Төлөөлөл--
Саяны 7 сарын 1-ний үйл явдлын дараа энэ бодол орж ирсэн юм. Өмнө нь яагаад ч юм би өөрийгөө ард түмний төлөөлөл гэж үзэж явдаг байжээ. Тэр орой өөрийн бизнесийн үйл ажиллагааг эргэхээр очихдоо үйл явдал болсон газрын хажуугаар дайрч өнгөрсөн билээ. Тэгэхэд л би ард түмэн гэж хэн бэ гэдгийг харах шиг болов. Өмнө нь хэдэн жилийн өмнө Нийслэл хотын бонд гаргах ажлаар нийслэл хотын хүн ам зүй, дэд бүтэц, орон сууцны хэрэгцээ шаардлагыг судлаж байхдаа түгшиж байсан бодол маань биелэлээ олсоныг харсан. Би яагаад ч тэр хүмүүсийн төлөөл биш, миний найзууд таньдаг хүмүүс маань бүгдээрээ тэр хүмүүсийн төлөөлөл биш юм. Ялгаа маш хурдан бөгөөд маш хурц явсан байлаа. Гэтэл би өөрөө мөнгөтэй давхаргын хүн биш, энгийн сэхээтэнлэг давхаргын хүн байж таараад байдаг. Үйл явдлын дараа ихэнх "сэхээтэн" хүмүүс баахан согтуу, хулгайч дээрэмчин улсууд тэнд байсан мэтээр яриад байв. Мэдээж тийм л дээ. Харин яагаад тийм олон согтуу, хулгайч хүмүүс тэнд очивоо. Энэ асуултыг өөртөө тавьсан хүн байгаа болов уу. Учраа олохгүй баахан хүмүүс тэнд очсон гэнэм. Яагаад хүмүүс учраа ололгүй тэнд очив? Сонирхолтой л санагдана. Яагаад ард түмэн учраа олохоо болиод, архи дарс уугаад, хэдэн мянгаараа хотын төв талбайдаа очиж жагсаал тэмцэл хийвээ...
Сэхээтэн--
Миний бодлоор сэхээтэн анги гэдэг нь нийгмийн дээхнэ хэсэгт байж ард түмнийг бүхэлд нь зөв замд уруу татах үүрэгтэй хүмүүс юм. Гэтэл манай сэхээтэн анги ард түмнээсээ тасарч, ард түмнээ ойлгохоо байсан шиг санагдаж байна. Тэднийг тодорхойлохдоо хэт явцууруулж
3 үе дамжсан дээд боловсролтой гэх мэт сонирхолтой шаардлагууд тавьжээ.
Элит--
Монголчууд бид нарын ойлголтоор Элит давхарга гэдэг нь мөнгөтэй, өндөр албан тушаалтай болохоороо элит гэж нэрлэгддэг юм байх. Тэгэхээр энэ харьцангуй хоёр хэмжүүрт хүрэхдээ ямар арга хэрэглэсэн хийгээд цаашид ямар замналаар замнах гэж байгаа нь онцын хамаагүй юм байна. Гэтэл би элит анги гэдэг нь жинхэнэ ард түмнийг төлөөлж чаддаг анги байх ёстой гэж үзээд байдаг. Чухамдаа элит нөхдүүд л ардчилсан улс орныг зөв замд нь залж чадна, учир нь тэд ард түмнийг гадна доторгүй нэвт шувт мэддэг. Хүн хэзээ юмыг нэвт шувт мэддэг болдог вэ гэхээр хайртай болсон үедээ л хүн аливаа юмыг тийм итгэлтэй нэвт шувт мэдэж чаддаг. 7 буудалд амьдралдаа нэг ч удаа очиж үзээгүй улс төрч элит байж чадах уу? Яагаад хүмүүс тэнд жагсаж цуглаан тэмцэл хийснийг ойлгож чадах уу?
Манайд мөнгөний хэмжүүрээр бол мэдээж элит анги гарсан. Харин жинхэнэ утгаараа элит анги байна уу?
Элит хүү--
Мэдээж мөнгөөр нь хэмжих тул элит ангийхан маш цөөхүүлээ. Дээрээс нь сүүлийн үед олигополизм эрчээ авч байна. Энэ маягаараа элитүүд цаашид улам цөөрөх нь тодорхой. Тун ойрын ирээдүйд элит хүү цэцэрлэгт явж чадхаа болино. Тэрний оронд гэр дотор нь зөвхөн өөрт нь зориулагдсан цэцэрлэг байгуулагдах болно. Элит хүүгийн хувь заяа маш бүрхэг харагдаж байгаа юм даа... Элит хүүгийн нийгэм аль нь вэ? Шороондоо хутгалдсан, замгүй, цэцэрлэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, цагдаагүй долоон буудлын халтар жаал уу... Америкт цугтаа хай скүүл төгссөн хар бацаан уу...
Элит аав элит хүүгийхээ хувь заяаг хэрхэн төсөөлж байгаа юм бол. Миний ойлгосноор хүн сайхан, хүчтэй, чадалтай нийгэм дотор элит гишүүн нь болж амьдарч гэмээнэ амьдралын утга учир биелэх мэт... Бугатти унаад явахад хэн нь ч ойлгохгүй тийм ядуу нийгэмд бугатти унаж явах хэрэг байна уу? Эсвэл нийгмээ хүчтэй сайхан болгохын тулд элит давхарга нь өнөөдрөөс ажиллаж эхлэх ёстой юм уу...
No comments:
Post a Comment