Sunday, July 13, 2008

Мэдлэг, ухаан, сэтгэл

Мэдлэг, ухаан, сэтгэл

Мэдлэг бол хүч гэдэг ойлголт нь олон мянган жилийн турш бүрэлдэн тогтсон юм. Харьцангуй утгаараа үнэн боловч туйлын утгаараа тийм байж үл чадах энэхүү ойлголт нь нийгмийн сэтгэлзүйд маш гүн суусан байдаг. Ялангуяа социалист чиг баримжаатай нийгмийн сэтгэлгээнд энэ нь лоозон маягтайгаар тун хүчтэй илэрдэг. Ихэнх хүмүүс мэдлэг ба ухаан хоёрыг нэг зүйл хэмээн хольж хутгадаг нь илт юм.

Миний бие ч мөн адил мэдлэгийг эрэлхийлж, мэдлэгтэй хүмүүсийг эрхэмлэж ирсэн билээ.

Гэвч мэдээллийн технологийн салбарт гарсан хувьсгал нь мэдлэгийн талаарх ойлголтыг өөр өнцгөөс харахыг шаардаж эхэллээ. Өмнө нь бид мэдлэгийг олж авахын тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг байсан бол орчин үед интернетийн тусламжтайгаар бид мэдлэгийг үнэ төлбөргүй буюу маш багахан зардлаар асар богино хугацаанд олж авах боломжтой болсон. Үүнээс гадна их хэмжээний мэдлэгийг мэдээлэл хадгалах технологийн тусламжтай хадгалах, сүлжээний програм хангамжийн тусламжтайгаар түүнд хандалт хийх үйл ажилбарууд нь өмнө нь зөгнөлт ном зохиолд ч гарч байгаагүй өндөр төвшинд хүрсэн нь өмнөх үеийн нийгмийн ухамсарыг өөрчлөхөд хүргэж байгаа юм. Ийнхүү олж авсан мэдлэгийн үнэ цэнэ өмнөх үетэй харьцуулахад багасч байгаагаас гадна нийгмийн соёл, шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ, хэлбэр маш хурдан өөрчлөгдөж байгаа нь мэдлэгийг байнга шинэчлэхийг шаардаж эхэлсэн. Тэгэхээр мэдлэг бол хүч гэдэг ойлголт нь тун харьцангуй болж ирж байгаа юм.

Дараагийн шатанд ухааныг төрлөх шинж чанартай холбож тархины өндөр чадвар бүхий хүмүүсийг эрэлхийлж эхэлсэн. Ухаантай хүн гэдэгт ерөнхийдөө мэдлэгийг олж авах хурд, мэдээллийг боловсруулах байдал, түүнээс шинэ мэдлэгт хүрэх, логик дүгнэлт хийх чадвар зэрэг ихэвчилэн төрөлхийн давуу шинж чанаруудыг өөртөө цогцлоосон хүмүүнийг ойлгож ирсэн. Мэдээж дундажтай харьцуулахад оюуны харьцангуй өндөр чадамжтай буюу ухаантай хүмүүс нь мэдлэгтэй хүмүүсээс харьцангуй цөөхөн байв. Ухаантай хүмүүс нь ялангуяа мэдээллийг үнэлэх тал дээр бусад хүмүүсээс ялгарч байлаа. Ихэнх хүмүүс аливаа мэдээллийг шууд мэдлэгт хөрвүүлэн хүлээж авдаг бол ухаантай хүмүүс мэдээллийг үнэлж цэгнэх өөрийн шалгууртай байдгаараа ялгагдах юм. Энэ нь мэдээлэлд хандах логик хандалт, мэдээллийг боловсруулж анализ хийх чадваруудыг өөртөө багтаадаг. Гэхдээ бүтээмж болон амжилтын хэмжүүрээр харж үзэхэд ухаантай хүмүүс нь өөр хоорондоо харилцан адилгүй болох нь тодорхой болно. Бүх ухаантай хүмүүс амжилттай байдаггүй байна.

Ингээд амьдралын философи ба сэтгэлийн тухай ойлголт гарч ирсэн. Үнэн хэрэгтээ эдгээр нь тодорхойлоход тун төвөгтэй боловч хүнд зайлшгүй байх үндсэн чанарууд нь юм. Бүдүүлэг байдлаар авч үзвэл энэ нь тухайн хүний амьдралд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, өөрийн үзэлдээ үзүүлэх хариу үйлдлүүдээр тодорхойлогдоно. Маш олон ухаантай хүмүүс нийгэмд өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг хангалттай төвшинд гүйцэтгэхгүй байгаа мэт санагдаж байв. Шуудхан хэлэхэд ихэнх хүмүүст асуудлыг барьж авах зориг, итгэл бөгөөд түүнийг эцэст нь тултал хийх сэтгэл дутдаг. Хүн эдгээр зүйлсийг цогцлооход түүний хуримтлуулсан мэдлэг, туршлага, түүний тархины төрлөх чадвар онцын нөлөө үзүүлдэггүй гэж үзэж байна. Гэхдээ эсрэгээр нийгэмд гүйцэтгэх үүргээ хангалттай төвшинд ухамсарладаг, амьдралын философио зөв төлөвшүүлж чадсан хүнд ухаан бөгөөд мэдлэг олж авах хүсэл хангалттай төвшинд заяадаг ажээ.

Ухаан зөвхөн хангалттай бөгөөд хүрэлцээтэй байхад л болох юм байна гэж би үзсэн. Яагаад бүх ухаантай хүмүүс амжилт олдоггүй вэ? Яагаад зарим маш тархины чадвар сайтай хүмүүс ажлыг хангалттай сайн гүйцэтгэж чадахгүй байв?

Сэтгэл л хүмүүст маш том эрч хүчийг өгдөгийг олж мэдсэн юм. Үнэн хэрэгтээ сэтгэл гэдэгт маш олон зүйлийг оруулан хэлж болох боловч аль ч талыг хангахаар бүрэн тодорхойлолт одоохондоо бодож олоогүй байна. Сэтгэл хүнд ирээдүйг харах итгэл найдвар, өөртөө итгэх хүч, бусдыг хайрлах хайр, ажил хийх эрч хүч, их зүйлд хүрэх хүсэл эрмэлзэл өгдөг.

Сэтгэл үнэн хэрэгтээ нийгмийн гурвалжины онолтой шууд хамааралтай гэдэг нь илт харагдана. Мэдээж зөв болон буруу сэтгэл гэж байхгүй боловч зарим онцлог сэтгэл бүхий цөөн тооны хүмүүс өөрсдийгөө нийгмийн төлөө зориулдаг. Төгс биш төгсийн үзэл баримтлалаас авч үзэхэд зөв сэтгэлийг мэдээж тодорхойлох боломжгүй. Дээрээс нь тэрхүү нийгмийн өндөр амбиц бүхий хувь хүмүүсийн үргэлж зөв байдаг гэж хэлэх нь өрөөсгөл болох юм.

Тодорхой хэмжээний дасгалжуулалт хийсний эцэст ухааныг ядаж мэдлэгийн төвшинд дээшлүүлж болох нь тодорхой юм. Харин сэтгэлийг өөрчилж болохгүй гэж би үзсэн. Ямартай ч өдийг хүртэл мянга мянган оролдлогын эцэст би ингэж дүгнэлээ. Ингэхээр сэтгэл л тухайн хүний үндсэн шинж чанарыг бүрэлдүүлж, тухайн хүн нийгэмд өөрийн гэсэн онцлог тамгыг дарах цорын ганц нөхцөл болж байдаг байна. Мэдээж энд бид тухайн үеийн цаг агаар, тэр хүний биеийн байдал, орчны түр зуурын нөлөөлөлтэй хамааралтай түр зуурын сэтгэлийн өөрчлөлтийг тооцолгүй үлдээх нь зүйтэй. Хүмүүсийг ажиглаж үзэхэд сэтгэл ерөнхийдөө удамшдаг байж болзошгүй гэсэн таамаглалд хүрсэн. Магадгүй сэтгэл нь хүний генийн мэдээллийн санд хадгалагдаж байж болох юм. Мэдээж өнөөг хүртэл шинжлэх ухаан аливаа нээлт хийгээгүй байгаа тул бид сүнстэй холбож тайлбарлаж болно. Гэхдээ бурхан байгааг батлаагүй цагт иймэрхүү таамаглал хийх нь учир зүй багатай юм.

Нийгмийн хувьд сэтгэл ямар байх ёстой талаар нийгмийн харьцангуй төгс хувилбар хэдэн мянган жилийн турш бүрэлдэн бий болсон байх юм. Тухайлбал үнэнч шудрага хүн, том мөрөөдөлтэй залуу, ажилд махруу хүн, зоригтой байх, өгөөмөр байх гэх мэт сэтгэлийн олон хэмжүүрүүд дээр иймэрхүү conventional wisdom буюу нийгмийн тогтсон ойлголт бий болжээ. Тэгэхээр тухайн хүн үнэхээр төрөлхийн сэтгэлийн өндөр хэмжүүртэй хүн мөн үү үгүй юу гэдгийг мэдэх нь бас л бэрхшээлтэй асуудал юм.

2 comments:

UNZO said...

Uuniig say "Outlier" gesen nomond buhel buten 300 huudsiin tursh jishee, barimt, statistikaar batalsan baina.

batu1225 said...

Яг санал нийлж байна.