэлбэл хэрэглэгч юу хэрэглэхийг хүсч байна, хэзээ, хэрхэн гэх мэт асуудлууд нь улс орны эдийн засгийн төлөвлөлтийн үндэс болжээ. 40,000 айлын орон сууцны хөтөлбөр, банкуудын орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд, хүн амын амьжиргааны төвшин зарим нийгмийн давхаргад дээшилсэн, нийслэл хотод маш их хүн амын төвлөрөл явагдсан, гадаадын хөрөнгө оруулагчид орон сууц ихээр авч эхэлсэн зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас орон сууцны эрэлтийн хэмжээ дээд цэгтээ тулав. Энэ үед төр засгийн зохих агентлагуудын үүрэг нь энэхүү эрэлтийг соргогоор мэдэрч урьдчилан эрэлтийг хангахуйц нийлүүлэлтийг бүрдүүлэх явдал байсан. Гэвч Хятадад олимп болох гэж байсантай холбогдуулан бид юу ч төлөвлөсөнгүй, өдөр ирэх тутам нэмэгдэж буй Хятадтай хийх худалдааны эргэлттэй холбогдуулан дэд бүтцийн багтаамжийг нэмэх талаар ч мөн юу ч хийсэнгүй. Нийслэл хотоо шавааралдуулахаас зайлсхийж дэд бүтцийг нь тал тал тийш нь сунгах талаар ч юу ч хийлгүй байсаар дэд бүтцийн холболттой газруудын үнийг тэнгэрт хүртэл өсгөчихлөө, бас урд хил дээр бараа бүтээгдэхүүн овоорчихоод Монголд орж ирж чадахаа байсан гашуун түүх саяханых. Одоо бол Америкт сайхан 2 давхар хаус авах мөнгөөр Монголд 2 өрөө байр авдаг боллоо. Энэ нь ч инфляцид өөрийнхөө нэмрийг хандивлаж байна.
Дэд бүтэц дагаж хөгжил гэдэг үг хоосон үг биш. Бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд хамгийн том улс боловч нийслэл хот нь Хонг Конг шиг болчихоод байна. 2000 хүнтэй суманд хүргэхээр зам барих уу эсвэл 1.5 сая хүн амьдарч байгаа хотынхоо дэд бүтцийг тэлэх үү гэдэг аягүй чухал асуултын өмнө бид тулж ирээд байна.
Засгийн газрын бонд
Манай улсын засгийн газар сүүлийн жилүүдэд төсвийн ашигтай байсан гээд олон улсын зах дээр бонд гаргах санаачилга дэмжигдсэнгүй. Уул нь бонд гараад урт хугацааны хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болсон бол бид өдийд давхар төмөр замтай, байрны үнэ одоогийнх шигээ үнэтэй биш, импортын хүнсний үнийн өсөлт ч бас арай багавтар, Атрын III аяны дагуу нэгэнт ургуулчихсан үр тариагаа цасанд даруулалгүйгээр хураачих агуулах савтай, нийслэл хотын маань утаа боломжийн хэмжээнд байх байсан ч юм билүү. Дээрээс нь хөрөнгийн захад засгийн газрын бонд гаргах нь төгрөгийн хүүгийн бенчмарк (жишиг) тогтоох маш чухал стратегийн ач холбогдолтой гэж байгаа. Энэ нь хөрөнгийн захыг дэмжих томоохон хөшүүрэг. Одоо монголд санхүүгийн бүтээгдэхүүн ийг үнэлэх гэхээр бенчмарк байхгүй хэцүүдэж байна. Мэдээж төсөвт илүүдэл хүүгийн зардал гаргах хэрэгцээ байхгүй мэт боловч бид стратегийн хөрөнгө оруулалтуудаа эргэж харах хэрэгтэй.
Зэсийн үнэ ба нефтийн бүтээгдэхүүний үнэ
Сангийн яам зэсийн үнийг төлөвлөж Улсын төсвийн орлогын бүрдүүлбэрт тусгаж өгдөг. Тухайлбал 2008 оны төсөвт Лондонгийн бирж дээрх нэг тон катодын зэсийн үнийг 6800 доллар байхаар төлөвлөж. Харин зэсийн үнэ олон улсын зах дээр 2008 оны эхээр унаж 5505 доллар болов. 2009 оны 2 сар гэхэд зэсийн өртөгтөө буюу 2500 долларт дөхөж очсон. Өөрөөр хэлбэл бид хүлээгдэж буй орлогынхоо нэгээхэн хэсгийг нь алдах нь тэр. Цаашдаа үнэ хэд байх вэ? Хэн ч мэдэхгүй. Зэсийн аливаа бүтээгдэхүүн Лондонгийн Металын Биржэд борлогдох бүтээгдэхүүн болтлоо явах зардал нь ойролцоогоор 1800 – 2500 доллар.
Тэнгэр заяат Монголчуудыг аз түшиж нефтийн үнэ 100 доллараас доошоо буув. Өмнөхөн нь нэг баррел нефтийн үнэ 147 долларт хүрч бидний тархинд цус харвуулах шахсан. Учир нь Оросын нефтийн зах нэлээд эрчимтэй олон улсын нефтийн захтай интегралчилагдаж байгаатай холбоотойгоор гадаадын зах дээр нефтийн үнэ өсмөгц манай импортолж буй нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа хандлага байна. Дахиад үнэ 100-аас дээш давах хандлага маш их, харин бидэнд төлөвлөгөө байна уу?
Миний тооцоолж байгаагаар түүхий эдийн үнэ цаашид өсөх хандлагатай. Энэ нь дэлхийн хэрэглээний ширээний ард 1.3 тэрбум хүнтэй Хятад, 1.1 тэрбум хүнтэй Энэтхэг ирж суусантай холбоотой. Нөхдүүд бүгдээрээ машин унаж, байр сууцаа сайжруулахаар ажиллаж байгаа. Энэ хандлага ирэх 50 жилдээ л лав хадгалагдана. Тэгэхээр зэс, газрын тосны үнэ өндөр байх магадлал маш их. Гэхдээ одоо байгаа үнэ нь бас нэлээд өндөр үнэ гэдгийг санах хэрэгтэй.
Дэлхийн дундаж зэсийн өртөг 2500 орчим доллар, нефтийн өртөг 30 орчим доллар гэж үзвэл одоо байгаа үнүүд нь өндөр үнэ гэж тооцогдох юм.
Хүнсний хямрал
2006 – 2007 онуудад дэлхий хальт хүнсний хямралд ороод гарав. Бид дэлхий хүнсний хямралд баттай ороод байгааг маш хялбар мэдэж болно. Өмнө нь Оросууд манай махыг нүд үзүүрлэж боож хавчих явдал их байв. Одоо харин бэлтгэсэн байдлаар болон амьдаар нь авахаар маш их захиалга өгөх хандлагтай болж эхэллээ. Арабууд, Зүүн өмнөт азийнхан хүртэл авахаар санаа оноо цухалзуулж байна.
Энэ бол шим тэжээлтэй хүнсээр хүн ардаа хооллох гэсэн засгийн газруудын алхам юм. Өмнө нь шүлхийтэй, өвчтэйгээрээ дуудуулан нүд үзүүрлэгдэж байсан мах яагаад үнэд орох болов. Удахгүй европууд хүртэл манай махыг авахаар хошуурах болно.
Манайд атаржих хөдөлгөөн газар авч байгаа нь сайшаалтай. Бид тэнцвэрийг хадгалан бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох туйлын зорилт тавих нь чухал. Хүнсний хямралын эхний дохио давалгааг бид харсан. Удахгүй маш хүчтэй давалгаа явах болно. Алсын ирээдүйд үүнээс болж дайн болох магадлалтай.
Гадны хөрөнгө оруулагч
Барууны хөрөнгө оруулагч Монголд орж ирэх нь маш сайн зүйл. Тэдний авчирдаг мөнгө бол тийм ч сонин эд биш. Харин тэдний авчирдаг арга барил, технологи нь бидэнд хамгийн хэрэгтэй зүйлс мөн.
Сүүний үйлдвэр меламинаар сүүгээ баяжуулах нь богино хугацаанд өндөр ашиг орлого олох сайн талтай мэт. Тэгэвч ирээдүйн хэрэглэгч нар болох нярай хүүхдүүдийн бөөрийг чулуужуулсанаар өөрсдийн хэрэглэгчийг чимээгүй алж байгаа юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд сүү уух хүн байхгүй болж үйлдвэр дампуурна гэсэн үг. Үүнийг араатанлаг бизнес гэж нэрлэнэ.
Харин орчин үед урт хугацаат тогтвортой бизнес гэж бизнесийн онолд сургах болжээ. Энэ нь өнөө маргаашийн ашиг бус харин урт хугацааны тогтвортой бизнес хийхийн чухалыг зааж байгаа явдал юм. Нэгэнт бид аж үйлдвэрийн эдийн засгаас гарч хэрэглээнд суурилсан эдийн засгийн үед бизнес явуулж буй тул харилцагчдыг сайн сайхан байлгаж урт удаан наслуулах нь орчин үеийн бизнес эрхлэгчийн үндсэн зарчим мөн.
Баруун хөрөнгө оруулагчид Африк болон Өмнөт Америкт үүний яг эсрэг жишээгээр хөрөнгө оруулалт хийсэн харамсалтай баримт бий. Аливаа хөрөнгө оруулагчид хөгжил буурай шинэ оронд орж ирэхдээ урт хугацааны итгэлцэл дээр үндэслэсэн тэнцвэрт харилцааг бий болгох нь орчин үед туйлын чухал юм. Нутгийн иргэдийг үл ойшоож, үл хүндэтгэх нь эргээд өөрсдийнх нь хөрөнгө оруулалт салхинд хийсэх үлгэрийг давтах болно. Ийм учраас дотоодын байгууллагууд гадаадын хөрөнгө оруулагчдад үүнийг нь байнга сануулж байх нь чухал. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагчийн хувьд Монголчуудыг сайн сайхан байлгаж урт наслуулах нь тэдний бизнес тогтвортой урт хугацаат байх үндсэн нөхцөл нь болно.

Үргэлжлэл бий...

4 comments:

Anonymous said...

nice

Anonymous said...

Suggestion: Theme of your essay is good. It has touched many important issues, but it doesn't have tangible conclusion. What is the main point you are trying to emphasize? What is the very message you are trying to give? Rather than floating through pressing matters, focus one main point and bring up solution to the point. You can, however, add in some sauce, or explanatory information, on your main body. Then you will even more have strong and more convincing essay.

Anonymous said...

Who is your audience? State officials? Random readers? Educated class? Poor ones? Address them.

UNZO said...

Anonymous!

If you read the opinion several times, you will get the idea behind. By the way, this is not classified as an essay, at least according to me.